| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2020/01511/И |
| Дугаар | 01511 |
| Огноо | 2020-07-24 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 01511
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Галт сумын 3 дугаар багт оршин суух, Гэрүүд овогт Лаагансүрэнгийн Өлзийбат /АЯ88093004/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Галт сумын 3 дугаар багт оршин суух, Баргууд овогт Мягмарцэрэнгийн Эрдэнэбилэг /РД81010816/-д холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгон, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс 7.000.000 төгрөгний үнэ бүхий эд хөрөнгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 155/2020/01350/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай, нэхэмжлэгч Л.Өлзийбат, хариуцагч М.Эрдэнэбилэг, түүний өмгөөлөгч В.Энхболд нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Өлзийбат шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2004 онд М.Эрдэнэбилэгтэй танилцаж, Архангай аймгийн Тариат сумаас Хөвсгөл аймгийн Галт суманд ирж гэр бүл болон хамт амьдарсан. Үүнээс хойш 2007 оны 8 дугаар сарын 09-ний өдөр охин Э.Пүрэв-Өлзий, 2013 оны 01 дүгээр сарын 26-нд охин Э.Бямбахаш, 2014 оны 6 дугаар сарын 18-нд хүү Э.Лхагвадөш нар тус тус төрсөн. Хамт амьдарсан хугацаанд бид малаа маллаж байсан ба М.Эрдэнэбилэг нь архи ууж, ааш зан нь эвдэрч хөөж туух, хээр гадаа хонуулах, хэл амаар доромжлох, зодох нүдэх болсон. 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр ах дүү нарыхаа дэргэд үсдэж чирэн хашаа мөргүүлж, хөх няц болтол цохиж, ар талруу хутгалах гэж дайрах үед эрэгтэй дүү нь ирж салгасан. Цагдаад гомдол гаргасан бөгөөд М.Эрдэнэбилэг 9 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл хүлээсэн. Үүнээс хойш чи цагдаа шүүхдээ дахиад өг, ялыг нь эдлээд ирэх чадал байна гэж эрүүл согтуу дарамтлах болсон. Манайх Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багт шилжин амьдарсан боловч мөн архи ууж намайг зодсон. Энэ хүн цаашид засрахгүй гэдэг нь харагдаж байна, мөн хоёр охин маань байнгын айдастай байх болсон. Том охиноо зоддог, тархи толгойг нь гэмтээснээс болж унадаг болсон. Цаашид амьд явах баталгаа байхгүй, байнгын гэр бүлийн хүний хүчирхийлэл дарамтад амьдарч байгаа тул гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна. Хоорондоо ярилцаад эвлэрэх боломжгүй болсон. Би гурван хүүхдийн хамт Архангай аймагт амьдарч байгаа ба охин Э.Пүрэв-Өлзий, охин Э.Бямбахаш, хүү Э.Лхагвадөш нарыг өөрийн асрамжид авч хүүдийн тэтгэлэгийг хуульд зааснаар гаргуулна. Хамтран өмчлөх дундын хөрөнгийн тухайд 2018 онд тоолуулж байсан 236 тооны малыг М.Эрдэнэбилэгийн өмчинд тооцож үлдээнэ. 2019 онд манайх Архангай аймагт байсан тул малын тоо гараагүй. Харин Архангай аймагт байгаа 5 ханатай дан бүрээстэй шалгүй гэр 1-ийг 1.200.000 төгрөгөөр, хуучны ЗИЛ-131 маркын ачааны машиныг 5.000.000 төгрөгөөр, Мустанг200 маркын хуучин мотоциклийг 800.000 төгрөгөөр тус тус үнэлж нийт 7.000.000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг өөрт болон гурван хүүхдийн өмчинд тооцож гаргуулах хүсэлтэй байна. 2021 оны 01 дүгээр сарын 01-нээс эхэлж хүүхдийн тэтгэлгийг хуульд заасан хэмжээгээр гаргуулах саналтай байна. М.Эрдэнэбилэг нь өөрөө тэгж хүсэж байгаа учраас тийм хугацаагаар л хойшлуулахаас биш тэрнээс өөр хугацаа өгөх боломжгүй... гэв.
Хариуцагч М.Эрдэнэбилэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэр бүлээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Би гэр болон бусад эд хөрөнгөө эхнэр болон хүүхдүүддээ өгөхийг зөвшөөрч байна. Гэхдээ тодорхой хугацааны хүүхдийн тэтгэлэг төлөхийг хойшлуулж өгөөч гэж хүсч байна. Манай эхнэрт ч бас ааш авир байдаг.Намайг хардаад байдаг юм. Бид Галт суманд амьдарч байгаад эхнэрийн нутаг болох Архангай аймаг руу явсан. Эхнэр маань аав ээжийнхээ өмчинд өгсөн малаа өөрөө аваад явсан. Би өөрийнхөө үлдсэн цөөн мал байсныг хамаатныхаа хүний банкны өрөнд өгчихсөн. Одоо надад мал хөрөнгө гэх зүйл байхгүй. Би архи хэрэглэдэг байсан. Саяхан эмчилгээ хийлгэсэн. Одоо архи хэрэглэхгүй 2 сар гаран болж байна. Хүүхдүүдээ санаж байна. Гэр бүлтэйгээ бая гээд эвлэрэх гэтэл эхнэр маань Галт суманд амьдрахгүй гээд байгаа учраас салахаас өөр аргагүй байна. Хүүхдүүдээ ээжийн нь асрамжинд үлдээхийг зөвшөөрч байна...гэв.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Өлзийбат нь хариуцагч М.Эрдэнэбилэгт холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгон, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс 7.000.000 төгрөгний үнэ бүхий эд хөрөнгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Гэрлэгчид нь 2019 оны 5 дугаар сараас хойш гэр бүлээ үргэлжлүүлэх санаачлага гаргалгүй тусдаа амьдарч байгаа, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2019/ЗШ/331 дугаар шийтгэвэрээр ...Мягмарцэрэнгийн Эрдэнэбилэгийг Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон зөрчлийг үйлдсэнд тооцож 10 цагийн албадан сургалтад хамааруулж 9 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсан..., Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэхь эвлэрүүлэн зуучлах ажиллагаанаас татгалзсан зэрэг бодит шалтгаан нь гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байна.
Л.Өлзийбат, М.Эрдэнэбилэг нар 2007 оны 6 дугаар сарын 08-ны өдөр гэр бүл болж, 2007 оны 6 дугаар сарын 19-ний өдөр гэрлэсний бүртгэлийн 18 дугаарт бүртгүүлсэн нь Хөвсгөл аймгийн Галт сумын улсын бүртгэлийн ажилтны олгосон №0049535/18 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
Хамтран амьдрах хугацаанд 2007 оны 8 дугаар сарын 09-ний өдөр охин Э.Пүрэв-Өлзий, 2013 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр охин Э.Бямбахаш, 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүү Э.Лхагвадөш нар төрсөн болох нь №0013038/75, 6716000022, 6716000072 бүртгэлийн дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарууд, зохигчийн тайлбар зэрэг баримтуудаар тус тус тогтоогдлоо.
Хүүхдийн асрамжийн талаар гэрлэгчид харилцан тохиролцсон учир 2007 оны 8 дугаар сарын 09-ний өдөр төрсөн охин Э.Пүрэв-Өлзий, 2013 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн охин Э.Бямбахаш, 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү Э.Лхагвадөш нарыг эх Л.Өлзийбатын асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д Эцэг, эх дараахь үүрэг хүлээнэ, 26.2.2-д Хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх гэж зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх учир эцэг М.Эрдэнэбилэгээс сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна
Охин Э.Пүрэв-Өлзий, охин Э.Бямбахаш, хүү Э.Лхагвадөш нар эх Л.Өлзийбатын асрамжид үлдсэн нь эцэг М.Эрдэнэбилэгийн хувьд түүний эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд саад учруулахыг хориглодог болохыг дурьдлаа. Өөрөөр хэлбэл охин Э.Пүрэв-Өлзий, охин Э.Бямбахаш, хүү Э.Лхагвадөш нартай эцэг М.Эрдэнэбилэг хэдийд ч уулзаж дээрх хуулинд заасан үүргээ саадгүй биелүүлэх эрхтэй.
