Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2020 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 324

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч Х банк ХХК-ний Дорноговь салбарын нэхэмжлэлтэй хариуцагч Б.Б, Б.Г нарт холбогдох зээлийн гэрээний үүрэг үндсэн зээлийн төлбөр 3,324,353.46 төгрөг, хүүгийн төлбөр 954,889.39 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 31,057.8 төгрөг, нийт 4,310,300.65 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 09 сарын 10-ны  өдөр хүлээн авч, 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад        

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х банк ХХК-ний Дорноговь салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.Б, хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Г нар нь 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Х банктай 1020028802 дугаартай Зээлийн гэрээ байгуулж, өрхийн хэрэглээний зориулалтаар 4,000,000 /дөрвөн сая/ төгрөгийг 48 сарын хугацаатай, жилийн 20,4 хувийн хүүтэйгээр авсан. Зээлийн гэрээний гол нөхцөлөөр гэрээний 1 дүгээр хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлдэгч нь сар бүр зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч 2019 оны 05 сарын 03-наас эхлэн зээлийн төлбөрийг зохих ёсоор төлөөгүй ба 2020 оны 09 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар 493 хоног хугацаа хэтрүүлээд байна. Энэ хугацаанд банкны зүгээс Б.Б, Б.Г нарт гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа мэдэгдэж, шаардаж байсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй, тодорхой арга хэмжээ авалгүй өдийг хүрсэн. Зээлдэгч Б.Б, Б.Г нарын зээлийн үлдэгдэл 2020 оны 09 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар үндсэн зээл 3,324,353.46 төгрөг, хүү 954,889.39 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 31,057.8 нийт 4,310,300.65 төгрөг болоод байна. Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн Мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 1020028802 дугаартай Зээлийн гэрээг тус тус үндэслэж, төлөгдөөгүй үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл 3,324,353.46 төгрөг, 2020 оны 09 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар хугацаа хэтэрсэн 493 хоногийн хүү болох 954,889.39 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 31,057.8 төгрөг, нийт 4,310,300.65 төгрөгийг хариуцагч Б.Б, Б.Г нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Дорноговь аймаг Өргөн сум 4-р багт оршин суух, И овогт Б.Б, Б овогт Б.Г нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Б.Б хамтран зээлдэгч Б.Г нар нь Х банкны нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэг болох 4,310,300.65 төгрөгийг 2020 оны 09 сарын 21-ний өдөр бүрэн төлж барагдуулсан учир хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Б.Б, Б.Г нар 4,310,300.65 төгрөгийн нэхэмжлэлийн дүнг төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х банк ХХК-ний Дорноговь салбар нь хариуцагч Б.Б, Б.Г нараас зээлийн гэрээний үүрэг үндсэн зээлийн төлбөр 3,324,353.46 төгрөг, хүүгийн төлбөр 954,889.39 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 31,057.8 төгрөг, нийт 4,310,300.65 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлага 4,310,300.65 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагыг 2020 оны 09 сарын 21-ний өдөр биелүүлсэн талаарх тайлбарыг нэхэмжлэгч байгууллага нь хүлээн зөвшөөрч тайлбар, нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулсан тухай дансны хуулгыг шүүхэд ирүүлсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Х банк ХХК-ний Дорноговь салбарын нэхэмжлэлтэй хариуцагч Б.Б, Б.Г нарт холбогдох зээлийн гэрээний үүрэг үндсэн зээлийн төлбөр 3,324,353.46 төгрөг, хүүгийн төлбөр 954,889.39 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 31,057.8 төгрөг, нийт 4,310,300.65 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Б.Б, Б.Г нар нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 83,915 төгрөгийн 50 хувь болох 41,957.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 41,957.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Б.Б, Б.Г нараас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 41,957.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

3. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ                         Э.Б