| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2020/01456/И |
| Дугаар | 01456 |
| Огноо | 2020-07-16 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 07 сарын 16 өдөр
Дугаар 01456
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүгч Г.Даваахүү, шүүгч Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын 1 дүгээр багт байрлах, Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Эрүүл мэндийн төв, дарга Ө.О,
Хариуцагч: Д.Т-д холбогдох
Актын төлбөр 2.552.901 /хоёр сая таван зуун тавин хоёр мянга есөн зуун нэг/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 155/2020/01142/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А , нэхэмжлэгч байгууллагын дарга Ө.О, ахлах прокурор Л.О, хариуцагч Д.Т нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч байгууллагын дарга Ө.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 02 тоот магадлалаар эх эмч Ө.О-ийг ажилгүй байсан хугацааны цалин 2.255.901 төгрөгийг байгууллагаас олгосны дагуу Хөвсгөл аймаг дахь Төрийн аудитын газрын 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Дугаар: ХӨА-2019/209/СТА-ТШЗ-01/10 тоот акт тавигдсан. Их эмч Д.Т тухайн мөнгийг төлүүлэхээр 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 35 тоот албан бичиг өгсөн боловч хариу өгөхгүй байсан тул 2019 оны 08 дугаар сарын 29-ны өдөр дахин бүх баримт бичгийг гарт нь хувилж өгсөн. 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр бичгээр төлж чадахгүй гэсэн хариуг өгсөн тул актын төлбөр 2.552.901 /хоёр сая хоёр зуун тавин мянга есөн зуун нэг/ төгрөгийг Д.Т-ар төлүүлж, буруутай шийдвэр гаргасан албан тушаалтнаас гаргуулан төрд учирсан хохиролыг барагдуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын дарга Ө.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 02 тоот магадлалаар Л.О-ийн ажилгүй болсон хугацааны цалин 2,552,901 төгрөгийг байгууллагаас олгосны дагуу Хөвсгөл аймаг дахь Төрийн аудитын гарын 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн ХӨА2019/209/...01/А/10 тоот акт тавигдсан. Их эмч Д.Т-ыг тухайн мөнгийг төлүүлэхээр 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 35 тоот албан бичиг өгсөн боловч хариу өгөхгүй байсан. Дахин 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 35 тоот албан бичгийг гарт нь хувилж өгсөн. Тэгээд Д.Т 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн албан бичигтэй болохоор төлж чадахгүй гэсэн албан бичиг өгсөн.Иймд акт тавигдсан 2,552,901 төгрөгийн төлбөрийг буруутай шийдвэр гаргасан албан тушаалтан Д.Т-ас гаруулж өгнө үү.2018 оны 6 дугаар сарын албан бичгийг Д.Т эмч авч танилцсан мөртлөө аваагүй гээд байгаа нь надад муухай санагдаж байна. Тэр 2018 оны 4 дүгээр сарын 24-ны тушаалыг ярьж байна. Намайг хуурамч тушаал гаргасан. Миний гарын үсгийг ашиглаад хуурамч тушаал гаргасан гэж гүтгэж байна.Тэгэхээр нь би тушаалынхаа бүртгэлийг шүүж үзэхэд Д.Т баталгаажуулаагүй 3 тушаал өмнө гаргасан байсан.Тэр тушаалууд нь хөрөнгө зарах, төсөв зарах талаарх тушаалуудыг Д.Т эмч гаргаж тавьсан байсан.Иймд би гаргасан тушаалуудын бүртгэлийг шүүхэд гаргаж өгсөн байгаа. Надаас бичгийг өөрөө гардаж авсан мөртлөө гардаж аваагүй гэж байгаа нь муухай санагдаж байна. Би актыг заавал мэдэгдэх албагүй. Аудитын газраас өөрт чинь актны нэг хувийг гардуулж өгсөн гэж байсан. Тушаалын хувьд би бол гайхаж байна. Чи өөрөө тухайн үед 3 тушаал гаргасан байсан. Тэгээд түүнийгээ одоо мэдэхгүй гэж байгаа нь муухай санагдаж байна. 2019 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 35 тоот албан бичгээр мэдэгдсэн. Эх баригч н.Э-р албан бичиг хүргүүлэхээр аймаг руу Д.Т эмчид явуулсан. Тэгээд н.Э эмч Д.Т эмчийг гардаж авсан гэж хэлсэн. 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр болон 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 2 удаа мэдэгдсэн. Жилийн эцсээр санхүүгийн тайлан гарахад аудитын байгууллагаас шалгаад акт тавьсан байсан. Байгууллагаас гаргах гэж байсан. Тэгтэл аудитын байгууллагаас тухайн үед шийдвэр гаргаж байсан хүн Д.Т-лаас гаргуулж ав гэсэн утгатай бичиг ирсэн. Өмнө хариуцлагын гэрээ хийдэггүй байсан. Энэ өвлөөс хариуцлагын гэрээ байгуулж эхэлсэн. 100170000955 дугаартай дансанд оруулна.Манай байгууллагын цалингийн сан өртэй байгаа гэв.
Хариуцагч Д.Т шүүхэд гаргасан тайлбартаа: Д.Т миний бие Цагааннуур сумын Эрүүл Мэндийн Төвийн дарга Ө.О-ийн танай байгууллагад гаргасан нэхэмжлэлтэй танилцаж, нэхэмжпэлийг эс зөвшөөрч байгаагаа илэрхийлж дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:
1. Цагааннуур сумын ЭМТ-ийн даргыг ажпаас чөлөөлж, ажилд томилох тухай тус сумын Засаг даргын захирамж 2018.04.23-нд гарснаар миний бие тухайн байгууллагад ямар нэг үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, тушаал гаргах, албан бичиг төлөвлөх, боловсруулах эрхгүй болсон. Мөн Эрүүл Мэндийн Төвийн даргаар томилогдсон тухайн өдрөө Ө.О нь ЭМТ-ийн төсөв санхүүгийн гүйлгээнд хоёрдугаар гарын үсэг зурах эрхийг тухайн үеийн ЭМТ-ийн нягтлан бодогч байсан С.О-д олгох тухай тушаал гарснаар миний нэрээр баталгаажсан тушаалаар гүйлгээ хийх эрх энэ өдрөөр хаагдсан болно.Иймд, нэхэмжлэлд дурьдагдсан 2018.04.24-ний өдрийн А/12 дугаартай ЭМТ-ийн даргын төсөв зарцуулах тухай тушаалыг хуурамчаар үйлдсэн гэж үзэж байна.
2. Хөвсгөл аймаг дахь Төрийн Аудитын Газраас гаргасан акт нь хуурамч тушаалд үндэслэж мөнгө гаргасан төлбөрийн хүсэлтэнд нэг, хоёрдугаар гарын үсэг зурж гүйлгээ хийсэн эздэд зориулж гаргасан гэж ойлгож байна. Учир нь тус санхүүгийн баримтуудад аудит хийж зөрчил илрүүлсэн аудиторын зүгээс буруутай шийдвэр гаргасан гэх надтай холбогдож энэ талаар асууж тодруулаагүй, акт тавигдах гэж байгаа тухай сануулсан зүйл огт байгаагүй, тэгээд ч би энэ актыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж хүлээж аваагүй. Шүүхийн шийдвэрийн дагуу гаргасан гэх энэ гүйлгээ нь 2018 оны 11 дүгээр сарын 14-нд хийгдсэн байдаг. Харин миний бие 2018.04.30-нд албан ёсоор ажлаа хүлээлгэн өгч, 2018.05.16-нд Аймгийн Нэгдсэн эмнэлэгт эх барих-эмэгтэйчүүдийн эмчээр томилогдон ажиллаж байсан. Мөн аудит яагаад намайг ажлаас халагдсаны дараа гарсан тушаалаар мөнгөн гүйлгээ хийгдсэнийг илрүүлээгүй юм бол! Эсвэл ийм тушаал үндэслэж мөнгө гаргах нь санхүүгийн алдаа зөрчилд тооцогддоггүй юм болов уу, энэ хүний зөв байсан уу?
3. Бидний ажил хүлээлцсэн баримтанд гүйлгээ нь хүлээгдэж буй төсөв зарцуулах тушаал бичигдсэн тухай баримт дурьдагдаагүй байдаг бөгөөд хэрэв ямар нэгэн төлбөр тооцоо байсан бол Ө.О бид хоёрын ажил хүлээлцэх комиссынхон тухайн ажил хүлээлцэх баримтанд тэмдэглэх байсан болов уу гэж бодож байна. Комиссийн зүгээс болон сумын Засаг дарга, Эрүүл Мэндийн төвийн даргын зүгээс надад ямар нэгэн албан бичиг үүрэг даалгавар тухайн үед өгөөгүй.
4. Хөвсгөл аймаг дахь Төрийн Аудитын Газрын 2018 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн Дугаар:ХӨА-2019/209/СТА-01/10 тоот актын доторх утга агуулгыг миний бие 2019.08.29-ний өдөр тус ЭМТ-ийн нягтлан бодогч Б.Д-аас утсаар сонсч, түүний хэлснээр ЭМТ-ийн дарга Ө.О-лээс хувилуулан авч албан ёсоор танилцсан болно. Би өөрөө төсөв зарцуулах тушаал бичиж үлдээснээ санахгүй, тушаал бичиж хүлээлгэж өгөөгүй, гүйлгээнд гарын үсэг зурж баталгаажуулаагүй, шүүхийн шийдвэрийн дагуу Ө.О-н ажилгүй байсан хугацааны цалин хөлс гарсныг мэдээгүй байсан учир татгалзсан хариуг 2018.08.30-нд ЭМТ-ийн дарга Ө.О-д гаргаж өгсөн. Харин уг нэхэмжлэлд дурьдсан Цагааннуур сумын Эрүүл Мэндийн Төвийн 2019.06.19-ний өдрийн 31 дугаартай албан бичгийг би хүлээж аваагүй бөгөөд нэхэмжпэлд намайг хүлээж авсан мэтээр, хариу өгөхгүй удаасан, үл тоосон гэж харагдуулахаар гүтгэлгийн байдалтай бичсэнд харамсаж, бас гомдож байна. Аливаа нэг албан бичиг нь заавал баталгаат газраар дамжиж, өгсөн авсан баримттайгаар баталгаажсан байдаг.
5. ЭМТ-ийн дарга Ө.О нь шүүхийн шийдвэрийн дагуу олгогдох мөнгийг төсөвт багтаан байгууллагад хохиролгүйгээр гаргаж авсан. Учир нь тус сумын ЭМТ нь хоёр их эмчийн орон тоотой бөгөөд өөрийг нь орлон ажиллаж байсан нутгийн боловсон хүчин, их эмч П.Х-лыг ажилд орох хүсэлтээ өгсөн байхад намайг чөлөөлөгдсөний дараа буцааж томилоогүй. Гэтэл тэр алслагдсан бөглүү газарт их эмчийн дутагдалтай ажилласан энэ байдал нь ард иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээнд хохирол учруулсан баймаар. Энэ нь Ө.О-ийн, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд хурдан шуурхай, тэгш хүртээмжтэй хүргэх зорилтыг бус зөвхөн өөрийн эрх ашгаа нэн тэргүүнд тавьдаг болохыг харуулсан үйлдэл юм. Иймд миний бодлоор, би өөрийн шийдвэрээр энэ мөнгийг гаргаагүй ч гэсэн байгууллагад хохирол учирсан байна гэж бодохгүй байна. Учир нь нэг их эмчийн цалин хэмнэлттэй байсан, мөн цалингийн сандаа багтааж гаргаснаар ажилчдын цалин хөлс, үр дүнгийн урамшуулал зэрэг цалингийн төсөвтэй холбоотой ямар нэг зөрчил илрээгүй. Яагаад цалингийн төсөвт зөрчил илрээгүй гэж байгаа вэ гэвэл, санхүүгийн аудит байгууллагын жилийн эцсийн тайланд аудит хийхдээ илэрсэн ямар нэг алдаа зөрчлийг асууж тодруулдаг байсан, ингэснээр зөрчил арилгуулах талаар акт төлөвлөж ирүүлдэг байсан. Өөрөөр хэлбэл урьдчилан мэдэгддэг байсан. Энэ удаад надад ийм асуудлын талаар урьдчилан мэдэгдсэн, шалтгааныг асууж тодруулсан юм байхгүй.
