Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 17

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж

Нарийн бичгийн дарга: А.Энхбаяр

Улсын яллагч: Б.Мөнхдөл

Хохирогч: Б.Шүрэнцэцэг, түүний өмгөөлөгч Б.Батчимэг

Шүүгдэгч: П.Баатарчулуун, түүний өмгөөлөгч Г.Бадамханд нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3, 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч П.Баатарчулуунд холбогдох 201608000087 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1971 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, математикч, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, Чингэлтэйн 19-67 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, Дов овогт Пётрын Баатарчулуун /РД:МЗ71032311/

 

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/

 

Шүүгдэгч П.Баатарчулуун нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байхдаа 2016 оны 05 дугаар сарын 22-ны орой 21 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Улаанбаатар Замын-Үүд чиглэлийн хатуу хучилттай авто замын 146/497 дахь километрийн шонгийн орчим бусдын эзэмшлийн 67-02 УНЧ улсын дугаартай Nissan X-Tral маркийн автомашиныг жолоодож яваад гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “2.1 механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримтыг биедээ авч явна: а/ Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх, 2.5-д “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ Тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/ Зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллагад ажилтанд мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх”, 9.3-т тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гаднах замд цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна, 10.2-т Гүйцэж түрүүлэх үйлдлийг хийхдээ гүйцэгдэж байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахгүй байвал зохино, 8.11-т Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурдаас хамааруулан сонгож явна...” гэснийг тус тус зөрчиж иргэн У.Тунгалагтамирын жолоодож явсан 89-43 ДГО улсын дугаартай Креста маркийн тээврийн хэрэгслийг шүргэж зам тээврийн осол гарган У.Тунгалагтамирын амь насыг хохироосон, иргэн Б.Сод-Эрдэнэ, Түвшинцэцэг, Ц.Мөнгөнсондор нарын биед хөнгөн гэмтэл учруулсан, мөн осол болсон газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтууд. Үүнд:

 

1. Шүүгдэгч П.Баатарчулуун шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Юуны өмнө талийгаачийн аав, ээж, ах, дүүгээс уучлалт хүсч байна. Миний бие санаандгүй явж байгаад эрдэнэт хүний амь нас хохирсон явдалд туйлын их харамсаж байна. Хэрэг гарсанаас хойш өнөөдрийг хүртэл сэтгэл санааны болон бие махбодийн хувьд харамсаж зовж байна. Миний хувьд хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Гэхдээ хохирол төлөгдсөн гээд зогсохгүй цаашид байнга холбоотой байж туслаж, дэмжиж байна гэдгээ хэлмээр байна. Миний ээж саяхан өөд болсон. Миний бизнесийн үйл ажиллагаа хямралтай холбоотой бэрхшээлтэй байгааг ойлгох байх гэж найдаж байна. Удахгүй бизнесийн үйл ажиллагаа жигдрэх байх. Гадны хөрөнгө оруулалт авах гээд бичиг баримтаа хөөцөлдөж байгаа, удахгүй бүтэх байх. Хэрвээ би хоригдчихвол өдий хүртэл хөөцөлдөж байсан ажил минь нурах болчихоод байна. Яллах дүгнэлтийн хувьд надад хэлэх зүйл алга байна … гэсэн мэдүүлэг

 

