Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 363

 

Ж.О-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Б.Мөнхтуяа, Д.Мөнхтуяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгч Ж.О, зайнаас Увс аймаг дахь шүүхийн онлайн хурлын танхим /эвлэрүүлэн зуучлагчийн өрөө/-д хариуцагч Б.У нарыг оролцуулан хийж, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 29 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2017/0458 дугаар магадлалтай, Ж.О-ийн нэхэмжлэлтэй, Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Б.У-д холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 29 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.4, Эрүүл мэндийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.16 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.О-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Б.У-гийн 2016 оны 07 сарын 06-ны өдрийн 20/06/028/145 тоот зөрчил арилгуулах тухай албан шаардлагын Шаардах нь хэсгийн 1 дэх заалтын Ж.О-д холбогдох мэргэжлийн зэргийн нэмэгдлийг зогсоох тухай заалтыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2017/0458 дугаар магадлалаар: Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 29 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Б.У-гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хариуцагч Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Б.У хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хурал нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д “Давж заалдах шатны шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид давж заалдах шатны шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг мэдэгдэж, тэдгээрийн шүүх хуралдаанд оролцох эрхийг хангах үүрэгтэй” гэсэн заалтыг зөрчиж, хариуцагчид мэдэгдэхгүйгээр хурлыг хийсэн тул 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийг хууль бус гэж үзэж байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр авах үед орон нутгийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслахаас Давж заалдах шатны шүүхийн н.Номин-Эрдэнэ гэгч шүүгчийн туслахын 70130104 тоот утасны дугаарыг авч хурлын зарыг хариуцагчид яагаад мэдэгдээгүй тухай асуухад 06 дугаар сарын 20-нд утсаар мэдэгдсэн н.У гэж эрэгтэй хүн байсан гэж хариулсан. Гэтэл миний хүйс эмэгтэй болно.

2. Нэхэмжлэгч нь эмчийн тэргүүлэх зэрэгтэй, ажилласан жилийн туршлагатайн хувьд эмнэлэгийн Чанарын албаны даргаар ажиллаж байгаа, хэрэв эмч мэргэжилгүй, тэргүүлэх зэрэггүй байсан бол уг албан тушаалыг хаших бололцоогүй, чанарын албаны дарга гэх мэргэжил тусдаа байдаггүй зэргээс дүгнэвэл нэхэмжлэгч нь Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д “эрүүл мэндийн ажилтан”-д хамаарахаар эмч мэргэжлээрээ ажиллаж байгаа гэж үзэхээр байна гэжээ.

Я.Цэвэлийн “Монгол хэлний тайлбар тольд мэргэжил гэдэгт “Урлаг спорт, шинжлэх ухаан, техникийн тодорхой салбарын мэдлэгийг тогтолцоотой эзэмшсэн мэдлэг чадвар”-ыг хэлнэ. Энгийнээр хэлбэл “мэргэжил” гэдэг нь аль нэг дээд сургуулийн диплом өвөртлөн авахыг харин түүгээрээ олон жил ажиллах нь “мэргэшил” юм гэж тодорхойлсон байна.

Иймд Засгийн газрын 1995 оны 96 дугаар тогтоолын 5 дахь хэсэг “Эмнэлэгийн мэргэжилтэнд мэргэшлийн зэрэг олгох, хүчингүй болгох журам”-ын 6.1-д заасны дагуу зөвхөн тухайн мэргэжлээрээ буюу “хүүхдийн эмчийн албан тушаалд” ажиллаж байх хугацаанд мэргэшлийн зэрэг олгоно гэж үзэж байна.

Анхан болон давж заалдах шатны шүүгчид чанарын албаны даргаар ажиллах албан тушаалын ажлын байрны тодорхойлолтод тавигдах шаардлага Эрүүл мэндийн тухай хуулийн нэр томъёог дурдаж мэргэжлийн ажил буюу мэргэжил гэж юуг хэлэх гэдгийг тогтоохгүйгээр мөн мэргэжлийн зэргийн нэмэгдлийг олгохгүй байх үндэслэл нь Монгол Улсын дээд шүүхийн тайлбаргүй эрх зүйн актаар зохицуулагдсныг шүүгчдийн үзэмжээр буруу тайлбарлаж хэрэглэсэн шийдвэр гарсан гэж үзэж байна.

3. Анхан шатны шүүхийн шийдвэр гарснаар улсын хэмжээнд төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд томилогдон ажиллаж байгаа зэрэгтэй эмнэлэгийн мэргэжилтэн бүр мэргэжлийн зэргийн нэмэгдлийг авах нөхцөлийг бүрдүүлсэн гэж дурдсныг хүлээн авах боломжгүй гэжээ.

Үүнийг хариуцагч үзэхдээ Эрүүл мэндийн салбарын бүх албан тушаал төрийн тусгай биш төрийн үйлчилгээний албан тушаал тул эмнэлэгийн бүх мэргэжилтэн тусгай чиг үүрэгтэй байгууллагад хамаарахгүй гэж үзэж байна.

Иймд дээрх шийдвэрийг гаргаснаар улсын хэмжээнд Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд томилогдон ажиллаж байгаа мэргэшлийн зэрэгтэй эмнэлэгийн мэргэжилтэн бүр мэргэшлийн зэргийн нэмэгдлийг авах нөхцлийг бүрдүүлж байна.

4. Нэхэмжлэгч мэргэшлийн зэргийн нэмэгдлээс гадна илүү цагаар ажилласан нэмэгдэл хөлсийг эрх мэдэл, албан тушаалаа ашиглан авч байгаа талаар шүүх хуралдаанд “шинээр илэрсэн нөхцөл байдлаар” хариуцагчаас гаргаж тавьсан боловч энэ талаар 2 шатны шүүх авч үзээгүй нь нэг талыг барьсан шийдвэр гэж үзэж байна.

Хэргийн оролцогчдын маргаж байгаа асуудал нь “цалин хөлс” учраас шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас гаргасан илүү цагийн нэмэгдэл хөлс нь зэргийн нэмэгдлийн нэгэн адил цалин хөлсний нэг төрөл тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хянах үндэслэлтэй гэж үзэж байна. Чанарын албаны дарга нь тухайн байгууллагын эмнэлэгийн тусламж үйлчилгээнд удирдлагаас хараат бусаар дотоодын хяналт тавих чиг үүрэг бүхий албан тушаал учир илүү цагийн нэмэгдэл хөлс авч ажиллах нь чанарын албаны дүрмийн хэрэгжилтийг хангахгүй байна гэж үзэж байна” гэжээ.

ХЯНАВАЛ:

Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Б.У-гийн 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 20/06/028/145 дугаар “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлагын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай Ж.О-ийн нэхэмжлэлийг хангасан анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгуулах тухай хариуцагчийн гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Ж.О нь хүүхдийн эмч мэргэжилтэй, эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, мөн тэргүүлэх зэрэгтэй талаар хэргийн оролцогчид маргаагүй байна.

Харин хариуцагч нь “Ж.О хүүхдийн эмч мэргэжлээрээ ажиллаагүй, Нэгдсэн эмнэлэгийн чанарын албаны даргаар ажиллаж байгаа нөхцөлд зэргийн нэмэгдлийг олгож байгаа нь буруу, Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 96 дугаар тогтоолын 5 дугаар хавсралтаар баталсан “Төрийн үйлчилгээний албаны албан хаагчид мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгох нийтлэг журмын 5-д заасныг үндэслэн мэргэшлийн зэргийн нэмэгдлийг зөвхөн тухайн мэргэжлээр ажиллаж  байх хугацаанд нь олгоно гэж заасныг зөрчсөн...” гэж үзсэнээс маргаан үүсчээ. 

Нэгдсэн эмнэлэгийн чанарын албаны даргын ажлын байрны тодорхойлолтод мэргэжлийн тухайд эмч мэргэжилтэй, эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, мэргэжлийн зэрэгтэй /тэргүүлэх болон зөвлөх/ байхыг заасан байх бөгөөд Ж.О эдгээр шаардлагыг хангасанаас гадна тус албаны даргаар ажиллах хугацаандаа зэргийн нэмэгдлийг авах эрхтэй болохыг дээр дурдсан Засгийн газрын тогтоолоос гадна Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны “Эмнэлэгийн мэргэжилтэнд мэргэшлийн зэрэг олгох, хүчингүй болгох журам”-ын холбогдох заалтуудыг үндэслэн шүүхийн шийдвэр, магадлалд тодорхой, дэлгэрэнгүй, зөв дүгнэжээ. 

Нэхэмжлэгч нь Чанарын албаны даргын ажлын байранд тавигдах “эмч мэргэжилтэй, эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, мэргэжлийн зэрэгтэй /тэргүүлэх болон зөвлөх/ байх” шаардлагыг хангаснаар тухайн албан тушаалыг эрхэлж байх хугацаанд түүнийг Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д зааснаар “эрүүл мэндийн ажилтан”-д хамааруулж, энэ хугацааг “эмч мэргэжил”-ээрээ ажилласан гэж тооцон түүнд зэргийн нэмэгдэл олгох нь дээр дурдсан Засгийн газрын 1995 оны тогтоолтой зөрчилдөхгүй гэж үзнэ.

Тодруулбал, дээрх хууль болон Эрүүл мэндийн сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны “Эмнэлэгийн мэргэжилтэнд мэргэшлийн зэрэг олгох, хүчингүй болгох журам”-ын 6.1-д “Тухайн мэргэжлээр ажиллаж байгаа бүхий л хугацаанд мэргэшлийн зэрэг хүчин төгөлдөр байна” гэж зааснаас үзвэл, нэхэмжлэгч нь төрийн үйлчилгээний удирдах албан тушаалын ажлын байранд тавигдах шаардлагыг ханган уг албан тушаалд дэвшин ажиллаж байгаа нь түүнд зэргийн нэмэгдлийг олгохоос татгалзах үндэслэл болохгүй.

Иймд хариуцагчийн “...зөвхөн хүүхдийн эмчээр ажиллах хугацаанд нь зэргийн нэмэгдэл олгогдоно...” гэх гомдол үндэслэлгүй.

Түүнчлэн, давж заалдах шатны шүүх хуралдааны товыг хариуцагчид утсаар мэдэгдсэн баримт хэрэгт авагдсан, хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэсэнийг шүүх хэргийн оролцогчийн эрхийг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэхгүй болно. 

Үүнээс гадна шүүх зөвхөн маргаан бүхий захиргааны актын тухайд, түүний маргаж буй үндэслэлээр, холбогдох нотлох баримтыг үнэлж дүгнэн хэргийг хянан шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна” гэж заасныг зөрчөөгүй байх тул хариуцагчийн “...шүүх илүү цагаар ажилласан нэмэгдэл хөлсний талаар тайлбарласаар байтал авч хэлэлцээгүй...” гэх гомдол мөн үндэслэлгүй.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтад хамааралтай дээр дурдагдсан холбогдох хууль, тогтоолын зүйл, заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.     

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04  сарын 13-ны өдрийн 29 дүгээр  шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2017/0458 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3- д зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг  дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

  ШҮҮГЧ                                                                    Л.АТАРЦЭЦЭГ