| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2020/0102/И |
| Дугаар | 323 |
| Огноо | 2020-09-25 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2020 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 323
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж, ерөнхий шүүгч А.Ц, шүүгч Д.Ц нарын бүрэлдэхүүнтэйгээр, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг ... тоот, Замын-Үүд чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р багт оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, Б овогт Х.Ж,
Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р багт оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, Б овогт А.Ж нарт холбогдох
Гэм хорын хохирол 2,365,392.96 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Р, иргэдийн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Б.Э, хариуцагч Х.Ж, А.Ж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Замын-Үүд чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Замын-Үүд чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны автозамын гэрлийн шон, түүний суурь, суурилуулах ажлын хөлс болох 3,000,000 төгрөгийн хохирол барагдуулах. Замын-Үүд чөлөөт бүсийн нутаг дэвсгэр дээр 2019 оны 11 сарын 18-ны өдөр Х.Ж гэгч нь Истана маркийн ... улсын дугаартай автомашинаар зам, тээврийн осол гаргасны улмаас чөлөөт бүсийн автозамын гэрэлтүүлгийн шон, шонгийн бетон суурь эвдрэн ашиглах боломжгүй болж чөлөөт бүсийн замын хөдөлгөөнд саад учруулсаар байна. Иймд дээрх хохирлыг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Ж нь автын осол гаргаж манай байгууллагад хохирол учруулсан. Удаа дараа янзалж өг гэж хариуцагч нарт хандаж байсан боловч ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Бид манай байгууллагын дансанд байгаа үнээр нэхэмжилж байна. Манайд уг гэрлийн шон нь 1,400,000 төгрөгөөр үнэлэгдэн бүртгэгдсэн. Мөн тус орон нутгийн хот тохижуулах компани хийх ажлын хөлс, техникийн хөлсийг тооцон гаргасан байдаг. Хийх хөлс нь 700,000 төгрөг болно гэсэн. Иймд хариуцагч нараас нийт 2,100,000 төгрөгийн нэхэмжилж байна гэв.
Хариуцагч Х.Ж шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 2019 оны 11 сарын 18-нд аваар осолд орсон. Аваарт орохдоо шонгийн мод мөргөсөн нь үнэн. Миний бие нь аваарт орсноос хойш өдийг хүртэл эдгэц удаантай, хөдөлмөр эрхлэх чадваргүй байна. Би өөрийн гэсэн гэр оронгүй айлын гэрт амьдардаг нэн ядуу байдаг. Тиймээс би энэ хямралын үед ажил хийх чадваргүй тул энэ шонгийн модны мөнгөн торгуулийг төлж чадахгүй. Иймд миний энэ хүсэлтийг харгалзан үзнэ үү гэжээ.
Хариуцагч Х.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Автын осол гаргаж гэрлийн шон мөргөсөн буруугаа ойлгож байна. Ар гэрийн нөхцөл муу, ажил эрхэлдэггүй учир хохирлыг барагдуулж чадаагүй. Нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлээд байгаа үнийн дүн зах зээлийн үнээс хэт өндөр байгаа тул хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Сүүлд гарсан үнэлгээний компанийн дүнг зөвшөөрч байна. Ажил хийж байгаад мөнгийг бага багаар төлж барагдуулна гэж бодож байна гэв.
Хариуцагч А.Ж шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлийн үнийн дүнг анхнаасаа би хүлээн зөвшөөрөөхгүй. Хэт өндөр үнэлсэн байгаа. Ж-д би өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг жолоодуулан явж байгаад ийм осолд орсон. Ийм учир би тээврийн хэрэгслийн эзэн гэдгээр энэ хэрэгт татагдан орж ирсэн. Удаа дараа шинжээч томилж бодит үнэ тогтоолгох хүсэлт гаргаж байсан. Сүүлд ирсэн үнийн дүнг хүлээн зөвшөөрч байна. И ХХК нь гэрлийн шон болон ажлын хөлс нийлээд 917,840 төгрөгөөр үнэлсэн байсан. Би өөрөө хийгээд өгье гэж энэ байгууллагын төлөөлөгчид хэлж байсан. Тохирох боломжтой юм ярьж байгаад сүүлдээ утсаа авахгүй болсон. Нэхэмжлэгч тал элэгдэл хорогдол хасахгүйгээр дансанд байгаа үнийн дүнгээр хохирлыг барагдуулна гэж байгааг зөвшөөрөхгүй гэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Замын-Үүд чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба нь гэм хорын хохиролд хариуцагч Х.Ж, А.Ж нараас 2,100,000 төгрөгийг нэхэмжилсэн болно.
Хариуцагч Х.Ж, А.Ж нар нь гэм хорын хохирол учруулсан тал дээр маргаагүй боловч хэт өндөр нэхэмжлэлийн шаардлага гаргасан, элэгдэл хорогдол тооцоогүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг төлөхгүй гэж маргасан болно.
Хариуцагч Х.Ж нь 2019 оны 11 сарын 18-ны өдөр ... улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12. Тээврийн хэрэгслийн хурд, 12.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, 12.2-д “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг, хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан болох нь 2019 оны 12 сарын 05-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны магадалгаа /1-р хх-ийн 13/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 5-6/, зам тээврийн ослын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрлийн зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 7-12/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Дээрх ослын улмаас Замын-Үүдийн чөлөөт бүсийн эд хөрөнгөнд бүртгэлтэй байх l гэрэлтүүлэгчтэй гэрэлтүүлгийн шон h=9m(220B/LED lighting 180W/220v/), Гэрэлтүүлэгч цэнэглэх утас /2*2.5 кв.мм/ (Wire for charging lighting/2*2.5mm2/), шонгийн бетон суурийг мөргөж цаашид ашиглах боломжгүй болгосон нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 5-6/, зам тээврийн ослын газар үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 7-8/, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 9-12/-ээр тус тус тогтоогдож байна.
Нэхэмжлэгч байгууллага нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа гэм хорын хохирол анх 3,000,000 төгрөг, хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 2,365,392.96 төгрөг болгон бууруулсан боловч шүүх хуралдаанд нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч шаардлагаа гэрлийн шонгийн үнэ 1,400,000 төгрөг, ажлын хөлс 700,000 төгрөг нийт 2,100,000 төгрөг болгон бууруулсан болно.
Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар Замын-Үүд дэд бүтцийг сайжруулах төслийн 4 багц ажлын хүрээнд баригдсан барилга байгууламж, тоног төхөөрөмжийн хөрөнгийн задаргаа, Замын-Үүдийн чөлөөт бүсэд 4-р багц Авто зам болон холбоо дохиоллын багц ажлын тоног төхөөрөмж эд хөрөнгийн жагсаалт /1-р хх-ийн 19-22/, гэрэлтүүлгийн шон засварлахад краны болон ажлын хөлс тооцсон Замын-Үүд нийтийн аж ахуй үйлчилгээ орон нутгийн өмчит ХХК-ны 2020 оны 50 дугаартай албан тоот /1-р хх-ийн 94-96/ зэрэг үйл баримтыг ирүүлсэн байна. Замын-Үүд дэд бүтцийг сайжруулах төслийн 4 багц ажлын хүрээнд баригдсан барилга байгууламж, тоног төхөөрөмжийн хөрөнгийн задаргаа, эд хөрөнгийн жагсаалт гэх баримт нь нэхэмжлэгч байгууллагын өөрийнх нь баталгаажуулсан баримт, түүнчлэн барилга хот байгуулалтын газраас гаргаж ирсэн баримт /1-р хх-ийн 156-196/ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасан шаардлагыг хангаагүй баримтыг шүүхэд ирүүлсэн. Мөн гэрэлтүүлгийн шон засварлахад краны болон ажлын хөлс тооцсон Замын-Үүд нийтийн аж ахуй үйлчилгээ орон нутгийн өмчит ХХК-ны баримт нь нарийвчилсан задаргаа тооцоолол байхгүй, ойлгомжгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримтын хүрээнд нотолж чадахгүй байна. Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгчийн тайлбараар уг гэрлийн шон 2014, 2015 оны үед Замын-Үүдийн чөлөөт бүсийн автозамын дагуу суурилагдсан байна. Үүнээс дүгнэхэд уг шон нь осол болох үе буюу 2019 оны 11 сар хүртэл 4-5 жилийн хугацаанд бороо, шороо, цас, нар, салхинд гадаа байж элэгдэлд орсон байх үндэслэлтэй. Гэтэл нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч нь “манай байгууллагын үйл ажиллагаа эхлээгүй учир байгууллагын дансанд бүртгэлтэй байгаа дүнгээр буюу анхны үнэ болох 1,400,000 төгрөг, суурилуулалтын хөлс 700,000 төгрөг нийт 2,100,000 төгрөгийг нэхэмжилж байна” гэж мэтгэлцэж байгаа нь дээрх баримтуудаар нотлогдоогүй, мөн осол болох үед уг гэрлийн шон элэгдэл хорогдолд ороогүй шинээрээ байсан гэдгийг нэхэмжлэгч тал баталж чадаагүй юм.
Хариуцагч А.Ж, нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Б.Э нарын гаргасан хүсэлтийн дагуу шүүх эд хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий хөндлөнгийн байгууллага болох Эд хөрөнгийн үнэлгээний И ХХК-ийг шинжээчээр томилж эд хөрөнгийн үнэлгээг гаргуулсан болно. Уг компанийн гаргасан үнэлгээгээр гэрлийн шонгийн материалын зардал 600,600 төгрөг, суурилуулах зардал 288,400 төгрөг нийт 917,840 төгрөгөөр үнэлэгдсэн байна. Шинжээч нь нар нь үнэлгээ хийлгэж буй эд хөрөнгийн шинж чанар, байдалтай нь танилцаж, судалгаа хийсэн байна. Уг эд хөрөнгөнд үнэлгээ хийхдээ өртгийн хандлагын аргыг ашиглаж, учирсан хохирлыг арилгаж, хэвийн нөхцөлд нь оруулахтай холбоотой гарах зардлын дүнг тогтоосон байна. Иймд И ХХК-ний гаргасан эд хөрөнгийн үнэлгээг /1-р хх-ийн 220-239/ шүүх нотлох баримтын хүрээнд үнэлж шийдвэрийн үндэслэх хэсгээ болгосон болно.
Хариуцагч Х.Ж нь эрхэлсэн тодорхой ажилгүй, нэн ядуу амьдралтай, ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй тул төлбөрийг төлж чадахгүй гэж тайлбараа шүүхэд гаргасан боловч өөрийн татгалзлаа нотлох баримтаар шүүхэд нотолж чадаагүй байна.
Хариуцагч Х.Ж нь хариуцагч А.Ж-н эзэмшлийн ... улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12. Тээврийн хэрэгслийн хурд, 12.1, 12.2, 12.3-т заасныг зөрчиж нэхэмжлэгч байгууллагад хохирол учруулсан байх тул Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т зааснаар бусдад учруулсан хохирлыг арилгах үүргийг хариуцагч А.Ж хүлээхээр хуульчилсан болно.
Иймд хариуцагч Х.Ж, А.Ж нараас гэм хорын хохиролд 917,840 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа 1,182,160 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөж, хариуцагч нараас хуульд зааснаар хангасан үнийн дүнгээр тэмдэгтийн хураамж гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.
И ХХК-иас шинжээчийн зардал болох 50,000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэх ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийн зарим хэсгийг шүүх хангаж шийдвэрлэж байгаа тул хариуцагч, нэхэмжлэгч талд хуваарилан хариуцуулах нь зүйтэй гэж үзлээ. Хариуцагч А.Ж-н хувьд шинжээчийн дүгнэлт гаргасан даруйд шинжээчийн хөлс болох 100,000 төгрөгийн 50,000 төгрөгийг төлж барагдуулсан нь И ХХК-ний 2020 оны 09 сарын 02-ны өдрийн 02/65 дугаартай албан тоотоор тогтоогдож байна. Иймд үлдэх 50,000 төгрөгийн 25,000 төгрөгийг хариуцагч Х.Ж-с, 25,000 төгрөгийг нэхэмжлэгч Замын-Үүд чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албанаас тус тус гаргуулан И ХХК-нд олгохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Х.Ж, А.Ж нараас 917,840 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Замын-Үүд чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албанд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,182,160 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 62,950 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Х.Ж, А.Ж нараас улсын тэмдэгтийн хураамжид 26,578 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар шинжээчийн зардлаас үлдсэн 50,000 төгрөгийн 50 хувь болох 25,000 төгрөгийг нэхэмжлэгч Замын-Үүд чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албанаас, үлдэх 25,000 төгрөгийг хариуцагч Х.Ж нараас тус тус гаргуулж И ХХК-нд олгосугай.
4. Хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь мөн хуулийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг мөн хуулийн 119.4-т заасан 14 хоногийн дотор гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
7. Энэхүү шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.Б
ШҮҮГЧИД А.Ц
Д.Ц