6. Хөвсгөл аймаг дахь Сум Дундын Иргэний Хэргийн Анхан Шатны Шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1256 дугаартай шийдвэрийн дагуу Ө.О-йг эмчлэгч эмчийн ажилд нь 2018 оны 4 дүгээр сарын 04-нд эгүүлэн томилсон ч миний бие 2018 оны 04 дүгээр сарын 23-нд ажлаасаа чөлөөлөгдсөн тул надад шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацаа байгаагүй. Тэгээд ч Ө.О нь өөрөө шалтгаангүйгээр 35 хоног ажил тасалсныгаа ухамсарлаж Иргэний хуулийн 498.3-т заасны дагуушүүхийн шийдвэрийн дагуу гаргах нөхөн олговрыг заавал авах шаардлагагүй байсан, мөн Ө.О ЭМТ-ийн дарын ажилд томилогдсон тул энэ мөнгө бол ЭМТ-ийн дарга биш эмчлэгч эмч Ө.О-д олгох шийдвэр байсан. Намайг ажлаас чөлөөлөх захирамж гаргахдаа сумын засаг дарга энэ нөхөн олговрын тухай дурьдаагүй байсан, учир нь энэ шүүхийн шийдвэр тус сумын захиргаанд хүргэгдсэн байсан ба ажлаас чөлөөлөгдөх үед энэ талаар яригдаагүй тул Ө.О-ийг Иргэний хэргийн 498.3-т заасны дагуу татгалзсан байна гэж ойлгосон. Мөн Ө.О-ийн тэтгэврийн мөнгө түүнийг тэтгэврээ тогтоолгоод төрийн албанд эргэн орсны дараа цуцлагдаагүй хэвээр байсан ба ажлаас чөлөөлөгдөснөөсөө хойш Мөрөн суманд Нэгдсэн эмнэлгийн хашаанд байрлах Оюу-Ундраа дотрын эмнэлэгт ажиллаж байсан болно.
Хөвсгөл аймаг дахь Сум Дундын Иргэний Хэргийн Анхан Шатны Шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1256 тоот шийдвэрийн үндэслэлд тэмдэглэхдээ Ө.О-ийн ажилгүй байсан хугацааг ажил олгогчоос ажилтныг 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс ажпаас чөлөөлж байгааг мэдэгдсэн өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл буюу 2017 оны 12 сарын 11-ий өдөр хүртэл... гэж тооцсон байдаг. Гэтэл би 8 сарын 20-ноос эхлэн ээлжийн амралтаа эдэлж байсан тул ажпаас гаргах мэдэгдлийг албан бичиг үйлдэж мэдэгдээгүй, иймд баримтгүй зүйл үндэслэж шийдвэр гаргасан гэж үзэж байна. Мөн Ө.О нь нийгмийн даатгалын дэвтэртээ амралтын мөнгөө амралтын саруудад хувааж тэмдэглүүлээгүй байгаа нь зориуд төлөвлөсөн баймаар, мөн хуурамч баримт шүүхэд бүрдүүлж өгсөн.
Ө.О нь 2017 онд хөдөлмөрийн гэрээг биечилж хийгээгүй гэдэг шалтгаанаар нэхэмжлэл гаргаж заргыг өөртөө авсан. Өмнөх шүүх хурлын гэрчийн мэдүүлэгт Ө.О нь ..тэтгэврээ тогтоолгосон учраас би хөдөлмөрийн гэрээ хийхгүй...гээд татгалзсан гэсэн ахлах сувилагчийн үгийг энэ шийдвэрт хамааруулаагүй. Учир нь Ө.О нь 2015 оны 03 сарын 09-с эхлэн Б.У гэх хүүхэд асрах чөлөөтэй байгаа эмчийн орон тоон дээр ...Б.У-ыг эргэн ажилдаа орох хүртэл хугацаанд... гэсэн тушаалаар ажиллаж байсан учир хөдөлмөрийн гэрээ хийх хугацаа тодорхойгүй тул амаар тохиролцож ажиллаж байсан. Тушаалдаа би 3 жилээр гэж хугацаа заагаагүй, төрсөн ээжүүд хүссэн үедээ ажилдаа эргэн ордог тул хугацаа товлох боломжгүй байсан. Өөрөө ч хүний оронд ажиллаж байгаагаа тодорхой хэлсэн байдаг.Харин миний хувьд түүний цалин хөлс, урамшуулал, нэмэгдлүүдийг бүрэн өгч байсан, энэ хүнийг би албадан хөдөлмөрлүүлээгүй. Хөдөлмөрийн хөлсөө авч байснаа тасралтгүй авч байснаа ухамсарлах байсан болов уу.
Ө.О нь байгууллагын дотоод журам болон хөдөлмөрийн гэрээг шинэчлэхэд /2016.03.17-нд/ хамт оролцож саналаа илэрхийлж батлалцсан.Мөн 2017.02.24-ы өдрийн сонсгол дээр Аймгийн Засаг даргын 2017.02.17-ы өдрийн 1- 485 тоот албан бичиг, ЭМГ-ын даргын 2017.02.21-ий 209 тоот албан бичигтэй танилцаж бүгд хүлээн зөвшөөрч мөрдөж ажиллахаар гарын үсгээ зурцгаасан.Энэ нь, төрийн албан хаагчид нэг сараас дээш хугацаагаар чөлөө өгөхийг хориглосон утгатай байсан.
Ө.О 2017.08.20-ы өдөр Цагааннуур суманд очиж 8 сарын 21-24 хүртэл ажилласан гэж мэдүүлсэн байдаг. Гэтэл би 8 сарын 15-нд амрах байсан ч хүүхдийн бие муу байсан учир 8 сарын 21-ний 13 цаг хүртэл байж 14 цагийн үед хүүхдийг АНЭ-т хүргэх болон бусад албаны ажлаар Мөрөн лүү явсан.Намайг байхад орж ирж уулзаагүй, утсаар ч яриагүй, би ирснийг нь мэдэхгүй. Тэдний гэр эмнэлгийн хашаанд байдаг тул хэзээ ч орж ирэх боломжтой байсан. Тухайн үед ажилласан өдрүүдийг 9 сард эргэж ирэхдээ ээлжийн сувилагчаар /П.Батнаран/ нөхөж тэмдэглүүлсэн байдаг. Ийм учраас би Ө.О-ийг 35 хоног ажлаа тасалсан нь ноцтой зөрчил гэж үзэж ажлаас шууд чөлөөлсөн байхад 8 сарын 28- нд урьдчилан мэдэгдсэн" гэж аман яриаг үндэслэж шийдвэр гаргасан нь ойлгомжгүй байдаг. Хэрэв урьдчилан мэдэгдэж ажлаас чөлөөлсөн бол миний тушаал үндэслэх заалт өөр байх байсан болов уу!
7. Хөвсгөл аймаг дахь Төрийн Аудитын Газраас Цагааннуур сумын ЭМТ-ийн 2018 оны жилийн эцсийн тайланд аудит хийхдээ тухайн онд 30.0 сая /гучин сая/ төгрөгийн өртөгтэй эхийн амрах байр, 12.0 сая /арван хоёр/ төгрөгийн багаж тоног төхөөрөмж нийлүүлэгдсэнийг хараагүйд харамсдаг. Алслагдсан сумын нийт ард иргэдийн эрх ашгийн төлөө хийсэн энэ хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг миний бие гадаадын хандивлагчаас олж ирснийг үнэлж байгууллагад хохирол учруулах бус харин ч төрөөс гарах төсвийг хэмнэсэн тул дэмжих ёстой байсан гэж үзэж байна. Эхийн амрах байр нь төрөхийн тусламж үйлчилгээ үзүүлдэг бүх эмнэлгийн байгууллагад байх ёстой тул бид 2013 оноос төлөвлөж төсвийн төсөлд оруулдаг байсан ч батлагддаггүй байсан. Зөвхөн өөрийн эрх ашгийн төлөө өөрийн буруутай үйлдлээ үл ухамсарлан хуурамч баримт үйлдэж гаргасан мөнгөтэй харьцуулахад миний үйлчлүүлэгчдийн эрх ашгийн төлөө хийсэн энэ хөрөнгө оруулалт илүү үнэ цэнэтэй, үнэлгээтэй, дарамтгүй баймаар. Гэтэл АНЭ-ийн төрөх тасагт 120.0 сая /Нэг зуун хорин сая/ төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийхэд урамшуулал л байснаас дарамт байгаагүй. /Цагааннуур суманд амрах байрны хөрөнгө оруулалтын талаар би санхүүгийн аудитад дуудагдаж төсөл хөтөлбөрийн мөнгийг буруу ашигласан гэсэн мэдээлпийн мөрөөр тайлбар өгч байсан/
8. Эцэст нь хэлэхэд, тэтгэврээ тогтоолгоно гэдэг нь хувь хүн ажил хийх чадамжгүй болсноо илэрхийлсэн үйлдэл гэж боддог, ялангуяа 50 настай хувь тэнцүүлэхээр тогтоолгож байгаа хүмүүс. Ө.О нь өөрөө 3 хүүхэдтэй ч том хүүхдийнхээ хүүхдийг өөрийн нэр дээр бүртгүүлж байж тэтгэврээ тогтоолгосон байдаг. Үнэхээрийн өөрөө ажлаа хийхийг хүсч байсан бол хуульд зааснаар 60 нас хүртлээ ажиллаж болох л байсан. Нэгэнт өөрөө хүсч тэтгэврээ тогтоолгочихоод яагаад ажилд минь буцааж оруул гээд худал үнэн мэдүүлэг өгч заргалдаад яваад байгааг ойлгохгүй юм. Үүний ард зөвхөн хуулийн цоорхойг ашиглаж мөнгө олох сонирхол л явж байгаа нь түүний тэтгэвэр тогтоолголт, ажилд орох хүсэлтээ өгсөн нутгийн бэлтгэгдсэн залуу боловсон хүчнийг ажилд нь буцааж аваагүй явдал, хуурамч баримтаар нөхөн олговор гаргаж авсан зэргээс харагдаж байна.Хэрэв залуу эмч П.Х-ыг буцааж ажилд нь оруулсан бол энэ асуудал энэ хүртэл үргэлжлэх байсан болов уу! Энэ хүний талаар бодох бодол өөр байх байсан.