2. Хохирогч Б.Шүрэнцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний хувьд хүүгийнхээ өмнөөс ярьж байна. Үхсэн хүн ярихгүй учраас би хүүгийнхээ өмнөөс ярьж байна гэж ойлгож байна. Миний хүү амьд байсан бол өөрөө ярих байсан байх. Нас барсан хүн босож ирээд юм хэлэхгүй гэдгийг далимдуулж энэ хүн 2-3 удаа шинжээчийн дүгнэлт гаргуулж, бид нарыг сэтгэл санаагаар дарамталж байна. Гэхдээ бид нар энэ хүнийг санаатай үйлдэл хийсэн гэж үзээгүй. Миний хүү энэ хүний замыг хаасан ч бай, хаагаагүй ч бай зам тавьж өгөөгүй ч бай, энэ хүнийг урдаа гаргуулахгүй гэсэн ч энэ хүн ард нь явах ёстой байсан. Урд нь гарах ёсгүй. Би энэ хүнийг хурдтай явсан учраас машинаараа хажуунаас нь дайрсан байх гэж ойлгож байна. Тэнд юу болсон талаар бид нар мэдэхгүй. Миний хүү амьд байсан бол болсон зүйлийн талаар хэлэх байсан байх. Энэ хүн зүгээр хажуугаар нь гараад чигээрээ явчихсан бол одоо миний хүү амьд байх байсан. Энэ хүний хувьд миний хүүг хашсан гэж байна. Хэрвээ миний хүү хашсан бол энэ хүн ард нь явах ёстой. Хэзээ ч урд нь гарах ёсгүй гэж би бодож байна. Миний хүүг хашаад байна гэж бухимдлаа гаргахын тулд хажуунаас нь шүргэсэн байх ойлгож байна. Энэ хүн түлхээд унагая гэж санаагүй ч гэсэн бухимдлаа гарахын тулд шүргэсэн гэж ойлгож байгаа. Энэ хүн хохирлоо төлөхгүй, сэтгэл санаагаар дэмжихгүй байсан. Бид нарын хувьд ганц хүүгээ алдсанаа маш их зовж байхад энэ хүн дэмжлэг үзүүлэхгүй байсан. Би энэ хүнийг ганцаараа зовоод байхын оронд бид нартай хамт зовлонгоо хуваалцаач гээд утсаар ярихад энэ хүн бид нартай ирж уулзахдаа 1,000,000 төгрөгийг 2 хувааж өгсөн. Хэрвээ би энэ хүнтэй утсаар яриагүй бол энэ хүн бид нартай уулзахгүй, өнөөдөр л хохирлыг өгөх байсан байна. Би үүнийг өөрийнхөө арьсыг хамгаалахын тулд хохирлоо төлсөн гэж үзэж байна. Миний хүү Хятад хэлний орчуулагч байсан. Хөх хотод 5-6 жил ажиллаж, сурсан. Миний хүү өдөртөө 1000 дээш юаний орлоготой байсан учраас хувиараа өөрөө ажлаа хийдэг байсан. Хүүхдээ дагуулаад орчуулгаа хийгээд, тансаг сайхан амьдарч байсан.  Хүүхдүүдийг нь бодоод аавынх нь дайтай тансаг зүйлийг авч өгөх мөнгийг нь ойр ойрхон шилжүүлдэг байсан бол бид нар өнөөдөр гомдолтой гээд зогсохгүй байсан. 7 настай хүүхдэд нь хэлж чадахгүй байж байгаад хэлсэн чинь би аавтайгаа хамт үхэхгүй яасан юм бэ гэж хэлээд их уйлж байсан. Одоо ч хүртэл аавынхаа зургийг үнсээд, сэтгэлээ тайвшруулдаг. Энэ бол манай гэрт болж байгаа зовлон байна. Бид нар аав чинь тэнгэрээс харж байгаа, аав чинь өгч байгаа гэж хэлээд тансаг идэх зүйл, хувцасыг нь өгдөг. 2 хүүхэд ард нь үлдсэн. Бид хоёр 60, 70 нас гарсан. Тийм учраас энэ хүнээс энэ 2 хүүхдэд 10 жил хань болооч гэж гуйж байна. Хэрвээ энэ 2 хүүхдийн аав нь байсан бол юугаар ч дутаахгүй, оюутан болгох байсан. Тийм учраас энэ хүнийг тэтгэмжинд хэдэн төгрөг өгөөсэй гэж хүсч байна. Энэ хүнийг сайн ажиллаж, бид нартай холбоотой байж, зохих ёсны тэтгэмжийг бид нарт өгч байгаасай. Тийм учраас энэ хүнийг заавал хорих ялаар шийтгэхгүй, хорихоос өөр ялаар шийтгэж өгөөч гэж хэлмээр байна. Тэтгэмжийн хувьд хэлэхэд талийгаач минь төрийн байгууллагад ажиллаж байгаагүй, хувиараа хөдөлмөр эрхэлж, нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаагүй учраас халамжаас хэдхэн төгрөг өгдөг. Би энэ мөнгийг авч 2 хүүхдийнхээ хадгаламжинд хувааж хийдэг. Улсаас тэжээгчээ алдсаны тэтгэмжийг авч чадахгүй байна. Энэ хэмжээний мөнгийг сардаа бид нар өгч байвал бид 2 хүүхдийнхээ хадгаламжинд хийж байна. Сардаа хэдэн төгрөгөөр тооцоод жилдээ 1,000,000-1,500,000 төгрөг байвал болно гэж бодож байна. 10 жилийн дараа нэг талх хэдэн төгрөгний үнэтэй болохын бид нар хэлж мэдэхгүй байна. Том болж байгаа хүүхдүүдийн хэрэглээ улам их болно. Бид хоёр хөгшний хувьд 10 жил амьдарч чадах эсэх нь эргэлзээтэй. Гэхдээ 2 хүүхэддээ хань болж урт наслахыг хичээнэ.... гэсэн мэдүүлэг

 

