Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1435

 

 

 

 

 

 

 

    2023         12           05                                    2023/ШЦТ/1435

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

нарийн бичгийн дарга:Б.Сарантуяа

улсын яллагч:Б.Энэрэл /томилолтоор/   

шүүгдэгч: Н нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Д.Н холбогдох эрүүгийн 2308000001935 тоот хэргийг 2023.11.28-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

           Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ****** аймгийн  ***** суманд **** оны **** сарын ****-ны өдөр төрсөн, ***** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хайгуулч мэргэжилтэй, Элгэн говийн ирээдүй ХХК-д захирал ажилтай, ам бүл-2, хүүхдийн хамт ****** аймгийн ***** сумын ***** оршин суух хаягтай, одоо  ******** хороо ******** тоотод оршин сууж байгаа гэх , урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, /РД********/ Б овогт Д Н нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүгдэгч Н нь 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 17 цагийн орчимд ****** дүүргийн ****** хорооны нутаг дэвсгэрт байрлах Баруун турууны зам дээр иргэн Ө.Э “машин шахлаа” гэх шалтгаанаар нүүр хэсэг рүү нь гараараа цохиж, зодсоны улмаас бие махбодод  нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд:

      - Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, гомдол /хх-1, 2/,

      - Хохирогч Ө.Э “...Би 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 13 цагийн үед нэгдүгээр төв эмнэлгээс эмчилгээгээ хийлгээд ******* дүүргийн 21 дүгээр хороо 61-н гарам орохоор өөрийн 7955 УНН гэх тоёота приус 20 маркийн саарал өнгийн тээврийн хэрэгслээр явж байтал 17 цагийн үед Баруун туруун уруудаад 61-н гармын наана замын нэг урсгалыг хаачихсан байсан. Тэгэхээр нь эсрэг урсгал руу зүүн дараад эргээд орох үедээ цагаан өнгийн амьжиргаа цагааныг шахчих шиг болсон. Тэгээд эсрэг урсгалаар явж байтал араас гүйцэж ирээд миний машины урд хөндлөн зогсоод машин дотроосоо ууж явсан ундааны саваа миний машины урд талын салхины шилэн дээр шидчихсэн. Тэгээд бууж ирээд миний машины хаалгыг онгойлгоод намайг заамдаад миний толгой руу 3 удаа гараараа цохиод, уруул хэсэг рүү 2-3 удаа гараараа цохиод, миний баруун гарын бугалга хэсгээс мушгиад буугаад ир гэхээр нь би "би яасан юм" гээд асуутал тэр залуу "чи муу намайг шахсан биз дээ" гэхээр нь "за тэгээд уучлаарай" гэтэл тэр залуу миний зүүн талын хацар луу нэг удаа гараараа цохичхоод яваад өгсөн. Би тухайн машины улсын дугаарыг нь дарж авсан. 5590 УНО гэх улсын дугаартай цагаан өнгийн амьжиргаа цагаан байсан” гэх мэдүүлэг /хх-7-11/,

       - Шүүхийн эмнэлгийн шинжээчийн 2023.10.19-ний өдрийн 13122 дугаартай “Ө.Э биед духны баруун хэсэг, зүүн хацар, дээд уруул, эрүүний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, доод зовхи, уруул, завжинд цус хуралт, баруун гарын чигчий хуруунд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүснэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй" гэх дүгнэлт /хх-16-17/,

- Яллагдагч Д.Н “Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би 1-р эгнээнд явж байх үед 2 дугаар эгнээнд саарал өнгийн приус-20 маркийн машин дохио өгөлгүй урд огцом дараад ороод ирсэн. Тухайн үед тус приус машины урд хүнд машин механизм явж байсан. Тэгээд би мөргөлдөхгүйн тулд огцом баруун гар ийшээ дарахад нэг дугуй шороон дээр, нэг дугуй асфальтан зам дээр тогтсон. Тус зам дээр хашлага байхгүй байсан тул би цаад жулга руу унах эрсдэлтэй байсан. Тухайн үед миний сэтгэл зүйд бухимдал үүсээд тээврийн хэрэгслээ бариад 1 км орчим явж байтал тухайн приус загварын тээврийн хэрэгсэл /урд нь ямар нэгэн саад байгаагүй/ дахиад миний машины урд огцом тоормослоод би араас нь мөргөх шахахад шууд хааз гишгээд зугтаагаад яваад өгсөн. Би үргэлжлүүлэн явж байгаад 361-р гармын ойролцоо очиход асфальтан замын нэг урсгалд засвар хийж байсан. Тухайн үед тус приус загварын машин таарахаар нь зогсоох гэж оролдоход зугтаагаад яваад өгсөн. Би араас нь ууж байсан ундааны савыг шидэхэд зогсоод жолооч талынх нь цонхыг онгойлгоод “яасан” гэж асуухаар нь би “та яаж яваад байгаа юм бэ? Намайг сая жалга руу унагаах дөхлөө шүү дээ” гэхэд надад “яаж явчихсан юм,  явдгаараа л явж байна шүү дээ” гэж хэлэхээр нь би “байж бай, цагдаа дуудна, эрхийг чинь хасуулна” гэхэд хааз гишгээд миний хөл дээгүүр дайрах шахам зогссон. Тухайн үед дахиад зугтах гэж оролдохоор нь би нүүр хэсэг рүү 1 удаа гараараа цохиод, 1 удаа гараараа алгадсан. Би цохисныхоо дараа “Чи байж бай. Цагдаа дуудаадахъя” гэхэд зугтаад явчихсан. Надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй” гэх мэдүүлэг /хх-27/ зэрэг баримтууд хамаарч байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч Д.Н  хувийн байдалтай холбоотой болон бусад баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Н нь 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 17 цагийн орчимд ******* дүүргийн ****** хорооны нутаг дэвсгэрт байрлах Баруун турууны зам дээр иргэн Ө.Э “машин шахлаа” гэх шалтгаанаар нүүр хэсэг рүү нь гараараа цохиж, зодсоны улмаас бие махбодод нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь хохирогчийн гомдол,  мэдүүлэг, шинжээчийн 13122  дугаартай дүгнэлт, мөн шүүгдэгч Д.Н гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг зэрэг баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Н нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчоос гарсан зардлыг сайн дураараа нөхөн төлж,  гомдолгүй болгосон ба өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд Д.Н хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ш.Н хууль бус санаатай үйлдлийн улмаас хохирогч Ө.Э эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ба хохирогч Ө.Э “ миний эмчилгээний зардлыг бүрэн барагдуулж өгсөн. Би толгойны зураг 150.000 төгрөгөөр авхуулсан төлбөрийг төлсөн. Миний сэтгэл санаанд ямар нэгэн гэм хор учраагүй. Би сэтгэцэд учирсан гэм хорын хохирлын шинжилгээ  хийлгэх шаардлагагүй. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн /хх-11/, мөн хохирогч прокурорт хандаж гаргасан хүсэлтдээ  “2023.10.13-ны өдөр Ш.Нармандах нь миний биед халдаж гэмтэл учруулсан. Иймд миний эмчилгээний төлбөрийг барагдуулсан тул  хялбаршуулсан замаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй” гэх хүсэлт гаргаж,  иргэний нэхэмжлэлээсээ татгалзсан байна. 

Иймд шүүх иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудал шийдвэрлэсэнгүй, хэлэлцэхгүй орхилоо. Өнөөдрийн байдлаар Н нь бусдад төлбөргүй байна.

Шүүгдэгч Н нь урьд 2 ял шийтгүүлсэн болох нь дараах  баримтаар тогтоогдож байна. Үүнд:

  1. Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8-р сарын 17-ны өдрийн 614 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,
  2. Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9-р сарын 25-ны өдрийн 727 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар 1.500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, 2020.08.10-ны өдөр биелүүлсэн болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар хувь, шийтгэх тогтоолын хуулбар хувь, /хх-30, 83-90/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

            Шүүгдэгч Н нь шүүхээс оногдуулсан ялыг биелүүлсэн, ялын тооцоогүй болсон байх тул түүний урьд 2 удаа ял шийтгүүлсэн байдлыг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсонгүй.

            Шүүгдэгч Н нь гэмт хэрэг үйлдэж бусдын эрүүл мэндэд учруулсан хохирлыг өөрийн санаачилгаар мөнгөөр нөхөн төлж барагдуулсан нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Шүүгдэгч Н нь хохирогч Ө.Э замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн хэмээн мэдүүлсэн нь баримтаар нотлогдохгүй байгааг дурьдах нь зүйтэй.  Түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Дээрх нөхцөл байдал болон хохирогч, яллагдагч нарын хэн аль нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлт гаргасан, прокурортой тохиролцсон ялыг биелүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг ойлгосноо шүүхэд илэрхийлсэн зэргийг харгалзан прокурортой “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөг торгох ял оногдуулж, торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” тохиролцоог хангаж, тухайн байдлаар ял оногдуулж шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгч Д.Н  үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар,  сэтгэл зүйн хувьд тогтворгүй, үл ялиг зүйлээр шалтаглан бусадтай хэрүүл маргаан үүсгэж, бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд халдсан гэмт үйлдлийг удаа дараа гаргасан зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан ялын зорилгыг /гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зэрэг/ хангахад шаардлагатай тул түүнд оногдуулсан торгох ялыг эдэлж байх хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг түүнд оногдуулсан торгох ял дээр нэмж хэрэглэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 8.5 дугаар зүйлийн 13 дахь заалт, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Д Н хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт Д Н 1000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000 /нэг сая/  төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Н оногдуулсан 1 сая төгрөгөөр торгох ялыг энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /таван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар Д.Н оногдуулсан торгох ял дээр нэмж,  энэхүү тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй. 

           5. Шүүгдэгч Н нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж битүүмжлүүлээгүй, хохирогч нь “эмчилгээний зардлыг бүрэн төлсөн тул гомдолгүй” гэсэн, иргэний нэхэмжлэлээсээ татгалзсан, хохирогчид 800.000 төгрөг хүлээлгэн өгсөн,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, бусдад төлбөргүй  болсныг тус тус дурдсугай.

          6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

       7. Дээрх дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Н урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      8.  Шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй, эсхүл шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн,  гэмт хэрэг шинээр үйлдсэн тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгох ялыг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож хорих ялаар солино гэдгийг Д.Н мэдэгдсүгэй.

 

 

                                       ДАРГАЛАГЧ                              С.СЭРЖМЯДАГ