Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 51

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Прокуророос шүүгдэгч Боржигон овогт Даваагийн Лхагвадоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.15 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгосугай.
  2. Шүүгдэгч Боржигон овогт Даваагийн Лхагвадоржийг хүнийг танхайн сэдэлтээр алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Лхагвадоржийг 16 жил хорих ялаар шийтгэсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Лхагвадоржийг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцсугай.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.7 дахь зааснаар шүүгдэгч Д.Лхагвадоржид оногдуулсан 16 жил хорих ялыг онцгой дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
  6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар Д.Лхагвадоржийн цагдан хоригдсон 102 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
  7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн бариултай, бариул дээрээ 3 ширхэг тавтай, 14.5 см урттай ажлын хэсэгтэй, stanless steel гэсэн бичиглэлтэй, нийт 25 см урт хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
  8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Д.Лхагвадоржоос 2.196.166 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Отгонгэрэлд олгосугай.
  9. Хохирогч хууль ёсны төлөөлөгч Ч.Отгонгэрэл нь гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
  11. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Лхагвадоржид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.  

           

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ч.ОТГОНБАЯР

                                          ШҮҮГЧИД                                      А.АЛТАНХУЯГ

                                                                                                      Ц.ДАЙРИЙЖАВ