3. Хохирогч Б.Шүрэнцэцэг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2016 оны 05 дугаар сарын 22-ны орой замын хүн ирээд танай хүү Тунгалагтамир Чойрт осолд орсон байна гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр Уртнасан хүргэн Эрдэнэтөгс нар Чойрт ирсэн. Би гэртээ Тунгалагтамирын охин Бөртийг харж үлдсэн. Талийгаачийг нас барсныг мэдээгүй. Чойрын эмнэлгээс манай хүүг сүүлд нас барсныг хэлсэн. ...Талийгаач Тунгалагтамир урд нь өөрөө машинтай байсан. Хаяа хот руу хүн тээвэрлэдэг байсан. ...Талийгаач хүү маань нөхөр бид хоёр, талийгаачийн охин Бөртэ нарын хамт ам бүл 4-үүлээ амьдардаг байсан. Талийгаач маань хамт амьдарч байхдаа бид нарыг тэжээн тэтгэдэг ганц хүү маань байсан. ...Буруутай этгээдээс талийгаачийн жолоодож явсан тээврийн хэрэгслийн үнэ болох 2.941.000 төгрөг, оршуулгын зардал болох 7.823.095 төгрөг нийт 10.764.095 төгрөгийг нэхэмжилж байна. Би ганц хүүгээ алдсандаа маш их гомдолтой байна. Баатарчулуун гэх хүн зам тээврийн осол болсноос хойш бид нартай огт холбогдоогүй үл тоож байгаад гомдолтой байна. Хүү маань өндөр настай эцэг, эх биднийгээ тэжээн тэтгэж харж хандаж дэмжлэг болж байсан. Мөн хүү охин хоёр өнчирч үлдэж бид нар сэтгэл санааны хувьд маш их хүнд байна. ...Хэргийн материалтай танилцахад Баатарчулуун гэгч нь өөрөө огт буруугүй мэт худал үнэн мэдүүлж бусдыг төөрөгдүүлэх гэж оролдон зам тээврийн осол гарсныг мэдээгүй, талийгаачийг буруутай байгаа мэтээр ярьж хэлж байгаа нь түүнийг хүн чанаргүй болохыг харуулж байна. Иймээс энэ хүнд хуульд зааснаар хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж өгнө үү...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 37-38-р хуудас/

 

4. Хохирогч Б.Сод-Эрдэнэ мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Тэр өдөр эхнэр Түвшинцэцэгийн хамт Хятад Улсын Эрээн хот орчихоод хилээр 13 цагийн орчим орж ирээд Улаанбаатар хот орох таксины зогсоол дээр ирэхэд нэг машин хот орохоор зогсож байсан. Нийт 180.000 төгрөг төлөөд Замын-Үүдээс гарсан. Тэгээд Чойрын постоор гараад явж байтал гэнэт цагаан өнгийн Экстраль маркийн тээврийн хэрэгсэл манай машины зүүн гар талаар орж ирсэн. Тэгээд хүүе гэхийн завдалгүй манай машины урд талаас мөргөөд манай машин өнхрөөд онхолдсон. Тэгээд яаж машинаас гарч ирснийг санахгүй байна. Нэг мэдэхэд машинаас гараад зогсож байсан. ...Тэгээд эмнэлгийн машин ирээд бид нарыг Чойр авч явсан. ...Би осол болох үед жолоочийн хойно эхнэр Түвшинцэцэгийн хамт сууж явсан. ...Миний зорчиж  явсан машин зүүн гар тийшээ шахаж яваагүй. Замдаа чигээрээ явж байсан. Гэнэт цагаан өнгийн Экстраль маркийн тээврийн хэрэгсэл манай машины хажуугаар гүйцэж түрүүлэх гэж орж ирээд хөөе гэхийн завдалгүй манай машины урд талыг мөргөөд бид нар онхолдсон. ...Тэр машин зогсолгүй шууд чигээрээ явсан байсан. Миний биед цээж хөндүүр, цавиар хатгаж өвдөөд хөл явахгүй байсан. Толгой тухайн үед дүүрээд байсан. ...Надад гомдолтой байна. Эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. Одоо 400.000-500.000 төгрөгний зардал гарсан...” гэсэн мэдүүлэг, / хх-ийн 40-42-р хуудас/

 

5. Гэрч Ц.Тамжид мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Чойр ороод пост өнгөрөөд нилээн явж байтал хажуугаар цагаан өнгийн Экстраль маркийн машин орж ирээд манай машины урд дугуйг мөргөөд тэр машин өөрөө дайвалзаж унангаа алдаад чигээрээ давхиад явсан. Бид нар замын хажуу руу онхолдсон. Экстраль маркийн машин хойно дуут дохио өгсөн. Тэгэхээр нь хажуугаар машин орж ирж байна. Ах зөөлөн яваарай гэхэд жолооч ах тормос гишгээд өөрийн хөвөө тал руу шахаад явж байхад Экстраль маркийн машин хөндлөн дараад манай машины урд талыг мөргөөд манай машин онхолдсон. Манай машин зүүн гар тийшээ нэг ч удаа шахсан үйлдэл хийгээгүй. ...Би уг машины урд жолоочийн хажууд сууж явсан...” гэсэн мэдүүлэг, /хх-55-56-р хуудас/

 

6. Гэрч Ц.Батзул мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Би эхнэр Должин болон найзуудын хамт Дорноговь аймгийн Хамрын хийд орчихоод машинтай буцаж явсан. Тэгээд Чойр өнгөрөөд явж байхад зүүн гар талаар цагаан өнгийн Экстраль маркийн машин миний машины хажуугаар маш хурдтай дайрчих шахаад гүйцэт түрүүлээд өнгөрсөн. Тэгээд 200 метр газар гүйцэж түрүүлээд давхиж байгаад машин онхолдоод тоос боссон. Тэгэхээр нь би миний машины хажуугаар гүйцэж түрүүлээд явсан машинтай мөргөлдөөд хоёулаа онхолдов уу гэж бодоод тоос арилтал нь зөөлөн явсан. Мөн миний машины урд Приүс маркийн машин зогсож байсан. Тэгээд би очиход жижиг цагаан өнгийн машин замын хажууд онхолдсон байсан ба нөгөө миний хажуугаар хурдтай гүйцэж түрүүлсэн машин байхгүй байсан. Цагаан өнгийн жижиг онхолддог машин миний нүдэн дээр 2, 3 эргэж байгаа харагдсан. Тэгээд би Приүс-20 маркийн машинд нөгөө машин зугтаасан байна чи араас нь яваад дугаарыг нь хар би энэ хүмүүст анхан шатны тусламж үзүүлье гэсэн. ...Машинаас 2 эрэгтэй, 1 эмэгтэй зорчигч гарч ирсэн. ...Жолоочийг машинаас гаргаад хэвтүүлээд даараад байна гэхээр нь юмаар хучиж өгсөн. Тэгээд би тэр хүмүүсээс юу болсон бэ гэж асуусан чинь хажуунаас машин мөргөөд зугтаачихлаа гэсэн. Тэгээд би өөрийнхөө утсыг замд явж байгаад зогссон машины жолоочид өгөөд цагдаа түргэн дууд гэсэн. ...Тэгээд би жоохон хүүхэдтэй байсан болохоор хот руу явсан. ...Би тухайн үед жолоо бариад явж байсан. Манай эхнэр болон хажууд явсан хүмүүс унтаад явж байсан. Би тэр Экстраль маркийн  машиныг гүйцэж түрүүлэх гэж байгаад мөргөлдөж тэр машиныг онхолдуулсан гэж бодож байна. ...Тэр машины жолооч нуруу эвгүй болчихлоо. Тэр машин намайг хажуугаас мөргөчихөөд зугтаачихлаа гэж байсан...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 49-р хуудас/

 

7. Насанд хүрээгүй гэрч Ц.Мөнгөнсондор мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Би тэр өдөр ээж Цэрэндолгор, эмээ Охин, өвөө Хүрэлбаатар бас нэг ах, нэг охины хамт Дорноговь аймгийн энергийн төв орчихоод буцаж явсан. Бид нар манай ээжийн машинтай явж байсан. Машиныг Баатарчулуун гэдэг ах барьж явсан. Ээжийн бие өвдөөд байсан ба Баатарчулуун ах би машин баръя гээд булаагаад барьсан. ...Баатарчулуун ах урдаа явж байсан машиныг гүйцэж түрүүлэх гээд хажууд нь зэрэгцэж ирэхэд... Баатарчулуун ах замын хажуу руу ороод шороон дээгүүр явж байгаад буцаад засмал замд ороход нөгөө машин манай машины бөгслүү нь мөргөөд тэр цагаан өнгийн машин замын хажуу руу ороод 2, 3 эргэсэн. Тоос манараад явчихсан. Машин мөргөлдөхөд би машины хаалганы цонх  мөргөөд хамраас цус гарсан. Тэгээд ээж зогсооч охины хамарнаас цус гараад байна гэсэн чинь Баатарчулуун ах зогсохгүй яваад байсан. ...Ээж Баатарчулуун ахын нуруу руу цохиж байгаад зогсоосон. Тэгээд машинаас бүгдээрээ буугаад ээж миний цусыг тогтоосон. ...Нөгөө машин онхолдоход “Ээжээ машин мөргөөд машин онхолдчихлоо тэр машин дээр очих уу гэсэн чинь Баатарчулуун ах зүгээрээ зүгээр гээд давхиад байсан. Ээж машинаа зогсоо тэр хүмүүст туслая гэсэн. Баатарчулуун ах чигээрээ яваад байсан. ...Охин, Хүрэлбаатар нар машин мөргөлдөхөд Баатарчулуун ахад машинаа зогсоо гэж хэлсэн. Баатарчулуун ах машинаа зогсоогоогүй. ...Баатарчулуун ах шороон замаар явж байгаад засмал зам руу ороод тэгшрээд явсан. Яг замаас зам руу ороход машинтай мөргөлдсөн. Тэгэхэд Баатарчулуун ах арай гэж тогтоолоо гэж байсан. ...Баатарчулуун ах 140 км/цагийн хурдтай явж байсан. ...Машин мөргөлдөхөд таг гэж дуугарсан. Манай машин дайвалзсан...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 63-65-р хуудас/

 

8. Гэрч Ш.Цэрэндолгор мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Манай машин гүйцэж түрүүлэх дуут дохиогоо 2 удаа өгсний дараа гүйцэж түрүүлэх эгнээнд  ороход онхолдсон машин манай машиныг шахах үед хурдтай явж байсан машин зүүн гар тийшээ дараад шороо руу гарахад далбилзаад явахад би тухайн үед шоконд ороод хэсэг зуур яанаа ингээд дууслаа гэж бодсон. Одоо би эрүүл ухаанаар санахад намайг хэсэг зуур ороод гарах үед тэр хоёр машин мөргөлдсөн байх шиг байгаа юм. Тэгээд байж байхад хойно суусан хоёр охин улаан тоос манараад явчихлаа гэхээр нь би “Хүүшээ Баатарчулуунаа чи аваар хийчихсэн юм биш үү” гэж хэлсэн. Тэр үед хойно сууж явсан хоёр охин улаан тоос манараад явчихлаа гэхэд Хүрэлбаатар ах Охин эгч бид нар зогсооч гэдэг шаардлага тавьсан. ...Тэгэхэд машинаа зогсоогоогүй. ...Баатарчулуун осол болсныг мэдсэн гэж бодож байна. Хойно 2 хүүхэд улаан тоос манарлаа гэдгийг хашгираад хэлсэн. Зогс гээд байхад зогсохгүй яваад байсан. Тэгэхээр аваар болсныг мэдсэн гэж бодож байна. ...Осол болох үед би Баатарчулууны хажууд сууж явсан ба 140 км/цагийн хурдтай явж байсан. ...Би хурдаа хас гэж байнга хэлж байсан...” гэсэн мэдүүлэг, /2-р хх-ийн 50-р хуудас/

 

9. Гэрч Э.Охин мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Манай машин гэнэт зүүн тийшээ болоод шороон зам руу ороод буцаад эргээд засмал зам руу орсон. Шороон зам руу ороход манай машин донслоод дугуй нь оволзож буугаад явахад Баатарчулуун арай чүү нэг тогтоож авлаа гэж хэлж байсныг мэдэж байна. Тэгээд Баатарчулуун чигээрээ хурдтай явсан. ...Тэгэхэд Сондороо хойно тоос манараад явчихлаа гэсэн чинь Цэрэндолгор машинаа зогсоогооч юу боловоо гэсэн чинь зүгээрээ гээд зогсохгүй яваад байсан. Тэгэхэд Сондорын хамраас цус гарахаар нь чи зогсооч хүүхдийн хамарнаас цус гараад байна гэж хэлэхэд Баатарчулуун зогсохгүй нилээн явж байгаад зогссон. Машин дотор явж байхад Цэрэндолгор Баатарчулуун нар маргалдаж байхад “Чи хүүхдээ дэнжийн мянгад машинд сууж явж байгаад мөргөлдсөн юм уу хүүхдээ халтирч унаад юм мөргөсөн гээд хэлчихгүй юу намайг хэрэгт хийх гээд байгаа юм уу олуулаа нийлж барьж идэх гээд байгаа юм уу” гээд загнаад байсан. Тэгээд явж байгаад зогсоод бид нар буусан. ...Машины хойд тал хонхойсон байна гэсэн. Тэгээд хэдүүлээ буцая би иргэнийхээ үүргийг биелүүлэх ёстой явъя гэсэн. Цэрэндолгор эмч хүнийхээ хувьд анхны тусламж үзүүлэх ёстой явъя гэсэн чинь Баатарчулуун яваагүй. ...Баатарчулуун урдаа явсан машиныг гүйцэж түрүүлээд яваад байсан...” гэсэн мэдүүлэг, /2-р хх-ийн 48-р хуудас/

 

10. Гэрч Хүрэлбаатар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Манай машин урд явсан машиныг дуут дохио өгөөд гүйцэж түрүүлээд... зам руу ороод машин хэд дайвалзаад эгцрэхдээ Баатарчулуун яг уначих шахлаа гэж хэлсэн. Тэгээд жоохон явж байгаад Сондор хойно тоос бослоо гэж хэлсэн. Тэгэхэд юу боловоо зогсооч гэж бид нар хэлсэн чинь Баатарчулуун тэр чигээрээ яваад өгсөн. Тэгэхэд хүүхдийн хамарнаас цус гараад зогс гэхэд зогсохгүй нилээн явж байж зогссон. ...Тэгээд бид нар буухад машины хойд тал хар болсон байсан. Тэгээд буцаад очъё гэсэн чинь та нар намайг хэрэгт хийх гээд байгаа юм уу гээд байсан. Бид нар иргэнийхээ үүргийг биелүүлэх хэрэгтэй биздээ гэж хэлсэн. Тэгээд цаашаа машины шар гэрэл ассан байсан ба ойрхон шатахуун түгээх станц орж бензин хийгээд цаашаа явахад цагдаа зогсоосон. ...Их л хурдтай явсан 80 км/цагийн хурдтай яваагүй 100 км/ цагаас дээш хурдтай явсан. Манай эхнэр бид 2 зөөлөн яваач гэж их л хэлсэн ер тоогоогүй...” гэсэн мэдүүлэг, /2-р хх-ийн 49-р хуудас/

 

11. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 13 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: “...1. У.Тунгалагтамирын цогцост хийсэн задлан шинжилгээгээр цээжний битүү гэмтэл, дарагдал, өвчүүний дунд хэсгийн хугарал, өвчүү орчмын арьс, зөөлөн эд, хавирга завсрын зөөлөн эдийн цус хуралт, няцрал, үнхэлцэг хальсны тархмал цус хуралт, зүрхний зүүн ховдлын таславчийн цус хуралт, баруун талын 2, 3, 5, 6, 7, 8, 9-р хавирганы хугарал, баруун 6-р хавирганы уушиг нэвтэрсэн шарх, орчмын цус хуралт, цээжний баруун хөндий дэх 1200 мл цус хуралт, гол судас, уушгины угийн цус хуралт, бага нуруу дагасан цус хуралт, зүүн уушигны доод дэлбэнгийн ар хэсгийн цус хуралт, баруун хавирганы нумаарх хавирга завсарын зөөлөн эдийн цус хуралт, баруун гарын 2-р хурууны ар талд урагдсан шарх, өвчүүний доод хэсгээр цус хуралт, баруун далны доод хэсгээр, баруун өвдөгт, зүүн өвдөгт, баруун бугуйнд баруун гарын сарвууны ар талаар олон тооны зулгаралт, баруун чихний урд хэсэгт тавласан зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. ...Талийгаачийн цусанд этилийн спирт илрээгүй. У.Тунгалагтамир нь О/1/ бүлгийн харьяалалтай цустай байна. Талийгаачид урьд нь шууд үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.  У.Тунгалагтамир нь олон хавирганы хугарал, уушгины нэвтэрсэн шархны улмаас нас баржээ. Эмнэлгийн тусламж авсан ч амь насыг аврах боломжгүй...” гэсэн дүгнэлт, /хх-69-р хуудас/

 

12. Говьсүмбэр аймгийн Замын Цагдаагийн тасгийн шинжээчийн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 04 дугаартай дүгнэлтэнд: “...Замын Цагдаагийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Р.Одбаяр би Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч ахмад Г.Одбаярын шинжилгээ хийх шинжээч томилох тогтоолыг үндэслэн зам тээврийн осол, хэргийн эрүүгийн 201608000087 дугаартай хэргийн материалтай танилцан холбогдох хууль тогтоомжийг үндэслэн дараахь дүгнэлтийг гаргаж байна. ...Жолооч П.Баатарчулуун нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн “2.1 механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримтыг биедээ авч явна: а/ Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх, 2.5-д зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: б/ Зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, ...9.3-т тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гаднах замд цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна, ...10.2-т Гүйцэж түрүүлэх үйлдлйиг хийхдээ гүйцэгдэж байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахгүй байвал зохино, 8.11-т Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурдаас хамааруулан сонгож явна. ...Осол гарах болсон шалтгаан нь Ниссан Экстраль маркийн 67-02 УНЧ дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Пётрийн Баатарчулуун нь дээрх замын хөдөлгөөний дүрмүүдийн заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол гарах шалтгаан болсон байна... Талийгаач У.Тунгалагтамир нь Монгол Улсын замын хөдөлгөөний зүйл заалтыг зөрчсөн гэх үндэслэл хэргийн материалд алга байна” гэсэн дүгнэлт, /хх-ийн 125-126-р хуудас/

 

13. Улаанбаатар хотын Цагдаагийн газрын шинжээчийн 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 440 дугаартай дүгнэлтэнд: “...Жолооч П.Баатарчулуун нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн “2.1 механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримтыг биедээ авч явна: а/ Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх, 2.5-д “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ Тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/ Зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллагад ажилтанд мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх”, “9.3-т тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гаднах замд цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, “...10.2-т Гүйцэж түрүүлэх үйлдлйиг хийхдээ гүйцэгдэж байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахгүй байвал зохино ” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. Талийгаач У.Тунгалагтамир нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн зүйл заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Жолооч П.Баатарчулуун нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн дээрхи заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байх үндэслэлтэй байна ” гэсэн дүгнэлт /2хх-12-14-р хуудас/

 

14. 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн /5 хүний бүрэлдэхүүнтэй/ шинжээчийн дүгнэлтэнд “... Жолооч П.Баатарчулуун нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн “10.2-д гүйцэж түрүүлэх үйлдлийг хийхдээ гүйцэгдэж байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахгүй байвал зохино” гэсэн заалтыг зөрчсөн байх магадлалтай. Талийгаач У.Тунгалагтамир нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.5-д “Гүйцэгдэж байгаа жолооч хурдаа нэмэх, гүйцэж түрүүлэхэд ямар нэг байдлаар саад хийхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн эсэхийг тогтоох боломжгүй байна. Ниссан Экстрайль маркийн автомашины шахагдаж зорчих хэсгээс гарсан гэх цэгээс зорчих хэсэг рүү орсон гэх цэг хүртэл хэмжилтээр 114.7 м зам туулсан байна. Энэ зайд 80 км/цагийн хурдтай яваа автомашиныг зогсоох бүрэн боломжтой...” гэсэн дүгнэлт, /2-р хх-ийн 56-57-р хуудас/

 

15. 2016 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн хэргийн газрын нөхөн  үзлэг хийсэн тэмдэглэл болон түүнд хавсаргасан фото зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 15-26-р хуудас/

16. Хохирол төлбөр нэхэмжилсэн баримтууд / хх-ийн 180-202 дугаар хуудас/

 

17. Талийгаач У.Тунгалагтамирын охин Бөрт, хүү Т.Улсболд нарын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 208 дугаар хуудас/

 

18. Талийгаач У.Тунгалагтамирын нас барсан тухай гэрчилгээний хуулбар /хх-ийн 209 дүгээр хуудас/

 

 19. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 149-150 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч П.Баатарчулуун нь 2016 оны 05 дугаар сарын 22-ны орой 21 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн хатуу хучилттай авто замын 146/497 дугаар километрийн шонгийн орчим бусдын эзэмшлийн 67-02 УНЧ улсын дугаартай машин жолоодож яваад гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ иргэн У.Тунгалагтамирын жолоодож явсан 89-43 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийг шүргэж зам тээдрийн осол гарган иргэн У.Тунгалагтамирын амь насыг хохироосон, иргэн Б.Сод-Эрдэнэ, Түвшинцэцэг, Ц.Мөнгөнсондор нарын биед хөнгөн гэмтэл учруулсан, уг зам тээврийн осол гарсан хэргийн газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь

Хохирогч Б.Шүрэнцэцэгийн “...2016 оны 05 дугаар сарын 22-ны орой замын хүн ирээд танай хүү Тунгалагтамир Чойрт осолд орсон байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38-р хуудас/,

Хохирогч Б.Сод-Эрдэнийн “...Тэгээд Чойрын постоор гараад явж байтал гэнэт цагаан өнгийн Экстраль маркийн тээврийн хэрэгсэл манай машины зүүн гар талаар орж ирсэн. Тэгээд хүүе гэхийн завдалгүй манай машины урд талаас мөргөөд манай машин өнхрөөд онхолдсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-42-р хуудас/,

Гэрч Ц.Тамжидын “...Ах зөөлөн яваарай гэхэд жолооч ах тормос гишгээд өөрийн хөвөө тал руу шахаад явж байхад Экстраль маркийн машин хөндлөн дараад манай машины урд талыг мөргөөд манай машин онхолдсон. Манай машин зүүн гар тийшээ нэг ч удаа шахсан үйлдэл хийгээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56-р хуудас/,

Гэрч Ц.Батзулын “...Тэгээд Чойр өнгөрөөд явж байхад зүүн гар талаар цагаан өнгийн Экстраль маркийн машин миний машины хажуугаар маш хурдтай дайрчих шахаад гүйцэт түрүүлээд өнгөрсөн. Тэгээд 200 метр газар гүйцэт түрүүлээд давхиж байгаад машин онхолдоод тоос боссон... Тэгээд би яваад очиход жижиг цагаан өнгийн машин замын хажууд онхолдсон байсан ба нөгөө миний хажуугаар хурдтай гүйцэт түрүүлсэн машин байхгүй байсан. Цагаан өнгийн жижиг онхолддог машин миний нүдэн дээр 2, 3 эргэж байгаа харагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-р хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Ц.Мөнгөнсондорын ” ...Баатарчулуун ах урдаа явж байсан машиныг гүйцэж түрүүлэх гээд хажууд нь зэрэгцэж ирэхэд... Баатарчулуун ах замын хажуу руу ороод шороон дээгүүр явж байгаад буцаад засмал замд ороход нөгөө машин манай машины бөгслүү нь мөргөөд тэр цагаан өнгийн машин замын хажуу руу ороод 2, 3 эргэсэн. Тоос манараад явчихсан. Машин мөргөлдөхөд би машины хаалганы цонх  мөргөөд хамраас цус гарсан... Баатарчулуун ах 140 км/цагийн хурдтай явж байсан... ” гэх мэдүүлэг /хх-ийн 63-65-р хуудас/,

Гэрч Э.Охины “...Манай машин гэнэт зүүн тийшээ болоод шороон зам руу ороод буцаад эргээд засмал зам руу орсон. Шороон зам руу ороход манай машин донслоод дугуй нь оволзож буугаад явахад Баатарчулуун арай чүү нэг тогтоож авлаа гэж хэлж байсныг мэдэж байна. Тэгээд Баатарчулуун чигээрээ хурдтай явсан. ...Тэгэхэд Сондороо хойно тоос манараад явчихлаа гэсэн чинь Цэрэндолгор машинаа зогсоогооч юу боловоо гэсэн чинь зүгээрээ гээд зогсохгүй яваад байсан....Тэгээд явж байгаад зогсоод бид нар буусан. ...Машины хойд тал хонхойсон байна гэсэн. Тэгээд хэдүүлээ буцая би иргэнийхээ үүргийг биелүүлэх ёстой явъя гэсэн. Цэрэндолгор эмч хүнийхээ хувьд анхны тусламж үзүүлэх ёстой явъя гэсэн чинь Баатарчулуун яваагүй. ...Баатарчулуун урдаа явсан машиныг гүйцэж түрүүлээд яваад байсан... ” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 48-р хуудас/,

Гэрч Ш.Цэрэндолгорын “...Манай машин гүйцэж түрүүлэх дуут дохиогоо 2 удаа өгсний дараа гүйцэж түрүүлэх эгнээнд  ороход онхолдсон машин манай машиныг шахах үед хурдтай явж байсан машин зүүн гар тийшээ дараад шороо руу гарахад далбилзаад явахад би тухайн үед шоконд ороод хэсэг зуур яанаа ингээд дууслаа гэж бодсон. ...Тэгээд байж байхад хойно суусан хоёр охин улаан тоос манараад явчихлаа гэхээр нь би “Хүүшээ Баатарчулуунаа чи аваар хийчихсэн юм биш үү” гэж хэлсэн. Тэр үед хойно сууж явсан хоёр охин улаан тоос манараад явчихлаа гэхэд Хүрэлбаатар ах Охин эгч бид нар зогсооч гэдэг шаардлага тавьсан. ...Тэгэхэд машинаа зогсоогоогүй. ...Баатарчулуун осол болсныг мэдсэн гэж бодож байна. Хойно 2 хүүхэд улаан тоос манарлаа гэдгийг хашгираад хэлсэн” гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 50-р хуудас/,

           Гэрч Хүрэлбаатарын “...Манай машин урд явсан машиныг дуут дохио өгөөд гүйцэт түрүүлээд... зам руу ороод машин хэд дайвалзаад эгцрэхдээ Баатарчулуун яг уначих шахлаа гэж хэлсэн. Тэгээд жоохон явж байгаад Сондор хойно тоос бослоо гэж хэлсэн. Тэгэхэд юу боловоо зогсоож гэж бид нар хэлсэн чинь Баатарчулуун тэр чигээрээ яваад өгсөн. Тэгэхэд хүүхдийн хамарнаас цус гараад зогс гэхэд зогсохгүй нилээн явж байж зогссон. ...Тэгээд буцаад очъё гэсэн чинь та нар намайг хэрэгт хийх гээд байгаа юм уу гээд байсан. Бид нар иргэнийхээ үүргийг биелүүлэх хэрэгтэй биздээ гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 49-р хуудас/,

           Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 13 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-69-р хуудас/,

           Говьсүмбэр аймгийн Замын Цагдаагийн тасгийн шинжээчийн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 04 дугаартай дүгнэлт /хх-ийн 125-126-р хуудас/,

           Улаанбаатар хотын Цагдаагийн газрын шинжээчийн 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 440 дугаартай дүгнэлт /2-р хх-ийн 12-14-р хуудас/,

           2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн /5 хүний бүрэлдэхүүнтэй/ шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 56-57-р хуудас/,

           2016 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн хэргийн газрын нөхөн  үзлэг хийсэн тэмдэглэл болон түүнд хавсаргасан фото зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 15-26-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгчийн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байх тул шүүгдэгч П.Баатарчулууныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3, 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, зохих ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

 

Шүүгдэгч П.Баатарчулуун нь хохирогч Б.Шүрэнцэцэгт төлөх төлбөргүй, мөн шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн 500000 /таван зуун мянган/ төгрөгийг хохирогч Э.Сод-Эрдэнэд олгох нь зүйтэй байна.

 

Т.Түвшинцэцэг нь эмчилгээний төлбөр нэхэмжилж байгаа боловч нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй тул хангахгүй орхиж, цаашид нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг, мөн Т.Түвшинцэцэг, хохирогч Э.Сод-Эрдэнэ нараас ирүүлсэн компьютер томографын зургийг буцаан олгохыг дурьдаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч П.Баатарчулууны 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 2 хоног хойшлуулашгүйгээр баривчлагдсан, 2016 оны 06 дугаар сарын 25-ний өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүртэл нийт 14 хоног цагдан хоригдсоныг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцохоор, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй  болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна

 Шүүгдэгч П.Баатарчулуун нь хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлж байгаа, мөн хувийн байдал, хохиролыг нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан байдлыг харгалзан түүнд оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 291, 294-297, 298, 299 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Дов овогт Пётрын Баатарчулууныг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөнөөс бусдын амь насыг хохироосон, жолооч зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхин зугтаасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Баатарчулууныг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хасч 3 /гурав/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Баатарчулуунд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ жил 2 /хоёр/ сарын хорих ял дээр 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг багтаан биечлэн эдлэх хорих ялыг 3 жил /гурав/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар тогтоосугай..

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Баатарчулуунд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй..

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Баатарчулууны цагдан хоригдсон 14 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

6 Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, шүүгдэгч П.Баатарчулуун нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Хохирогч Б.Шүрэнцэцэг нь тэжээгчээ алдсаны тэтгэмжийн баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

 

8. Шүүгдэгч П.Баатарчулуунаас хураан авсан 500000 /таван зуун мянган/ төгрөгийг хохирогч Э.Сод-Эрдэнэд олгосугай.

 

9. Т.Түвшинцэцэг, хохирогч Э.Сод-Эрдэнэ нараас ирүүлсэн компьютер томографын зургийг буцаан олгож, Т.Түвшинцэцэг нь өөрт учирсан хохиролоо баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

 

 10. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Баатарчулуунд оногдуулсан 3 /гурав/ жил 2 /хоёр/ сарын хорих ялыг тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж түүнд хяналт тавихыг Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэсд даалгасугай.

 

11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Баатарчулуунд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

12. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

13. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч П.Баатарчулуунд урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Т.ЭНХМАНДАХ