Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 01655

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х аймгийн Ц сумын 2 дугаар багт оршин суух, овогт Х.Э-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х аймгийн Ц сумын 1 дүгээр багийн ХХ-07 тоотод оршин суух, овогт Х.Г-т холбогдох,

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг болон хуваарьт эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 155/2020/01528/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх  хуралдааны  нарийн  бичгийн  дарга  Л.Сувд, нэхэмжлэгч Х.Э, хариуцагч Х.Г, хариуцагчийн өмгөөлөгч Б.Т нар оролцлоо.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Х.Г-той 2015 онд танилцаж улмаар гэр бүлийн харилцаатай болж, 2017 оны 5 сарын 24-нд айл болон тусдаа гарсан. Ингээд айл болоход Г өмнөх эхнэрээсээ 1 хүүтэй байсан бөгөөд хүү нь 3 настай намайг ээжийгээ гэж бодон хамтран амьдарсаар 2020 оны 4 сарыг хүргэсэн. Би 2017 оны 6 сарын 28-нд охин Д-г төрүүлсэн Нөхөр маань сүүлийн үед архи уух нь ихсээд Мөрөнгийн зах дээр байнга архи ууж явдаг Н гэх эмэтгэйтэй гэр бүлийн харилцаатай болж, намайг байнгын айлган сүрдүүлж, өөрөө үхнэ, амиа хорлоно гэж гүйх, байнгын шинжтэй хүчирхийлэлд байлгах болсон. Айл болсноос хойш хадам ээж маань байнгын дарамталдаг хэл амаар доромжилдог улмаар хонь ямааг минь зараад хашаа байшин болгосон боловч одоо намайг тэр хашаа байшингаас минь хөөгөөд оруулахгүй байх, мөн нөгөө нөхцсөн хүүхэн нь ч гэсэн намайг хөөдөг болсон, улмаар шүүхээр мал хөрөнгө авах юм бол охиныг чинь ална хулгайлна гэх зэргээр дарамтлах болсон. Биднийг хамтран амьдарч байх хугацаанд надаар малчны зээл авахуулж 3 000000 төгрөгөөр машин авсан. Энэ машиныг Г унаж байгаа бөгөөд би чамд машин өгөхгүй зээлийн үлдэгдлийг чи охиныхоо мөнгөөр төл гэсэн шаардлага надад тавьж байгаа тул би Г-ийн машины мөнгийг төлөх боломжгүй тул зээлийн үлдэгдэл 1850 000 төгрөгийг Г-оор төлүүлэх хүсэлтэй байна. Энэ хүмүүс байнгын архи уудаг, байнгын дарамт зэргээс болж би хамтран амьдрах боломжгүй болсон тул Ц сум руугаа явж 2020 оны 5 сараас эхлэн хөдөө амьдрах болсон. Ингээд энэ хүмүүс намайг хөөсөн тул би өөрийн гэсэн юмаа авах гэтэл өгөхгүйгээр доромжилж дарамтлаад байсан тул би Цагдаагийн байгууллагад хандан хэсгийн цагдаатай хамт эд хөрөнгөө авахаар очтол өгөхгүй байна. Иймд миний хуваарьт хөрөнгийг Г-оос гаргуулж авах хүсэлтэй байна. Үүнд;

1.             2 ширхэг хивс-250.000 төгрөг,

2.             Диско хөгжим -220.000 төгрөг,

3.             Хурганы арьс -30ш=300.000 төгрөг,

4.             Жижиг данх-30.000 төгрөг,

5.             Түлээний сүх /дээр үеийн орос/-50.000 төгрөг,

6.             Өвлийн гутал 1 ширхэг-30.000 төгрөг

7.             Хатгамал / 8 шарга/ -30.000 төгрөг

8.             Хөнжил 2 ширхэг-50.000 төгрөг

9.             Эрэгтэй дээл -50.000 төгрөг

10.          5 ширхэг аяга -5.000

11.          1 боодол буюу 30 ширхэг халбага-30.000 төгрөг

12.          11 толгой эм хонь-80.000 төгрөг, нийт 880.000 төгрөг, бүгд 1.925.000 төгрөг,

Би цаашид Х.Г-той хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцлаж 2017 оны 6 дугаар сарын 28-нд төрсөн охин Д-г өөрийн асрамжид үлдээж эцэг Х.Г-оос хүүхдийн тэтгэлэг гаргуулж, 1.925.000 төгрөгийн өөрийн хуваарь хөрөнгийн Х.Г-с гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Х.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1.925.000 төгрөгийн хуваарьт хөрөнгө гаргуулах тухай шаардлагаасаа татгалзаж бусад шаардлагаа дэмжиж оролцож байна. Х.Г-той 2015 оны 7 дугаар сард танилцаад 2017 оны 5 дугаар сард өдөр гэр бүл болсон. 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр охиноо төрүүлээд Х аймгийн А суманд амьдарч байсан. Энэ хугацаанд манай хадам ээж их дарамталсан. Амьдралаа сайжруулахын тулд малчны зээл аван машин худалдаж авч түүгээрээ мод зардаг байсан. Мод зарсан мөнгө яаж зарцуулагдаж байгаа нь мэдэгдэхгүй архи согтууруулах ундааны зүйл ихээр хэрэглэх болсон. Өнгөрсөн өвлөөс нөхөр маань гэр бүлээс гадуур харилцаатай болсон гэдгийг мэдээд гэрлэлтээ цуцлуулахаар шийдсэн. Тэгээд охиноо аваад Б сум руу явсан юм. Өмнө нь эвлэрүүлэн жуучлагчид хандаад эвлэрээд хадам ээж маань одоо гэрлэлтээ батлуул гээд бид хоёр саяхан хоёр тийш болохоос өмнөхөн гэрлэлтээ батлуулж би охиноо ааваар нь овоглож овгийг нь солиулсан юм... гэв.

Хариуцагч Х.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Х.Г нь нэхэмжлэгч Х.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй холбоотойгоор дараах хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч Х.Э нь надаас гэрлэлтээ цуцлуулж, охин Дг өөрийн асрамжиндаа авч надаас тэтгэлэг гаргуулах, мөн 1.925.000 төгрөгийн үнэлгээ бүхий 12 төрлийн өөрийн хуваарьт эд хөрөнгийг надаас гаргуулахаар тус тус нэхэмжилсэн байна.Бид хоёр 2015 онд танилцаж 2017 онд гэр бүл болж нэг гэрт хамт амьдарч эхлэсэн бөгөөд бидний дундаас охин Д 2017 оны 6 дугаар сарын 28-нд төрсөн юм. Би өмнөх нь эхнэрээсээ шүүхээр салаад өөрийн асрамжид хүү Б-ийг авч улмаар бидэнтэй хамт нэг гэрт амьдардаг нь үнэн юм. Бид хоёр хоорондын таарамжгүй байдлаасаа болоод 2020 оны 2 дугаар сард буюу цагаан сарын дарааханаас салсан бөгөөд тэр өдрөөс хойш эхнэр маань охиныхоо хамт Ц сумын 2 дугаар багт эгч Д-доо, би өөрийнхээ гэрт хүүгийнхээ хамт одоог хүртэл тусдаа амьдарч байна. Би аймгийн төвийн Норд авто угаалгын газар галчаар ажиллаж байсан бөгөөд эхнэр маань байнга хавийн хүүхэнтэй хардаж, хэл амаар доромжиж ажил хэцүү байсан ч би гүрийгээд ажпаа хийгээд л байдаг байсан. Тэгээд эхнэр маань намайг ажилдаа гарсан шөнө буюу энэ жилийн цагаан сарын шинийн 5-ны өглөө үүрээр гэрээсээ охиноо дагуулаад хүүг маань орхиод өөрийн хувцас хунар эд зүйл, хамаг хөнжпийн даавуу, дэрний уут, манай бандийн хувцас, 25 шуудай бууз, цагаан сарын тавгын идээ зэргийг аваад явсан байсан. Тэгэхээр нь би түүнийг гэртээ ир гэж гуйж байгаад гэртээ 2 сарын 17-ны үеэр ирээд хамт амьдарч байгаад 3 сарын 27-нд намайг хөдөө аавынхыгаа нүүлгэхээр явсан хойгуур гэрээ онгорхой хаягаад нэхэмжпэлд бичсэн өөрийн хуваарьт хөрөнгүүдээ бүгдийг нь аваад явчихсан байсан. Манайх өөрийн гэсэн хашаа байшин байхгүй, 5 ханатай гэртэй, 200 шахам толгой малтай байсныгаа эхнэр маань саллаа гээд энэ хавар ирээд өөрийнхээ өмчний малыг машин дээр ачаад аваад явсан. Бид хоёр 2019 оны 5 дугаар сард 3.000.000 төгрөгийн малчны зээлийг А сумын ХААН банкнаас аваад Мазда Демо маркийн машин худалдаж авсан бөгөөд тэр зээлийн төлбөрийг би өөрөө төлөөд дуусч байгаа, эхнэр маань төлөлцөж байгаагүй.

Иймд би Х.Э-аас гэрлэлтээ цуцлуулж, охин Д-г эхийн асрамжид үлдээж хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг өгөхийг зөвшөөрч байна. Харин эхнэр Х.Э нь нэхэмжлэлд дурьдсан өөрийн нь тооцоолсноор 1.925.000 төгрөгийн үнэлгээ бүхий 12 төрлийн хуваарьт хөрөнгөө өөрөө цувуулж, увуулж авч яваад би ханхай гэрт хүүгийнхээ хамт хоёр авдар, нэг орны хамт үлдсэн учраас тус эд хөрөнгийг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Х.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 5 сард гэр бүл болоод 2017 оны 7 дугаар сард охин Д төрсөн. Мөн би өмнөх эхнэрээсээ нэг хүүтэй бөгөөд хүүгээ сургуульд оруулахаар Мөрөн суманд ирсэн. Тэгээд авто угаалгын газарт галчаар ажилласан. Нэг өдөр ажлаасаа иртэл хүүг минь орхиод охиныг аваад Ц сумруу явчихсан байсан. Надад чиний хүү миний охиныг хүчиндлээ гээд байсан. Миний хувьд байж боломгүй зүйл юм. Дүүгээ хүчиндэх ёсгүй гээд маргалдаж эхэлсэн. Би архи ууж гэртээ агсам согтуу тавьдаггүй. Мөнгө олохын тулд таксинд явдаг байсан. Одоо гэрлэлтээ цуцлахыг хүлээн зөвшөөрч байна. Харин хүүхдийнхээ тэтгэлэгийг хүүхэддээ л өгнө. Э-д өгвөл хүүхдэд минь зарцуулагдахгүй байх гэв.

            Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд өгсөн тайлбарыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.Э нь хариуцагч Х.Г холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг болон хуваарьт эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан боловч нэхэмжлэгч Х.Э нь хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд 1.925.000 төгрөгийн үнэлгээ бүхий хуваарьт эд хөрөнгө гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна.

Нэхэмжлэгч Х.Э, хариуцагч Х.Г нар нь гэрлэлтээ батлуулсан болон тэдний дундаас охин Г.Д төрсөн болох нь;

РВххххххх, Монгол улсын иргэн, 1986 оны 6 дугаар сарын 10-нд төрсөн,  овогт Х.Г, РВххххххх, Монгол улсын иргэн 1978 оны 7 дугаар сарын 19-нд төрсөн, овогт Х.Э нар 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр гэр бүл болсныг Х аймгийн А сумын иргэний гэрлэсний бүртгэлийн хххххххххххх-рт бүртгэж олгосон №ххххххххххх дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар баримт 1 хуудас / нотариатаар гэрчлүүлсэн/,

Х аймгийн А сумаас олгосон бүртгэлийн №хххххххх дугаартай РАххххххххх регистрийн дугаартай, овогт Э-ийн Д 2017 оны 6 дугаар сарын 28-нд Х аймгийн Б суманд төрснийг Х аймгийн А сумын төрсний бүртгэлд 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр бүртгэж гэрчилгээ олгов. Эхийн РВхххххххх,  овогт Х.Э гэх Төрсний гэрчилгээний хуулбар баримт 1 хуудас / нотариатчаар гэрчлүүлсэн /

Х аймгийн Иргэний улсын бүртгэлийн улсын бүртгэгч Б.Б-ийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Х аймгийн А суманд РАхххххххх регистрийн дугаартай овогт Г.Д гэж өөрчилсөн талаарх лавлагааны хуулбар баримт хуудас 1 хуудас / нотариатаар гэрчлүүлсэн/

Х аймгийн Ц сумын Хайс багийн засаг дарга Б.Ч-ын 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Х аймгийн Ц сумын Хайс багийн  овогтой Э нь эмэгтэй, ам бүл 2, Х.Э нь тус багт 2020 оны 5 дугаар сараас 2020 оны 7 дугаар сарын 02-н хугацаанд тус багт оршин сууж байгаа болно. гэх

Х аймгийн А сумын 1 дүгээр багийн засаг дарга Ш.П-ийн 2020 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн Тус багийн иргэн Х.Э нь 1978 онд төрсөн, эмэгтэй, ам бүл 4, нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг. Х.Э нь 2017-2020 оны 5 сар хүртэл Х.Г-той амьдарч байсан нь үнэн болно. гэх,

Ц сумын Эрүүл мэндийн төвийн их эмч Л.П-ийн 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн Ц сумын 2 дугаар багийн Э.Д нь 3 настай, эмэгтэй, РАххххххх,эрүүл бойжиж байгаа нь үнэн болохыг тодорхойлов. гэх тодорхойлолтууд,

Мөн Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч Ж.Л-ын 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн ... Гэрлэлт цуцлуулах тухай өргөдлийг 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авсан боловч уригдсан тал эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцоогүй, эвлэрүүлэн зуучлалын хугацаа дууссан, цаашид сунгах боломжгүй болсон тул ... ажиллагааг дуусгавар болгов. гэх албан бичиг зэрэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар мөн нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгч хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана,

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжинд үлдээх, түүнийг болон хөлөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчоөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно,

Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д Гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг эхийн халамж ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийн эцэг, эхийн хэн нэгний асрамжинд үлдээх, тэтгэлэгийн хэмжээг тогтоох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах асуудлыг шүүх шийдвэрлэнэ,

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т Эцэг эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлэгийг шүүх тогтооно гэж тус тус хуульчилсан байх тул нэхэмжлэгч Х.Э нь гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын хөрөнгөөр ногдох хэсгээ гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

Шүүх нэхэмжлэгч Х.Э-гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх энэ хуулийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална гэж заасан байх ба нэхэмжлэгч хариуцагчийг архи согтууруулах ундааны зүйл байнга хэрэглэдэг, хадам ээж болон хариуцагч нар нь дарамталдаг гэх боловч энэ талаархи нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Гэвч шүүх хуралдаанд талуудын гаргасан тайлбар зэргээс үндэслэн нэхэмжлэгч хариуцагч нарт эвлэрүүлэх арга хэмжээ авах нь ач холбогдолгүй байх тул шүүх гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Э, хариуцагч Х.Г нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Иймд гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар охин Г.Д-ийн нас, эхийн хайр халамж, эхдээ ээнэгшин дассан байдал зэргийг харгалзан эх Х.Э-ийн асрамжинд үлдээж,

Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хэмжээгээр тэтгэлэгийг тогтоож хүүхэд бүрт, сар бүр эцэг Х.Г-с гаргуулан олгож шийдвэрлэв.

Түүнчлэн нэхэмжлэгчийн 1.925.000 төгрөгийн хуваарьт хөрөнгө хариуцагч Х.Г-с гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурьдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч Х.Э-с улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150.164 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Г-с гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад тохирох улсын тэмдэгтийн хураамж болох 104.414 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Х.Э-д олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар үйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.            Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар  овогт Х.Г, Харнууд овогт Х.Э нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2017 оны 6 дугаар сарын 28-нд төрсөн охин Хар дархад овогт Г.Д-г эх овогт Х.Э-гийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2017 оны 6 дугаар сарын 28-нд төрсөн охин овогт Г.Д-д 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг  овогт Х.Г-с тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг, нэхэмжлэгч Х.Э нь хариуцагч Х.Г 1.925.000 төгрөгийн эд хөрөнгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч Х.Э-с улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150.164 / нэг зуун тавин мянга нэг зуун жаран дөрөв / төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Г-с 104.414 / нэг зуун дөрвөн мянга дөрвөн зуун арван дөрөв/ төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Х.Э-д олгосугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурав өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Т.Батхишиг-т даалгасугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт зохигчид тэгш эрх эдэлж, үүрэг хүлээхийг дурдсугай.

8. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуульд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг эцэг Х.Г, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Х.Э нарт тус тус даалгасугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Б.МӨНХТУЯА