| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ламжавын Соёлмаа |
| Хэргийн индекс | 148/2020/00345/И |
| Дугаар | 515 |
| Огноо | 2020-08-06 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 515
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж, шүүгч Д.Мөнхцэцэг, Л.Соёлмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар баг, 93 брак 1 тоотод оршин суух, эрэгтэй, одоо хувиараа хөдөлмөр эрхэлдэг Г.Х нэхэмжлэлтэй;
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Дархан-уул аймгийн Дархан сумын 1 дүгээр баг цэнгэлдэх 4 дүгээр гудамж, 33 тоотод оршин суух, эрэгтэй, одоо өмгөөлөгч ажилтай, Б.С
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 8 дугаар баг Тарни хэсэгт оршин суух цахим үнэмлэхний хаягтай, одоо Хүдэр сумын тарвагатайн 1 дүгээр баг Сэвсүүлийн аманд түр оршин суух, эрэгтэй, хувиараа мал малладаг М.Цхолбогдох
Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 2,400,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд; Нэхэмжлэгч Г.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, гэрч Г.Баяраа, иргэдийн төлөөлөгч Ж.Хүдэрбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Энхтайван нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие нь Г.Баяраатай ам хэлцэл хийн 2,500 боодол өвсийг нэг бүрийг нь 6,000 төгрөгөөр бодож 6,000,000 төгрөг өгч гол хөлдөхөөр авахаар тохиролцсон байсан. 2019 оны 12 сард өвсөө авахаар очтол мал орсон нилээн өвс задарсан байдалтай байхаар дахин 2 хоног боож янзлахад 400 боодол өвс дутсан байсан. Г.Баяраа надад 11 сард өвс рүү айлын адуу орсон байна өвсөө ирж аваарай гэж утсаар хэлж байсан боловч ажлын боломж бололцоо олдохгүй байсаар авч чадаагүй юм. Г.Баяраа бид хоёр аль аль нь анх өвсний бүрэн бүтэн байдлыг хэн харж, хэн нэгэнд хариуцуулан өгөх талаар ярьсан зүйл байхгүй. Г.Баяраа өвсөө бэлдээд тавих, би гол хөлдөхөөр очиж авахаар л тохиролцсон байсан. Өвс бэлэн болсны дараа миний хувьд очиж нүд үзэж тоолсон зүйл байхгүй юм.
Г.Баяраа өвс бэлдсэн газраа камер тавьсан байснаас харахад М.Цэгээнжав гэдэг айлын адуу 2 удаа орсон байсныг адуу өвсөнд орсон талаар адууны эзэнтэй нь очиж уулзсан гэсэн. Мөн орсон малынх нь зураг авсан, им тэмдэг нь зурагт гарсан байгаа. Нэгэнт энэ айлын адуу орсон, зураг авсан, зураг дээр адуу нь тодорхой им тэмдэгтэйгээ гарсан учраас энэ зураг нь М.Цэгээнжавын адуу гэдгийг бүрэн нотолсон гэж үзсэн. Иймд М.Цэгээнжаваас 400 боодол өвсний төлбөр 2,400,000 төгрөг гаргуулж өгнө үү...гэх.
Шүүх хуралдаанд уншин сонсгосон хариуцагч М.Цэгээнжавын шүүхэд гаргасан тайлбараас:
Тус шүүхэд Г.Хын зүгээс М.Цэгээнжав надад холбогдуулан гаргасан 2,400,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гардан авч танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.
Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд миний бие нь мал маллаж амьдардаг. Нэхэмжлэл гаргасан Г.Х гэх хүнийг огт танихгүй, нэхэмжлэлд дурдагдсан Г.Баяраа гэх хүн нь Хүдэр сумын иргэн. Г.Х, Г.Баяраа гэх хүмүүс хоорондоо ямар наймаа хийж өвс өгөлцөж, авалцсан талаар би огт мэдэхгүй. Миний зүгээс хүний бэлдсэн өвсөнд адуугаа оруулж идүүлсэн хохирол учруулсан зүйл огт байхгүй. Манай адуу мал өвөлжөөнийхөө ойролцоо бэлчээрийнхээ бүсэд л бэлчиж өвөлжсөн. Нэхэмжлэл гаргаж буй Г.Х гэдэг хүний хаана хадгалсан, ямар өвснөөс, хэдэн ширхэг өвсийг хэний адуу орж идсэн болохыг огт ойлгохгүй байна. Хэрвээ нэхэмжлэлд дурдагдсан зүйл нь үнэн бол Г.Х хэзээ, хаана хэнд хариуцуулан хамгаалуулсан, ямар хашаа хороо, агуулах саванд хадгалж байсан хэдий хэмжээний өвсийг хэний буруугаас хэн гэх хүний хэдэн 7ёстой байх гэж бодож байна.
Миний хувьд өөрийн адуу малаа хариулагагүй орхисон, хэн нэгний хадгалж, хамгаалж байсан өвс тэжээлийг адуу малаараа идүүлсэн зүйл ерөөсөө байхгүй. Манай мал бэлчээрийн бүсдээ бэлчиж энэ өвлийг давсан. Хэрвээ хөдөө хээр айлын малын бэлчээр дээр харуул хамгаалалт хадгалах хашаа савгүйгээр өвс үлдээчихээд тэрүүгээ мал идлээ тэр дундаа манай адууг идлээ гэж нэхэмжилж байгаа бол тийм үндэслэл байхгүй гэж үзэж байна. Хөдөөний малчдыг дээрэлхэж хууль мэдэхгүй, даруу зөөлөн зантай гэж өөрийнхөө хариуцлагагүйгээс болж үрэгдүүлсэн өвсний мөнгөө нэхэж гаргуулах гэж байгаа бол тэрийг миний бие зөвшөөрөхгүй.
Иймд шүүх хэргийг шударгаар шийдвэрлэж Г.Хын гаргасан үндэслэлгүй нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Жич: Цаашид тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд миний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С оролцох болно. Миний бие хөдөөний малчин тул байнга ирж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжгүй болоод байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би Г.Хын нэхэмжлэлтэй М.Ц холбогдох Эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол 2,400,000 төгрөг гаргуулах тухай хэрэгтэй танилцаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаагийн хувьд 3 зүйл дээр яръя гэж бодож байна. Үүнд:
1.Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргаж байгаа тайлбар зэргийг харахад Г.Х нь нэхэмжлэгч мөн эсэх талаар шүүх дүгнэлт хийж өгөхийг хүсэж байна. Учир нь: Өвсийг хүлээж авсан талаар ямар ч нотлох баримт байхгүй байна. Тэгэхээр Г.Х нь өвсийг өөрийн эзэмшилд бүрэн шилжүүлж авсан нөхцөл байдал тогтоохгүй байгаа учраас нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд мөн үү, үгүй юу гэдэгт эргэлзээ төрж байна. Өвсийг Г.Баяраа гэх хүн бэлдсэн байгаа бөгөөд Г.Х худалдаж авсан гэх өвсөө хэрхэн яаж хүлээж авсан талаар нотолсон баримт байхгүй байна.
2.М.Цэгээнжав энэ хэргийн хариуцагч биш гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл өвс худалдах, худалдан авах харилцаа нь зөвхөн Г.Х болон Г.Баяраа нарын хооронд үүссэн. Тиймээс М.Цэгээнжав нь энэ хэргийн хариуцагч биш гэж үзэж байгаа юм.
3.Нэхэмжлэгч нь хариуцагчийн адуу өвсөнд орсон талаар бүрэн хэмжээгээр нотолсон баримт байхгүй, нэхэмжлэлийнхээ үндэслэлийг тодорхой зааж өгөөгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ шаардлагыг, хариуцагч татгалзлаа нотлох үүргийг тус тус хүлээдэг. Улмаар шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэдэг. Нэхэмжлэгч Г.Х нь өөрийн нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон баримтыг гаргаж өгөөгүй байна. 1 боодол өвсний үнэлгээг тогтоохдоо ямар зах зээлийн судалгаан дээр үндэслэж үнэлгээг гаргасан нь тодорхойгүй байна. Өвс хадгалсан гэх газар нь ямар харуул хамгаалалттай газар байсан талаар баримт байхгүй байна. Түүнээс гадна М.Цэгээнжавын адуу өвс идсэн нь асуудал нь нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул нэхэмжлэлийг бүрэн хэмжээгээр хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх.
Гэрч Г.Баяраа шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ:
Би Хүдэр сумын Засаг даргын тамгын газартай Хадлангийн талбайг түр ашиглуулах гэрээ хийж Г.Хтай ам хэлцэл хийн өвс бэлдэж 2,500,000 боодол өвс өгч авалцахаар тохиролцон, Г.Х надад 6,000,000 төгрөгийг хуваан бэлнээр, мөн нэг тракторыг 9,000,000 төгрөгөд тооцон өгч өвсөө өвөл гол хөлдөхөөр ирж авахаар тохиролцсон байсан. Өвсөө 2 нуруу хийж өвсөө бэлдсэн талаар Г.Хт утсаар мэдэгдсэн. Би хэд хэдэн удаа очиж эргэж тойрч байсан. 2019 оны 11 дүгээр сард очиход М.Цэгээнжавын 60-аад адуу орсон байсныг зургийг нь авсан. Дахиад очиход мөн тэр 60 аад адуу дахин орсон байхаар нь М.Цэгээнжавынд очиж Танай адуу миний бэлдсэн нуруулдсан өвсөнд орсон байна гэхэд тэр Би 20-иод хоног эмнэлэгээр явж байгаад ирлээ, адуугаа хараагүй байна. Та нар өвсөндөө хашаа хороо барихгүй яасан юм бэ? гээд байхаар нь жаахан маргалдаж байгаад гарсан. Би тухайн очсон үедээ өвс бэлдсэн газраа камер тавиад явсан. Камераас харахад М.Цэгээнжавынх мөн байсан. Өвсөнд адуу орсон талаар би Г.Хт хэлж, өвсөө ирж аваа гэхэд ажил болохгүй байна гэсээр 12 сард ирэхэд өвс задарсан байсан. 400 боодол өвс дутсан байсан. Би өвснийхөө төлбөрийг бэлнээр болон эд зүйлсээр авсан учраас энэ өвс нь Г.Хынх гэж бодож байна. Адуу өвсөнд орсноос болж Г.Хт нилээн зардал чирэгдэл гарсан. Нуруулдсан өвсний захаас 2-3 үеийг идсэн байсан. Өвлийн хүйтэнд 2 хоног хүмүүстэй ажилласан. Хэн нэгэн хүнд өвс харах талаар болон бүрэн бүтэн байдлыг хангах талаар бидний хооронд ярьсан зүйл байхгүй. Г.Х бид хоёр нилээн хэдэн жил хамтарч ажиллаж байгаа юм гэх.
Шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж:
ҮНДЭСЛЭХ нь:
Г.Х нь М.Ц холбогдуулан Эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохирол 2,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан ...Миний бие нь Г.Баяраатай ам хэлцэл хийж 2,500 боодол өвсийг нэг бүрийг нь 6,000 төгрөгөөр бодож 6,000,000 төгрөг өгч гол хөлдөхөөр авахаар тохиролцсон байсан... гэх, гэрч Г.Баяраагийн Би Хүдэр сумын Засаг даргын тамгын газартай Хадлангийн талбайг түр ашиглуулах гэрээ хийж Г.Хтай ам хэлцэл хийн өвс бэлдэж 2,500,000 боодол өвс өгч авалцахаар тохиролцон, Г.Х надад 6,000,000 төгрөгийг хуваан бэлнээр, мөн нэг тракторыг 9,000,000 төгрөгөнд тооцон өгч өвсөө өвөл гол хөлдөхөөр ирж авахаар тохиролцсон байсан... гэх мэдүүлгээс үзэхэд Г.Х, Г.Баяраа нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан харилцаа үүссэн ба худалдан авагч нь худалдагчид тохирсон үнийг бэлэн болон бэлэн бусаар төлж, бэлдсэн өвсөө түүний өмчлөлд шилжүүлсэн гэж үзнэ.
Г.Баяраа нь намар өвсөө бэлдэж, Г.Х нь өвөл гол хөлдөхөөр өвсөө авахаар харилцан тохиролцсон бөгөөд тухайн өвсний бүрэн бүтэн байдлыг хэн нь хариуцах талаар тохиролцоогүй ч Иргэний хуулийн 258 дугаар зүйлийн 258.1-д зааснаар Худалдан авагч худалдан авсан эд хөрөнгөө хугацаанд нь хүлээж аваагүй бол худалдагч нь уг эд хөрөнгийг хадгалах үүрэгтэй гэсэн байгааг анхаарах хэрэгтэй.
Г.Баяраа нь Г.Хт ...бэлдсэн нуруулдсан өвсөнд удаа дараа айлын адуу ороод идээд байна, яаралтай өвсөө аваарай... гэдэг талаар мэдэгдсэн боловч нэхэмжлэгч Г.Х тухайн хугацаанд өвсийг аваагүй, мөн 2500 боодол өвс бэлдсэн гэж байгаа хэдий ч тухайн цаг үед нүдээр үзэж тоолж хүлээн аваагүй нь нэхэмжлэгчийн бага боловч буруутай үйл ажиллагаа байна.
Г.Баяраа 2500 боодол өвс бэлдсэн эсэх талаар хавтаст хэрэгт нотолсон баримт авагдаагүй байх тул 2500 боодол өвс бэлдсэн эсэх нь эргэлзээтэй байна.
Гэтэл 2019 оны 11, 12 сард тухайн бэлдэж нуруулдсан өвсөнд иргэн М.Цэгээнжавын 60 тооны адуу удаа дараа орж өвс идсэнээс 400 боодол буюу 2,400,000 төгрөгний хохирол Г.Хт учирсан гэж байгаа хэдий ч М.Цэгээнжавын адуу мөн эсэх нь тодорхойгүй,
хэрэгт тухайн үед нь бэлдсэн өвсөнд орсон гэх им тэмдэг бүхий адууны зураг нотлох баримтаар авагдсан боловч, хэний адуу болох талаар тухайлбал мал тооллогын малын хөлийн А данс зэрэг бусад нотолсон баримтуудыг шүүхэд гаргаж ирүүлээгүй болно.
Мөн Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Засаг даргын дэргэдэх үнэлгээний комиссын 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн №3 дүгнэлтээр нэг боодол өвсийг зах зээлийн ханшаар 6000 төгрөгөөр үнэлсэн байгаа нь зах зээлийн ямар судалгааг үндэслэн гаргасан эсэх нь тодорхойгүй байгааг дурдаж байна.
Иймд Г.Хын нэхэмжлэлтэй М.Ц холбогдох Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 2,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 53,350 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж,
хэрэгт авагдсан Хадлангийн талбайг түр ашиглах гэрээ /2 хуудас/, татвар төлсөн баримт /2 ширхэг/-ыг нотлох баримтын хүрээнд үнэлээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар Г.Хын нэхэмжлэлтэй М.Ц холбогдох Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 2,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53,350 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжинд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал ...14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн өмгөөлөгчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн шүүхэд давж заалдах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ
ШҮҮГЧИД Д.МӨНХЦЭЦЭГ
Л.СОЁЛМАА