Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 183/ШШ2020/01800

 

  2020          06            29                                                183/ШШ2020/01800

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Чулуунчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Налайх ................... тоот хаягт оршин суух, Т овогт М.М /РД:000000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн ................ тоотод оршин суух, Х овогт Б.А /РД:000000000/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний гүйцэтгэлд 20,975,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Б шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Халиун нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “М овогтой М би Б овогтой А-тай 2017.01.09-нд зээлийн гэрээ байгуулж 13 000 000 төгрөг, 2017.01.10-нд 500 000 төгрөг тус тус зээлүүлсэн. Зээлийн төлбөрийг хүүгийн хамт 2017.01.18-ны дотор төлөх байсан боловч өдийг хүртэл төлж барагдуулаагүй байна. 2017.01.09-ний өдрийн зээлийн гэрээний хугацааг 9 хоног, зээлийн хүү нь 5 хувь, зээлийг эргүүлж төлөх хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор тус тус тохиролцсон. Гэвч өдийг хүртэл зээлийн үүргээ биелүүлээгүй тул зээл 13 500 000 төгрөг, хүү 650 000 төгрөг, алданги /13 000 000+650 000/ : 2=6 825 000 төгрөг, бүгд 20 975 000 төгрөгийг Б.А-аас гаргуулж өгнө үү. Энэхүү нэхэмжлэлийг шүүхээр шийдүүлэх гэж би хариуцагчийн хаяг тодорхойгүй шалтгаанаар эрхээ хамгаалуулж чадахгүй өдий хүрлээ. Үүнд би эхлээд, Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчийг эрэн сурвалжлах хүсэлт гаргасан ба хариуцагч Б.А нь Хан-Уул дүүргийн ........................... тоотод оршин суудаг талаар тайлбар гаргаж, мөн тус хорооны Засаг даргын тодорхойлолт баримтыг өгсөн учир шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Хариуцагч Б.А-ын дээр дурдсан хаягийн дагуу 2019.11.19-ны өдөр Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч оршин суух хаягтаа байхгүй байгаа талаар шүүгчийн туслах надад нэг ч удаа мэдэгдээгүй байж байгаад 2019.12.02-ны өдөр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон гэдгийг сүүлд мэдэгдсэн. Тус шүүгчийн захирамжид хариуцагч Б.А  нь Хан Уул дүүргийн .................... тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь Хан-Уул дүүргийн 0-р хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна гэж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Ингээд Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2019.12.17-ны өдөр хариуцагч Б.А-ыг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан боловч 2020.01.30-ны өдрийн 104/Ш32020/00182 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Учир нь, тус шүүхийн хариуцагчийг эрэн сурвалжлах шаардлагагүй тухай шийдвэр хүчин төгөлдөр тул хэргийг хэрэгсэхгүй болгосон. Мөн Б.А нь Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хуурамч нотлох баримт өгсөн байж болзошгүй хэргийг шалгуулахаар 2020.01.24-ний өдөр Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэст өргөдөл гаргахад, Б.А гэрчээр мэдүүлэг өгөхдөө “Хан-Уул дүүргийн ...............тоот хаягтаа 1 жил гаруйн өмнөөс одоог хүртэл эхнэр хүүхдийн хамтаар амьдарч байгаа, уг хаягт албан ёсоор бүртгэлтэй, одоо ч амьдарсаар байна. Хан-Уул дүүргийн шүүхээс огт ярьж байгаагүй, ямар нэгэн байдлаар дуудах албан бичиг өгөөгүй” гэсэн байна гэснээр 2020.02.03-ны өдөр хэрэг бүртгэлийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн. Ийнхүү миний зөрчигдсөн эрхээ хамгаалуулах Үндсэн хуулийн эрхийг төрийн байгууллага зөрчиж, шүүх үндэслэлгүй шийдсэн. Би шүүгчийн захирамжийн дагуу буцаасан улсын тэмдэгтийн хураамжийн мөнгийг аваад, дахин нэхэмжлэл гаргахыг хүлээсэн боловч өдийг хүртэл татварын албанаас мөнгийг буцаан олгоогүй, мөнгөний боломж муу, цаг үеийн хорио цээрийн дэглэмийн нөхцөл байдлын улмаас одоо Б.А-ын мэдүүлсэн оршин суух газрын шүүхэд дахин нэхэмжлэл гаргаж байна. Энэ бүхэнд иргэд татвар хураамж төлж, төрийн албан хаагчийн ажиллах нөхцөлийг бүрдүүлдэг гэдгийг анхаарч, цаашид шүүхээс хариуцагчид нэхэмжлэл гардуулах, оршин суугаа газартаа байгаа эсэх зэргийг цаг тухайд нь хэргийн оролцогчид мэдэгдэх үүргээ биелүүлж байхыг хүсэж, арга буюу нэхэмжлэлдээ дурдсан болно.” гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 01 сарын 09 ний өдөр 13 000 000 төгрөгийг , 2017 оны 01 сарын 10 ны өдөр 500 000 төгрөг  тус тус зээлдүүлсэн ба 2017 оны 01 сарын 18 ны дотор буцаан төлөх ёстой байсан. Иргэний хуулийн 281.1, 282.1, 236.4 т зааснаар 13 000 000 төгрөгийг хүү 650 000 төгрөг, алдангид 6825 000 төгрөг, нийт 20 975 000 төгрөгийг нэхэмжилж байгаа юм. 2017 оны 01 сарын 09 ны өдөр мөнгөө өгөөгүй 2017 оны 1 сарын 07 ны өдөр мөнгө өгсөн, гэхдээ 2017 оны 01 сарын 09 ны өдрийн зээлийн гэрээний дагуу хүү алдангитайгаа шаардаж байна “ гэв.

 

Хариуцагч Б.А нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “М.М-ы нэхэмжлэлтэй танилцлаа. Эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжилсэн этгээд нь намайг 2017.01.09-ны өдрийн зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй талаар дурддаг. Бидний хооронд 2017.01.09-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан хэдийд миний бие М.М-аас нэг ч төгрөг бэлнээр болон дансаар аваагүй болно. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Жич: Үүнтэй холбоотой нотлох баримт, гэрчүүд байгаа болно.” гэжээ

Хариуцагчийн төлөөлөгч  Ю.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 2017 оны 1 сарын 09 ний өдрийн Чингэлтэй дүүргийн 194 дугаартай нотариатч Б.О-ийн баталсан гэрээний дагуу алданги хүүтэй хамт нэхэмжилж байгаан байна гэж ойлголоо.2017.01.09 ний өдөр 13 сая төгрөг аваагүй, 2017.01.10 ны өдөр 500 000 төгрөг дансаар авсныгаа хүлээн зөвшөөрч байна. Манай төлөөлүүлэгч мэргэжлийн хяналтын газарт ажиллаж байсан, Дэлхийн тэрбумтан ХХК д тусгай зөвшөөрөл гаргуулах гээд гэрээг байгуулсан. Энэ гэрээ нь тэр баримт бичгийг гүйцээж өгөхгүй бол тийм мөнгө төлнө шүү л гэсэн гэрээ юм байгаан. Энэ гэрээ хүчин төгөлдөр бус гэрээ ба Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 282.4 т зааснаар мөнгө хүлээж аваагүй болохоор байгуулагдаагүй гэрээ юм. Яриад байгаа гэрээ нь 9 хоногийн хугацаатай 2019 оны 10 сарын 23 ны өдөр Налайх дүүргийн шүүхээр ороод хэрэг хэрэгсэхгүй болж байсан, бас 2020 оны 02 сарын 03 ны өдөр 22 дугаартай прокурорын тогтоол гарсан байдаг. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэлэхэд манайх тухайн өдөр 13 000 000 төгрөг аваагүй юм тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ” гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                            ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч М.М нь Б.Ад холбогдуулан 2017 оны 1 сарын 09 ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт 20 475 000 т төгрөг, 2017 оны 1 сарын 10ны  өдрийн зээлийн гэрээний үүрэгт 500 000 төгрөг, нийт 20975 000 төгрөгийг гаргуулах тухай шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Харин хариуцагч нь 2017.01.09-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан хэдий ч М.М-аас нэг ч төгрөг бэлнээр болон дансаар аваагүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, харин 500 000 төгрөгийг 2017 оны 1 сарын 10 ны өдөр дансаар авсан тул уг хэсгийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

           Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хавтаст хэргийн 4 дүгээр талд авагдсан 2017 оны 1 сарын 09 ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт 20 475 000  төгрөг шаардаж байх ба уг өдөр 13 000 000 төгрөгийг зээлдэгч Б.А-д хүлээлгэн өгөөгүй, харин 2017 оны 1 сарын 07 ны өдөр мөнгө хүлээлгэн өгсөн гээд бэлэн мөнгө хүлээлцсэн баримт гарган мэтгэлцдэг. Харин хариуцагч болоод төлөөлөгч нь  2017 оны 1 сарын 09 ний өдөр мөнгө хүлээн аваагүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэдэг тайлбар гарган мэтгэлцдэг.

 

             Шүүх хариуцагчийн дээрхи тайлбарыг үндэслэлтэй гэж үзээд 2017 оны 1 сарын 09 ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт 20 475 000 т төгрөг шаардаж буйг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 т “ Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан байх ба нэгэнт нэхэмжлэгч 2017 оны 1 сарын 09 ний өдрийн гэрээгээр мөнгө шилжүүлээгүй байх тул гэрээ байгуулагдаагүй гэж дүгнэхээр байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.4-т нэхэмжлэлийн бүрдүүлбэрт нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг нэхэмжлэгч нэхэмжлэлдээ тодорхой тусгасан байхыг шаарддаг нь шүүх хөндлөнгийн байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчимтай холбоотой бөгөөд нэхэмжлэгчийн хүсээгүй зүйлийг шүүх шийдвэрлэх эрх хэмжээ хуулиар байхгүй юм. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч 2017 оны 1 сарын 07 ны өдрийн бэлэн мөнгө хүлээлцэх баримтын дагуу бус 2017 оны 1 сарын 09 ний өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн ба нэмэлт үүрэг 20475 00 төгрөг  шаардаж буй тул шүүх зөвхөн энэ шаардлагын хүрээнд хэргийг  шийдвэрлэсэн болно. Тодруулбал М.М нь 13 000 000 төгрөгийг 2017 оны 1 сарын 09 ний өдөр шилжүүлснээ нотлоогүй тул үүнтэй холбоотой зээлийн гэрээний үүргийг Б.Ааас шаардах эрхгүй. Харин зохигчдийн хооронд үүссэн эрх зүйн өөр харилцааны маргаан байгаа бол түүнийг тусад нь гаргаж шийдвэрлүүлэх нь зүйтэй, энэ шийдвэр тухайн маргааныг шүүх шийдвэрлэхэд саад болохгүй юм.

 

              2017 оны 1 сарын 10 ний өдөр М.М нь /хх 5 хуудас/ 500 000 төгрөгийг Б.Ад шилжүүлсэн үйл баримтын талаар банкны төлбөрийн баримт байхаас гадна талууд маргадаггүй тул нэхэмжлэлийн энэ хэсгийг хангаж шийдвэрлэлээ. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 т “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил “ гэж заасан байх ба уг хугацааны дотор буюу  2019 оны 11 сарын 19 ний өдөр нэхэмжлэгч тус шүүхэд хандаж байсан ч хариуцагч хаягандаа оршин суудаггүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож байсан байна/ хх 10 хуудас/. Иймд Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.6 д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

          

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118  дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

   1. Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1  дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.А-аас 500 000 / таван зуун мянга/   төгрөгийг гаргуулж М.М-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх  20 475 000 төгрөгийг  хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 15,650 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262,825 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

  

ШҮҮГЧ                                         О.ЧУЛУУНЧИМЭГ