Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 534

 

 

 

 

 

 

   2020             4              30                                       2020/ДШМ/534 

 

 

                                           Т.Ад холбогдох

                                             эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан,  даргалж, шүүгч Д.Мягмаржав, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                               

прокурор Н.Дуламсүрэн,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

 

Баязүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг  даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 394 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Н.Дуламсүрэнгийн бичсэн эсэргүүцлээр Т.Ад  холбогдох эрүүгийн 2006010580477 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Зээрд овогт Т.А, 1977 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 42 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, охины хамт Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эрдэнэ толгой 32 дугаар гудамжны 855 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, /РД:ЖЮ77091125/;

 

Т.А нь согтуурсан үедээ 2020 оны 02 дугаар сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо Эрдэнэтолгой 32 дугаар гудамжны 855 тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн М.Нямрагчаагийн дал хэсэгт заазуураар цохиж 13x0,1 см 8 ширхэг оёдол, 4x0,3 см зүсэгдсэн шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Шүүгдэгч Т.Агын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Зээрд овогт Т Аг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүугийн хуулийн тусгай ангнйн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т Аг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Т.Ад оногдуулсан 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж шийдвэрлэжээ.

 

Прокурор Н.Дуламсүрэн тус шүүхэд бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасан.

Т.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаснаар прокурор хүсэлтийг хүлээн авч, яллагдагчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай саналыг танилцуулж, яллагдагч саналыг зөвшөөрснөөр хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлээд шүүгдэгч Т.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, прокурорын санал болгосон ялаас дээгүүр ял оногдуулсан. Энэ нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж ял шийтгэл оногдуулсан. Иймд эсэргүүцэл бичсэн. Эсэргүүцлийн үндэслэлээ дэмжиж байна. ...” гэв.  

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Т.А нь 2020 оны 2 дугаар сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо Эрдэнэтолгой 32 дугаар гудамжны 855 тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн М.Нямрагчаагийн дал хэсэгт заазуураар цохиж 13x0,1 см 8 ширхэг оёдол, 4x0,3 см зүсэгдсэн шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн үйлдсэн болох нь:

хохирогч М.Нямрагчаагийн “...би 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 13 цагийн үед Эрхэмээгийн найз хүүхэн таны нуруу луу заазуураар цохьчихлоо ш дээ гэж хэлсэн тэгээд би цамцаа тайлаад толинд харсан чинь миний нуруун дээр ангайсан шарх байсан тэгээд Эрхэмээгийн найз хүүхэн Бямбаа түргэн дуудсан, тэгээд түргэний тэрэг удахгүй ирсэн 103-аар Цэргийн нэгдсэн эмнэлэг дээр очиж 7, 8 оёдол тавиулсан. Намайг Ууганбаярын эхнэр А заазуураар цохисон. ...” гэх мэдүүлэг./хх 14-15/,

 

гэрч Э.Цогтжаргалын “...Нямрагчаа ах манай гэрт ирэхдээ ах нь хүнд заазуурдуулаад оёдол тавиулчихаад ирлээ гээд орж ирсэн. Тэгэхээр нь би -та хаана, хэнд, ямар учраас заазуурдуулсан юм бэ гэж асуусан чинь Нямрагчаа ах - би Эрдэнэтолгойд Ууганбаяр гэдэг найзындаа архи ууж байсан чинь эхнэр нь намайг заазуурдчихлаа гэж хэлсэн. ...” /хх 23/,

 

яллагдагч Т.Агийн “...би гэрчийн мэдүүлэг өгөхдөө тухайн үед болсон зүйлсийг бүгдийг нь үнэн зөвөөр мэдүүлсэн байгаа. Шинжээчийн №2568 дугаартай дүгнэлт дээр бичигдсэн М.Нямрагчаагийн биед учирсан гэмтлүүдийг би учруулсан нь үнэн. Би хийсэн хэрэгтээ их гэмшиж байна. ...”/хх 36- 37/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Н.Туяагийн гаргасан 2568 дугаартай “...1.М.Нямрагчаагийн биед зүүн даланд хоёр ширхэг зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. З.Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. ...” /хх 25-26/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 3-7/,

М.Нямрагчаад үзүүлсэн 103-ын яаралтай тусламжийн хуудас. /хх 29- 30/,

эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх 10-11/,зэргээр нотлогджээ.

 

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасанд нийцсэн байна.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Т.Аг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн  хууль зөрчигдөөгүй байна.

 

Прокурор Н.Дуламсүрэн нь “...шүүх прокурорын санал болгосон ялаас дээгүүр ял оногдуулсан. Энэ нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж ял шийтгэл оногдуулсан....” гэсэн утга агуулга бүхий эсэргүүцэл гаргажээ.  

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Т.А, хохирогч М. Нямрагчаа нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор үндэслэлтэй гэж үзэж 2020 оны 3 сарын 3-нд “хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” тогтоол гаргаж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч 2020 оны 3 сарын 5-ны өдөр шүүх хуралдаан хийсэн бөгөөд уг хуралдаанд прокурор шүүгдэгч Т.Ад 450 нэгжтэй тэнцэх буюу                 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах санал оруулсан боловч шүүх  нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх”-ээр хуульчилжээ.

 

Прокурорын саналын хүрээнд гэдэг нь прокурорын гаргасан ялын саналаас хэтрүүлэхгүйгээр ялыг оногдуулна гэсэн ойлголт гэж дүгнэхээр байна.

 

Иймд прокурор Н.Дуламсүрэнгийн эсэргүүцлийг  хүлээн авч,  шүүгдэгчид прокурорын санал болгосон ялын хэмжээгээр торгох  ял оногдуулан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 394 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Ад 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.” гэснийг “ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т Аг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН

ШҮҮГЧ                                                            Д.МЯГМАРЖАВ

                        ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