Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
Хэргийн индекс | 184/2017/01766/И |
Дугаар | 1146 |
Огноо | 2018-05-16 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 1146
2018 оны 02 сарын 21 өдөр | Дугаар 21з0/МА2018/00515 |
П.Эийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч С.Энхтөр, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 184/ШШ2018/00597 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч П.Эийн нэхэмжлэлтэй
Хариуцагч С.П, Д.Б нарт холбогдох
зээлийн гэрээний үүрэгт 9 600 000 төгрөг гаргуулан, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э
Хариуцагч С.П, Д.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.
Нэхэмжлэгч П.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр С.Птай зээлийн гэрээ байгуулж 20 000 000 төгрөгийг зээлдүүлсэн. Тэрээр гэрээнд заагдсан хүүгээ төлж байгаад 11 сард үндсэн зээлээсээ 15 000 000 төгрөгийг төлж үлдсэн 5 000 000 төгрөгийг зээлийн гэрээнд заасан нөхцлөөр төлж дуустал хүү, алданги тооцохоор болсон. Үүний дараа зээл, хүү, алдангид 2 340 000 төгрөгийг 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр төлсөн. Тухайн үеийн тооцоогоор үндсэн зээл, хүү, алданги нийт 7 000 000 төгрөг болсон. Гэрээнд заасны дагуу төлөх төлбөр болох үндсэн зээл 4 000 000 төгрөг, хүү 2 400 000 төгрөг, алданги 3 200 000 төгрөг, нийт 9 600 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, барьцааны гэрээгээр төлбөрийг хангуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ч.Пагмажав шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь би П.Эээс бэлнээр мөнгө огт аваагүй. Иймээс бидний хооронд бодитоор зээлийн гэрээ хийгдээгүй. П.Э миний байрыг барьцаалж Д.Бт 20 000 000 төгрөг зээлсэн. Д.Б үүнийгээ хүлээн зөвшөөрдөг. Манай найз барилга барьж байхдаа дээврийн материал дутаад байна, би мөнгөтэй хүн олсон чи байраа тавиад өгөөч гэсэн. Би Д.Быг таньдаг найдвартай хүн тул зөвшөөрсөн. Энэ яриа болсныг П.Э гэдэг хүнтэй уулзахад байраа барьцаалахын тулд зээлийн гэрээ хийдэг юм гэж хэлээд надтай дээрх хуурамч зээлийн гэрээг хийсэн. Уг зээлийн гэрээг хийснээс хэд хоногийн дараа намайг байхгүйд Д.Б ирээд П.Эээс мөнгөө аваад явсан байсан. Иймд нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагч Д.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Би иргэн П.Эээс 2015 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 20 000 000 төгрөгийг бэлнээр зээлж авсан бөгөөд тэр өдөр зээлийн гэрээ байгуулсан. Ч.Пагмажав нь хөдөө ажлаар яваад утас нь холбогдохгүй байсан. Энэ мөнгийг би Эх тэргүүн ХХК-ийн барилгын санхүүжилтэд зарцуулсан болохоор иргэн Ч.Пагмажавт энэ мөнгө огт хамаагүй. Буцаан төлөлт хийхдээ П.Эийн дансанд 22 365 000 төгрөг, бэлнээр 750 000 төгрөг хийсэн, өөрт нь өгсөн. Иймээс одоо ямар ч тооцоогүй гэжээ.
Хариуцагч Ч.Пагмажав шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр зээлийн гэрээнд гарын үсэг зурсан хэдий ч 20 000 000 төгрөгийг надад олгоогүй, Д.Болбаатарт олгосон болох нь түүний мэдүүлэг, зээл төлж байсан байдлаар нотлогдоно. Мөнгийг надад олгосон гэх баримтгүй тул барьцаат зээлийн гэрээ нь хэрэгжээгүй буюу гэрээ байгуулагдаагүй. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл байх тул 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн барьцааны болон зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч П.Э сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: ХААН банкны хуулгаар Ч.Пагмажаваас зээлд 15 000 000 төгрөг төлсөн. Эндээс дүгнэхэд зээл авсан болж таарна. Орон сууцаа барьцаалаад зээлийн гэрээ байгуулаад гарын үсгээ зурсан. Хэрэв Ч.Пагмажав гэрээ байгуулаагүй бол Д.Бтай, Эх тэргүүн ХХК-тай гэрээ байгуулах бүрэн боломжтой. Зээл аваад цаашаа хэнд шилжүүлсэн нь чухал биш, энэ маргаанд хамаагүй. Сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч С.П, Д.Б нараас 690 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.Эт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8 910 000 төгрөгийг, зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дахь хэсэгт зааснаар хариуцагч нар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд ГД-000095099 улсын бүртгэлийн дугаартай, Y-2201005239 гэрчилгээний дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 1 хороолол, 5-10 тоот хаягт байрлах, 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг албадан худалдаж, дээрх барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгчийн 168 600 төгрөгийг, хариуцагчийн 328 150 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 21 110 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй.