Иймд, шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэсэн мэтээр ойлгогдож байгаагийн хувьд Яагаад гэдэг учир шалгаанаа дээрх тайлбаруудаар хүргэж төрд итгэх итгэлээ алдахгүйн тулд Цагааннуур сумын ЭМТ-ийн дарга Ө.О-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлж энэ хэрэгт миний бие холбогдолгүй болохыг үнэн зөв шүүн тунгааж, шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Түвшинжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эвлэрэх боломж байхгүй. Би бүтэн төлж чадахгүй. Би төрийг хүндлээд тус мөнгөн дүнгийн 10 хувийг бол төлж барагдуулж эвлэрч болно. Миний хувьд шүүхийн шийдвэрүүдийг хүндэтгэж байгаа. Миний өөрийн удирдах туршлага дутуугаас буруу шийдвэр гаргасан үйл ажиллагаанаас болоод ажлаа Ө.О-д өгсөн. Энэ хүн ажилдаа албан ёсоор ирэхгүй 35 хоног таслаад явж байсан. Түүнийгээ өөрөө ойлгоод уг нэхэмжилж байгаа мөнгийг авахгүй байх боломж байсан. Мөн энэ хүн тэтгэвэртээ гарсан.Тэтгэврийн мөнгөө авч байсан.Тэр ажилгүй байх хугацаандаа өөр эмнэлэгт ажиллаж байсан. Иргэний хэргийн хуулийг би уншиж үзэхэд энэ хүн төсвөөс мөнгө авахгүй байж болох байсан. Би өөрийнхөө тухай үеийн алдааг ойлгож байгаа учраас 10 хувь болох 255.300 төгрөгийг бол төлөх боломжтой. Тэр үед манай байгууллагын цалингийн сангийн төсөвт багтаж гарсан мөнгө юм. Байгууллагын ажилчдын урамшуулал болон цалин мөнгөөс бол аваагүй. Ийм учраас байгууллагад учирсан хохирол гэж үзэхгүй байна. Би 255.290 төгрөгийг өөрийн буруутай үйлдэлдээ хүлээн зөвшөөрч төлөх боломжтой.Би уг нэхэмжлэлийг аваад төлөх боломжгүй гэж үзсэн. Тайлбартаа тодорхой бичсэн. Уг мөнгө гаргах тушаал намайг ажлаас халагдсан өдрийн маргааш гарсан байгаа. Үүнийг төрийн аудит шалгаж байхдаа яагаад хараагүй шалгаагүй юм бол гэж би бодож байна. Надад 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр ажлаас халагдсан захирамж байдаг. 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Ө.О ажлаа авсан өдрөө төсөв санхүүгийн 2 дугаар гарын үсэг зурах эрхийг Ө.О гаргасан байдаг. Тэр хүн өөрөө тамгаа дарсан байсан.Гэтэл 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр уг мөнгө бичигдсэн байхад санхүүгийн гүйлгээтэй холбоотой баримтыг хянаж байх ёстой төрийн аудит яагаад хараагүй юм бол. Тэгээд алдаатай зүйлийг яагаад акт болгоод тавьсан юм бэ? Акт тавихдаа яагаад урьдчлан надад мэдэгдээгүй, асуугаагүй юм бол. Өмнө жилийн эцсийн аудит хийхдээ надаас асууж тодруулдаг байсан. Хамгийн гол шалтгаан бол энэ болж байна. Актыг нэхэмжлэлийг 2019 оны 8 дугаар сарын 29-ны өдөр Цагааннуурт амарч байхад надад манай сувилагч Д авчирч өгсөн. Нэхэмжлэл дээр 6 дугаар сард албан тоот өгсөн гэж байна. Надад тийм албан тоот бичиг ирээгүй байхад яагаад өгсөн гардуулж өгсөн гээд байгааг ойлгохгүй байна. Бас уг мөнгөний гүйлгээн дээр би гарын үсэг зураагүй байгаа болохоор би татгалзсан тайлбарыг хугацаанд нь Ө.О эмчид өгсөн. Тэгээд би Цагааннуур суманд ажиллаж байх хугацаандаа Засаг дарга н.Д-тай хөдөлмөрийн гэрээгүй ажиллаж байсан. Мөн би хүсэлтээ 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр өгөөд 30 хоногийн дотор ажлаа цэгцлэх ёстой байхад албан ёсны хариу өгөөгүй байж байгаад гэнэт нэг өдөр халагдсан байсан. Тэр үед ажил авч байсан Ө.Оэмч түүнийг тоогоогүй. Тэгэхээр нь би хуулийн дагуу л шийдэж байна гэж ойлгосон. Хүнд бас хүн чанар байх ёстой. Би тус байгууллагад ажиллаж байхдаа өөрөө сэтгэл гаргаад маш олон хөрөнгө оруулалт хийсэн. Тэр хөрөнгө оруулалтуудыг харгалзан үзээд энэ асуудлыг шийдэж болохгүй юм уу? гэж бодож байна. Би гадаадын аялж явсан хүнтэй уулзаж хөөцөлдөж 30.000.000 гаруй төгрөгөөр эхийн амаржих байрыг тохижуулж байсан. Мөн нярайн дулаацуулах ширээг 9,000,000 төгрөгөөр шийдэж өгч байсан. Аймгийн төрөх тасагт 100,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт гадаадаас оруулж өгч байсан. Эдгээр хөрөнгө оруулалт оруулсан байдлыг төрийн аудит харгалзан үзэж шийдвэрлэж өгч болохгүй юм болов уу? гэж бодож байна. Надад их сонин санагдаж байна. Манай жижүүр дээр тэр бичиг ирсэн байсан. Тэр захиаг би унших зав байхгүй байсан. Тэр захиаг хэн өгснийг бол мэдээгүй. Тэр албан бичгийг албан ёсоор надад гардуулж өгөөгүй. 2018 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр тэр тушаал гаргасан байсныг би бол сайн мэдэхгүй байна. Тэр үед ажлаасаа гар гэсэн маш их дарамтан доор байсан. 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан санхүүг захиран зарцуулах тушаалыг та яагаад гаргасан юм бэ? Та олон жил төрийн албаны удирдах ажил хийсэн туршлагатай хүн байж та яагаад алдаа гаргасан олж хараагүй юм бэ? Түүнийг төрийн аудит яагаад олж бас хараагүй юм бэ? Хамгийн гол надад танилцуулж холбогдоогүй юм бэ? гэж бодож байна.Би анх хөдөлмөрийн гэрээ хийхгүй Ө.О-ийг ажиллуулж байсан нь миний буруу байсан.Ө.Огэдэг хүн тухайн үед тэтгэвэрт гарсан хүн байсан учраас хөдөлмөрийн гэрээ хийхгүй ажиллаж болно гэж бодсон. Би үндсэн ажлаа л хяналт муутай хийсэн болохыг хүлээн зөвшөөрч байгаа. Акт тавигдсаныг 2019 оны 8 дугаар сарын 29-нд н.Д нягтлан надад мэдэгдсэн. Надад танилцуулаагүй. 2018 оны 8 дугаар сарын 29-ны өдөр гэнэт надад акт тогтоосон гэж би мэдсэн. Би аудитын газарт очиж уулзсан. Тухайн үед аудитын газрын нэг мэргэжилтэн бид нарт аудитын эрсдэл байдаг гэж хэлсэн. Би тэгээд гомдол гаргамаар байна гэхэд эдийн засгийн цагдаа нарт өгч болно гэж байсан. Аудитын газар би хэлсэн.Тэгсэн гомдол гаргах хэрэггүй.Хугацаа сунгуулах талаар гомдол гаргах хэрэгтэй гэсэн. Намайг ажлаас гарсан дараа тэр мөнгийг гаргасан тушаал байгаа би зөвшөөрөхгүй байна. Би хөдөлмөрийн гэрээ хийгээгүй байсан мөртлөө Ө.О-йг ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан байсныг шүүхээр буруу гэж тогтоогдсон. Ө.Онь 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр ажилдаа ирэх байсан боловч сар гаруй хугацаанд ажилдаа ирээгүй. Тэгээд энэ хүнийг шалтгаангүйгээр ажлаа тасалсан учраас ажлаас чөлөөлсөн.Жил бүр нэрлэсэн жилдээ зориулж өөрчилж гэрээ байгуулдаг. Үр дүнгийн гэрээг жил бүр байгуулдаг.Тэр үед сумын засаг дарга өөрчлөгдсөн байсан. Намайг ажлаас халахаар дарамтлаад хэцүү байсан.Надтай хөдөлмөрийн гэрээ байгуулахаар шаардлага тавиагүй. Эд хөрөнгийн хариуцлагын гэрээ байгуулаагүй. Зөвхөн үр дүнгийн гэрээ байгуулдаг байсан. Харин ажилчидтайгаа болохоор тусгай хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа эд хөрөнгийн хариуцлагын талаар тусгаж байгуулдаг байсан гэв.
Прокурор Л.Отгончимэг шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Уг хэрэг нь Цагааннуур сумын Эрүүл мэндийн төвийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Т-д холбогдох 2.552.901 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэрэгт төрийг төлөөлж оролцож байна. Энэ хэрэг нь 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 01/10 дугаартай Цагааннуур сумын Эрүүл мэндийн төвд тавигдсан акт байгаа.Тус байгууллагад Д.Т нь ажиллаж байх хугацаандаа хууль бус шийдвэрээр төрийн албан хаагч Ө.О-ийг ажлаас үндэслэлгүй халсан учраас шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон буюу 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Хөвсгөл аймгийн сум дундын Иргэний хэргийн шүүхийн 1256 дугаартай шүүхийн шийдвэр, 2018 оны 02 дугаар сарын 6-ны өдрийн Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний анхан шатны давж заалдах шатны шүүхийн 02 дугаартай магадлал зэргээр нэхэмжлэгч Ө.О-ийг Цагааннуур сумын Эрүүл мэндийн төвийн эмчийн ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин 2.552.901 төгрөгийг Цагааннуур сумын Эрүүл мэндийн төвөөс гаргах шийдвэр хүчин төгөлдөр болсон. Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 1, 2-т, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар төрд учирсан хохирлыг төрийн албан хаагчийг үндэслэлгүйгээр ажлаас халсны улмаас төрд учирсан хохирол цалин хөлсийг төрийн аудитын байгууллага, тухайн байгууллага нь дотоод аудитын нэгжтэй бол дотоод аудитын нэгж, дотоод аудитын нэгжгүй бол төрийн аудит арилгах үүргийг хуульчлан үүрэгжүүлсэн учраас төрийн аудит уг актыг тавьсан байдаг. Энэ актыг эс зөвшөөрч байгаа учраас нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч тайлбарлахдаа намайг ажлаас гарснаас хойш акт тавигдсан байгаа учраас төлөхгүй гэж тайлбарлаж байна.Хариуцагчийн тухай үед гаргаж байсан шийдвэр шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон учраас Цагааннуур сумын Эрүүл мэндийн төв хариуцагч Д.Т-аас 2.552.901 төгрөг гаргуулах авахаар болсон. Ийм учраас төрийн аудит акт тавьсан. Энэ актыг яагаад хариуцагч Д.Т-лд мэдэгдээгүй юм бэ? гэхээр тухайн Эрүүл мэндийн төв дээр тавигдаж байгаа. Цагааннуур сумын Эрүүл мэндийн төвийн санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийгээд энэ акт тавигдсан байгаа. Яагаад гэвэл энэ хүн ажилгүй байсан хугацааны 2.552.901 төгрөгийг шүүхийн шийдвэрээр гаргаад өгсөн. Тухайн үед өөр хүнийг ажилд аваад төрийн сангаас мөн 2.552.901 төгрөгийн цалинг гаргаад өгчихсөн байгаа учраас уг мөнгийг төрд учирсан хохирол гэж үзээд нэхэмжилж байгаа. Иймд хариуцагч Д.Т-аас Хөвсгөл аймгийн Төрийн аудитын газрын 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 01/10 дугаартай актаар тавигдсан 2.552.901 төгрөгийн төлбөрийг гаргуулах саналтай байна. Нэмж тайлбарлахад хоёр хүний хоорондын таарамжгүй харилцааны улмаас үүссэн маргаан байгаа. Хариуцагч Д.Т нь шүүхийн шийдвэрүүдийг хүндэтгэж байна.Анх хөдөлмөрийн гэрээ хийгээгүй ажилд авсан нь буруу юм байна. Актын төлбөрийн 10 хувь болох 255.290 төгрөгийг өгнө гэж шүүх хуралдаан дээр хэлж байна. Төрийг төлөөлж байгаа прокурорын зүгээс төрд учирсан хохирлоос татгалзах эрх байхгүйг сануулж байна.Төрд учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй.Ямар байгууллага төрийг төлөөлж шүүхэд оролцох эрх үүргийг хүртэл хуульчилж өгсөн байгаа.Төрд учирсан хохирлыг буруутай албан тушаалтан хариуцан барагдуулж байгаа.Буруутай шийдвэр гаргасан байгууллагын шийдвэрийг төр хариуцаж Цагааннуур Эрүүл мэндийн төвийн газраас 2.552.901 төгрөгийн хохирлыг хохирсон этгээдэд олгосон байгаа.Дараа нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар буруутай шийдвэр гаргасан албан тушаалтнаас төр буцаан гаргуулж авах ёстой байгаа. Захиргаан ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар төрийн аудитын байгууллагад уг үүргийг хүлээлгэсэн. Төрийн аудитын байгууллага энэ үүргээ хэрэгжүүлээд акт тавьсан.Дээр нь Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар төрийн албан хаагчийг ажлаас үндэслэлгүй халсан шийдвэр нь шүүхээр тогтоогдсон бол тухайн шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлнэ гэж байгаа. Иймд төрд учирсан хохирол болох Цагааннуур сумын Эрүүл мэндийн төвд актаар тавигдсан 2.552.901 төгрөгийг хариуцагч Д.Т-аар гаргуулах нь зүйтэй байна гэсэн саналтай байна гэв.
Шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар болон бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Эрүүл мэндийн төв нь хариуцагч Д.Т-д холбогдуулан актын төлбөр 2.552.901 /хоёр сая таван зуун тавин хоёр мянга есөн зуун нэг/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Д.Т нь нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжилсэн мөнгөн дүнгийн 10 хувь буюу 255.300 /хоёр зуун тавин таван мянга гурван зуу/ төгрөгийг төлөхийг зөвшөөрч харин үлдэх төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй гэж маргасан.
Хэрэгт нэхэмжлэгчээс Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1256 дугаар шийдвэрийн хуулбар 5 хуудас, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 02 дугаар магадлалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар 3 хуудас, Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Б/06 дугаар Хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас, Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн А/12 дугаар тушаалын Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын засаг даргын тамгын газар хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбар 1 хуудас, 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн № 2, 3, 4 дугаар Төлбөрийн хүсэлт-үүдийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар 3 хуудас, Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 31 дүгээр албан бичиг эх хувиар 1 хуудас, Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 35 дугаар Албан шаардлага, актын хариу гэх Ихэр мөрөн аудит ХХКомпанид хандсан албан бичиг эх хувиар 1 хуудас, 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Хөвсгөл аймаг дахь төрийн аудитын газрын Төлбөр барагдуулах тухай № ХӨА-2019/209/СТА-ТШЗ-01/10 дугаар актын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас, акт тогтоох үеийн хяналт гэх баримтын хуулбар 1 хуудас, Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Эрүүл мэндийн төвийн дарга Ө.О-лд иргэн Т-аас гаргасан тайлбарын хуулбар 1 хуудас, Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 50, 51 дугаар албан бичиг 2 хуудас, тушаалын бүртгэл 2018 он гэх баримтын Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын засаг даргын тамгын газар хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбар 1 хуудас, Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн А/10, А/11 дугаар Төсөв зарах тухай Төсөв зарцуулах тухай тушаалуудын Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын засаг даргын тамгын газар хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбар 2 хуудас, Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Хөвсгөл аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Н.Б-ийн 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 310 дугаар албан бичгээр Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Эрүүл мэндийн төвийн Төсвийн шууд менежерийн үр дүнгийн гэрээ-ний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар 6 хуудас баримтыг тус тус нотлох баримтаар гаргаж ирүүлжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Т нь нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг гаргаж шүүх хүсэлтийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн ба хэрэгт Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн А/13 дугаар тушаал, Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Засаг даргын 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Б/11 дугаар захирамж, Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Засаг даргын 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Б/12 дугаар захирамж, Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Засаг даргын 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Б/08 дугаар захирамж, 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн № 2, 3, 4 дугаар Төлбөрийн хүсэлтүүд зэргийн хуулбарууд нотлох баримтаар авагдсан.
Зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтаар Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1256 дугаар шийдвэрээр Ө.О-ийг Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Эрүүл мэндийн төвийн эмчлэгч эмчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 2.552.901 төгрөгийг Цагааннуур сумын Эрүүл мэндийн төвөөс гаргуулан Ө.О-д олгохоор шийдвэрлэсэн, Хөвсгөл аймгийн Эрүү.Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн, Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Эрүүл мэндийн төвийн дарга Д.Т 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн А/12 дугаар Төсөв зарцуулах тухай тушаалаар Ө.О-д 2.552.901 төгрөгийг олгохоор шийдвэрлэж, тус төвийн дарга Ө.О, нягтлан бодогч С.Онарын гарын үсэг бүхий төлбөрийн хүсэлтээр нэг өдөр гурван удаагийн гүйлгээ хийж төрийн сангаас уг мөнгийг олгосон, эмчлэгч их эмч Ө.О-ыг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэлд 2.552.901 төгрөгийн нөхөн олговрыг байгууллагын төсвөөс олгосон атлаа буруутай албан тушаалнтнаар хохирлыг төлүүлээгүй Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ гэсэн заалтыг зөрчсөн учир байгууллагын төсвөөс гаргасан нөхөн олговрын 2.552.901 төгрөгийг Цагааннуур сумын Эрүүл мэндийн төвийн дарга асан Д.Т-аар нөхөн төлүүлж Хөвсгөл аймаг дахь Төрийн аудитын газрын төрийн сан дахь 100170000955 тоот дансанд төвлөрүүлэх тухай 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Төлбөр барагдуулах тухай № ХӨА-2019/209/СТА-ТШЗ-01/10 дугаар актыг Хөвсгөл аймаг дахь Төрийн аудитын газар тогтоосон зэрэг үйл баримтууд тогтоогдлоо.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д Энэ хуулийн 498.1, 198.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж хуульчилсан.
