Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 128/ШШ2018/0112

 

2018 оны 02 сарын 23 өдөр

          Дугаар                              Улаанбаатар хот

128/ШШ2018/0112        

                                                          

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийж,

Нэхэмжлэгч:  Д.г нар,

Хариуцагч: Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар,

Гуравдагч этгээд: Ц.Гх

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын ******* оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 000******* 14******** дугаар барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б******* дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Ж*******, Д******* гудамж, 49 дүгээр байр /Модын 2, А******* зочид буудлын замын хойд талд/ нийт 51 өрх айл амьдардаг.

Нийслэлийн Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 416 дугаар захирамжаар Б******* дүүргийн 18 дугаар, 4 дүгээр хороолол, 49 дүгээр байрны урд талд байршилтай нэгж талбарын 18/******* дугаар бүхий 480 м.кв газрыг иргэн Ц.Гхт 5 жилийн хугацаатайгаар үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байдаг.

Ц.Гх нь тус газар дээр үйлчилгээтэй орон сууцны барилга барихаар Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас ******* оны 10 дугаар сарын 01-ний өдөр 482/******* дугаартай Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг авсан байдаг.

Тус зөвшөөрөл нь 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд хүчинтэйгээр олгогдсон ба дээр дурьдаж байгаа газар дээр 24.0*12.0 хэмжээтэй, зоорьтой, 4 давхар, ЦТБКаркас барих зөвшөөрөл байсан.

Ингээд Ц.Гх нь барилгын ажлыг эхлүүлэхэд нь 49 дүгээр байрны оршин суугчид эсэргүүцэж холбогдох байгууллагуудад гомдол гаргаснаар барилгын ажлыг эхлүүлж чадаагүй.

Ингээд газар эзэмших эрхийн хугацаа дуусгавар болоход Ц.Гхаас газар эзэмших эрхийг сунгуулахаар Нийслэлийн өмчийн харилцааны газарт хандсан байдаг.

Тус газраас хүсэлтийн дагуу Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас санал авахад НЕТГ-ын 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 08/1342 дугаартай албан бичгээр ашиглалтын бүсчлэлээр өндөр орон сууцны бүсэд багтсан, эзэмшил газраас хэтрүүлэн хашаа барьж газрыг зориулалтын дагуу ашиглаагүй тул газар эзэмших эрхийг сунгах боломжгүй гэсэн саналыг ирүүлж байсан байдаг.

Улмаар Ц.Гх нь Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж тус шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн 0231 дугаартай шийдвэрээр Ц.Гхийн газар эзэмших эрхийг сунгахыг Нийслэлийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн байдаг.

Үүний дараа ******* оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 49 дүгээр байрны урд талын газарт газар шорооны ажил эхэлж газар ухаж эхэлсэн. 49 дүгээр байрны оршин суугчдаас барилгын ажлыг эсэргүүцэж барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэхэд шаардагдах зөвшөөрлийг үзүүлэхийг шаардахаар очсон боловч барилгын хашааг онгойлгохгүй иргэдтэй харьцахгүй байсаар барилгын суурийг ухах ажлыг өнгөрсөн бямба, ням гаригуудад тасралтгүй үргэлжлүүлэн гүйцэтгэсээр 6 метр орчим гүнтэй барилгын суурь ухаж дуусгасан.

Иргэдийн зүгээс ******* оны 10 дугаар сарын 02-ны өдөр Нийслэлийн Ерөнхий Төлөвлөгөөний газарт очиж дээр дурьдсан ******* оны 10 дугаар сарын 01-ний өдөр 482/******* дугаартай Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл-ийн хүчинтэй хугацаа дууссан байгаа тул тус газраас зөвшөөрлийг сунгасан, эсвэл шинээр олгосон эсэх талаар тодруулахаар очиж Барилга, байгууламжийн хяналтын хэлтсийн барилгын хяналтын инженер Э.Д*******той уулзан шүүлгэж үзэхэд барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгогдоогүй болохыг нэгдсэн програмаас шүүж үзээд хэлсэн.

Ингээд ******* оны 10 дугаар сарын 02-ны өдөр Нийслэлийн иргэдийн санал хүсэлт хүлээн авах 1800-1200 дугаартай утсанд барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх тусгай зөвшөөрлийн хугацаа нь 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөр дуусгавар болсон байхад зөвшөөрөлгүй барилгын ажил явуулж байгаа тул үүнийг шалгаж зогсоолгох хүсэлтийг гаргасан.

Тус газраас өргөдлийг шалгаж үзээд ******* оны 10 дугаар сарын 16-ны өдөр дараах хариуг өгсөн.

Үүнд Нийслэлийн хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газрын ******* оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 000******* 14******** дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хавсаргасан байсан.

Тус газартай холбогдон бичгээр хариуг өгөхийг хүссэн боловч нэгэнт онлайнаар хариу өгсөн тул бичгээр өгөхгүй гэсэн хариуг өгсөн.

Иймд дараах үндэслэлээр Нийслэлийн хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газрын ******* оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 000******* 14******** дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байгаа болно. Үүнд:

1.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 5/14 дугаартай Журам батлах тухай тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих, газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам-ын дөрөвдүгээр бүлэгт барилга барих үйл ажиллагаанд иргэн, хуулийн этгээдийн оролцоог хангах саналыг тусгах зохицуулалт орсон.

Журмын 4.2.1-д орон сууцны дундах барилгажаагүй талбайд барилга байгууламж барихад иргэн хуулийн этгээдийн саналыг авч болохоор заасан.

Мөн журмын 4.3.1.1-д 2-4 давхар барилгад 15 м зайд байрлах үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгчөөс тэдгээрийн саналыг авах, 4.11-д санал өгвөл зохих иргэдийн 70 хувийн саналыг хүчинтэйд тооцох, 4.4-д баригдах барилгын талаар мэдээллийг олон нийтэд мэдээлэх самбарыг барилгажих талбайд тод харагдахуйцаар 7-оос доошгүй хоног байрлуулж түүнд иргэдээс санал авах, хугацаа, зөвлөлийн хурлын тов, хаяг, холбоо барих дугаарыг тусгана гэж тус тус заасан.

Гэвч тус барилгын хашааны гадна 2 давхар барилгын зураг бүхий самбарыг тавьж уг самбарт иргэдээс санал, авах, хугацаа, зөвлөлийн хурлын тов, хаяг, холбоо барих дугаарыг тусгаагүй. Барихаар төлөвлөж буй барилга нь зоорийн давхар бүхий 4 давхар барилга болох нь барилгын зөвшөөрлөөс тодорхой байхад 2 давхар барилгын зураг тавьж үүгээр оршин суугчид, иргэдийг төөрөгдүүлэхийг зорьж байгааг тэмдэглэх нь зүйтэй ба өнөөдрийн байдлаар уг самбарыг авч хаясан байгаа болно. Энэ нь тухайн талбайд ямар хэмжээтэй, хэдэн давхар, юу баригдах талаар мэдээллийг иргэд биднээс нуун дарагдуулж бидний мэдээллийг чөлөөтэй олж авах эрх болон төрийн байгууллагын нээлттэй ил тод байх үүргийг зөрчиж байна.

2-рт 49 дүгээр байрны оршин суугчдаас уг барилгыг бариулахыг зөвшөөрч байгаа эсэх санал асуулгыг ******* оны 08 дугаар сарын 25-ны өдөр явуулсан бөгөөд энэхүү санал асуулгаар 50 айлаас 36 айл нь барилгын ажлыг зөвшөөрөхгүй, эсэргүүцэж байгаа талаар санал өгсөн.

Хариуцагч Нийслэлийн хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газар нь ******* оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 000******* 14******** дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг олгохдоо дээрх журмын дагуу санал авбал зохих этгээдүүдээс саналыг авалгүй, санал авах ажиллагааг зохион байгуулахгүйгээр зөвшөөрлийг олгосон нь илт хууль бус гэж үзэж байна.

Урьд нь Өмчийн харилцааны газарт 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 08/1342 дугаартай албан бичгээр ашиглалтын бүсчлэлээр өндөр орон сууцны бүсэд багтсан, эзэмшил газраас хэтрүүлэн хашаа барьж газрыг зориулалтын дагуу ашиглаагүй тул газар эзэмших эрхийг сунгах боломжгүй гэсэн саналыг хүргүүлж байсан хэрнээ орчны барилгууд хэвээр байсаар байхад дараа нь барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрлийг олгож байгаа нь иргэн Ц.Гхийн талд илтэд үйлчилж олон иргэдийн эрх ашгийг уландаа гишгэж байна гэж үзэх үндэслэлтэй байна.

3.Монгол Улсын Үндсэн Хуульд зааснаар иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй. Гэвч 49 дүгээр байрны урьд талбайд байшинд тулгах шахам барилга барьж байгаа нь үндсэн хуулиар олгогдсон эрхийг зөрчиж байна.

4.Барилгыг 49 дүгээр байртай хэт ойрхон барьж байгаа нь бидний амьдрах орчны чанарыг алдагдуулж, дөрвөн улирлын тухшид нарны гэрэл үзэхгүй, /тус байр нь хуучны угсармал байр бөгөөд дулаан алдалт ихтэй хүйтэн байр байдаг/ байнга даарч бага насны хүүхдүүд цус багадалт, рахит сульдаагаар өвчлөх, суурь өвчтэй, өвчлөмтгий хүүхдүүд бий болох, улмаар эрэгтэй хүүхэд цэрэг татлагын насанд хүрэхэд өсөлт, багатай, бие бялдарын хөгжил султай байх, эмэгтэй хүүхэд ясны гаж хөгжилтэй болж уйтан аарцагтай, хүүхэд төрүүлж чадахгүй болох гэх мэт мөн өндөр настай хүмүүсийн зүрх судасны системийн үйл ажиллагаа алдагдаж улмаар ясны сийрэгжилт эрс нэмэгдэх, энэ эрсдэлд өртөх, архаг хууч өвчин нь байнга сэдрэх сөрөг нөхцөлүүдийг бүрдүүлэхээр баригдаж байгаа нь дараах хуулиуд болон бидний тэвчиж үл болох үндсэн эрхийг ноцтойгоор зөрчиж эхлээд байна.

Үүнд: Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д заасан хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдалд харшлах, байгаль орчны тэнцвэрт байдлыг алдагдуулах аливаа үйл ажиллагаа явуулахгүй байх, 51 дүгээр зүйлийн 51.2-т иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байшаль орчны тэнцвэрт байдал, хүн амын эрүүл мэнд... сөрөг нөлөө үзүүлж болзошгүй барилга байгууламж барих...ажлыг мэргэжлийн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр гүйцэтгэнэ, 14 дүгээр зүйлийн 14.1-т Орон сууц, олон нийтийн бүсэд эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх үндсэн шаардлагыг хангаж, байгалийн гэрэлтүүлшийн холбогдох норм ба дүрэм, журамд заасны дагуу төлөвлөгдсөн орон сууц ..., барилга байгууламж төлөвлөх бөгөөд амьдрах аюулгүй байдлыг хангахад сөрөг нөлөө үзүүлж болохуйц бусад барилга байгууламж төлөвлөхийг хориглоно гэсэн заалт, Барилгын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4-т зэргэлдээ барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөл байдлыг алдагдуулаагүй байх гэсэн заалтуудыг зөрчсөн.

5.Мөн Хот байгуулалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т Хот байгуулалтын үйл ажиллагаанд оролцогч этгээдийн эрх ашгийг тэгш хангах, 19 дүгээр зүйлийн 19.3-т Хот, тосгоны эдэлбэр газарт барилга байгууламж барих, ашиглах газар доорхи болон дээрхи орон зайг ашиглах эрх зүйн горим дэглэмийг хот байгуулалтын норм ба дүрэм, журмаар тодорхойлно, 24 дүгээр зүйлийн 24.1.3-т олгосон газарт зориулалтын бус барилга байгууламж барих, хүн амын амьдрах орчны чанарт сөрөг нөлөө бүхий үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэсэн заалтууд тус тус зөрчигдөж байна.

Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т Барилга гэрээг Иргэний хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасан нөхцөл, шаардлагад нийцүүлэн байгуулна, Иргэний хуулийн 102 дугаар зүйлийн 102.2-т Газар өмчлөгч эрхээ хэрэгжүүлэхдээ хүрээлэн байгаа орчинд хохирол учруулж, бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж болохгүй гэсэн заалтуудыг мөн зөрчиж байгаа нь оршин суугч бидний Үндсэн хуулиар олгогдсон эрхийг зөрчин бидний эрх ашгийг хохироосоор байна.

Уг үйлдэл нь төрийн байгууллага чиг үүргээ зөрчин, ил тод байх үүргээ умартан иргэн Ц.Гхийн эрх ашигт дангаар үйлчилж иргэдийг мал адгууснаас долоон дор үзэж байгаа болохыг баталж байна. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарын дарга бөгөөд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

Нийслэлийн Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 416 дугаартай Газар эзэмшүүлж ашиглуулах тухай захирамжаар иргэн Ц.Гхт Б******* дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны 49 дүгээр байрны урд талд байршуулан 0.0480 га газрыг олгосон.

Иргэн Ц.Гх нь өөрийн эзэмшил газарт барилга барих хүсэлтээ ******* оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ирүүлсэн. Хүсэлтийг судлан, хурлаар хэлэлцэн дэмжигдсэнээр 24.0 х12.0 хэмжээтэй 4 давхар үйлчилгээтэй амины орон сууцны барилга барих ******* оны 03 дугаар сарын 06-ны өдрийн БГД/128 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар гарч, даалгаврын дагуу эскиз зургаа Чулуутын багш ХХК-аар гүйцэтгүүлэн ирүүлж батлуулсан байна.

Иргэн Ц.Гх нь манай байгууллагад Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авах хүсэлтээ Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2, 28.3, 28.4-т тус тус заасан баримт бичгийн бүрдлийг бүрдүүлэн ирүүлсэн. Баримт бичгийг хянан үзээд ******* оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 14******** дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ-г олгосон болно.

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлдээ:

1. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 5/14 дугаартай журам батлагдсан. Журмын 4.2.1-д орон сууцны дундах барилгажаагүй талбайд барилга байгууламж барихад иргэн, хуулийн этгээдийн саналыг авч болохоор заасан. Мөн журмын 4.3.1.1-д 2-4 давхар барилгад 15 метр зайд байхлах үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгчөөс санал авах, самбар байршуулах зэргээр тайлбарлаж, уг үйл ажиллагааг зөрчсөн гэж маргажээ.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 5/14 дүгээр тогтоолоор Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам батлагдахаас өмнө буюу ******* оны 1 дүгээр сарын 18-нд иргэн Ц.Гх нь барилга барих хүсэлтээ ирүүлж тус оны 03 дугаар сарын 06-ны өдрийн БГД-128 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар авсан. Ийм учраас уг журмын холбогдох заалтуудыг нэхэмжлэлд зөрчсөн байдлаар дурьдсан байгаа нь өөрөө үндэслэлгүй зүйл юм.

2-рт 49 дүгээр байрны оршин суугчдаас уг барилгыг бариулахыг зөвшөөрч байгаа эсэх санал асуулгыг ******* оны 08 дугаар сарын 25-ны өдөр явуулсан бөгөөд энэхүү санал асуулгаар 50 айлаас 36 айл нь барилгын ажлыг зөвшөөрөхгүй, эсэргүүцэж байгаа талаар санал өгсөн гэжээ.

Дээр дурдсанчлан санал авах асуудлыг зохицуулсан 2014 оны 5/14 тогтоолоор батлагдсан журам батлагдахаас өмнө иргэн Ц.Гх нь холбогдох даалгавар, эскиз зургыг батлуулсан байсан бөгөөд, тус журам болон холбогдох журамд Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ-г олгохдоо иргэдээс санал авах тухай зохицуулалт байхгүй болно.

2. Мөн Урьд нь Өмчийн харилцааны газарт 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 08/1342 дугаартай бичгээр ....гэсэн саналыг хүргүүлж байсан хэрнээ орчны барилгууд хэвээр байсаар байхад ...зөвшөөрлийг олгож байгаа нь иргэн Ц.Гхийн талд илтэд үйлчилж олон иргэдийн эрх ашгийг уландаа гишгэж байна гэж үзэх үндэслэлтэй байна гэсэн.

Уг асуудлаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн 231 дугаартай шийдвэрээр иргэн Ц.Гхийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Нийслэлийн Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 21-ны өдрийн 416 дугаар захирамжаар Б******* дүүргийн 18 дугаар хороо 4 дүгээр хороолол 49 дүгээр байрны урд талд байршилтай нэгж талбарын 18/******* дугаар бүхий 480 м.кв газрын хугацааг сунгахгүй байгаа үйлдэл нь хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн хугацааг сунгахыг хариуцагч Нийслэлийн Засаг даргад даалгасугай гэж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл иргэн Ц.Гхийн газар эзэмших эрх нь хэвээр бөгөөд түүн дээр авагдсан холбогдох барилгын зөвшөөрлүүд нь хүчин төгөлдөр хэвээр үлдсэн.

3.Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй.

Гэвч 49-д байрны урд талбайд байшинд тулгах шахам барилга барьж байгаа нь үдсэн хуулиар олгогдсон эрхийг зөрчиж байна гэжээ.

Иргэн Ц.Гхийн барилга болон нэхэмжлэгч нарын 49 дугаартай барилгын хооронд 15 метр байхаар төлөвлөгдсөн бөгөөд энэ нь Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт БНбД 31-01-10-ын 12 дугаар хүснэгт 1-д заасан 2-4 давхар барилга нь барилгын тууш талуудын хооронд 15 метр байна гэсэн заалтад нийцсэн байсан.

4. Барилгыг 49 дүгээр байртай хэт ойрхон барьж байгаа нь бидний амьдрах орчны чанарыг алдагдуулж, дөрвөн улирлын туршид нарны гэрэл үзэхгүй...бидний тэвчиж үл болох үндсэн эрхийг ноцтойгоор зөрчиж эхлээд байна гэжээ.

Иргэн Ц.Гхийн барилгыг Орон сууц, олон нийтийн барилга, сууцны барилгажилтын бүсийн намрын улиралд тооцох ба тухайн орон нутгийн байршил, байгаль цаг агаарын болон барилгажилтын онцлогийг тусган тооцно.

Нарны шууд тусгалын үргэлжлэх хугацаанд нар мандсаны дараах болон жаргахын өмнөх нэг цагийг тооцохгүй. Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт БНбД 31-01-10-ийн 5.26-д сууцны өрөө тасалгаанд нарны шууд тусгалын үргэлжлэх норматив хугацаа өдөрт 2.5 цаг байх тохиромжтой гэж үзнэ гэсэн заалтыг орчны барилгуудад хангуулан төлөвлөсөн.

Манай газраас олгосон Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ нь хууль, тогтоомж, дүрэм, журмыг зөрчөөгүй байна. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гуравдагч этгээд Ц.Гх болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Ц.Гх миний бие нь Нийслэлийн Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 416 дугаар захирамжаар Б******* дүүргийн 18 дугаар хороо 4 дүгээр хороолол 49 дүгээр байрны урд талд байршилтай нэгж талбарын 18/******* дугаар бүхий 480 мкв талбайтай газрыг эзэмших эрхийг 5 жилийн хугацаатайгаар эзэмших эрхтэй болсон.

Эзэмшлийн газартаа үйлчилгээтэй орон сууцны барилга барихаар төлөвлөн 2011 оны 03 дугаар сарын 29-ний өдөр УБЦТС ХК-ийн №531/2011 тоот техникийн нөхцөл, УСУГ-ын №289/13 тоот техникийн нөхцөл, Улаанбаатар дулааны сүлжээ ХК-ийн №48/******* тоот техникийн нөхцөл, ******* онд №869/******* дугаар зураг төслийн магадлалын ерөнхий дүгнэлт, архитектур төлөвлөлтийн №БГД/218 дугаар даалгавар зэрэг барилга барихад шаардлагатай бүхий л баримт бичгийг бүрдүүлсний үндсэн дээр Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас ******* оны 10 дугаар сарын 01-ний өдөр №482/******* тоот барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрлийг авч, цахилгаан татсан байсан.

Ийнхүү холбогдох техник хэрэгсэл, ажиллах хүчийг бэлтгэн барилгын ажлыг эхлүүлж, барилгын үндсэн дээр суурийг ухах явцад газрын чанх хойно байрлах 49 дүгээр байрын оршин суугчдаас барилгын ажлыг зогсоохыг шаардан эсэргүүцэл тэмцэл өрнүүлж, хэсэг бүлгээрээ нийлэн техник хэрэгслийн ажиллагааг хааж зогсож, дарамт шахалт үзүүлж ажил явуулахад ихээхэн хүндрэл бий болгож байсан. Дээрх шалтгаанаар барилгын ажлыг хийж гүйцэтгэж чадахгүй явсаар газар эзэмших эрхийн хугацаа дууссан тул 2015 оны 05 сард газар эзэмших эрхийн хугацааг сунгах хүсэлтээ Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Өмчийн харилцааны газарт гаргасан боловч 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 5/3111 дугаар албан бичгээр ерөнхий төлөвлөгөөний газар ашиглалтын бүсчлэлээр өндөр орон сууцны бүсэд багтсан, эзэмшил газраас хэтрүүлэн хашаа барьсан, газрыг зориулалтын дагуу ашиглаагүй тул газар эзэмших эрхийн хугацааг сунгах боломгүй гэсэн хариу өгсөн.

Үүнийг мэдэж миний бие нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхээс 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 231 дугаар шийдвэрээр газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5, 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Гхийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 416 дугаар захирамжаар Б******* дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол. 49 дүгээр байрны урд талд байршилтай нэгж талбарын 18/******* дугаар бүхий 480 мкв газрын хугацааг сунгахгүй байгаа үйлдэл нь хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн хугацааг сунгахыг хариуцагч Нийслэлийн Засаг даргад даалгасугай гэж шийдвэрлэсэн.

Дээрх шийдвэрийн дагуу Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/519 дүгээр захирамжаар газар, эзэмших эрхийг 5 жилийн хугацаатайгаар олгосон. Газар эзэмших эрхийг үйлчилгээний зориулалтаар авсан тус газартаа үйлчилгээний барилга барихаар Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас ******* оны 06 дугаар сарын 16-ны өдөр Барилгын ажлын зөвшөөрлийн 000******* 14******** дугаартай гэрчилгээг авсан.

Ийнхүү барилга угсралтын ажлаа эхлүүлэх гэтэл мөн л 49 дүгээр байрны оршин суугчид эсэргүүцэн, барилгын ажлыг зогсоогоод байна. Төрийн эрх бүхий байгууллагаас эрх хэмжээнийхээ хүрээнд газар эзэмших эрхийг олгон, тухайн газарт барилга барьж болно гэдэг зөвшөөрлийг өгсөөр байтал иргэдээс ийнхүү эсэргүүцэн барилгын ажлыг хийлгэхгүй байсаар надад маш их хэмжээний хохирол учирч байна.

Маргаан бүхий Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээний хүчинтэй хугацаа 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөр дуусгавар болох бөгөөд энэ хугацаанд барилгын ажлаа хийж гүйцэтгэж дуусгавар болгохыг захиргааны байгууллагаас шаардаж байгаа. Гэтэл олон удаагийн үйлдлээр барилгын ажлыг хийлгэхгүйгээр иргэдээс эсэргүүцэл үзүүлж байгаад миний бие ч мөн адил гомдолтой байна.

49 дүгээр байрны оршин суугчид эсэргүүцэж мөнгө төлөхийг шаардаж байсан тул нөхөн төлбөрт 100.000.000 төгрөг төлсөн болно. Б******* дүүргийн 18-р хороо 4-р хороолол 49-р байрны орши суугчид тус барилгыг барихтай холбоотойгоор үргэлж надаас мөнгө нэхэж, мөнгө өгөхгүй бол барилга бариулахгүй гэж байнга дарамталж байдаг тул миний бие аргагүйн эрхэнд дээрх гэрээг байгуулсан.

Зүй нь бол нэгэнт эрх бүхий байгууллагаас хууль ёсны дагуу газар эзэмших эрхийг авч, барилга барих зөвшөөрлийг авсан тул оршин суугчдад нөхөн төлбөр төлөх шаардлагагүй хүн чанарын хувьд 49 дүгээр байрны яг урд талд нь барилга барихаар төлөвлөгдсөн тул нөхөн төлбөр өгье гэж зөвшөөрөн гэрээ байгуулсан байгаа болно.

Энэ үүднээс миний бие ч мөн адил эд хөрөнгө, сэтгэл санаагаараа хохироод байж байна. Газар эзэмших эрхийг 7 жилийн өмнө авсан боловч одоог хүртэл барилгаа барьж чадахгүйгээр, газрын төлбөрийг цаг тухай бүрт нь төлж, барилгын зураг төсөл хийлгэх, түүнийг батлуулах, магадлалын ерөнхий дүгнэлт хийлгэх зэргээр шат шатандаа төлбөр, хураамжийг төлсөөр байгаа болно.

Нэхэмжлэгч нараас нэхэмжлэлдээ уг барилгын ажлын зөвшөөрөл нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, 51.2, Хот байгуулалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 14 дүгээр зүйлийн 14.1, 19 дүгээр зүйлийн 19.3, 24 дүгээр зүйлийн 24.1.3, Барилгын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 12 дугаар зүйлийн 12.2, Иргэний тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.2-т заасныг тус тус зөрчсөн гэжээ.

Миний эзэмшиж буй газар нь Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөнд барилгажихаар төлөвлөгдсөн бөгөөд барилгын стандарт, норм, дүрэмд нийцүүлэн баригдах тул 49-р байрны оршин суугчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй юм. Түүнчлэн нэхэмжлэгч нараас итгэмжлэлийн талаар дурдсан бөгөөд иргэнээс олгох итгэмжлэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д заасан шаардлагыг хангасан байх ёстой юм.

Иймд нэхэмжлэгч нараас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэнэ үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

          Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүх хуралдаан дээр гаргасан тайлбарыг хянаад дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            Нэхэмжлэгч нараас Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 5/14 дугаартай журам батлагдсан. Журмын 4.2.1-д орон сууцны дунах барилгажаагүй талбайд барилга байгууламж барихад иргэн, хуулийн этгээдийн саналыг авч болохоор заасан.

Мөн журмын 4.3.1.1-д 2-4 давхар барилгад 15 метр зайд байрлах үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгчөөс санал авах, самбар байршуулах зэргээр тайлбарлаж, уг үйл ажиллгааг зөрчсөний улмаас ...эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөн, оршин суугчдын зөвшөөрлийг авалгүйгээр барилга барих зөвшөөрөл авсан, нарны тусгал үзэхгүй гэж маргасан байна.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 5/14 дүгээр тогтоолоор Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтанд оруулах үйл ажиллагааны журам батлагдахаас өмнө буюу ******* оны 01 дүгээр сарын 18-нд гуравдагч этгээд Ц.Гх нь барилга барих хүсэлтээ Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт гаргаж улмаар ******* оны 3 дугаар сарын 06-ны өдөр БГД-128 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар авсан байна.

Уг Архитектор төлөвлөлтийн даалгаварын дагуу Б******* дүүргийн 49 дүгээр байрны урд талд 1-4 давхрын барилгын ажил гүйцэтгэхээр ******* оны 10 дугаар сарын 01-ний өдөр 0000507 482/******* дугаар барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжүүлэх зөвшөөрлийг авч 2016 оны 05 дугаар сарын 22-ноос ******* оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүчинтэй байхаар сунгуулж байсан байна.

Ц.Гх ******* оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 0000163 14******** дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ авсан нь Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2, 28.3, 28.4-т заасанд нийцэж байна.

Нэхэмжлэгчдээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож байгаа Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 5/14 дугаартай Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлуулах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журамд зааснаар нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих үйл ажиллагаанд иргэн, хуулийн этгээдийн саналыг авч болно гэж заасан байна.

Дээрхээс дүгнэвэл гуравдагч этгээд Ц.Гх барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ авахдаа иргэдийн саналыг аваагүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй бөгөөд Ц.Гхийг барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл авч байх үед иргэдээс санал авах зохицуулалт байхгүй байсан байна.

Мөн Ц.Гхаас дээрх журамд заасан баримт бичгийн бүрдүүлбэрийг бүрэн хангасан хүсэлтийг хариуцагч төрийн захиргааны байгууллагад ирүүлж, хариуцагчаас тухайн зөвшөөрлийг олгосон нь Барилгын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасантай нийцсэн, бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан захиргааны акт байна.

Түүнчлэн гуравдагч этгээд Ц.Гхийн барьж буй барилга нь: Орон сууц, олон нийтийн барилга, сууцны барилгажилтын бүсийн нарны тусгалын (Ээвэрлэлтийн) хангамж /БНбД 23-04-07/-ийн 3.1-д Орон сууцны хорооллын нутаг дэвсгэрт болон орон сууц, олон нийтийн бүх барилгад эрүүл ахуйн чухал хүчин зүйл болон нарны шууд тусгалыг үргэлжлэх хамгийн бага хугацааг нормчилно. Нарын шууд тусгалаас үүсэх хүний эрүүл мэнд, сэтгэл зүй-физиологийн, нян устгах болон дулааны үр ашигтай нөлөө нь хорооллын нутаг дэвсгэрт болон орон сууц, олон нийтийн барилгын өрөө тасалгаанд нарны шууд тусгалын тасралтгүй үргэлжлэх хугацаа өдөрт 3-4 цаг байхад хангагдана, 3.2-д Нормчлогдох хугацааг хавар намрын улиралд тооцох ба тухайн орон нутгийн байршил, цаг агаар болон барилгажилтын онцлогийг тусган тооцно., 3.5-д Нарны тусгалын үргэлжлэх норматив хугацааг дараах өрөө тасалгаанд болон талбайд заавал хангуулна. Үүнд: а) Айлын 1, 2 ба 3 өрөөөтэй сууцны нэгээс цөөнгүй, 4-6 өрөө сууцны хоёроос цөөнгүй өрөөнд.... 3.6-д Нутгийн өмнөд хэсэг буюу хойд өргөрөгийн 480-аас урагшаа хоёрдугаар сарын 22-ноос есдүгээр сарын 22 хүртэл хугацаанд өдөрт 2 цагаас багагүй, ...хот байгуулалтын төвөгтэй нөхцөлд ...орон сууцны хорооллыг шинэчлэх, нэмж барилгажуулах үед нарын тусгалын үргэлжлэх хугацааг бүс тус бүрд 0,5 цагаар багасгаж төлөвлөхийг зөвшөөрнө, -Хот, тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрэм / БНбД 30-01-04/-ийн 2.11-д ...2-3 давхар сууцны барилгын тууш талуудын хоорондхи зай 15м-ээс багагүй, 4 давхар бол 20м-ээс багагүй, харин ийм барилгын тууш болон хөндлөн талуудад байрлалтай сууцны өрөөнүүдийн цонхнуудын хоорондох зай 10м-ээс багагүй байх ёстой. Хэрэв зэрэгцээ хоёр барилгын сууцны ба гал тогооны өрөө хооронд цонхоор нэвт харагдахгүй байдал хангагдсан нөхцөлд нарны гэрэлтүүлгийн нормын шаардлагад зохицуулан хоёр барилгыг хооронд нь ойртуулан байршуулж болно, 9.19-д .... орон сууц, олон нийт, иргэний барилга байгууламжийн цонхоор хавар, зун намрын улирлын нэг өдөрт тусах нарны тусгалын үргэлжлэх хамгийн бага хугацааны нийлбэр нь уур амьсгалын I, II бүсэд 3 цаг, уур амьсгалын III, IV бүсэд 2,5 цаг байхаар тооцож төлөвлөнө... гэж заасан шаардлагад нийцсэн, эдгээр актуудын улмаас нэхэмжлэгч иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээргүй юм.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.14 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2, 28.3, 28.4-д заасныг тус тус баримтлан Д.г нар нараас гаргасан Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын ******* оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 000******* 14******** дугаар барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгуулах            тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгон үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 ШҮҮГЧ   О.ОЮУНГЭРЭЛ