| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2020/01644/И |
| Дугаар | 01644 |
| Огноо | 2020-09-08 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 01644
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С.Б-ийн
Хариуцагч: З.Б-д холбогдох
Өвөлжөөний хашааны үлдэгдэл үнэ 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 155/2020/01435/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай, нэхэмжлэгч С.Б, хариуцагч З.Б нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2019 оны 4 дүгээр сард Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутагт байрлах, өөрийн эзэмшлийн малын өвөлжөөний хашаа, зуны байшин, пүнзийг 5.000.000 /таван сая/ төгрөгөөр худалдахаар З.Б-эй амаар тохиролцон, харилцан зөвшөөрч, 3.000.000 /гурван сая/ төгрөгийг бэлнээр авсан. Түүний хүргэн н.Ө-с нэг хөөрөг 500.000 төгрөгөөр тооцож авсан. З.Б хашааны үлдэгдэл 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг удахгүй өгнө гэсэн боловч мөнгө өгч чадахгүй, хашаагаа буцааж ав гэх болсон. Гэтэл манай өвөлжөөнд малаа маллан одоо болтол амьдарч байгаа бөгөөд хашааны нарлах, гэрийн хашаа, юм хураах хашаа, идэш хоол хийдэг пүнзийг буулгасан, эмх цэгцгүй болгосон байсан. Өвөлжөөг маань хуучин байсан янзаар нь засаж өгвөл наймаагаа буцаая гэсэн ч одоо болтол засаж янлаагүй. Тус өвөлжөөний хашаанд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ байхгүй, З.Б-эд газрын гэрчилгээгээ өгсөн, гэтэл малын бэлчээргүй гээд байна. Бэлчээрийн газар нь нийтийн эзэмшлийн хөрөнгө байдаг гэдгийг З.Ба-эд хэлмээр байна. Иймд өвөлжөөний үлдэгдэл үнэ 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж авна гэв.
Хариуцагч З.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би С.Б-аас 2019 онд Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутагт байрлах, малын өвөлжөөний хашаа, зуны байшин, жижиг пүнзийг 5.000.000 /таван сая/ төгрөгөөр худалдан авсан. Тэгээд 3.000.000 /гурван сая/ төгрөгийг бэлнээр өгч, манай хүргэн н.Ө-ас хөөрөг 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр үнэлэн авсан. Тус өвөлжөөний ойролцоо байгаа айлуудыг удахгүй нүүж явна гэж хэлсэн боловч, тэр айлууд малын бэлчээр хүрэлцэхгүй байна гэж манайхыг хөөх болсон. Энэ тухай С.Б-т хэлэхэд манай хашааг буцаагаад байсан байдлаар нь болгоод өг, тэгвэл хүн авах гээд байна гэсэн. С.Б-н өгсөн газрын гэрчилгээн дээрээс харахад надад зөвхөн 0.7 га газар зарж, малын бэлчээрийн газар зараагүй байна. Би хашаа, пүнзийг буулгаж, томруулан засаж янзласан. Түүнээс үрэгдүүлж алга болгоогүй. Би анх С.Б-с өвөлжөөний хашааг үнэтэй авсан тул 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг өгөхгүй. Харин надаас авсан 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгийг буцааж өгвөл өвөлжөөг нь өмнө байсан хэвээр болгон засаад буцааж өгч болно гэв.
Шүүх хуралдаанд зохигчийн тайлбар болон бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Б нь хариуцагч З.Б-эд холбогдуулан өвөлжөөний хашааны үлдэгдэл үнэ 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэргийн зохигч нь 2019 онд Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутагт байрлах, малын өвөлжөөний хашаа, зуны байшин, пүнзийг 5.000.000 /таван сая/ төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохирч, 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгийн төлбөрийг төлж, З.Б-й эзэмшилд шилжүүлсэн, үлдэгдэл төлбөр 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг төлөөгүй тухай үйл баримтууд болсон талаар маргадаггүй.
Харин хариуцагч З.Б нь тус өвөлжөөний хашааг үнэтэй авсан тул үлдэгдэл төлбөр 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг өгөхгүй гэж маргаж байна.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч С.Б-н шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагч З.Б-й хариу тайлбар, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээс дүгнэхэд малын өвөлжөөний хашаа, зуны байшин, пүнзийг 5.000.000 /таван сая/ төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохирч, 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгийн төлбөрийг төлж, З.Б-ий эзэмшилд шилжсэн, тэрээр тус өвөлжөөнд оршин сууж байгаа үйл баримтууд тогтоогдлоо.
Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.7-д Өвөлжөө, хаваржааны доорхи газрыг Монгол Улсын иргэн хот айлаар дундаа хамтран эзэмшиж болно гэж зааснаар өвөлжөө, хаваржааны хашааг үл хөдлөх эд хөрөнгө гэж үзэх боломжгүй юм.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу худалдах, худалдан авах гэрээ байгуулахын тулд талууд шилжүүлэх эд хөрөнгө болон үнийн талаарх гол нөхцлийг харилцан тохиролцсон байх ёстой. Мөн эд зүйлийн үнийг бүрэн төлсний эцэст худалдан авагчид шилжүүлэхээр харилцан тохиролцсноос бусад тохиолдолд худалдагч эд зүйлийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргийг хүлээнэ.
С.Б, З.Б нар гэрээний гол нөхцөл болох малын өвөлжөөний хашааны үнэ, төлөх хугацааны талаар харилцан тохирч, тус өвөлжөөг З.Б хүлээн авч, төлбөрөөс шилжүүлсэн байх тул тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдах-худалдан авах гэрээ амаар байгуулагджээ.
Хариуцагч З.Б шүүх хуралдаанд ...Тус өвөлжөөний ойролцоо байгаа айлуудыг удахгүй нүүж явна гэж хэлсэн боловч, тэр айлууд малын бэлчээр хүрэлцэхгүй байна гэж манайхыг хөөх болсон...анх С.Б-ас өвөлжөөний хашааг үнэтэй авсан тул 1.500.000 төгрөгийг өгөхгүй. Харин надаас авсан 3.500.000 төгрөгийг буцааж өгвөл өвөлжөөг нь өмнө байсан хэвээр болгон засаад буцааж өгнө гэх тайлбар гарган мэтгэлзэж байгаа ч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй болно.
Мөн З.Б тус малын өвөлжөөнд малаа маллан амьдрахад шаардлага хангахгүй гэж гэрээнээс татгалзаж байгаа бол Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1-д Дараахь тохиолдолд худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдана, 255.1.1-д Эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан гэж заасан үндэслэлээр шаардлага гаргах эрхээ алджээ. Өөрөөр хэлбэл З.Б хашаа жижигхэн, малын бэлчээр хүрэлцэхгүй гэдгийг мэдсэн боловч уг өвөлжөөнд одоо болтол оршин сууж байгаа тул худалдах, худалдан авах гэрээнээс татгалзах эрхгүй болсон байна.
Иймд хариуцагч З.Б-эс өвөлжөөний хашааны үлдэгдэл үнэ 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.Б-т олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 38.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч З.Б-эс өвөлжөөний хашааны үлдэгдэл үнэ 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.Б-гт олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.Б-ээс улсын тэмдэгтийн хураамж 38.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА