| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2020/01536/И |
| Дугаар | 01643 |
| Огноо | 2020-09-08 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 01643
М МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
С
Нэхэмжлэгч: Х аймгийн Б сумын 3 дугаар багт оршин суух, овогт Д.С-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х аймгийн А сумын Х тосгонд оршин суух, овогт Б.Б-д холбогдох,
Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б, нэхэмжлэгч Д.С, хариуцагч Б.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д.С нь Б.Б-той 2013 онд танилцан үерхэж байгаад 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр охин С.О-г, 2019 оны 10 дугаар сарын 10-нд охин С.О нарыг төрүүлсэн. Бид албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй, ирэн очин амьдарч байсан юм. Хүүхдээ гарснаас хойш Б.Б бидэн дээр ирэх нь бага болж, одоо бүх миний хүүхэд биш гэх болсон.
Иймд Б.Б-ыг миний хоёр охин С.О, С.О нарын төрсөн эцгээр тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Д.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. 2013 онд танилцаад 2016 онд том охин маань төрснөөс хойш анхаарал халамж тавихаа больсон. Нэг хэсэг бүр чимээгүй таг байсан. Манай гэрийнхэн үүнийг нь ойлгоод юм хэлээгүй. 2019 онд бага охин маань төрөхөд эцэг хүний үүргээ биелүүлэхгүй байсан. Намайг чи бараг өөрөө өвдлөө гэж загнадаг. Би энэ хүнд итгэхгүй байна. Өөрөө хүүхдүүдээ тоохгүй байж хүний гурван хүүхэдтэй хүүхэнтэй гэр бүлийн харьцаатай байдаг юм. Бага охин маань гарахаас өмнө эргээд амьдарна нийлнэ гэчихээд бас л худлаа ярьсан. Тэр хүүхнээсээ салаагүй. Одоо ч мөн хамт амьдарч байгаа ш дээ. Энэ талаар эдний төрлийн хөгшин надад хэлж байсан гэв.
Хариуцагч Б.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Б.Б миний бие Д.С-ийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэгч Д.С бид хоёр 2013 онд танилцаад улмаар үерхэж байгаад бидний дундаас том охин С.Одмаа 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр, бага охин С.О 2019 оны 10 дугаар сарын 10-нд тус тус төрсөн. Бид хоёр нэг гэр бүл болж тусдаа гараагүй, хоёр талдаа ирэн очин амьдардаг байдлаас болоод хоорондын үл ойлгоцлын улмаас би 2020 оны 6 дугаар сараас хойш эхнэр, хүүхдүүд дээрээ очоогүй Хатгалд өөрийнхээ гэрт амьдарч байгаа нь үнэн юм. Миний охидууд болох О, О нар миний төрсөн хүүхдүүд мөн бөгөөд би эхнэр, хүүхдүүдтэйгээ хамт амьдарч, үр хүүхдээ өнчрүүлмээргүй байна. Хэрвээ эхнэр маань цаашид надтай хамт амьдрахгүй, сална гэвэл хоёр охиндоо хүүхдийн тэтгэлэгийг нь төлөх болно гэжээ.
Нэхэмжлэгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 онд том охин төрсөн юм. Тэр үед манай ээж нас барсан юм. Би энэ хооронд ирэн очин л амьдарч байсан. 2019 онд бага охин маань төрсөн. Хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйл байхгүй. Би хүүхдүүдийнхээ эцэг нь мөн. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд өгсөн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.С нь хариуцагч Б.Б-д холбогдуулан эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Д.С, хариуцагч Б.Б нар нь гэрлэлтээ батлуулаагүй хэдий ч тэд эр эмийн харьцаатай байсан, тэдний дундаас охин С.О, С.О нар төрсөн болох нь зохигчдын шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбар,
Х аймгийн Б сумаас олгосон бүртгэлийн №ххххххххх дугаартай РГххххххххх регистрийн дугаартай, овогт С.О 2019 оны 10 дугаар сарын 10-нд Х аймгийн Б суманд төрснийг Х аймгийн Б сумын төрсний бүртгэлд 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр бүртгэж гэрчилгээ олгов. Эхийн РГхххххххх, овогт Д.С гэх Төрсний гэрчилгээний хуулбар баримт 1 хуудас / нотариатчаар гэрчлүүлсэн / зэргээр,
Охин С.О, С.О нар нь эрүүл өсөж бойжиж байгаа болох нь:
Х аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн дарга Г.Б, эх баригч эмч Э.Э нарын 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн овогт С.О нь Мөрөн төрөх тасагт 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр, 3.100 грамм жинтэй, 50 см өндөр, охин, одоо эрүүл бойжиж байна. гэх,
Х аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн дарга Г.Б, эх баригч эмч Э.Э нарын 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн овогт С.О нь Б сумын төрөх тасагт 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр, 3.400 грамм жинтэй, 51 см өндөр, охин, одоо эрүүл бойжиж байна. гэх эмнэлэгийн тодорхойлолт,
Х аймгийн Б сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч Э.Д-ийн 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн С.О нь тус цэцэрлэгийн ахлах бүлэгт бүртгэгдэн хамрагддаг нь үнэн болохыг тодорхойлов. зэргээр тус тус нотлогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т Энэ хуулийн 22-т зааснаас бусад тохиолдолд хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, төрөл, садангийн хүн, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага буюу 14 нас хүрсэн хүүхдийн хэн нэгний өргөдлийг үндэслэн эцэг, эхийг шүүх тогтооно гэж заасан байх тул Б.Б нь С.О, С.О нарын төрсөн эцгийг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх үүрэг үүснэ гэж,
Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг эхээс төрсөн болон ... хүүхдийг ялгаварлан гадуурхаж, эрх, ашиг сонирхлыг нь хохироохыг хориглоно гэж,
Мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус заажээ.
Иймд 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн Халиучин овогт Санчирмаагийн Одмаа /РГ16211209/, 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төрсөн Халиучин овогт С.О нарын төрсөн эцэг овогт Б.Б мөн болохыг тогтоож, эцэг Б.Б-с Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан хэмжээгээр сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлд нэхэмжлэгч Д.С-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 138.628 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-с нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 138.628 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.С-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т зааснаар 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн овогт С.О, 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төрсөн Халиучин овогт С.О нарын төрсөн эцэг овогт Б.Б мөн болохыг тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 40.1.1, 40.1.2-д зааснаар 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн овогт С.О, 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төрсөн овогт С.О нарыг 11-н настай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн тал хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр хүүхэд тус бүрт хариуцагч Шарнууд овогт Б.Б-оос сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Гэр бүлийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.С-ийн 138.628 / нэг зуун гучин найман мянга зургаан зуун хорин найм/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-с нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 138.628 / нэг зуун гучин найман мянга зургаан зуун хорин найм/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.С-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА