Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 181/ШШ2020/02289

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,  

 

Нэхэмжлэгч: А-ийн нэхэмжлэлтэй,       

Хариуцагч: Б-д холбогдох,    

 

Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.    

   

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А, хариуцагч Б, нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би 1996 онд Бтай танилцаж, 2002 онд гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлж гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 1997 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр охин Н, 2003 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр охин М, 2007 оны 8 дугаар сарын 18-ны өдөр охин Л, 2011 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүү Э нар төрсөн билээ.

2014 оны 11 дүгээр сард бидний амьдралд үүссэн маргаантай харилцааны улмаас бид 4 хүүхдээ 2х2-оор нь өөрсдийн асрамжид авч, тусдаа амьдрах болсон. Тусдаа амьдрах нь бидний болоод хүүхдүүдийн хүмүүжилд хэрэгтэй байсан болохоор ингэж шийдвэрлэсэн. Түүнээс хойш би том охин Н, бага хүү Э нарын хамт амьдарсаар ирсэн.

Одоо бид тус тусын амьдралтай болсон бөгөөд цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Том охин Н, хүү Э нарыг миний асрамжинд үлдээж, дунд хоёр охид М, Л нарыг эцэг Бын асрамжид үлдээж шийдвэрлэж өгнө үү.

Бидний хооронд хүүхдүүдийн асрамж болоод тэтгэлэг, мөн дундын өмчлөлийн эд хөрөнгийн талаар ямар нэгэн маргаангүй болно гэв.

 

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа. Бид 1996 онд танилцаж хамт амьдарч дундаасаа 4 хүүхэдтэй болж, 2014 оныг дуустал хамт амьдарч байгаад улмаар Атай учир зүйгээ олоход бэрх боолсон тул хүүхдүүдээ хоёр хоёроор аваад өдийг хүртэл тус тусдаа ямар нэгэн маргаан зөрчилгүй явж ирлээ.

Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Миний бие Б нь дунд хоёр охинтойгоо амьдарч байгаа тул хүүхдүүдийн асрамжид энэ хэвээр үлдээн шийдвэрлэж өгнө үү.

Бид дундын эд хөрөнгийн маргаангүй, хүүхдүүдийн асрамж болоод тэтгэлгийн асуудал дээр харилцан тохиролцсон гэв.

 

Шүүх талуудын тайлбар, зохигчдоос шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

             ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А нь хариуцагч Бд холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Хариуцагч Б гэрлэлт цуцлуулах шаардлагыг хүлээн зөвшөөрсөн.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.      

 

Гэрлэгчид 1996 онд гэр бүл болж, 2002 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн ба тэдний дундаас 1997 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр охин Н, 2003 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр охин М, 2007 оны 8 дугаар сарын 18-ны өдөр охин Л, 2011 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүү Э нар төрсөн болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ болон охин Н, М нарын иргэний үнэмлэхийн хуулбар, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.  

 

Гэрлэгчид хамтын амьдралынхаа хугацаанд үүссэн маргаантай харилцааны улмаас 2014 оны 11 дүгээр сараас хойш өдийг хүртэлх хугацаанд тусдаа амьдарч байгаа бөгөөд удаан хугацааны турш тусдаа амьдарч байгаа тэд цаашид эвлэрч хамт амьдрах боломжгүй үндэслэлээр гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн тул шүүх тэдэнд эвлэрүүлэх арга хэмжээ авах нь үр дүнд хүрэхгүй гэх дүгнэлтэд хүрч гэрлэлтийг цуцлав.

 

Гэрлэгчдийн дундаас төрсөн насанд хүрээгүй охин М, Л нар нь эцэг Бынхаа, хүү Э нь эх Агийнхаа асрамжид тус тус амьдарч байгаа бөгөөд зохигчид хүүхдүүдийн асрамжийг энэ хэвээр үлдээхийг хэн аль нь хүссэн, зөвшөөрсөн тул шүүх асрамжийг хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

 

 Зохигчид шүүхээр шийдвэрлүүлэх гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийн болоод хүүхдийн тэтгэлгийн маргаан байхгүй гэснийг, мөн шүүх хэдийгээр гэрлэлтийг цуцалж байгаа боловч хүүхдүүдийн хувьд А, Б нарын хуульд заасан эцэг, эхийн эрх, үүрэг хэвээр хадгалагдахыг, хэн нэг нь хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд нөгөөдөө саад хийхгүй байх үүрэгтэйг тус тус дурдах нь зүйтэй гэж үзэв.   

 

Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4, 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон  

 ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Б, А нарын гэрлэлтийг цуцалсугай.        

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан өдөр төрсөн охин М, өдөр төрсөн охин Л  нарыг эцэг Бынх нь, өдөр төрсөн хүү Э ийг Агийнх нь асрамжид тус тус хэвээр үлдээсүгэй.

 

3. Гэрлэгчдийн хооронд гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөтэй холбоотой болоод шүүхээр шийдвэрлүүлэх хүүхдийн тэтгэлгийн маргаангүй гэснийг дурдсугай.

 

4. Шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах У.Уянгад даалгасугай.  

 

5. Гэрлэлтийг цуцалж байгаа боловч хүүхдүүдийн хувьд Б, А нарын хуулиар хүлээсэн эцэг, эхийн эрх, үүрэг хэвээр хадгалагдахыг, хэн нэг нь хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд нөгөөдөө саад хийхгүй байх үүрэгтэйг тэдэнд тайлбарласугай. 

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.               

 

 7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд 7 хоногийн дараа бичгэн хэлбэрээр гарсан шийдвэрийг талууд 14 хоногийн дотор өөрсдөө ирж гардан авах үүрэгтэй бөгөөд энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хугацааны дотор шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.       

 

  

 

 

ДАРГАЛАГЧ                                   Ө.УЯНГА