Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 335

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 2-р хороонд оршин суух, К банк ХХК-ний нэхэмжлэлтэй,

З.Ө-г эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний нэхэмжлэлийг 2020 оны 09 сарын 22-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Р, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч К банк ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Б овогт З.Ө нь К банктай 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 3016-2018/54 тоот Цалингийн зээлийн болон Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээг тус тус байгуулан 15,000,000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 22,8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай авсан билээ. Зээлийн барьцаанд ирээдүйн цалинг барьцаалсан болно. Дээрх гэрээнүүдэд талууд гарын үсэг зурж, тамга даран баталгаажуулсан. Гэвч зээлдэгч З.Ө нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтойгоор зөрчиж, үндсэн зээл, зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанд төлөлгүй зөрчил үүсгэсэн. Зээлдэгчидтэй утсаар холбогдож зээлийн зөрчлөө төлж барагдуулахыг шаардах гэсэн боловч утас нь холбогдохгүй орох ярианы эрх нь хаагдсанаас гадна албан мэдэгдэл хүргүүлэхээр зээлдэгчийн зээл авах үедээ бүрдүүлж өгсөн оршин суудаг тухай тодорхойлолтод тусгасан хаягт нь очиход тухайн хаягтаа оршин суухгүй, байхгүй байна. Иймд зээлдэгч З.Ө-н бүртгэлтэй оршин суугаа хаяг тодорхойгүйн улмаас тус банк шүүхэд нэхэмжлэл гаргах боломжгүй нөхцөл байдал үүссэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т заасны дагуу иргэн З.Ө-г эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: З.Ө нь К банктай 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 3016-2018/54 тоот Цалингийн зээлийн болон Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээг тус тус байгуулан 15,000,000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 22,8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай авсан. 2019 оны 08 сарын 20-ноос хойш төлөлт хийгээгүй. Зээл авах үедээ бүртгүүлж байсан хаяг буюу Замын-Үүд сум 1-р баг ... хаяг дээр нь одоо эцэг З, ээж Х нар нь амьдарч байгаа. Зээл авах үедээ ... ажилладаг байсан. Одоо зээлийн үлдэгдэл 11,112661 төгрөг, хүү 2,726,507 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Иймд З.Ө-г эрэн сурвалжилж оршин суух хаягийг тогтоож өгнө үү гэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч К банк ХХК-ний шүүхэд гаргасан З.Ө-г эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

К банк ХХК нь З.Ө-тэй 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 3016-2018/54 тоот Цалингийн зээлийн болон Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээг тус тус байгуулан 15,000,000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 22,8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн байна. З.Ө нь зээлээ барагдуулахгүйгээр нэхэмжлэгчтэй холбогдохгүй, оршин суух хаягтаа байхгүй, хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй байгаа нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтогдож байх тул түүнийг эрэн сурвалжлах үндэслэлтэй гэж шүүх үзлээ. Замын-Үүд сум 1-р баг ... хаяг дээр нь эцэг З, ээж Х нар нь амьдардаг болохыг дурдав.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Б овогт З.Ө-г эрэн сурвалжилсугай.

2. З.Ө-г эрэн сурвалжилж түүний оршин суух хаягийг тогтоох ажиллагааг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст үүрэг болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нар нь мөн хуулийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг мөн хуулийн 119.4-т заасан 14 хоногийн дотор гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

6. Энэхүү шийдвэрийг нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Э.Б