Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 183/ШШ2020/01799

 

2020          06            29                                                183/ШШ2020/01799

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

           Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Чулуунчимэг  даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг.................. тоот оршин суух, М овогтой Ч.А /РД:00000000/-ийн нэхэмжлэлтэй  

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, .................. тоотод байрлах Ж ХХК /РД:000000/-д холбогдох

 

2013 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 175/2-93 дугаартай гэрээг цуцалж, 236 876 830 төгрөгийг гаргуулах тухай Ч.Агийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.О шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Халиун нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Ч.А миний бие 2013 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүртэлх хугацаанд нийт 164.246.830 төгрөгийн дүнтэй стандарт шаардлага хангасан барилгын материал зээлээр өгч уг компанитай тооцоо нийлж акт хүлээлцсэн болно.

2013.07.31-ний өдөр “Ж” ХХК-тай Хан-уул дүүрэг, 11-р хороо, Зайсан-Соёмбот уулын хормойд “М” орон сууцны 2-р орц 00 тоотод 80.7мкв 3 өрөө нийт 145.260.000 төгрөгийн дүнтэй орон сууцыг 100% бараа солилцоогоор “Орон сууц захиалгаар бариулах гэрээ” байгуулж тохиролцсон. “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-ний 2.1-д зааснаар хариуцагч нь тус орон сууцыг 2013 оны 10 сард манайд хүлээлгэж өгөх, мөн гэрээний 5.1.4-д Захиалагчийн захиалсан орон сууцыг гэрээний хугацааны турш гуравдагч этгээдэд худалдахгүй, барьцаалахгүй байх үүрэгтэй бөгөөд барилга баригдаж дууссаны дараа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлийн ажиллагаанд тусалж, холбогдох бичиг баримтыг саадгүй гаргаж өгөх үүрэгтэй. Хариуцагч нь 2013 оноос өнөөг хүртэл орон сууцны бичиг баримтыг гаргаж өгөөгүй миний аж амьдралд эд хөрөнгөө барьцаанд тавьж зээл авах, зарж борлуулах зэрэг эрхэнд минь халдаж их хэмжээний хохирол учруулсаар байна. Гэрээний 8.2-д Захиалагч нь 4.3-т заасан төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй хоногт 0,1 хувийн алданги төлнө гэж заасан байх бөгөөд 8.3-д Гүйцэтгэгч нь энэ гэрээний 2.1-д заасан хугацаанд барилгыг барьж дуусаагүй тохиолдолд захиалагчид гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,1%-иар алданги төлнө гэсэн нь захиалагч тал хоног тутамд 0,1% гэж бичсэн нь гүйцэтгэгч тал нь манайд мөн хоног тутамд 0,1% алданги төлнө гэж ойлгож байна. Гэрээний стандарт байдалд нийцүүлэн талуудын эрх тэгш байдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү. Өнөөдрийг хүртэл тус байрны бичиг баримтыг миний нэр дээр гаргаж өгөөгүй, мөн нийлүүлсэн барааны зөрүү төлбөр болох 18.986.830 төгрөгийг төлж барагдуулаагүй юм. Хариуцагч 2013.10.30-ны өдрөөс 2017.12.25 өдөр хүртэл гэрээний дүнгийн хоног тутамд 0,1% алданги болох 145.260 төгрөгийг нийт 1517 хоногоор тооцож 220.359.420 төгрөгийн алданги төлөх ёстой. Хуулинд заасны дагуу нийт үнийн дүнгийн 50%-д алданги төлөх ёстой байдаг учир харицагч тал 72.630.000 төгрөгийн алданги төлөх ёстой юм.

Иймд “Ж” ХХК-тай байгуулсан 2013 оны 7 сарын 31-ны өдрийн гэрээг цуцлаад 236.876.830 төгрөг гаргуулж өгнө үү. ” гэв.

Нэхэмжлэгч Ч.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие “Ж” ХХК д холбогдуулан 236 876 880 төгрөг нэхэмжилсэн. Гэрээнээс татгалзаж буй тул алданги авахгүй учир нэхэмжлэлийн шаардлагаа багасган бартераар 145 260 000 төгрөгийн үнэ бүхий барилгын материал, илүү төлсөн 103 хуудас баримттай 22 813 300 төгрөг, нийт 168 073 330 төгрөгийг “Ж” ХХК д өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа 68 803 500 төгрөгөөр багасгаж 168 073 330 төгрөгийг нэхэмжилж байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагчийн төлөөлөгч өнөөдрийн шүүх хуралдааны товыг 2020.06.11 ний өдөр мэдсэн атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 т зааснаар эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Талуудын хооронд байгуулсан гэрээний 1.6 д “ Гүйцэтгэгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг тухайн орон сууцыг Улсын комиссоос орон сууцыг ашиглалтанд оруулахыг зөвшөөрсөн акт гарсны дараа гаргуулна “ гэж заасан байх ба манай үйлчлүүлэгч 2014 оны 8 сард байрандаа орсон, угаасаа гэрээ байгуулж байх үед л байрны дотоод заслаас бусад нь дууссан байсан юм байна лээ. Энэ байрны нийт үнэ 145 260 000 төгрөг бөгөөд 2014 оны 12 сарын 12 ны өдрийн тооцоо нийлсэн байдлаар хариуцагчид 157 917 830 төгрөг өгчихсөн байсан, үүн дээр 203 оны 8 сарын 23 болоод 9 сарын 11 ний өдрүүдэд нийлээд 1 775 000 төгрөг, 2014 оны 12 сарын 12,13, 6 сарын 28ны өдөр, 12 сарын 28 ний өдрүүдэд нийлээд 1315 500 төгрөг өгчихсөн байсан тул нийлээд 168 073 330 болж байна. Хариуцагч тал 2015 онд байранд манайхыг орсон гэх ба уг цаг мөчөөс хойш нэхэмжлэгч нь мөнгөө бүрэн төлөөд харин ч бүр илүү төлсөн байтал үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ ч гаргаж өгөхгүй 5 гаруй жил хохироож байгаа тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлд зааснаар гэрээнээс татгалзаад өгч авснаа буцаах нь нэхэмжлэгчийн эрх ашигт илүү нийцнэ. Анх барилгын материал нийлүүлэх гэж 90 гаруй сая төгрөг зээлсэн ч захиалсан орон сууцаа захиран зарцуулах боломжгүйн улмаас өрөнд баригдаад байна. Хариуцагч тал шүүхэд өгөхөөс өмнө өнөө  маргааш гэрчилгээ гарах гэж байна гэж хуурч явсаар өдийг хүрсэн , шүүхэд өгсөн хойно эвлэрнэ гэж худлаа яриад бас л нэхэмжлэгчийг цаг хугацаагаар хохироож яваа ч одоо хүртэл ямар ч үр дүн гараагүй л байна. Нэгэнт гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй байх тул цаашид биелэгдэхгүй нь тодорхой тул татгалзаад мөнгөө буцааж авах хүсэлтэй байна “ гэв

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гал-Очир нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Нэхэмжлэгч Ч.Агийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Нэхэмжлэгч Ч.А нь 2015 оноос өнөөдрийг хүртэл уг орон сууцанд амьдарч 5 жил орчим ашиглаж тухайн орон сууц нэхэмжлэгчийн эзэмшилд байгаа болно.

Манай байгууллагыг гэрээний үүргээ биелүүлээгүй гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь орон сууцны эзэмшил ашиглалтыг нэхэмжлэгч талд 2015 онд шилжүүлсэн ба түүнээс хойш өнөөдрийг хүртэл орон сууцандаа нэхэмжлэгч нь амьдарч байгаа юм. Тодорхой шалтгааны улмаас улсын бүртгэлийн гэрчилгээ гаргаагүйг гэрээний үүргээ огт биелүүлээгүй гэж үзэх боломжгүй гэж үзэж байна. Харин нэхэмжлэгч нь орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох байдлаар шүүхэд хандах нь түүний эд хөрөнгийн эрхийн хамгаалалт болох учиртай. Бидний зүгээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэлд дурдсан илүү бараа нийлүүлсэн гэх 18.986.830 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд арилжааны журмаар худалдан авсан байрны төлбөрөөс илүү бараа нийлүүлсний төлбөрт 6.080.000₮ -ийг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

           Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор , бүрэн шинжлэн судлаад

                                                                                            ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Ч.А нь анх шүүхэд 2013 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 175/2-93 дугаартай гэрээг цуцалж, 236 876 830 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж  2013 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 175/2-93 дугаартай гэрээнээс татгалзаж, 168 073 330төгрөгийг гаргуулахыг хүссэн байна. Харин хариуцагч нь тодорхой шалтгааны улмаас улсын бүртгэлийн гэрчилгээ гаргаагүйг гэрээний үүргээ огт биелүүлээгүй гэж үзэх боломжгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, илүү төлсөн 6.080.000₮ -ийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

           Нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзах болсон үндэслэлээ хариуцагчийг  талуудын хооронд байгуулсан гэрээний 1.6 д заасан үүргээ биелүүлээгүй, цаашид ч үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөхгүй нь тодорхой 5 жил гаруй хугацаанд хүлээсэн гэж тайлбарладаг. Шүүх уг тайлбарыг үндэслэлтэй гэж үзсэн ба хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбараас харахад уг орон сууц 2015 онд ашиглалтад орсон байсан үйл баримт тогтоогдож байна. Улмаар талуудын хооронд байгуулсан 2013 оны 7 сарын 31 ний өдрийн 175/2-93 дугаартай Орон сууц захиалгаар бариулах гэрээний 1.6 д “ Гүйцэтгэгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг тухайн орон сууцыг Улсын комиссоос орон сууцыг ашиглалтад оруулахыг зөвшөөрсөн акт гарсны дараа гаргуулна “ гэж заасан байдаг. Энэ үүргээ 2015 оноос хойш өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байгаа нь гүйцэтгэгч нь Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 т заасныг зөрчсөн байх тул захиалагч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 т зааснаар гэрээнээс татгалзах эрхтэй байна. Нэгэнт гэрээнээс нэг тал татгалзаж байгаа тохиолдолд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх зааснаар байрны төлбөрт төлсөн 145 260 000 төгрөгийг буцаан гаргуулахыг шаардах эрхтэй байна.

 

           Харин илүү төлсөн гэх 22 813 300 төгрөгөөс 736 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба хавтаст хэргийн 11-18 дугаар талд авагдсан талуудын тооцоо нийлсэн баримтаас харахад “Ж” ХХК д 2013 оны 8 сарын 23 ны өдөр 400 000 төгрөгийн, 2013 оны 9 сарын 11 ний өдөр 1375 000 төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүнийг / хх 65,66 хуудас/  , 2013 оны 12 сарын 28 ны өдрөөс 2014 оны 12 сарын 12 ны өдрийг хүртэлхи хугацаанд / хх 11 хуудас/  157 917 830 төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүнийг , мөн  2015 оны 1 сарын 06 ний өдөр 1 380 000 төгрөг, 2015 оны 01 сарын 07-ны өдөр 2 305 000  төгрөг , 2015 оны 01 сарын 09-ний өдөр 279 000 төгрөг, 2015 оны 01 сарын 11 ний өдөр 495 700 төгрөг, 2015 оны 01 сарын 14-ний өдөр 2 237 300 төгрөг , нийт 167 705 330 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг нийлүүлжээ. Улмаар 2015 оны 01 сарын 09-ний өдөр 368 000 төгрөгийн үнэ бүхий бараа буцаалтыг хийсэн байх тул 167 337 330 төгрөг болж байгаагаас байрны үндсэн үнэд төлсөн 145 260 000 төгрөгийг хасахад илүү 22 077 330 төгрөгийг төлсөн байна. Үүнийг хариуцагчаас Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т “ хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй “ гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчид гаргуулж шийдвэрлэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч нь шүүх хуралдааны товыг 2020 оны 06 сарын 11 ний өдөр мэдсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

   1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 208 дугаар зүйлийн 208.1, 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Ж” ХХК-иас гэрээнээс татгалзсантай холбогдуулан 167 337 330 / нэг зуун жаран долоон сая гурван зуун гучин долоон мянга гурван зуун гуч мянга/ төгрөгийг гаргуулж  Ч.А-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх   736 000 төгрөгийг  хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 994 636 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 412 534 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

                       

 

ШҮҮГЧ                                         О.ЧУЛУУНЧИМЭГ