Хариуцагч Д.Т нь шүүх хуралдаанд...Миний хувьд шүүхийн шийдвэрүүдийг хүндэтгэж байгаа. Миний өөрийн удирдах туршлага дутуугаас буруу шийдвэр гаргасан ... Би анх хөдөлмөрийн гэрээ хийхгүй Ө.О-ийг ажиллуулж байсан нь миний буруу байсан. Ө.Огэдэг хүн тухайн үед тэтгэвэрт гарсан хүн байсан учраас хөдөлмөрийн гэрээ хийхгүй ажиллаж болно гэж бодсон. Би үндсэн ажлаа л хяналт муутай хийсэн болохыг хүлээн зөвшөөрч байгаа... гэх тайлбарыг гаргасан ба хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл Д.Т нь Ө.О-г ажлаас чөлөөлөхдөө хууль хэрэглээний алдаа болоод хөдөлмөрийн хууль тогтоомжийг зөрчиж, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ажиллуулснаас зөрчил гаргасан болох нь нотлогдож, Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1256 дугаар шүүхийн шийдвэрээр Ө.О-г ажилд нь эгүүлэн тогтоосон байх боловч энэ нь байгууллагадаа хохирол учруулах шууд санаатай үйлдэл байсан эсхүл илт болгоомжгүй үйлдлээр хохирол учруулсан гэж үзэх үндэслэл болохгүй ба тэрээр шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр байгууллагадаа гэм хор учруулсан гэх хууль зүйн үндэслэл, үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх мэдлийг өмчлөгчөөс шилжүүлэн авсан удирдах албан тушаалтан, мөн удирдах албан тушаалтантай зохих хэмжээгээр эд хөрөнгийг хамтран захиран зарцуулах эрхийг хэрэгжүүлж, эд хөрөнгийн хадгалалт хамгаалалтад бүртгэлээр хяналт тавих эрх бүхий албан тушаалтныг мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан гэж ойлгох бөгөөд хариуцагч Д.Т нь Цагааннуур сумын Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалыг 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл эрхэлж байсан тул тухайн байгууллагын төсөв, санхүүд хяналт тавих, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцаж байсан албан тушаалтан гэж үзнэ.
Гэвч Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлд эд хөрөнгийн хариуцлагын гэрээг байгуулах тохиолдлыг хуульчилсан ба мөн зүйлийн 135.2-т зарим төрлийн эд хөрөнгө, үнэ бүхий зүйлийг ашиглан шамшигдуулсан, дутагдуулснаас байгууллагад учирсан хохирлыг төлүүлэх өөр журмыг гагцхүү хуулиар тогтоож болно, 135.4-т ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулаагүй болон ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй бол эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болохгүй гэжээ.
Хуулийн дээрхи зохицуулалтаас үзвэл байгууллагад учирсан хохирлыг өөр журмаар хуулиар тогтоосон тохиолдолд эд хөрөнгийн хариуцлагыг хүлээлгэж болохоор заасан байна.
Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т Энэ хуулийн 10.1.2, 10.1.3-т заасан албан тушаалыг төрийн жинхэнэ албан тушаал гэнэ...гэж заасан.
Мөн Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2,10.2.3-т төрийн захиргааны болон төрийн тусгай албан тушаалыг тодорхойлсон бөгөөд ажлаас чөлөөлөгдсөн Ө.О нь дээрхи албан тушаалуудад хамаарахгүй.
Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ гэж заасан хэдий ч Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасны дагуубуцааж төлүүлнэ гэсэн нь хуулийн дээрхи зохицуулалтанд албан тушаалтны шууд санаатай үйлдэл эсхүл илтэд болгоомжгүй үйлдлээр хохирол учруулсан эсэхийг харгалзан үзэх агуулгыг тодорхойлсон.
Иймд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх нь дээрхи тохиолдолд хуулиар тогтоосон гэж үзэх боломжгүй бөгөөд шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Д.Т нь эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээг байгуулаагүй нь нотлогдож байх тул түүнд гэрээгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээх үүрэг үүсээгүй болно.
Ажилтантай энэ төрлийн гэрээг байгуулах үүрэг ажил олгогчид хуулиар ногдсон бөгөөд энэ үүргээ ажил олгогч хэрэгжүүлээгүй явдалд ажилтан буруугүй юм.
Хариуцагч Д.Т нь нэхэмжлэлийн шаардлагаас 255.300 / хоёр зуун тавин таван мянга гурван зуу/ төгрөг төлөх тухай тайлбарыг гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3-д зааснаар зохигч нөгөө талын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн буюу түүний зарим хэсгийг хүлээн зөвшөөрч болно гэсний дагуу хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагын зөвшөөрсөн хэмжээнд хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иймд хариуцагч Д.Т-аас 255.300 /хоёр зуун тавин таван мянга гурван зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.297.601 /хоёр сая хоёр зуун ерэн долоон мянга зургаан зуун нэг/ төгрөгийг хэрэгсэхгүй болгов.
Хэдийгээр Хөвсгөл аймаг дахь Төрийн аудитын газрын 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн ХӨА-2019/209/СТА-ТШЗ-01/10 дугаар Төлбөр барагдуулах тухай актанд:...Байгууллагын төсвөөс гаргасан нөхөн олговрын 2.552.901 төгрөгийг Цагааннуур сумын Эрүүл мэндийн төвийн дарга асан Д.Т-аар нөхөн төлүүлж Хөвсгөл аймаг дахь Төрийн аудитын газрын төрийн сан дахь 100170000955 дансанд төвлөрүүлэх...гэсэн байгаа боловч дээрх актыг Д.Т-д танилцуулаагүй, аудитын шалгалтыг явуулахаа мэдэгдээгүй зэрэг нь түүний Үндсэн хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэх боломжийг хязгаарласан,
Мөн Цагааннуур сумын Эрүүл мэндийн төвийн 2018 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд аудит хийх үед мөрдөгдөж байсан Төрийн аудитын тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан Төрийн аудит нь хууль дээдлэх, шударга ёсыг хангах, ил тод бодитой байх төрийн аудитын нийтээр хүлээн зөршөөрсөн зарчим стандартад нийцсэн байна гэсэн зарчмыг баримтлаагүй байгаа тул нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага болох Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Эрүүл мэндийн төв нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас түүний зөвшөөрсөн мөнгөн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 8.309 /найман мянган гурван зуун ес/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дүгээр зүйлийн 498.1, 498.5-д зааснаар хариуцагч Д.Т-аас 255.300 /хоёр зуун тавин таван мянга гурван зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Цагааннуур сумын Эрүүл мэндийн төвд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.297.601 /хоёр сая хоёр зуун ерэн долоон мянга зургаан зуун нэг/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага болох Цагааннуур сумын Эрүүл мэндийн төв нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас түүний зөвшөөрсөн мөнгөн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 8.309 /найман мянган гурван зуун ес/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА
ШҮҮГЧИД Г.ДАВААХҮҮ
Б.МӨНХТУЯА