Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 221/ШШ2026/0015

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн анхан шатны журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Мөнхтулга,

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн,

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Ц.Одмаа,

Нэхэмжлэгч: Өмгөөлөгч Н.А /ШТЭҮ 0584/

Хариуцагч: Монгол Улсын Засгийн газар,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Засгийн газрын Хэрэг Эрхлэх газрын Хууль, эрх зүйн газрын референт Б.Т, Сангийн яамны Татварын бодлогын газрын дарга Ч.Ч, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Уул уурхайн бодлогын газрын дарга Г.Н, Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Эрдэс баялгийн татварын хэлтсийн дарга С.М нар,

Нэхэмжлэлийн шаардлага: “Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн “Тогтоолын хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай” 55 дугаар тогтоолыг хууль бус байсан болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах”,

Шүүх хуралдааны оролцогчид: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, Г.Н, С.М, иргэдийн төлөөлөгч Ж.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ц нар оролцов.

Хэргийн индекс:  221/2026/0011/3.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгч, өмгөөлөгч Н.Аоос тус шүүхэд хандан Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан “Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 55 дугаар “Тогтоолын хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай” тогтоолыг хууль бус байсан болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” нэхэмжлэл гаргаж маргасан.

2.  Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн “Тогтоолын хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай” 55 дугаар тогтоолоор Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 465 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журам-ын 3 дугаар зүйлд “3.11.Ашигт малтмал экспортлогч аж ахуйн нэгж нь тухайн төрлийн экспортын бүтээгдэхүүний дөрөвний нэг, түүнээс дээш хувийг Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр арилжаалсан тохиолдолд нийт экспортод гаргасан тухайн төрлийн бүтээгдэхүүний ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээг “Биржийн болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр зарлах тухай” Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 81 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтад заасан Уул уурхайн бүтээгдэхүүний бирж (Монголын хөрөнгийн бирж)-ийн арилжааны үнээр тооцож, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулна. 3.12.Энэ журмын 3.11 дэх заалтыг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл дагаж мөрдөнө” гэсэн заалтыг нэмсэн.

3. Нэхэмжлэгчээс анх 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр тус шүүхэд хандан “Монгол Улсын Засгийн газрын 2025 оны “Тогтоолын хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай” 55 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 221/ШЗ2026/0002 дугаар захирамжаар

“... нэхэмжлэл гаргагч, өмгөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгон дурдсан улсын төсөвт төвлөрөх 50 орчим тэрбум төгрөгийн орлогыг тасалдуулж байгаа гэж үндэслэл нь мөн чанартаа аливаа этгээдийн эзэмшилд байхгүй, тэр тундаа төрийн мэдэлд бодитоор хуримтлагдаагүй мөнгөн хөрөнгийг хорогдуулсан гэх агуулгыг илэрхийлж байх тул Өмгөөллийн тухай хуульд тусгайлан заасан өмгөөлөгчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд, нийтийн өмчийг хамгаалах зорилгоор өөрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах эрх хэмжээнд хамаарахгүй” гэх үндэслэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан.

Өмгөөлөгч Н.Аоос захирамжийг эс зөвшөөрч гомдол гаргасны дагуу хянан хэлэлцээд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 221/ШТ2026/0029 дүгээр тогтоолоор хүчингүй болгон шийдвэрлэсэн.

Улмаар тус шүүхийн шүүгчийн 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 221/ШЗ2026/0282 дугаар захирамжаар нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулахаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоосны дагуу нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа “...Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 55 дугаар тогтоол хэрэгжиж байх үед нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процесс явагдаж байх үед үйлчлэл нь дуусгавар болсон тул “хууль бус байсан болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” хэмээн эцэслэн тодорхойлсныг шүүгчийн 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 221/ШЗ2026/0469 дүгээр захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн бөгөөд тус захирамжийг мөн тус шүүхийн 2026 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 221/ШТ2026/0206 дугаар тогтоолоор хүчингүй болгон шийдвэрлэсэн тул 2026 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 221/ШЗ2026/0578 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.

4. Нэхэмжлэгч өмгөөлөгч Н.Аоос тус шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

“... Өмгөөлөгч Н.А миний бие Өмгөөллийн тухай хуулийн 29.3-т "Өмгөөлөгч энэ хуульд заасан нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа явуулахад нийтийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор өөрийн нэрийн өмнөөс... шүүхэд гомдол, нэхэмжлэл гаргах эрхтэй." гэж заасны дагуу төсвийн орлого болох нийтийн өмчийг хамгаалах асуудлаар нэхэмжлэл гаргаж байна.

Нэг. Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 55 дугаар тогтоол нь хууль зөрчсөн бөгөөд төсвийн орлого /нийтийн өмч/-ыг 50 орчим тэрбум төгрөгөөр хохироосон байх үндэслэлтэй байна.

Хоёр. Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 55 дугаар тогтоол нь төсвийн орлого /нийтийн өмч/-ыг 50 орчим тэрбум төгрөгөөр бууруулсан гэх баримт нь төрийн захиргааны мэргэжлийн байгууллага болох Монгол Улсын Сангийн сайдын 2025 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 02/7772 албан тоот, Татварын ерөнхий газрын 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 01/2876 албан тоотоор тогтоогдож байна.

Гурав. Монгол Улсын Засгийн газрын 2025-08-20-ны өдрийн 55 дугаар тогтоол нь хуульд нийцэхгүй байгааг дараах үндэслэлээр дурдаж байна.

Монгол Улсын төсвийн орлого нь байгалийн баялаг, түүний ашиглалт, олборлолтоос ихээхэн хамааралтай билээ. Төрийн нийтийн өмч болох байгалийн баялгаас олох орлого нь Үндсэн хууль, Татварын ерөнхий хууль, Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу АМНАТ байдаг. Тодруулбал, Ашигт малтмалын тухай хуулийн 47.6 дахь хэсэгт "Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журмыг Засгийн газар батална.", Засгийн газрын 2019 оны 465 дугаар тогтоолын хавсралтаар "Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журам"-аар төрийн нийтийн өмч болох байгалийн баялгийн ашиглалтаас олох орлого /АМНАТ/-ыг нарийвчлан зохицуулдаг.

Засгийн газрын 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн "Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай" 55 дугаар тогтоолоор Засгийн газрын 2019 оны 465 дугаар тогтоолоор батлагдсан журамд дараах өөрчлөлт оруулахаар шийдвэрлэжээ. Тухайлбал, “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журам"-д 3.11, 3.12 гэсэн дараах хэсэг нэмжээ. Үүнд: "3.11. Ашигт малтмал экспортлогч аж ахуйн нэгж нь тухайн төрлийн экспортын бүтээгдэхүүний дөрөвний нэг, түүнээс дээш хувийг Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр арилжаалсан тохиолдолд нийт экспортод гаргасан тухайн төрлийн бүтээгдэхүүний ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээг Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн "Биржийн болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр зарлах тухай" 81 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтад заасан Уул уурхайн бүтээгдэхүүний бирж (Монголын хөрөнгийн бирж)-ийн арилжааны үнээр тооцож, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулна." "3.12. Энэ журмын 3.11 дэх заалтыг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл дагаж мөрдөнө."

Дээрх журамд оруулсан нэмэлт нь "нүүрс, төмөр, хайлуур жонш" экспортлогч аж ахуйн нэгж нь тухайн бүтээгдэхүүнийхээ тодорхой хувийг "Уул уурхайн бүтээгдэхүүний бирж”-ээр арилжаалсан тохиолдолд нийт экспортод гаргасан тухайн төрлийн бүтээгдэхүүний ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээг биржээр борлуулагдсан үнэлгээгээр тооцохоор өөрчилсөн байна.

Харин Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т "Энэ хуулийн 47.16-д заасан борлуулалтын үнэлгээг дараахь журмаар тооцно: 47.2.1-д “экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан" гэж заасан.

Гэтэл Засгийн газрын 55 дугаар тогтоол нь 2025-08-20-ны өдрөөс 2025-12-31-ний өдөр хүртэл хугацаанд Ашигт малтмалын тухай хуулийн 47.2, 47.16 дахь заалтыг мөрдөхгүй гэсэн агуулгаар гарсан нь тухайн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна. Тодруулбал, энэ хугацаанд экспортод гаргасан бүтээгдэхүүний үнийг тодорхойлохдоо хуульд зааснаар олон улсын зах зээлийн үнэлгээг баримтлахгүй гэж заасан нь Ашигт малтмалын тухай хуулийн 47.2, 47.16 дахь заалтыг тус тус зөрчсөн. Иймд нийтийн өмч болох ашигт малтмалын орлогоос улсын төсөвт орох 50 тэрбум төгрөгийн орлогыг хамгаалах асуудлаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

... Нэхэмжлэгч нь Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 55 дугаар тогтоол хэрэгжиж байх үед нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процесс явагдаж байх үед үйлчлэл нь дуусгавар болжээ. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагаа “Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 55 дугаар тогтоол хууль бус байсан болохыг тогтоож, хүчингүй болгох” гэх байдлаар тодруулж байна” гэжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “1/Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэгт "Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журмыг Засгийн газар батална" гэж, мөн зүйлийн 47.14 дэх хэсэгт "Экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох олон улсын жишиг үнэ тогтоодог биржийн, зах зээлийн үнийн эх сурвалжийн нэрийг тухайн бүтээгдэхүүний нэр төрлийг харгалзан Засгийн газар нийтэд зарлана" гэж тус тус заасан.

Эдгээр зохицуулалтын хүрээнд Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 465 дугаар тогтоолоор "Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журам"-ыг, Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 81 дүгээр тогтоолоор "Экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээ, үнэлгээний үндэслэл болгох олон улсын жишиг үнэ тогтоодог биржийн нэр" болон "Зарим экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээ, үнэлгээний үндэслэл болгох Монголбанкны болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр"-ийг тус тус батлан мөрдүүлж ирсэн.

Тухайлбал, нүүрсний хувьд БНХАУ-ын нүүрсний зах зээлийн үнийн мэдээллийн эх сурвалж (sxcoal.com), төмрийн хувьд (custeel.net), хайлуур жоншны хувьд (fastmarkets.com) зэргээр тухайн уул уурхайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн эх сурвалжийг Засгийн газраас тогтоож, нийтэд зарласан байдаг.

2/Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг баталж, 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс уг хуулийг хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэнтэй холбогдуулан Засгийн газрын 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 345 дугаар тогтоолоор Уул уурхайн бүтээгдэхүүний бирж (Монголын хөрөнгийн бирж)-ийн арилжааны үнийн мэдээллийг зарим экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээ, үнэлгээний үндэслэл болгох зах зээлийн үнийн эх сурвалж байхаар тогтоосон.

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд ашигт малтмал экспортлогч аж ахуйн нэгж нь тухайн төрлийн экспортын бүтээгдэхүүний дөрөвний нэг, түүнээс дээш хувийг Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр арилжаалсан тохиолдолд нийт экспортод гаргасан тухайн төрлийн бүтээгдэхүүний ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээг "Биржийн болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр зарлах тухай" Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 81 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтад заасан Уул уурхайн бүтээгдэхүүний бирж (Монголын хөрөнгийн бирж)-ийн арилжааны үнээр тооцохоор шийдвэрлэсэн.

Өөрөөр хэлбэл, хуулиар эрх олгогдсоны дагуу Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47,6 дахь хэсэгт заасныг үндэслэн Засгийн газрын 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 55 дугаар тогтоолоор дээрх агуулга бүхий нэмэлтийг "Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журам"-д оруулсан нь хууль зөрчөөгүй болно.

Тус тогтоол батлагдсанаар гадаадын зах зээлд борлуулсан бүтээгдэхүүнд ногдуулах ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг аж ахуйн нэгжийн гэрээний үнэд бус, борлуулалтын бодит үнэлгээнд үндэслэн тогтоох боломж бүрдэхийн зэрэгцээ биржийн арилжаа идэвхжиж, борлуулалтыг ил тод, нээлттэй, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид явуулах нөхцөл бүрдсэн.

3/Засгийн газрын 2025 оны 55 дугаар тогтоол батлагдахаас өмнө буюу 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаагаар нийт 7.5 сая тонн нүүрсийг 2.0 их наяд төгрөгөөр арилжаалж, худалдагч компаниуд арилжааны үеийн өсөлтөөс нийт 97.8 тэрбум төгрөгийн нэмэлт орлогыг олсон байна. Гэтэл өмнөх оны мөн үед нийт 16.6 сая тонн нүүрсийг 6.6 их наяд төгрөгөөр арилжаалж, худалдагч компаниуд арилжааны үеийн өсөлтөөс нийт 710.0 тэрбум төгрөгийн нэмэлт орлогыг олж байжээ.

Монголын хөрөнгийн биржээр 2025.01.01-2025.12.31-ний хооронд нийт 27.7 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүнийг 7.35 их наяд төгрөгөөр арилжаалсан. Үүнээс Засгийн газрын 2025 оны 55 дугаар тогтоол батлагдсан өдрөөс хойш 16.0 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүнийг 4.24 их наяд төгрөгөөр арилжаалсан нь энэ оны нийт биржийн гэрээний 55.7 хувийг, нийт биржээр арилжаалсан уул уурхайн бүтээгдэхүүний 57.6 хувийг, борлуулалтын орлогын 57.7 хувийг тус тус эзэлж байна.

Өөрөөр хэлбэл, Засгийн газрын 2025 оны 55 дугаар тогтоол гарснаар уул уурхайн бүтээгдэхүүний зах зээлийн бодит үнийн ил тод байдал сайжирч, гэрээт үнээс хамаарах эрсдэл буурч, орлогын татварын бааз суурь өргөжих нөхцөл бүрдсэн бөгөөд уг тогтоол нь хуульд нийцсэн, нийтийн ашиг сонирхолд чиглэсэн бодлогын шийдвэр тул хууль бус гэж дүгнэх үндэслэлгүй болно.

Иймд өмгөөлөгч Н.Аын тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

6. Иргэдийн төлөөлөгч Ж.Саруулаас шүүхэд гаргасан дүгнэлтдээ: “Улсын төсвийн хөрөнгө 39 тэрбум төгрөгөөр тасарч байгаа учир ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг багасгах нь буруу байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

  1. Шүүх, өмгөөлөгч Н.Аын тус шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хянан хэлэлцээд дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

  2. Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа эцэслэн тодорхойлж маргасан. Үүнд:

2.1. Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 55 дугаар тогтоол нь төсвийн орлого /нийтийн өмч/-ыг 50 орчим тэрбум төгрөгөөр бууруулсан гэх баримт нь төрийн захиргааны мэргэжлийн байгууллага болох Монгол Улсын Сангийн сайдын 2025 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 02/7772 албан тоот, Татварын ерөнхий газрын 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 01/2876 албан тоотоор тогтоогдож байна.

2.2. Засгийн газрын 2025 оны 55 дугаар тогтоол нь 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 47.16 дахь заалтыг мөрдөхгүй гэсэн агуулгаар гарсан нь тухайн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна. Тодруулбал, энэ хугацаанд экспортод гаргасан бүтээгдэхүүний үнийг тодорхойлохдоо хуульд зааснаар олон улсын зах зээлийн үнэлгээг баримтлахгүй гэж заасан нь Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 47.16 дахь заалтыг тус тус зөрчсөн гэх зэргээр тайлбарласан.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т “Хуулиар тусгайлан эрх олгогдсоноос бусад нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд нь хүрээлэн байгаа орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчийг хамгаалах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд уг этгээд дараахь шаардлагыг хангасан байна”, 52 дугаар зүйлийн 52.5.6-д “захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгох, хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн хувьд хүн, хуулийн этгээдийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй болон ямар хуультай зөрчилдсөн”, 106 дугаар зүйлийн 106.3.8-д “захиргааны хэм хэмжээний акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нь тогтоогдсон бол түүнийг хүчингүй болгох, эсхүл хүчин төгөлдөр бус болохыг тогтоох” хэмээн,

Өмгөөллийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д "Өмгөөлөгч үйлчлүүлэгчийг итгэмжлэл, хүсэлт, гэрээ, эсхүл нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хүрээнд томилолтын үндсэн дээр төлөөлнө", 29 дүгээр зүйлийн 29.1-д "Өмгөөлөгч нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлнэ", 29.3-т "Өмгөөлөгч энэ хуульд заасан нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа явуулахад нийтийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор өөрийн нэрийн өмнөөс төрийн байгууллага, шүүхэд гомдол, нэхэмжлэл гаргах эрхтэй" хэмээн тус тус заасан.

4. Хууль тогтоомжийн дээрх зохицуулалтын дагуу өмгөөлөгч Н.Аоос гаргасан энэхүү нэхэмжлэл нь Өмгөөллийн тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд өмгөөлөгч “нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа” явуулан гаргаж буй  объектив эрхийн нэхэмжлэл тул шүүхээс хэрэгжүүлэх хяналтын цар хүрээ субъектив эрхийн маргаанаас агуулга, зорилго, нэхэмжлэлд тавигдах шаардлага, нотлох баримт, түүнийг цуглуулах, үнэлэх болон шүүхээс гаргах шийдвэрийн хувьд  ялгаатай. Тодруулбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.6, 106 дугаар зүйлийн 106.3.8-д заасанчлан маргаан бүхий захиргааны хэм хэмжээний акт нийтийн ашиг сонирхол болон хуультай зөрчилдсөн эсэх хүрээнд хэрэгжин, хууль бус болох нь тогтоогдвол захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгох, эсхүл хүчин төгөлдөр бус болохыг тогтоох шийдвэрийн аль нэгийг гаргах боломжтой.

5. Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогчдын тайлбараар,  

5.1. Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн өдрийн “Тогтоолын хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай” 55 дугаар тогтоолоор Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 465 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журам”-ын 3 дугаар зүйлд:

“3.11.Ашигт малтмал экспортлогч аж ахуйн нэгж нь тухайн төрлийн экспортын бүтээгдэхүүний дөрөвний нэг, түүнээс дээш хувийг Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр арилжаалсан тохиолдолд нийт экспортод гаргасан тухайн төрлийн бүтээгдэхүүний ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээг “Биржийн болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр зарлах тухай” Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 81 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтад заасан Уул уурхайн бүтээгдэхүүний бирж (Монголын хөрөнгийн бирж)-ийн арилжааны үнээр тооцож, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулна. 3.12.Энэ журмын 3.11 дэх заалтыг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл дагаж мөрдөнө” гэсэн заалтыг нэмж баталсан.

5.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” хэмээн заасан бөгөөд маргаан бүхий Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн “Тогтоолын хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай” 55 дугаар тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2-т “Захиргааны хэм хэмжээний акт нь энэ хуулийн 67.1-д заасны дагуу нийтэлснээр хүчин төгөлдөр болно…”, 67.5-д “Улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн, хүчин төгөлдөр болсон захиргааны хэм хэмжээний актыг бүрэн эхээр нь эрх зүйн мэдээллийн нэгдсэн сан болон баталсан байгууллагын цахим хуудсанд байршуулна” хэмээн тус тус заасанчлан улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдэж, эрх зүйн мэдээллийн нэгдсэн системд байршсан.[1]                    

5.3. Татварын ерөнхий газрын 2026 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 02/1937 дугаар албан бичгээр,

маргаан бүхий Засгийн газрын тогтоол батлагдан, хэрэгжсэн хугацаанд “нийт гаргасан экспортын тоо хэмжээ нь тухайн төрлийн экспортын бүтээгдэхүүний дөрөвний нэг, түнээс дээш хувийг хангаж буй 5 татвар төлөгч” байгаа болох нь,  “уг 5 татвар төлөгчийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн ногдолд 2025 оны 8 дугаар сараас 12 дугаар сарын хугацаанд 3 татвар төлөгчийн ногдол нь 17.6 тэрбум төгрөгөөр буурсан, 2 татвар төлөгчийн ногдол нь 453.6 сая төгрөгөөр нэмэгдсэн” ч тогтоол хэрэгжсэнээр татварын орлого 9.6 тэрбум төгрөгөөр буурсан болох нь тус тус тогтоогдож байна.

6. Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д “захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгоно”, 60 дугаар зүйлийн 60.1-т “Захиргааны хэм хэмжээний акт дараах шаардлагыг хангасан байна: 60.1.1.Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон бусад хуульд нийцсэн, хуулиар тогтоосон хязгаарлалтаас гадуур хүний эрх, эрх чөлөөг хязгаарлаагүй, иргэн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулаагүй  байх; 60.1.2.тусгайлан эрх олгосон тухайн хуулийн агуулга, зорилго, хүрээнд нийцсэн байх; 60.1.3.тэмдэглэх хэсэгт үндэслэл болгож байгаа хуулийн заалтыг заасан байх; 60.1.4.шийдвэрийн заалт хоорондоо болон эрх бүхий бусад этгээдийн гаргасан шийдвэрийн заалттай зөрчилдөхгүй байх; 60.1.5.Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд хэрэглэсэн нэр томьёог үндсэн болон нийтээр хүлээн зөвшөөрсөн утгаар хэрэглэх; 60.1.6.хуулиар эрх олгосноос бусад тохиолдолд хуулиар хориглоогүй асуудлаар хориглосон зохицуулалт тогтоохгүй байх; 60.1.7.тухайн шийдвэрээр урьд нь гарсан шийдвэрийг хүчингүй болсонд тооцож байгаа, эсхүл түүнд өөрчлөлт оруулж байгаа бол энэ тухай заалтыг тусгасан байх; 60.1.8.бусад хуулийн заалтыг давхардуулан заалгүйгээр шаардлагатай тохиолдолд эшлэл хийгдсэн байх; 60.1.9.баталсан байгууллага, албан тушаалтны болон захиргааны хэм хэмжээний актын нэр, он, сар, өдөр, дугаарыг тодорхой заасан байх; 60.1.10.хуульд заасан бусад шаардлага”, 60.3-т “Захиргааны хэм хэмжээний актыг шинэчлэн батлах, эсхүл өөрчлөлт оруулах тохиолдолд тухайн захиргааны хэм хэмжээний актын дагуу эрх, үүрэг үүссэн этгээдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор шаардлагатай гэж үзвэл шилжилтийн үеийн зохицуулалтыг тусгаж болно”, 60.5-д “Захиргааны хэм хэмжээний актад өөрчлөлт оруулахдаа тухайн захиргааны хэм хэмжээний актын анхдагч эх бичвэрт оруулна”, 68 дугаар зүйлийн 68.1-т “Захиргааны хэм хэмжээний актад нэмэлт, өөрчлөлт оруулсан болон хүчингүй болсонд тооцсон тохиолдолд уг шийдвэрийг энэ хуулийн 65 дугаар зүйлд заасан журмын дагуу хянан улсын нэгдсэн бүртгэлд хөдөлгөөн хийж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтэлнэ” хэмээн захиргааны хэм хэмжээний акт, түүнд нэмэлт оруулахад тавигдах шаардлагыг зохицуулсан.

Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-д “Энэ хуулийн 47.16-д заасан борлуулалтын үнэлгээг дараахь журмаар тооцно: 47.2.1.экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан;  47.2.2.дотоодод борлуулсан буюу ашигласан бол тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний дотоодын зах зээлийн үнийг үндэслэн; 47.2.3.дотоод, гадаадын зах зээлд борлуулсан бүтээгдэхүүний зах зээлийн жишиг үнийг тодорхойлох боломжгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдүүлсэн борлуулалтын орлогыг үндэслэн” гэх 3 төрлөөр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тогтоохоор хуульчилсан.

7. Тухайн тохиолдолд, Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 465 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журам” нь хууль тогтоогчоос Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6-т “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журмыг Засгийн газар батална” хэмээн эрх шилжүүлсний үндсэн дээр батлагдсан, тус улс дахь бүх төрлийн ашигт малтмалын бүтээгдэхүүнд АМНАТ ногдуулах борлуулалтын үнэлгээг тооцох, төлбөр ногдуулах, төлөх, тайлагнахтай холбоотой харилцааг зохицуулж буй суурь захиргааны хэм хэмжээний акт.

Тус журмын 3 дугаар зүйлд “Уул уурхайн бүтээгдэхүүний бирж (Монголын хөрөнгийн бирж)-ийн арилжааг идэвхжүүлэх” зорилгоор маргаан бүхий Засгийн газрын 2025 оны 55 дугаар тогтоолоор 3.11 дэх заалтыг нэмж, 3.12 дахь заалтаар тухайн нэмсэн заалтыг тодорхой хугацаанд буюу 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд дагаж мөрдөхөөр тогтоосон нь агуулга болон эрх зүйн үр дагаврын хувьд дурдсан хугацаанд экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний үнийг тодорхойлоход Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дэх хэсэгт заасан олон улсын зах зээлийн үнэлгээг баримтлах заалтад нийцэхгүй. Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-т заасныг зөрчсөн. Тогтоолын улмаас татварын орлого 9.6 тэрбум төгрөгөөр бууруулсан сөрөг үр дагавар бий болсон болох нь тогтоогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

8. Гэвч нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа “Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 55 дугаар тогтоол хууль бус байсан болохыг тогтоож, хүчингүй болгуулах” хэмээн эцэслэн тодорхойлсон бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.6-д хууль тогтоогчоос захиргааны хэм хэмжээний актын хувьд захиргааны хэргийн шүүхэд гаргаж болох нэхэмжлэлийн шаардлагын төрлийг тухайлан тодорхойлж, шүүхээс гаргах боломжтой шийдвэрийн төрлийг 106 дугаар зүйлийн 106.3.8-д “хүчингүй болгох” эсхүл “хүчин төгөлдөр бус болохыг тогтоох” хэмээн тусгайлан зааж, 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” хэмээн хуульчилсан.

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар, маргаан бүхий захиргааны хэм хэмжээний акт болох Засгийн газрын 2025 оны 55 дугаар тогтоол нь “2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд” дагаж мөрдөгдөн эрх зүйн үйлчлэл нь дуусгавар болсон. Хариуцагчаас тухайн тогтоолыг үйлчлэлийг сунгасан болон агуулгаар нь дахин сэргээсэн тогтоолыг шинээр гаргаагүй болох нь тогтоогдож байх тул захиргааны актын адил “хууль бус байсан болохыг тогтоож” шийдвэрлэх хууль зүйн боломжгүй тул шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Ж.Саруулын нэхэмжлэлийн шаардлагыг хангах талаарх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзэв.

9. Иймд Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэгч өмгөөлөгч Н.Аын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2,  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.8-д заасныг тус тус үндэслэн өмгөөлөгч Н.Аоос Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан гаргасан Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 55 дугаар “Тогтоолын хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай” тогтоолыг хууль бус байсан болохыг тогтоолгож, хүчингүй болгуулахшаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Г.МӨНХТУЛГА

 

 

                                     ШҮҮГЧ                                         Н.ДОЛГОРСҮРЭН

 

 

                                     ШҮҮГЧ                                         Ц.ОДМАА