| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2020/00852/И |
| Дугаар | 01675 |
| Огноо | 2020-09-14 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 01675
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа би
Нэхэмжлэгч: Х аймгийн М сумын 8 дүгээр багийн 23-01 тоотод оршин суух, овогт Д.Б нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х аймгийн М сумын 10дүгээр багийн 24-03 тоотод оршин суух, овогт Н.П-т холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттайгаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Б нэхэмжлэгч Д.Б, хариуцагч Н.П нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д.Б Н.П-тай 2005 онд танилцан үерхэж байгаад 2006 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хууль ёсоор гэрлэлтээ бүртгүүлж билээ. Энэ үеэс хойш бид хамтран амьдарсан бөгөөд амьдралын явцад охин Д 2006 оны 12 дугаар сарын 03-нд, хүү Ж 2010 оны 02 дугаар сарын 19-ний өдөр, охин Н 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр тус тус төрсөн. Хамт амьдарсан сүүлийн жилүүдэд бид үзэл бодол, зан байдлын хувьд таарч тохирохгүй болж, үргэлж маргалдаж, хэрэлдэж улмаар ааш авир нь улам эвдэрч эрүүл, согтуу алинд нь ч намайг болон ээж, үр хүүхдүүдээ хэл амаар доромжлонг удаа дараалан цохиж зодон өөр хүнтэй явалдан гэр орны эд зүйлээ зарснаас болж бид хоёр цаашид амьдрах ямар ч боломжгүй болсон. Бид хамтран амьдарч байх хугацаандаа гэр орноо тохижуулахын эрхэнд 2-3 банкнаас лизингээр эд зүйл авсан байсан. Тэр бүгд Б миний нэр дээр байсныг би өөрийн болон 3 хүүхдийн мөнгө, дансаа хоослон төлж дуусгасан. Энэ хүн огтхон ч төлөөгүй байж гэрээсээ энэ бүх юмыг хулгайлан авч явсан, заримыг нь ломбарданд хүртэл тавьсан. Миний бие 3 хүүхэд болон ээжийгээ тэжээхийн эрхэнд хотод 500.000 төгрөгийн цалинтай ажил хийдэг. Гурван хүүхдийн идэж уух юм, бас хувцас гээд өдрөөс өдөрт хэрэглээ нь өндөрсөж байна. Бас хотод байрны түрээс гээд бараг юм үлдэхгүй, надад бүх зүйл хэцүү байна. Би 14 настай охин Д, хүү Ж 10 настай, бага охин Н 3 настай энэ гурван хүүхдээ өөрийн асрамжид авч, хуульд заасны дагуу энэ хүн хөдөлмөрийн чадвараа алдаагүй, эрүүл саруул, өөр хүнтэй сууж ажил хийж яваа болохоор би энэ хүнийг эцэг хүнийх нь үүргээр гурван хүүхэддээ 18 нас хүртэл нь тэтгэлэг гаргуулах авахыг хүсэж байгаа ба бидний хооронд эд хөрөнгийн ямар маргаан байхгүй болно.
Иймд 2006 оны ххххххх дугаартай гэрлэлтийн гэрчилгээ бүхий бидний гэрлэлтийг цуцлаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Бид 2005 онд танилцаад 2006 оны 10 сард гэр бүл болсон. 2006 онд том охин, 2010 онд дунд хүү, 2017 онд бага охиноо төрүүлсэн. Хамт амьдрах хугацаанд үргэлж хэрүүл маргаантай байсан. Нөхөр маань ажлаар явж ирээд хардаад байдаг. Би ажлынхантайгаа хааяа гадуур гарахаар ойлгодоггүй. Тэгээд л хэрүүл маргаан тасрахгүй байгаа болохоор гэрлэлтээ цуцлуулъя гэж шийдсэн. Тэгээд 2018 оноос хойш тусдаа амьдарч байна. Би Улаанбаатар хотод ажилладаг. Хүүхдүүдээ Мөрөнд ээжээрээ харуулдаг. Шүүхээс гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, хүүхдүүдээ өөрийн асрамжид авах хүсэлтэй. ... гэв.
Хариуцагч Н.П шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Н.П нь Д.Б-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:
1. Би Б-тэй 2006 онд албан ёсны гэр бүл болж бидний хамтын амьдрал эхлэсэн. Хамт амьдарсан он жилүүдэд бид хоёр охин нэг хүүтэй өнөр өтгөн сайхан гэр бүл болсон. Харин эхнэр маань сүүлийн жилүүдэд зан ааш нь эвдэрч, гадуур дотуур явах нь ихсэж, өөрчлөгдөх болсон. Оргил бөөний төвд худалдагч хийж нэлээдгүй өр төлбөрт орсон байх. Энэ байдлуудаас болж маргах асуудал байсан ба салах хэмжээнд очоогүй гэж бодож байна.
2. Би өрхийн тэргүүний хувьд хүүхдээ тэжээж, гэр орноо авч явсаар ирсэн. Нэхэмжлэлд бичсэн зүйл болоогүй гэж ойлгож байна. Мөн бидний амьдарсан он жилүүдэд бид хадам ээжтэйгээ хамт амьдардаг байсан ба би хааяа хааяа халуун ам бүлээрээ тавуулаа амьдрах юмсан гэж боддог байсан. Намайг ажлаа хийж яваад ирэхэд эхнэр гэртээ ирж хоноогүй бөгөөд маргааш өглөө нь эхнэр өөрөө залгаад би хотод байна, одоо очихгүй, өөрийгөө бодоод явлаа. гэж ярьсан. 2018 оны 11 дүгээр сарын сүүлээр байх, өдрийг нь санаж байна, ярьсан дугаар нь ХХХХХХХХ,
3. Бидэнд сул тал, дутагдал хэн алинд нь минь байгаа, гэхдээ салах хэмжээнд хүрээгүй байх, би салахыг зөвшөөрөхгүй. Нийгмийн ороо бусгаа үед гурван хүүхдээ өнчрүүлж, хүүхдүүддээ хүний царай харуулахгүй, гэр бүлтэйгээ элэг бүтэн амьдарч салахыг зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагч Н.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2005 онд танилцаад 2006 оны 10 сард гэр бүл болсон. Хамт амьдрах хугацаандаа 3 хүүхэдтэй болсон. Б байнга гадуур хонодог байсан. Ану, Оргил төвүүдэд ажилладаг байхдаа худлаа хэлээд ажлаа тарчхаад гадуур яваад гэртээ ирэхээ байсан. Би шөнөжингөө хайж байсан тохиолдол байдаг. Тэгээд маргааш нь ажил дээрээ ирчихсэн байдаг байсан. Улаанбаатар хотруу явхаасаа өмнө 10 хоног эмнэлэгт хэвтэхэд нь би асарсан. Надаас сална гээд шийдчихсэн байсан. Тэгээд эмнэлгээс гараад шууд явчихсан. Үүнээс хойш би ахындаа одоог хүртэл ажиллаж байна. Б-ийн талаар хүмүүс янз бүрийн л зүйл хэлдэг. Энд тэнд явж байсан гээд. Мөн сая худлаа ярьж байна. Би зоддоггүй. Байнга архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж дарамталдаггүй. Миний зүгээс гэрлэлтээ цуцлуулахгүй байх гэж хичээсэн. Одоо гэрлэлтээ цуцлуулахыг нь хүлээн зөвшөөрч байна. Харин хүүхдүүдээ өөрийнхөө асрамжид авмаар байна. ... гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон гэрлэгчдийн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Н.П-д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Н.П-д, хариуцагч Д.Б нар нь гэрлэлтээ батлуулсан болон тэдний дундаас охин П.Д, П.Ж, П.Н нар төрсөн болох нь;
РЛХХХХХХ, Монгол улсын иргэн, 1981 оны 02 дугаар сарын 20-нд төрсөн, овогт Н.П РЛХХХХХХ, Монгол улсын иргэн 1986 оны 11 дүгээр сарын 18-нд төрсөн, овогт Д.Б нар 2006 оны 02 дугаар сарын 20-нд гэр бүл болсныг 2006 оны 03 дугаар сарын 31-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн ХХ-р бүртгэж гэрчилгээ олгов. гэх бичилттэй №ХХХХХХ дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар баримт 1 хуудас / нотариатаар гэрчлүүлсэн/,
Х аймгийн Т суманд 2006 оны 12 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, овогт П.Д-гийн №ХХХХХХХ дугаартай төрсний гэрчилгээний хуулбар баримт 1 хуудас /нотариатаар гэрчлүүлсэн/,
Х аймгийн Т суманд 2010 оны 02 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, овогт П.Ж-ын №ХХХХХХХХХ дугаартай төрсний гэрчилгээний хуулбар баримт 1 хуудас / нотариатаар гэрчлүүлсэн/,
Х аймгийн Т суманд 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, овогт П.Н-ийн №ХХХХХХХХХ Дугаартай төрсний гэрчилгээний хуулбар баримт 1 хуудас /нотариатаар гэрчлүүлсэн/ зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Энэ хуулийн 13-т зааснаас бусад тохиолдолд гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний, эсхүл иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй гэж тооцогдсон эхнэр, нөхрийн асран хамгаалагчийн нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэ. ... гэж заасан байх тул нэхэмжлэгч Д.Б нь шаардах эрхтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т Гэрлэгчид эвлэрэх боломжгүй бол шүүхийн шийдвэрт заасан хугацаа дуусмагц шүүх гэрлэлтийг цуцална гэж заажээ.
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч Ж.Л-ын 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн ... эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа амжилтгүй болсон, эвлэрүүлэн зуучлалын хугацаа дууссан, цаашид сунгах боломжгүй байх тул ... ажиллагааг дуусгавар болгов. гэх албан бичиг хэрэгт авагдсан,
Нэхэмжлэгч Д.Б ... хариуцагч Н.П-ийн харилцаа, хандлагаас шалтгаалан гэр бүлийн таарамжгүй харилцаа үүсгэж зоддог. ... гэх тайлбарлаж байх боловч энэ талаар хэрэгт авагдсан нотлох баримт байхгүй ба Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн ХХХХ дугаартай шүүгчийн захирамжаар гэрлэгчдэд эвлэрэх 3 сарын хугацаа өгч эвлэрүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлсэн боловч гэрлэгчид нь энэ хугацаанд эвлэрэн хэлэлцэх талаар ямар нэгэн санал санаачлагагүй байсан зэрэг байдлыг үндэслэн гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д ... гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжинд үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно. ... гэж заасан байх ба хариуцагч Н.П нь би гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Харин хүүхдүүдээ өөрийн асрамжинд авмаар байна гэж маргасан байна.
Нэхэмжлэгч Д.Б одоогоор Улаанбаатар хотод ажил хийж байгаа, хүүхдүүд болох охин Д, хүү П.Ж, охин П.Н нар нь эмэг эхийн хамт амьдарч байгаа боловч хүүхдүүдийн хувьд одоо амьдарч байгаа орчинд ямар нэгэн хүчирхийлэлгүй, тэдний эмэг эх болон ээждээ ээнэгшин дассан, болон насны байдлыг харгалзан эх Д.Б-ийн асрамжинд үлдээж шийдвэрлэв.
Мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй. гэж, 38 дугаар зүйлийн 38.3-т Эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно. гэж тус тус заасан байх тул эцэг Н.П-аас хуульд заасан хэмжээгээр охин П.Д, хүү П.Ж, охин П.Н нарт сар бүр тэтгэлэг гаргуулах нь хуульд нийцнэ.
Хэрэгт охин П.Д, хүү П.Ж, охин П.Н нар нь эрүүл бойжиж байгаа талаар:
Х аймгийн М сумын Үерт багийн засаг дарга Б.Б-ийн 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 14/32 дугаартай Д.Б нь М сумын Үерт 8 дүгээр багийн 23-01 тоотод ам бүл 5, нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг нь үнэн болохыг тодорхойлов. гэх албан бичиг
Х аймгийн М сумын Далайн -Элбэрэлт өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч Ю.Ц-ийн 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн П.Д 14 настай, эмэгтэй, эрүүл бойжиж байгаа нь үнэн болохыг тодорхойлов. гэх,
Х аймгийн М сумын Далайн -Элбэрэлт өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч Ю.Ц-ийн 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн П.Ж 10 настай, эрэгтэй, эрүүл бойжиж байгаа нь үнэн болохыг тодорхойлов. гэх,
Х аймгийн М сумын Далайн -Элбэрэлт өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч Ю.Ц-ийн 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн П.Н 3 настай, эмэгтэй, эрүүл бойжиж байгаа нь үнэн болохыг тодорхойлов. Гэх тодорхойлолт зэрэг нотлох баримтууд авагдсан байна.
Гэрлэгчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөн дээр маргаангүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Д.Б нь Х аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газрын дарга Б.Э-ийн 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 385 дугаартай ... баталсан амьжиргааны түвшиний 409.679 босго онооноос доогуур багтсан байна. ... гэх албан бичгийн хавсарган улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлж өгнө үү. гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн ба шүүх нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдаж, хариуцагч Н.П-аас гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад төлбөл зохих улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад төлөх 122.930 төгрөгийг нийт 193.130 гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дах хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т зааснаар овогт Н.П, овогт Д.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2006 оны 12 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, овогт П.Д, овогт П.Ж, овогт П.Н нарыг эх овогт Д.Б -ийн асрамжинд үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 40.1.1, 40.1.2-д зааснаар овогт П.Н, овогт П.Ж нарт 11-н настай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн тал хувиар, овогт П.Д, овогт П.Ж, овогт П.Н нарт 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр эцэг овогт Н.П-аас хүүхэд бүрт сар тутам хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4.Гэрлэгчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурьдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хариуцагч Н.П-с улсын тэмдэгтийн хураамж 193.130 /нэг зуун ерэн гурван мянга нэг зуун гуч/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурав өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Т.Батхишиг-т даалгасугай.
8. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт зохигчид тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдсугай.
9. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуульд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг эцэг Н.П, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Д.Б нарт тус тус даалгасугай
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА