| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтбаатарын Ганзориг |
| Хэргийн индекс | 122/2025/0032/з |
| Дугаар | 221/МА2026/0249 |
| Огноо | 2026-04-15 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 221/МА2026/0249
“Т н х” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Б.Адъяасүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Б.Тунгалагсайхан
Илтгэсэн: шүүгч З.Ганзориг
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, өмгөөлөгч С.Ч
Нэхэмжлэгч: “Т н х” ХХК
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын улсын ахлах байцаагч Ө.Б, улсын байцаагч Г.Г
Гуравдагч этгээд: Эрдэнэцагаан сумын Засаг дарга
Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын улсын ахлах байцаагчийн 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн “Нөхөн төлбөр төлүүлэх тухай” 07/28-01/185-02 дугаар актыг хүчингүй болгуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 122/ШШ2026/0007 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Д, С.Ч
Хариуцагч Ө.Б, Г.Г
Хариуцагчийн өмгөөлөгч Э.Ц
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ш, С.Э
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Э.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Өсөхбаяр
Хэргийн индекс: 122/2025/0032/з
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Т н х” ХХК-иас Сүхбаатар аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын улсын ахлах байцаагч Ө.Т н х, улсын байцаагч Г.Г нарт холбогдуулан “Сүхбаатар аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын улсын ахлах байцаагчийн 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн “Нөхөн төлбөр төлүүлэх тухай” 07/28-01/185-02 дугаар актыг хүчингүй болгуулах”-аар маргасан.
2. Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 122/ШШ2026/0007 дугаар шийдвэрээр: Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 10 дугаар зүйлийн 10.4, 10.12.2, Ашигт малтмалын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.1.1, 43.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:
3.1. Анхан шатны шүүх Ашигт малтмалын тухай хуульд заасан үгийн шууд утгыг зөрчин, хариуцлагын шинжтэй зохицуулалтыг өргөтгөн тайлбарлах замаар системчилсэн тайлбарыг буруу хэрэглэсэн. Энэ маргаанд хэрэглэгдэх дээрх хуулийн зохицуулалтаар “гадаад ажилтны тоо нийт ажилтны 10 хувиас хэтрэхгүй байх” шаардлагыг тавьсан. Улсын байцаагч нарын гаргасан маргаан бүхий актад хуульд зааснаас илүү хэмжээгээр ажиллуулсан гэх гадаад ажилтны тоог тогтоохдоо, тус хуулийн этгээдийн нийт ажилтны тооноос биш, зөвхөн монгол ажилтны тоотой харьцуулан төлбөрийн хэмжээг тогтоосон нь хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс энэхүү үндэслэлийг тайлбартаа дурдаж маргасаар атал шүүх тухайн асуудлаар дүгнэлт хийлгүй орхигдуулсан.
3.2.Хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтыг тал бүрээс нь үнэлэх үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй, маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн талаар дутуу дүгнэлт хийсэн. Учир нь аливаа төсөв бодитой байх зарчимд үндэслэгддэг бөгөөд энэхүү маргаанд хамаарах улсын байцаагчаар тогтоосон нөхөн төлбөрийн тухайд орон нутгийн төсөвт орлогоор орж бүртгэгдээгүй, урьдчилан төсөвлөх боломжгүй, түүнчлэн төсөвт орох эсэх нь эргэлзээтэй буюу маргаантай байгаа энэ тохиолдолд гуравдагч этгээдээс уг нөхөн төлбөрийг урьдчилан орон нутгийн төсөвт суулгуулж, дараа онд захиран зарцуулахаар төлөвлөж үүнийгээ эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байна гэх агуулгаар тайлбарлан маргаж буйг нь хүлээн авах боломжгүй байх ба шүүхээс энэ талаар тодорхой дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй гэж үзэж байна.
3.3. Маргаанд хамааралгүй этгээдийг гуравдагч этгээдээр оролцуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Энэ маргаанд гуравдагч этгээдээр оролцож буй Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Засаг даргын тухайд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэх нөхцөл байдал тогтоогдохгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр нь ийнхүү дээрх үндэслэлүүдээр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 122/ШШ2026/0007 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
4. Давж заалдах гомдлын агуулга: нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ч дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:
4.1. Хуулийн маш тодорхой заалтыг дэлгэрүүлж тайлбарлаж байгаа нь хууль тогтоогчоос баталсан хэм хэмжээнээс хэтрүүлэн тайлбарлан хэрэглэж, төлбөр төлөх субъектийг хуульд байхгүй байдлаар буюу “туслан гүйцэтгэгч нь төлбөр төлөгч байна” гэж тайлбарласан гэж үзнэ. Гэтэл хуульд нийцээгүй байдлаар хууль зүйн дүгнэлт хийгдэж хэргийн бодит байдалд нийцээгүй шийдвэрийг шүүхээс гаргах нөхцөлийг бүрдүүлжээ.
4.2. Гуравдагч этгээд гэх Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Засаг даргын ямар эрх ашиг хөндөгдөж байгаа нь тодорхойгүй, гуравдагч этгээдээр тогтоож байгаа үйл явдал нь хуульд нийцээгүй үйлдэл гэж үзэж байна. Харин зүй нь уг хэрэгт зайлшгүй гуравдагч этгээдээр татагдвал зохих этгээдүүд нь “Б х” ХХК болон иргэн Г.У нар нь байх ёстой бөгөөд “Б х” ХХК нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрт орших Сайн хөөвөр ил нүүрсний уурхайн ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байх бөгөөд түүнтэй туслан гүйцэтгэгчээр ажиллах талаар байгуулсан гэрээг буруу тайлбарласан байдлаас үүдэн хэргийн бодит байдлыг тогтоож чадсангүй. Энэ нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлөхүйц нөхцөл байдлыг үүсгэжээ.
4.3. Анхан шатны шүүхээс хэргийн бодит байдлыг хуульд нийцсэн байдлаар дүгнэж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэж чадаагүй байх бөгөөд энэ нь тухайлбал, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч нар нь урьдчилан сэргийлэх шалгалтын ажлын явцад илрүүлсэн зөрчил, дутагдлыг хянан шалгахдаа “Т н х” ХХК-ийн Гүйцэтгэх захирал БНХАУ-ын ӨМӨЗО-ны иргэн Б Э-д Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийг сануулж, зөрчилд холбогдогчийн эрх, үүргийг нь хангалттай сайн тайлбарлан өгч, түүнийг орчуулагч, хэлмэрчтэйгээ танилцах боломжоор нь хуулийн дагуу хангаж ажиллах ёстой байсан боловч энэ эрх, үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй байна. Хяналт шалгалтын ажиллагаа явуулсан тохиолдолд зайлшгүй "сонсох ажиллагаа"-г явуулж, хяналт шалгалтын үр дүнгийн талаар албан ёсоор танилцуулах үйл ажиллагааг огт хийгдээгүй. Түүнчлэн улсын байцаагч нарын хяналт шалгалтын үйл ажиллагаа нь тухайлсан удирдамжтай байх ёстой байсан боловч энэхүү удирдамжийг баталж гаргаагүй гэж үзэхээр байна.
4.4. “Т н х” ХХК нь гадаад ажилтны төлбөр болгож 600.000.000 гаруй төгрөгийг Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт төлсөн байдаг. Харин Сайн хөөвөр нүүрсний уурхайн тусгай зөвшөөрөл эзэмшигч нь “Б х” ХХК, харин “Т н х” ХХК тусгай зөвшөөрөл эзэмшигч биш байтал Ашигт малтмалын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т заасны дагуу хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулсан нь хууль, хяналт шалгалтын удирдамжид нийцээгүй.
4.5. Улсын ахлах байцаагч Захиргааны актыг гаргахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу үйл ажиллагаа явуулаагүй, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг хэрэгжүүлж ажиллаагүй, Хяналт шалгалт хийх нийтлэг журмыг зөрчсөн байгаа нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдож байх бөгөөд энэ талаарх шүүхийн мэтгэлцээний явцад талуудын асуулт, хариултаар бүх зүйл тодорхой болсон. Зүй нь улсын байцаагч зөрчил илрүүлсэн л бол Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авах ёстой бөгөөд үүнд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа ч гэсэн нэгэн адил хамааралтай. Нэгэнт хуулийн зохих шаардлага хангаагүй акт өөрөө гарсан цагаасаа эхлэн хүчингүй болох учиртай.
Иймд, шүүхийн шийдвэрт дурдсан дээрх алдаа дутагдлуудыг зөвтгөх байдлаар Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 122/ШШ2026/0007 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлж өгнө үү гэжээ.
5. Хариуцагч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжсэн агуулга бүхий тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүх хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн учраас шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
3. Нэхэмжлэгч “Т н х” ХХК-аас Сүхбаатар аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын улсын ахлах байцаагч Ө.Т н х, улсын байцаагч Г.Г нарт холбогдуулан “Сүхбаатар аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын улсын ахлах байцаагчийн 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн “Нөхөн төлбөр төлүүлэх тухай” 07/28-01/185-02 дугаар актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэл гаргасан.
3.1. Ингэхдээ шаардлагын үндэслэлээ ... манай компани туслан гүйцэтгэгч учраас Ашигт малтмалын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-т заасан шаардлага л хамаарна, харин тусгай зөвшөөрөл эзэмшигчид үйлчлэх 43.2-т заасан ажлын байрны төлбөр төлөх үүрэг хамаарахгүй, гэтэл ажлын байрны төлбөр төлүүлэхээр акт тогтоосон нь үндэслэлгүй; манай хувьд гадаад ажилтныг хөдөлмөр эрхлүүлэхтэй холбоотой зохих зөвшөөрлийг авч, ажлын байрны төлбөрийг төлж, үйл ажиллагаа явуулсан; улсын байцаагч нар хяналт шалгалтын үйл ажиллагааг холбогдох хууль журмын дагуу явуулаагүй, нэхэмжлэгч хуулийн этгээд, гүйцэтгэх захирлын эрхийг хангаагүй, Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг тус тус зөрчсөн; гэх зэргээр тодорхойлно.
3.2. Харин хариуцагчаас “… “Т н х” ХХК нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нийтлэг үүргээр хүлээсэн ашигт малтмал хайх, эрэх, ашиглах, нүүрс олборлох үйл ажиллагааг “Б х” ХХК-тай байгуулсан гэрээний хүрээнд гүйцэтгэсэн тул ажлын байрны төлбөр төлөх үүрэгтэй, ажиллуулсан гадаад ажилчдын ажлын байр тутамд төлбөл зохих төлбөрийг сумын төсөвт төвлөрүүлээгүй болох нь холбогдох баримтаар тогтоогдсон; хяналт шалгалтыг холбогдох хууль, эрх бүхий этгээдээс баталсан удирдамжийн дагуу гүйцэтгэсэн, хяналт шалгалтад оролцох эрх, боломжоор хангасан, 2024 онд зөрчил шалган шийдвэрлэж ажиллагаа явуулахдаа холбогдогчийн эрх, үүргийг танилцуулж Монгол хэл мэдэх, орчуулагч, өмгөөлөгч авах эсэхийг асуухад “Монгол хэл мэднэ, өмгөөлөгч, орчуулагч авахгүй” гэдэг бөгөөд монгол хэлээр шууд харилцаж байсан тул эрх хангаагүй гэх тайлбар үндэслэлгүй” гэж,
3.3. Гуравдагч этгээдээс “… Т н х ХХК нь ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үндсэн үйл ажиллагаатай салшгүй холбоотой ажил үйлчилгээ эрхэлдэг нь тогтоогдсон учраас Ашигт малтмалны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 43.2-т заасан гадаадын ажиллах хүчний нөхөн төлбөрөөс чөлөөлөгдөхгүй” гэж тус тусын татгалзлын үндэслэлээ тайлбарлаж маргасан.
4. Хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдоно. Үүнд:
4.1. “Т н х” ХХК нь гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд бөгөөд ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигч “Б х” ХХК-тай байгуулсан гэрээний үндсэн дээр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт байх “Сайн хөөвөр” нүүрсний ил уурхайн талбайд хөрс хуулалт, нүүрсний давхаргын тээвэрлэлт, гүний ус шахах, зайлуулах, нүүрс цэвэрлэх /нүүрс олборлох, тээвэрлэх, овоолох/ олборлолтын явцад нүүрсний дунд зэргийн бохирдсон давхаргыг цэвэрлэх, нүүрсийг ангилан овоолох, ажлын талбайд зам барих, овоолго хийх, зам усалгааны болон бусад ажлыг гүйцэтгэх туслан гүйцэтгэгчээр ажилладаг бөгөөд 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдөр “Сайн хөөвөр ил нүүрсний уурхайн хөрс хуулах, олборлолтын ажлын гэрээ”-г шинэчлэн байгуулсан.
Тус гэрээний 5.3.1, 5.3.8-д зааснаар гадаад ажилтны зөвшөөрөл, хуулиар тогтоосон холбогдох шаардлагыг биелүүлэх үүргийг Б тал болох “Т н х” ХХК хүлээжээ. /Хэргийн I хавтасны 5-10, 18-28 дахь талд/
4.2. Монгол Улсын Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны 2024 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн “Хяналт шалгалтын төлөвлөгөө батлах тухай” 02 дугаар тогтоолоор Салбарын хяналт шалгалтын 2025 оны төлөвлөгөөг хавсралтаар баталсан.
Үүний Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн “Уул уурхай, олборлолт, хуурай замаар хийгдэх ачаа тээврийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” 08-07/03 дугаар удирдамж гарч, тус удирдамжийн дагуу салбарын улсын Ерөнхий байцаагчийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн “Гадаадаас ажилтан авч ажиллуулж буй аж ахуйн нэгж байгууллагуудын гадаад ажилтны хөдөлмөр эрхлэлтэд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай” 08-07/16 удирдамжийн хүрээнд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрт ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Б х” ХХК болон түүний туслан гүйцэтгэгч “Т н х” ХХК-д 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 2025 оны 08 дугаар сарын хооронд хяналт шалгалт явуулсан.
Энэ хүрээнд хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Г.Г 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдөр тус компанийн үйл ажиллагаа явуулдаг байршилд очиж хяналт шалгалт хийхдээ, гадаад иргэдтэй хийсэн гэрээ, ажлын байрны төлбөр төлсөн баримт, орон нутгийн санд төлсөн баримт зэргийг ирүүлэх талаар мэдэгдэж, тэмдэглэл үйлджээ. /Хэргийн I хавтасны 49-79 дэх талд/
4.3. “Т н х” ХХК нь 2025 оны 01 дүгээр сард 10, 2025 оны 02 дугаар сард 10, 2025 оны 03 дугаар сард 8, 2025 оны 04 дүгээр сард 19, 2025 оны 05 дугаар сард 54, 2025 оны 06 дугаар сард 53 гадаад иргэнийг ажиллуулсан, ингэхдээ ажлын байрны төлбөрөөс чөлөөлөгдөөгүй гэх үйл баримт “Т н х” ХХК-ийн гадаад ажилтан, цалингийн бүртгэл, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан, Гадаадын иргэн, харьяатын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын лавлагаа, Эрдэнэцагаан сумын Засаг даргын тодорхойлолт зэргээр тогтоогдсон. /Хэргийн I хавтасны 85-104, 105-118, 119-131, 136-143 дахь талд/
Сүхбаатар аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хувьд, гадаад ажилтны тоог нийт ажилтны 10 хувиас хэтрүүлэхгүй байх, илүү хэмжээгээр ажиллуулсан тохиолдолд Ашигт малтмалын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т заасан хэмжээгээр ажлын байрны төлбөр төлөх талаар 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 07/28-02/135-18 дугаар албан шаардлагыг “Т н х” ХХК-д хүргүүлж байсан бол 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд Гүйцэтгэх захирал Б Э нь холбогдогчоор мэдүүлэг өгөхдөө Монгол хэл, бичиг мэддэг, ярьж чадна хэмээн орчуулагчгүй оролцож байжээ.
4.4. Сүхбаатар аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын улсын ахлах байцаагчийн 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн “Нөхөн төлбөр төлүүлэх тухай” 07/28-01/185-02 дугаар актаар, “Т н х” ХХК-ийг 2025 оны 01-06 дугаар саруудад “хуульд заасан хэмжээнээс хэтрүүлсэн гадаад иргэдийн ажлын байрны төлбөр” гэж 1,062,458,000 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэжээ. /Хэргийн I хавтасны 80-82 дахь талд/
5. Хэргийн оролцогчдын шаардлага ба татгалзлын үндэслэл, маргааны үйл баримтаас үзэхэд, Ашигт малтмалын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д заасан ажиллах хүчний бүрэлдэхүүнд тавигдах шаардлага, ялангуяа тус зүйлийн 43.1.1-д заасан “гадаад ажилтны тоо”-нд тогтоосон хязгаарлалт нь туслан гүйцэтгэгч хуулийн этгээдэд хамаарах эсэх талаар нэхэмжлэгч тухайлан маргаагүй, гагцхүү энэ шаардлагыг хангаагүй буюу тогтоосон хэмжээг хэтрүүлсэн тохиолдолд тус хуулийн 43.2-т заасан ажлын байрны төлбөрийг төлөх үүрэг (эрх зүйн үр дагавар) түүнд бий эсэх талаар маргасан тул энэ хүрээнд эрх зүйн дүгнэлт өгч, хэргийг шийдвэрлэхээр байна.
6. Анхан шатны шүүхээс маргааны үйл баримтын талаар “... гадаад ажилтны тоо нийт ажилтны 10 хувиас хэтрэхгүй байх шаардлага нь тусгай зөвшөөрөл эзэмшигч, туслан гүйцэтгэгч хэн алинд нь хамаарах бөгөөд хуулийг системчлэн тайлбарлавал ажлын байрны төлбөр төлөх үүрэг нь туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгжид ч нэгэн адил хамаарна, “Т н х” ХХК нь 2025 онд хуулиар тогтоосон хэмжээнээс илүү гадаад ажилтан ажиллуусан ч ажлын байрны төлбөрт ногдох 1,062,458,000 төгрөгийг төсөвт төлөөгүй, тус компанийн гүйцэтгэх захирлын төрийн хяналт шалгалтад хамрагдахтай холбоотой эрх зөрчигдөөгүй, төрийн хяналт шалгалтыг холбогдох удирдамжийн дагуу явуулсан ба энэ харилцаанд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан ажиллагаа хамаарахгүй” гэж дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэжээ.
7. Хууль эрх зүйн зохицуулалтын хувьд;
7.1. Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д ““гадаад ажилтан” гэж Монгол Улсад хөдөлмөр эрхэлж, эсхүл дадлагажиж байгаа гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг;/хэлнэ/”, 24 дүгээр зүйлийн 24.2-т “Хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 24.1-д заасан мэдээллийг үндэслэн гадаад ажилтанд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгоно”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол гадаад ажилтны ажлын байрны төлбөрийн нэг сарын хэмжээ нь нэг сард ногдох хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй байна.”, 32.2-т ““Ажлын байрны төлбөр” гэж Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа ажил олгогч нь гадаад ажилтнаар хөдөлмөр эрхлүүлсний төлөө энэ хуульд заасан хэмжээгээр төлөх мөнгөн төлбөрийг ойлгоно”, 32.7-д “Ажил олгогч хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хугацаагаар тооцож ажлын байрны төлбөрийг урьдчилан төлнө” гэж,
7.2. Ашигт малтмалын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч болон түүний туслан гүйцэтгэгч нь Монгол Улсын иргэдийг ажлын байраар хангах үүрэг хүлээх ба тухайн хуулийн этгээдийн ажиллах хүчний бүрэлдэхүүнд дараах шаардлага тавигдана: 43.1.1. гадаад ажилтны тоо нийт ажилтны 10 хувиас хэтрэхгүй байх;”, 43.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 43.1.1-д зааснаас илүү хэмжээгээр гадаадын иргэдийг авч ажиллуулсан ажлын байр тутамд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх, 43.1.2-т зааснаас бага хэмжээгээр орон нутгийн иргэдийг авч ажиллуулсан ажлын байр тутамд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төлбөрийг сар бүр төлнө”, 43.3-д “Энэ хуулийн 43.2-т заасан төлбөрийг тухайн сум, дүүргийн төсөвт төвлөрүүлж хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байр шинээр бий болгох, соёл, боловсролын болон эрүүл мэндийн салбарт зарцуулах бөгөөд энэ талаархи журмыг сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална” гэж тус тус заасан.
8. Дээрх зохицуулалтаас үзэхэд, “ажлын байрны төлбөр” хэмээх ойлголт нь нэгд, энэ хэсгийн 7.1-д заасан гадаадын иргэнийг Монгол Улсад хөдөлмөр эрхлүүлэх зөвшөөрөлтэй холбогдсон харилцаанд хамаарах буюу ажил олгогчоос урьдчилан төлөх төлбөр, хоёрт энэ хэсгийн 7.2-т заасан хуулийн дагуу тогтоосон квотоос хэтрүүлсэн тохиолдолд тус хуульд заасан хувь хэмжээгээр төлөх төлбөр гэсэн ялгамжтай утгыг илэрхийлж байна.
Тодруулбал, хуулийн этгээд нь төрийн захиргааны байгууллагаас тогтоосон хязгаарын дотор гадаадын иргэн ажиллуулахдаа юуны өмнө зохих зөвшөөрөл авч, түүнд хамаарах ажлын байрны төлбөр, үйлчилгээний хураамжийг Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас тогтоосон журмын дагуу төлж, энэ нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төвлөрдөг.
9. Харин Ашигт малтмалын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2-т заасан зохицуулалт нь эрх зүйн харилцааны агуулга, эдийн засгийн ангиллын хувьд илүү нарийвчилсан зохицуулалт бөгөөд Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулиар тогтоосон үндсэн төлбөр хураамжаас гадна, Ашигт малтмалын тухай хуульд заасан гадаад ажилтны хувь хэмжээг хэтрүүлсэн тохиолдолд төлөх агуулгатай зохицуулалт гэж үзэхээр байна.
10. Энэ тохиолдолд Ашигт малтмалын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсгийн зохицуулалтыг үгийн шууд утгаар тайлбарлах бус зохицуулж буй харилцаанд нэгэн адил хамаарах тус хуулийн бусад зохицуулалтаас гадна Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуультай зохицуулалтын зорилгод нийцүүлж, агуулгаар нь системчлэн тайлбарлах замаар туслан гүйцэтгэгчийн хувьд тогтоосон хэмжээнээс хэтэрсэн гадаад ажилтны ажлын байрны төлбөрийг төлөх эсэх эрх зүйн үр дагаврыг тодорхойлох нь зүйтэй.
11. Ашигт малтмалын тухай хуулийн хөдөлмөр эрхлэлтийн бодлогын үндсэн зорилго нь уул уурхайн салбарт Монгол ажиллах хүчийг хамгаалах, орон нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд гадаад ажиллах хүчээр системтэйгээр зах зээлийг орлуулахыг хязгаарлахад чиглэсэн.
Хэрэв уг ажлын байрны төлбөр төлөх үүрэг туслан гүйцэтгэгчид хамаархгүй гэж үгчлэн тайлбарлаваас, тусгай зөвшөөрөл эзэмшигч нь гадаад ажилтныг түүгээр дамжуулан авч ажиллуулах замаар 10 хувийн босгыг алгасах, улмаар хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хууль хэрэгжихгүй байх эрсдэлд хүргэх тул Ашигт малтмалын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “туслан гүйцэтгэгч” гэж оруулсан нь бодит ажиллах хүчний бүтцийг бүхэлд нь хянах зорилготой, хэтрүүлсэн ажлын байр тутамд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлэн ногдуулах ажлын байрны төлбөр туслан гүйцэтгэгчид ч мөн хамаарна гэж тайлбарлах нь хуулийн энэ зорилгод илүү нийцнэ.
12. Энэ тохиолдолд, улсын байцаагчаас зөрчил гаргасан гэж тооцсон 2025 оны 1-6 дугаар сарын хооронд 13-15 монгол ажилтан, 8-53 хүртэл гадаад ажилтан ажиллуулсан байх тул хэтрүүлсэн ажлын байр тутамд нэмэгдүүлэн бодож, тооцоолол гаргасныг буруутгах боломжгүй.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “… Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн дагуу 660 гаруй сая төгрөгийг хариуцагчид төлсөн” гэж тайлбарлах боловч энэ нь “Т н х” ХХК-ийн өөрийн нэрээр зөвшөөрөл авч, гадаадаас ажиллах хүч оруулж ирэхэд төлсөн төлбөр хураамж, эсхүл хэтрүүлж ажилласан ажлын байрны төлбөрийн аль нь болохыг тодорхойлох баримтыг нэхэмжлэгч тал шүүхэд ирүүлээгүй байна. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т төлбөрийг төлөх үүрэггүй гэх үндэслэлээр маргасан атлаа түүнд 660,000,000 төгрөг төлсөн гэж зөрүүтэй үндэслэл тодорхойлсныг ч дурдах нь зүйтэй.
13. Хэрэгт цуглуулсан баримтаас үзэхэд, улсын байцаагчийн хувьд хяналт шалгалтын ажиллагааг эхлүүлснээс хойш түүнд хамаарах аливаа баримт бичгийг захиргааны байгууллагад ирүүлэх, биечлэн ирж тайлбар мэдүүлэг өгөх зэргээр төрийн хяналт шалгалтанд оролцох, хуульд заасан эрхээ эдлэх боломжийг олгожээ.
“Т н х” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б Э-гийн хувьд улсын байцаагчтай шууд харилцаж байсан талаар хариуцагч мэдүүлсэн, өмнөх зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд ч орчуулагчийн тусламжгүй чөлөөтэй харилцаж байсан үйл баримт тогтоогдож байгаа тул “орчуулагч, өмгөөлөгч авах эрхээр хангаагүй, сонсох ажиллагаа явуулаагүй” гэх гомдол нь үндэслэл бүхий биш байна.
14. Хариуцагч нарын хэрэгжүүлсэн хяналт шалгалтын ажиллагаа нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу, эрх бүхий этгээдийн баталсан удирдамжийн хүрээнд гүйцэтгэж, илэрсэн зөрчлийг арилгуулахаар тогтоосон улсын байцаагчийн акт байх тул уг харилцаанд Зөрчил шалган шийдвэрлэх тухайн хуулийг баримтлах шаардлагагүй, энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.
Учир нь хариуцагчийн зүгээс Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу хяналт шалгалт явуулж, улсын байцаагчийн акт үйлдсэн гэж тайлбарлаж, тэр нь хэрэгт цуглуулсан баримтаар нотлогдож байгаа нөхцөлд, тухайн тохиолдолд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан ажиллагааг гүйцэтгэх байсан гэж хариуцагчийг буруутгах үндэслэлгүй.
15. Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд, 2026 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 14.00 цагт эхэлсэн шүүх хуралдаан 2026 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 17.05 цагт дууссан бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Даваасүрэн шүүх хуралдаан даргалагчийн зөвшөөрөлгүйгээр хурлыг орхисон талаар тэмдэглэлд тусгагдаагүй байна.
Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдолд дурдсанчлан “хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэл үйл баримтад тодорхой дүгнэлт хийгээгүй” гэх нөхцөл тогтоогдоогүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлд хамаарахгүй.
16. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын ноцтой зөрчил гаргаагүйн зэрэгцээ маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, шаардлагатай нотлох баримтуудыг бүрэн цуглуулж, уг баримтуудад үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн учраас шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 122/ШШ2026/0007 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