Шүүхэд хянагдаж байсан хэрэг нь урьд нь илэрхий хариуцагчийн талд үйлчлэн
нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсан учир хариуцагч тал нэхэмжлэгчийг
оролцуулахгүйгээр шийдвэрлэх, ингэхдээ өмнө нь гаргуулж байсан шийдвэртэй төсөөтэй
шийдвэр гаргуулах сонирхолтой байсан. Шүүх дээрх ашиг сонирхлыг сайн мэдэж байсан учир нэхэмжлэлийг буцааж болох байсан ба энэ тохиолдолд шүүхийг буруутгах боломжгүй. Дахин тэмдэгтийн хураамж төлөөд нэхэмжлэлээ гаргах ба хариуцлага нь дахин төлж байгаа хураамж юм. Хариуцагч хүсэлт гаргасан гэх боловч хүсэлт бичгэн хэлбэрээр авагдаагүй, тэмдэглэл үнэн зөв гэдэгт эргэлзэж байна.
Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын тооцооллоо 2015 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр төлсөн 15 000 000 төгрөг төлснөөс хойшхи хугацаанд тооцоолол хийж нэхэмжилсэн. Өөрөөр хэлбэл 11 сарын өмнөх хүүний тооцоо нэхэмжлэлд огт хамааралгүй. Гэтэл шүүх хариуцагч талд ашигтай байдлаар бөөндсөн тооцоолол хийж нэхэмжлэлд огт хамааралгүй төлсөн хүүг оролцуулан нийт төлсөн мөнгө болгон алдаатай тооцоолол хийснийг зөвшөөрөхгүй. Шүүгчийн гаргасан тооцооллыг зөв гэж үзвэл өнөөдөр монголын банк, банк бус санхүүгийн байгууллагын хэдэн арван мянган нэхэмжлэлийг шийдсэн шүүхийн бүх шийдвэрүүдийг буруу тооцооллоор гаргасан болж таарна. Иймд бөөндсөн худал тооцоолол бүхий шийдвэрийг хүчингүй болгож дахин хянуулахаар буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
Нэхэмжлэгч П.Э нь хариуцагч С.П, Д.Б нараас зээлийн гэрээний үүрэгт 9 600 000 төгрөг шаардан, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэл гаргасан байна. Хариуцагч тал эс зөвшөөрч, хариуцагч С.П татгалзлын үндэслэлээ “... мөнгийг шилжүүлэн аваагүй ..., үүрэг гүйцэтгэгч этгээд биш” гэж тайлбарлан зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжилжээ. Хариуцагч Д.Бын хувьд мөнгийг бэлнээр хүлээж авсан гэдгээ хүлээн зөвшөөрч, “ ... үүрэг дуусгавар болсон ...” гэх үндэслэлээр маргаж байна. /хх-11, 92 дахь тал/
П.Э, Ч.Пагмажав нар 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр зээлийн гэрээ бичгээр үйлдэж, зээлдүүлэгч нь 20 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд зээлсэн мөнгөө хүүгийн хамт буцаан төлөх, уг үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцон төлөхөөр харилцан тохиролцон, үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Ч.Пагмажавын өмчлөлийн Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, ХД-86 дугаар байрны 51 тоотод байрлах 30 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг барьцаалж, барьцааны гэрээг улсын бүртгэлийн газарт бүртгүүлжээ. /хх-3-5 дахь тал/
Талууд гэрээ байгуулсан үйл баримтад маргаангүй, харин үүрэг дуусгавар болсон эсэх болон зээлийн хүү тооцох хугацааны талаар марган мэтгэлцэж, нэхэмжлэгч энэ үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын тайлбараас үзвэл, нэхэмжлэгч П.Э зээлийн гэрээний дагуу 20 000 000 төгрөгийг хариуцагч Д.Бт бэлнээр шилжүүлэн өгсөн, гэрээний үүргийг хариуцагч С.П нэхэмжлэгчид төлж байсан үйл баримт тогтоогдож байна. /хх-18-22, 41, 130-135 дахь тал/
Дээрхээс дүгнэвэл, П.Э, С.П нар хүсэл зоригоо илэрхийлэн, хуулийн хүрээнд гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлон гэрээг бичгээр үйлдэн гарын үсгээ зурж, улмаар зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч нь мөнгийг заасан этгээдэд шилжүүлэн өгч, мөн барьцааны гэрээг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан хэлбэрээр байгуулсан байх тул П.Э, С.П нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан зээлийн болон барьцааны гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ. Иймээс хариуцагч С.Пын гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Нэгэнт нэхэмжлэгч П.Э, хариуцагч С.П нарт харилцан гэрээний үүрэг үүссэн учир нэг тал нөгөөгөөсөө үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй. Шүүх, хариуцагч Д.Бын “нэхэмжлэгчээс мөнгийг хүлээн авсан, уг мөнгөн хөрөнгийг буцаан төлөх үүргийг хүлээн зөвшөөрсөн” тайлбарыг үндэслэн түүнийг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасан хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзсэнийг буруутгах боломжгүй. Харин хариуцагч нарыг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буруутайд тооцон, тэдгээрээс зээлийн өрийг гаргуулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчжээ.
Учир нь хэрэгт авагдсан нэхэмжлэгч П.Эийн ХААН банк дахь дансны хуулгаар хариуцагч Ч.Пагмажав нь 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 1 000 000, төгрөг, 10 дугаар сарын 16-ны өдөр 600 000 төгрөг, 11 дүгээр сарын 05-ны өдөр 1 000 000 төгрөг, 11 дүгээр сарын 29-ний өдөр 15 000 000 төгрөг, 12 дугаар сарын 03-ны өдөр 1 000 000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 675 000 төгрөг, 3 дугаар сарын 21-ний өдөр 2 340 000 төгрөг, хариуцагч Д.Б 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 250 000 төгрөг, зээлийн үүрэгт нийт 21 865 000 төгрөгийг төлсөн нь тогтоогдож байхад шүүх хариуцагч Д.Баас Ч.Пагмажавын данс руу шилжүүлсэн 675 000 төгрөгийг давхардуулан тооцсон байх тул давж заалдах шатны шүүхээс уг алдааг зөвтгөх нь зүйтэй байна. /хх-134, 138 дахь тал/
Нэхэмжлэгч тал хариуцагчтай амаар тохиролцон зээлийн гэрээний хугацааг сунгасан гэх үндэслэлээр зээлийг төлж дуусах хүртэлх хугацааны хүү шаардсан нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт заасан зохицуулалтад нийцэхгүй. Өөрөөр хэлбэл талууд зээлийн гэрээний хугацаа сунгах тохиролцоогоо бичгээр үйлдсэн тохиолдолд хүү авах эрх үүсэх учир энэ талаарх шүүхийн дүгнэлт зөв.
Хариуцагч тал зээлийн үүрэгт нийт 23 000 000 төгрөг төлөхөөс 21 865 000 төгрөгийг төлж, 1 135 000 төгрөгийн зээлийн өрийн үлдэгдэлтэй болох нь тогтоогдсон. Уг үүргээс гэрээний 4-т заасны дагуу 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс нэхэмжлэл гаргасан 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл 511 хоногийн гүйцэтгээгүй үүрэг болох 1 135 000 төгрөгөөс 0.5 хувиар алданги тооцвол 2 899 925 төгрөг болж байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт “...анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасан тул алдангийн хэмжээг гүйцэтгээгүй үүргийн 50 хувиар тооцон хязгаарлах нь зүйтэй. Иймд хариуцагч нараас үндсэн зээлийн үлдэгдэл 1 135 000 төгрөг, алданги 567 500 төгрөг нийт 1 702 500 төгрөгийг гаргуулах нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232.6 дахь хэсэгт заасантай нийцнэ.
Анхан шатны шүүх Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсгийн заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хариуцагчийг шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн нь зөв байна. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны товыг мэдэгдсэн баримт хэрэгт авагдсан байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч талын хүсэлтээр нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг зөрчсөн гэж үзэхгүй.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг зарим хэсгийг хангахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 184/ШШ2018/00597 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “690 000 /зургаан зуун ерэн мянга/” гэснийг “1 702 500” гэж, “8 910 000” гэснийг “7 897 500” гэж, 3 дахь заалтын “21 110” гэснийг “42 190” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68 600 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.НАРАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД С.ЭНХТӨР
Ч.ЦЭНД