Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 12

 

 

 

 

 

 

   2023         12         25                                   2024/ШЦТ/12

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Батмандах даргалж,

шүүгдэгч *******,

нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал,

улсын яллагч Б.Сод-Эрдэнэ нарыг оролцуулан эрүүгийн 2306 00000 2911 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн *******, 1988 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Увс аймагт төрсөн. 35 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, график дизайнер мэргэжилтэй. Монгол телевиз ХХК-д ажилтай. Ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 215 дугаар байрны 2-502 тоотод оршин суух, урьд Увс аймгийн Сум дундын шүүхийн 2003 оны 10 дугаар сарын 07- ны өдрийн Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн, /РД: /,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 10-ны өдөрт шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай Элизабет хотхоны 215 дугаар байрны 502 тоотод өөрийн эхнэр Ө.Ариунзаяаг гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн гэх шалтгаанаар маргаан үүсгэж, улмаар нүүр, толгой, гар хэсэг рүү хэд хэдэн удаа цохиж, толгойн дагз хэсгээр нь хана мөргүүлэх зэргээр зодож, биед нь баруун нүдний дээд, доод зовхи, хамар, дух, доод уруул, дагз, зүүн шуу, баруун бугалга, шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод уруулд язрал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн дүгнэлт:

Хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 10-ны өдөрт шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай Элизабет хотхоны 215 дугаар байрны 502 тоотод өөрийн эхнэр Ө.Ариунзаяаг гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн гэх шалтгаанаар маргаан үүсгэж, улмаар нүүр, толгой, гар хэсэг рүү хэд хэдэн удаа цохиж, толгойн дагз хэсгээр нь хана мөргүүлэх зэргээр зодож, биед нь баруун нүдний дээд, доод зовхи, хамар, дух, доод уруул, дагз, зүүн шуу, баруун бугалга, шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод уруулд язрал бүхий хөнгөн хохирол санаатай учрууулсан үйл баримт тогтоогдож байна.

Дээрх шүүгдэгч ******* нь хохирогч Ө.Ариунзаяагийн нүүр, толгой, гар хэсэг рүү хэд хэдэн удаа цохиж, толгойн дагз хэсгээр нь хана мөргүүлэх зэргээр зодож, биед нь баруун нүдний дээд, доод зовхи, хамар, дух, доод уруул, дагз, зүүн шуу, баруун бугалга, шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод уруулд язрал бүхий гэмтэл үүсгэсэн үйл баримт нь:

- Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээж байна гэв.” гэв.

- Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний хувьд өөрийн гэм буруутай байдлаа хүлээн зөвшөөрч хоорондоо учир зүйгээ олсон учир надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 66-67/,

Хохирогч Ө.Ариунзаяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай Элизабет хотхоны 215 дугаар байрны 502 тоотод нөхөр *******...2023 оны 09 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө...хөрш айлын залуутай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, байгаад нэлээн согтсон байдалтай гэртээ орж ирээд ажлын журмаар таньдаг хүнтэй хардаж маргаан үүсгэж, улмаар миний нүүр, толгой, гар хэсэг рүү яг хэдэн удаа цохиж авсан болохыг мэдэхгүй ба олон удаа цохиж аваад түлхэж толгойн дагз хэсгээр хана мөргүүлж сандал авч шидэж онолгүй өнгөрөхөд нь цагдаагийн байгууллагад ажпын газрын хүнээр дамжуулан дуудлага өгсөн...уг маргаан удаан хугацаанд үргэлжлээгүй...маргаан болох үед 3 хүүхэд дээд өрөөнд унтаж байсан болохоор мэдэлгүй өнгөрөөсөн ... нөхөр *******ын биед халдаж зодож цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн №11523 дугаар шинжээчийн дүгнэлт:

1. Ө.Ариунзаяагийн биед баруун нүдний дээд, доод зовхи, хамар, дух, доод уруул, дагз, зүүн шуу, баруун бугалга, шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод уруулд язрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. гэх дүгнэлтээр /хх-ийн 21-22/ тогтоогдсон гэж тус тус шүүх дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт  хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.  

Иймд шүүгдэгч *******ыг хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:

 Улсын яллагч:  “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна ...” гэх санал,

Шүүгдэгч: “...Тусгайлан гаргах саналгүй...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргалаа.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******т 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуу мянга/ төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Бусад асуудлын талаар:

Энэ хэргийн улмаас хохирогч Ө.Ариунзаяа нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1  дэх заасныг  тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******т 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх  хэсэгт зааснаар ******* нь 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    А.БАТМАНДАХ