Түүнчлэн гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд зааснаар эцэг, эхийн эрх, үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарлах нь зүйтэй.
Хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар гэрлэгчид тохиролцож, эвлэрсэн тул 5 ханатай дан бүрээстэй шалгүй монгол гэр буюу 1.200.000 төгрөг, хуучны ЗИЛ-131 маркын ачааны машин буюу 5.000.000 төгрөг, Мустанг200 маркын хуучин мотоцикль буюу 800.000 төгрөг, нийт 7.000.000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг төгрөгийг М.Эрдэнэбилэгээс гаргуулж, нэхэмжлэгч Л.Өлзийбат, охин Э.Пүрэв-Өлзий, охин Э.Бямбахаш, хүү Э.Лхагвадөш нарт олгох үндэслэлтэй байна.
Иймд Л.Өлзийбат, М.Эрдэнэбилэг нарын гэрлэлтийг цуцалж, охин Э.Пүрэв-Өлзий, охин Э.Бямбахаш, хүү Э.Лхагвадөш нарыг эх Л.Өлзийбатын асрамжид үлдээн, хариуцагч М.Эрдэнэбилэгээс охин Э.Пүрэв-Өлзий, охин Э.Бямбахаш, хүү Э.Лхагвадөш нарт 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх, 5 ханатай дан бүрээстэй шалгүй монгол гэр буюу 1.200.000 төгрөг, хуучны ЗИЛ-131 маркын ачааны машин буюу 5.000.000 төгрөг, Мустанг200 маркын хуучин мотоцикль буюу 800.000 төгрөг, нийт 7.000.000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг М.Эрдэнэбилэгээс гаргуулж, нэхэмжлэгч Л.Өлзийбат, охин охин Э.Пүрэв-Өлзий, охин Э.Бямбахаш, хүү Э.Лхагвадөш нарт олгохоор шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2007 оны 8 дугаар сарын 09-ний өдөр төрсөн охин Э.Пүрэв-Өлзий 12 нас 11 сар, 2013 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн охин Э.Бямбахаш 07 нас 06 сар, 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү Э.Лхагвадөш 06 нас 01 сар тус тус хүрч байгаа тул Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ 2020 оны байдлаар 206.000 /хоёр зуун зургаан мянга/ төгрөгөөр тогтоогдсон байна.
Нэхэмжлэгч Л.Өлзийбат нь гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл тул түүнд төлөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, 7.000.000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамж 126.950 төгрөг, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлд төлөх улсын тэмдэгтийн хураамж 122.930 төгрөг, бүгд 320.080 төгрөгийг төлсөн бөгөөд хариуцагч М.Эрдэнэбилэгээс 320.080 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар Л.Ө, М.Э нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2007 оны 8 дугаар сарын 09-ний өдөр төрсөн охин Э.П, 2013 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн охин Э.Б, 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү Э.Л нарыг эх Л.Ө-ын асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 2007 оны 8 дугаар сарын 09-ний өдөр төрсөн охин Э.П-г 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2013 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн охин Э.Б-йг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү Э.Л-ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр олгох тэтгэлгийг тус тус сар бүр эцэг М.Э-ээс 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг эцэг М.Э, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Л.Ө нарт тус тус даалгасугай.
5. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2-д зааснаар хариуцагч М.Э-ээс 5 ханатай дан бүрээстэй шалгүй монгол гэр буюу 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөг, хуучны ЗИЛ-131 маркын ачааны машин буюу 5.000.000 /таван сая/ төгрөг, Мустанг200 маркын хуучин мотоцикль буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөг, нийт 7.000.000 /долоон сая/ төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг М.Э-ээс гаргуулж, нэхэмжлэгч Л.Ө, охин Э.П, охин Э.Б, хүү Э.Л нарт олгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Л.Ө-ас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 320.080 /гурван зуун хорин мянга ная/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Э-ээс 320.080 /гурван зуун хорин мянга ная/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Ө-д олгосугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Улсын бүртгэлийн байгууллагад, Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад тус тус хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Адъяасүрэнд даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА