| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтбаатарын Ганзориг |
| Хэргийн индекс | 128/2026/0286/з |
| Дугаар | 221/МА2026/0377 |
| Огноо | 2026-06-03 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 221/МА2026/0377
Х.Агийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч М.Цэцэгмаа
Илтгэгч: шүүгч З.Ганзориг
Давж заалдах гомдол гаргасан: хариуцагч Авлигатай тэмцэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д
Нэхэмжлэгч: Х.А
Хариуцагч: Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс
Хариуцагч: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга
Нэхэмжлэлийн шаардлага: “Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Хуулийн хэрэгжилтийг хангаж, хариуцлага тооцуулах тухай” 05/20654 дүгээр албан бичиг, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/160 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийхийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргад даалгах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2026/0400 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч Х.А
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Т
Хариуцагч Авлигатай тэмцэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д
Хариуцагч Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. Х
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр
Хэргийн индекс: 128/2026/0286/з
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Х.Агаас Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргад тус тус холбогдуулан “Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Хуулийн хэрэгжилтийг хангаж, хариуцлага тооцуулах тухай” 05/20654 дүгээр албан бичиг, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/160 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийхийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргад даалгах”-аар маргасан.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2026/0400 дүгээр шийдвэрээр: Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 3.1.11, 11 дүгээр зүйлийн 11.1, 29 дүгээр зүйлийн 29.2.2-т заасныг баримтлан Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн даргын 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 05/2064 дүгээр албан бичгийг хүчингүй болгож, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/160 дугаар тушаалыг хариуцагчаас дахин шинэ акт гаргатал нэг сарын хугацаагаар түдгэлзүүлж, тогтоосон хугацаанд шинэ акт гаргаагүй тохиолдолд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/160 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцохоор шийдвэрлэжээ.
3. Хариуцагч Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:
3.1. Байгууллагын удирдлага нь хамаарал бүхий этгээдээ төрийн үйлчилгээний албан тушаалд авч ажиллуулахыг хориглосон зохицуулалт Төрийн албаны тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуульд байхгүй боловч хууль тогтоогчийн зүгээс тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан хуулиар тусгайлан хориглолт, хязгаарлалт тогтоодог болохыг анхан шатны шүүх анхаарч үзсэнгүй.
3.2. /Улсын дээд шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 141, 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 87 дугаар тогтоолыг дурдан/ хамаарал бүхий этгээдийг ажилд томилсон, удирдлагадаа ажиллуулсан үйл баримтыг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хүрээнд хянаж дүгнэсэн шүүхийн практик тогтсон. Гэтэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх Х.Агийн нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарласан, Улсын дээд шүүхээс тогтоосон практикаас өөрөөр шийдвэрлэж, ойлгомжгүй байдлыг үүсгэлээ.
3.3. Мөн анхан шатны шүүх санаачилгаараа “Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлд заасан үндэслэл тогтоогдоогүй” гэж дүгнэн, дээрх актыг хүчингүй болгосон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй”, 106.7-д “Шүүх захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, эсхүл өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласны улмаас түүний гаргасан захиргааны акт, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй хууль зөрчсөн эсэхийг шалгана” гэж заасныг зөрчсөн.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2026/0400 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үгүйсгэсэн агуулга бүхий тайлбарыг, хариуцагч Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдлыг дэмжсэн агуулаг бүхий тайлбарыг тус тус шүүх хуралдаанд гаргасан.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хариуцагч Авлигатай тэмцэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүх Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Төрийн албаны тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
3. Х.Агаас Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргад тус тус холбогдуулан гаргасан “Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Хуулийн хэрэгжилтийг хангаж, хариуцлага тооцуулах тухай” 05/20654 дүгээр албан бичиг, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/160 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийхийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргад даалгах” нэхэмжлэл гаргасан.
3.1. Ингэхдээ шаардлагын үндэслэлээ ... миний хувьд төрсөн дүү Х.Аыг ажилд сонгон шалгаруулахад оролцоогүй, сонгон шалгаруулах ажлын хэсгийн хурлаар хэлэлцэж Х.Аыг жолоочоор томилуулахаар санал ирүүлснийг байгууллагын даргын хувьд л баталгаажуулж тушаал гаргасан; Х.Аыг ажилд томилсон тушаал нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан захиргааны шийдвэрт хамаарахгүй, жолооч нь төрийн үйлчилгээний албан хаагч тул Хөдөлмөрийн тухай хууль үндэслэсэн энэ тушаал шийдвэр нь захиргааны актад хамаарахгүй буюу нийтийн захиргааны чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотой шийдвэр биш; нэхэмжлэгчийн хувьд тус хуулийн 8 дугаар зүйлд заасан мэдэгдэл гаргаагүй алдаа нь ажлаас халах үр дагаварт хүргэхгүй; маргаан бүхий актууд нь хуульд нийцээгүй бөгөөд миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж тодорхойлно.
3.2. Хариуцагч нараас “... нэхэмжлэгч нь байгууллагын даргын хувьд өөрийн төрсөн дүүг жолоочийн албан тушаалд томилж, цалин хөлс олгох, ажлын гүйцэтгэлд хяналт тавих зэрэг удирдлагын эрх хэмжээ хэрэгжүүлэх боломжтой нөхцөл байдал үүсгэсэн нь баримтаар тогтоогдсон бөгөөд мэдэгдэл гаргах үүргээ биелүүлэлгүй шийдвэрийг бие даан гаргаснаар нийтийн албан тушаалтны хувийн ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн нөхцөлд хамаарна, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан өөртэй хамаарал бүхий этгээдийн ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргахаас гадна удирдах, хяналт шалгалт хийх, хариуцлага хүлээлгэхтэй холбоотой хориглосон хэм хэмжээг зөрчсөн, Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн мэдэгдлийн дагуу сонсох ажиллагаа явуулж, нийтийн албанаас чөлөөлсөн” гэх зэргээр татгалзлын үндэслэлээ тайлбарлаж маргасан.
4. Хэрэгт цуглуулсан нотлох баримтаас үзэхэд;
4.1. Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын жолоочоор ажиллаж байсан Д.Ц нь тус газрын даргын 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/57 дугаар тушаалаар “өндөр насны тэтгэвэр тогтоолгох” үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд сул орон тоонд сонгон шалгаруулалт явуулахаар фэйсбүүк олон нийтийн сүлжээнд 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдөр зар байршуулахад Х.А, Д.М нарын хоёр иргэн бүртгүүлжээ.
4.2. Тус газрын 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн хамт олны хурлаар, жолооч авч ажиллуулах асуудлыг хэлэлцэхэд, газрын дарга Х.А нь ажил горилогч Х.Аыг өөрийн төрсөн дүү гэх үндэслэлээр жолоочийг сонгон шалгаруулах ажиллагаанд оролцохгүй хэмээн Захиргаа хяналтын хэлтсийн даргад сонгон шалгаруулалт явуулахыг даалгасан, нэр бүхий хэлтсий дарга, хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн, төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн, нярав нар хэлэлцээд, жолоочоор Х.Аыг ажиллуулах саналыг газрын дарга Х.Ад хүргүүлэхээр шийдвэрлэсэн талаар хурлын тэмдэглэлд тусгажээ. /Хэргийн I хавтасны 10-11 дэх талд/
4.3. Улмаар Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Х.А нь 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/22 дугаар тушаалаар /төрсөн дүү/ Х.Аыг тус газрын жолоочийн албан тушаалд томилж, 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дуустал цалин хөлс олгосон болох нь баримтаар тогтоогдоно. /Хэргийн I хавтасны 12 дахь талд/
4.4. Авлигатай тэмцэх газар нь иргэнээс ирүүлсэн мэдээллийн дагуу дээрх асуудлаар хяналт шалгалт явуулж, Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Х.Аг өөрийн төрсөн дүү Х.Аыг тус газрын жолоочоор томилсон шийдвэр гаргасан үйл баримтыг тогтоож, холбогдох хуульд заасны дагуу хариуцлага тооцуулахаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргад мэдэгдэл хүргүүлсэн.
Үүний дагуу Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргаас сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлж, Х.Агаас тайлбар гаргуулсны дараа 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/160 дугаар тушаалаар түүнд нийтийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байна. /Хэргийн I хавтасны 7 дахь талд/
4.5. Нэхэмжлэгчийн хувьд, жолоочийн ажилд томилсон Х.Атай төрсөн эгч дүүгийн хамааралтай, мөн түүнийг томилсон шийдвэр гаргахын өмнө Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасны дагуу мэдэгдэл гаргаагүй гэдгээ хүлээн зөвшөөрөх бөгөөд энэ талаар тухайлан маргаагүй байна.
5. Анхан шатны шүүхээс маргааны үйл баримтын талаар “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан шийдвэр гаргахтай холбоотой хориглолт нь албан тушаалтны нийтийн эрх зүйн чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотой /тул/ хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий жолоочийн албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.3-д /гэж/ заасан хориглолтод хамаарахгүй; харин аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын хувиар тухайн албан тушаалын үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргавал тус хориглолтод хамаарна, нэхэмжлэгч нь өөрийн төрсөн дүүг жолоочоор ажиллуулах тухай тушаал гаргахдаа урьдчилан мэдэгдэл гаргаагүй талаараа маргаагүй энэ тохиолдолд түүнийг томилох эрх бүхий албан тушаалтнаас “ашиг сонирхлын зөрчил үүссэн, эсхүл ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал үүссэн” аль болохыг дүгнэж, хуульд заасан хариуцлага хүлээлгэх эсэхийг шийдвэрлэх нь зүйтэй, сахилгын шийтгэл хүлээлгэх эсэх нь хариуцагчийн эрх хэмжээнд хамаарна” гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон зарим актыг хүчингүй болгож, маргаан бүхий Б/160 дугаар тушаалыг хариуцагчаас дахин шинэ акт гаргатал нэг сарын хугацаагаар түдгэлзүүлсэн нь үндэслэлгүй болжээ.
6. Хууль, эрх зүйн зохицуулалтын тухайд;
6.1. Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Доор дурдсан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарна: 4.1.1. төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан;” гэж,
6.2. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д ““ашиг сонирхлын зөрчил” гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг;”, 3.1.5-д ““хамаарал бүхий этгээд” гэж тухайн нийтийн албан тушаалтны эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг;”, 8 дугаар зүйлийн 8.1-д “Энэ хуулийн 23.8-д заасан журамд заасны дагуу албан тушаалтан захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцохын өмнө тус бүр ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл гаргана”, 8.2-т “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэх үүрэгтэй”, 11 дүгээр зүйлийн 11.1-д “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 29 дүгээр зүйлийн 29.2.2-т “…энэ хуулийн 8.1, 8.2, 8.3, 9.1, 19.1, 21.3, 21.4, 23.5-д заасан үүргээ биелүүлээгүй, … бол албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах”, 29.2.4-т “энэ хуулийн ... 11, 12, 15, 16 дугаар зүйлд заасныг зөрчсөн, ... бол нийтийн албанаас халах” гэж,
6.3. Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Төрийн захиргааны албан тушаалд төрийн бодлого боловсруулахад мэргэшлийн зөвлөгөө өгөх, уг бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг төрийн захиргааны удирдлагаар хангах, зохион байгуулах чиг үүрэг бүхий дараахь албан тушаал хамаарна: 12.1.8. хуульд өөрөөр заагаагүй бол аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх улсын төсвөөс санхүүждэг нутгийн захиргааны байгууллагын удирдах, гүйцэтгэх албан тушаал;”, 14 дүгээр зүйлийн 14.1-д “Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах дараахь албан тушаал хамаарна: 14.1.1. төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаал;”, 31 дүгээр зүйлийн 31.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд дараахь тохиолдолд авч ажиллуулахыг хориглоно: 31.1.3. хууль тогтоомжоор зөвшөөрснөөс бусад тохиолдолд албан үүргийн хувьд нэг нь нөгөөдөө шууд захирагдах буюу шууд хяналт тавих албан хаагчтай хамаарал бүхий этгээд нь тухайн ажлын албаны нэгжид хамт ажиллахаар бол;”, 62 дугаар зүйлийн 62.1-д “Төрийн жинхэнэ албан хаагч энэ хуулийн 61.1-д зааснаас гадна дараахь баталгаагаар хангагдана: 62.1.1. энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх” гэж тус тус заасан.
7. Нэхэмжлэлийн шаардлага ба хариуцагчийн татгалзлын үндэслэлд дурдсан дээрх хуулийн зохицуулалтыг маргааны үйл баримттай холбогдуулан, агуулгаар нь нэгтгэн тайлбарлавал:
7.1. Нэхэмжлэгч Х.Агийн эрхэлж байсан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга нь төрийн жинхэнэ албан тушаал, харин түүний дүү Х.Аын гүйцэтгэж байсан жолоочийн ажил нь төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарах нь эргэлзээгүй. Нэхэмжлэгчийн хувьд өөрийн хамаарал бүхий этгээдийг төрийн жинхэнэ албан тушаалд томилсон нөхцөлд л Төрийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.3-д заасан хориглолт зөрчсөн эсэхийг дүгнэх боломжтой.
Харин энэ тохиолдолд нэхэмжлэгч нь нийтийн албан тушаалтны хувиар хувийн ашиг сонирхлыг зөрчил гаргасан эсэх, энэ харилцааг зохицуулсан энэ хэсгийн 6.1, 6.2-т заасан хуулийн холбогдох хэм хэмжээг зөрчсөн эсэхтэй холбоотой үйл баримтыг тодорхойлоход Төрийн албаны тухай хуулийн дээрх зохицуулалтууд шууд хамааралгүй учраас энэ маргаанд хэрэглэгдэхгүй.
7.2. Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.8 дахь заалт нь Х.Аг нийтийн албан тушаалтан болохыг тодорхойлсон хэм хэмжээ мөн.
Нийтийн албан тушаалтны нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчилд хамаарах харилцаа, хариуцлагыг тодорхойлсон энэ хэсгийн 6.2-т заасан хуулиар тухайн албан тушаалтнаас албаны бүрэн эрхээ нийтийн, эсхүл хувийн эрх зүйн аль салбарт хамааруулан хэрэгжүүлснээс үл хамааран, шийдвэр гаргах ажиллагаанд ашиг сонирхлын зөрчил үүсч болох аливаа тохиолдлыг тодорхойлсон бөгөөд өөрийн хамаарал бүхий этгээдийг ажилд томилсон шийдвэр гаргаж, түүнтэй хөдөлмөрийн харилцаа үүсгэх нь “албан үүрэг гүйцэтгэх”-тэй холбоотой нийтийн албан тушаалтанд шууд хориглосон хэм хэмжээ бөгөөд зөрчсөн тохиолдолд нийтийн албанаас халах хариуцлага хүлээлгэх эрх зүйн үр дагавартай.
Харин захиргааны шийдвэр гаргахын өмнө ашиг сонирхлын зөрчлийг урьдчилан мэдэгдэх буюу шийдвэр гаргахаас татгалзах үүргээ биелүүлээгүй нөхцөлд албан тушаалын цалинг тодорхой хугацаагаар 30 хувь бууруулах сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл болно.
7.3. Х.Агийн гаргасан зөрчлийн хувьд[1], энэ хэсгийн 6.2-т заасан холбогдох зохицуулалтын хүрээнд тодорхойлсон урьдчилсан нөхцөл нь (а) “албаны бүрэн эрх”-ийг хэрэгжүүлэхдээ, (б) өөрийн болон өөртэй хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн аливаа хэлбэрийн үйл ажиллагаа явуулсан байхыг шаардана.
Тодруулбал, нийтийн албан тушаалтны албан үүргээ гүйцэтгэхтэй холбоотой хориглолтын хүрээнд “захиргааны шийдвэр” гэдгийг зөвхөн Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны үйл ажиллагаа буюу захиргааны актын хууль зүйн утгаар, явцууруулж тайлбарлах нь Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн үзэл баримтлал, зорилтод нийцэхгүй.
8. Нөгөөтээгүүр хариуцагчийн зүгээс “нэхэмжлэгчийг шийдвэр гаргахын өмнө мэдэгдэл гаргаагүй буюу шийдвэр гаргахаас татгалзах үүргээ биелүүлээгүй” гэж буруутгаагүй, хамаарал бүхий этгээдийг өөр олгосон албаны бүрэн эрхийн хүрээнд нэгэнт ажилд томилсон тушаал гаргасан энэ тохиолдолд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасныг зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.
9. Энэ хэсгийн 4.1-4.3-д заасны дагуу хэргийн оролцогчдын тайлбар, бичгийн нотлох баримтаас үзэхэд, нэхэмжлэгч Х.А нь өөрийн дүү Х.Аыг жолоочоор авах сонгон шалгаруулалтад оролцоогүй гэж тайлбарлах боловч ажил олгогчийн хувиар тус газрын даргын ажлын байрны тодорхойлолт болон Хөдөлмөрийн дотоод журамд заасан албан тушаалын бүрэн эрхийг хэрэгжүүлж, түүнийг томилсон шийдвэр гаргаснаараа “өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргахыг хориглосон” хэм хэмжээг зөрчсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон.
10. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн зорилго нь нийтийн албан тушаалтны хувийн ашиг сонирхол болон хуулиар хүлээсэн албан үүрэг хоорондын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, төрийн албаны ил тод, итгэл даах байдлыг хангахад орших бөгөөд нэхэмжлэгчээс өөрт хамаарал бүхий этгээдийг ажилд томилсон шийдвэр гаргаж байгаа нь төрийн албан хаагч хууль дээдлэх зарчимд захирагдаж, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, хариуцлагатай гүйцэтгэх зарчимд нийцэхгүй тул тухайн үед жолоочийн орон тоог зайлшгүй нөхөх хэрэгцээтэй байсан, Х.Аын хувьд тус газрын жолоочийн ажлын байранд тавигдах шаардлагыг илүү сайн хангасан, байгууллагын бүтэц орон тооны өөрчлөлтөөр түүнийг ажлаас чөлөөлсөн зэрэг нь Х.Агийн хувьд “хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргасан” гэх маргаан бүхий актад дурдсан зөрчлийг үгүйсгэх үндэслэл болохгүй.
11. Маргааны энэ тохиолдолд, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийн зохицуулалтын хувьд, уг хориглолт нь “тухайн албан тушаалтан албаны чиг үүргээ хэрэгжүүлэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагаанд шууд хамаарахаар заасан, харин уг шийдвэрийг ямар зорилгоор гаргасан, уг шийдвэрийн улмаас төсвийн хөрөнгөд, эсхүл өөр бусад этгээдэд хохирол учирсан байхыг шаардаагүй” гэх зэргээр хууль хэрэглээний нэгдмэл байдлыг тогтоосон Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 173, 2018 оны 141, 2020 оны 425 дугаар тогтоолыг харгалзсан болно.
12. Гэтэл анхан шатны шүүх, нэхэмжлэгчийн гаргасан зөрчил баримтаар тогтоогдсон байхад маргааны үйл баримтын хүрээнд шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн ямар нөхцөл байдал үүссэн болохыг хууль зүйн үндэслэлтэйгээр тодорхойлоогүйн зэрэгцээ, нийтийн албан тушаалтны гаргасан шийдвэрүүдээс “төрийн үйлчилгээний албан хаагчийг ажилд томилсон” тушаал нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн “ашиг сонирхлын зөрчил, эсхүл зөрчил үүсч болзошгүй нөхцөл байдал буюу хориглолтод хамаарахгүй” гэх агуулгаар тайлбарлаж хэрэглэсэн нь учир дутагдалтай болжээ.
13. Нэхэмжлэгч нь дээрх байдлаар хуулиар хориглосон хэм хэмжээг зөрчиж, өөрийн хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргасан, түүнийг Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс баримтаар тогтоосон, улмаар ирүүлсэн мэдэгдлийн дагуу Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас захиргааны шийдвэр гаргах ажиллагаа явуулж, Х.Аг нийтийн албанаас халсан нь хуульд нийцэхийн зэрэгцээ Төрийн албаны тухай хуульд заасан нийтлэг баталгааг зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн боломжгүй, харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Дамдинсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлтэй байна.
14. Анхан шатны шүүхийн хувьд, маргааны үйл баримтын хүрээнд нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийг буруу тодорхойлохын зэрэгцээ хэрэглэх ёсгүй Төрийн албаны тухай хуулийг хэрэглэснээс Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг буруу, хуулийн агуулга ба үзэл баримтлалыг явцууруулж тайлбарлаж хэрэглэснээс шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй байна.
15. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Х.Агийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2026/0400 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 29 дүгээр зүйлийн 29.2.4-д заасныг баримтлан Х.Агаас Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргад тус тус холбогдуулан гаргасан “Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Хуулийн хэрэгжилтийг хангаж, хариуцлага тооцуулах тухай” 05/20654 дүгээр албан бичиг, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/160 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийхийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д тус тус зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ М.ЦЭЦЭГМАА
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
[1] Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т заасан