Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 337

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д аймгийн Ө суманд төрсөн, ... настай, эрэгтэй, яс үндэс халх, эрхэлсэн тодорхой ажилгүй, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 5-р багт оршин суух, Н овогт Э.О-н нэхэмжлэлтэй,

Ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг 2020 оны 09 сарын 15-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ө, нэхэмжлэгч Э.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Э.О би 1977 оны 08 сарын 19-ний өдөр Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Амьдралын зам нэгдлийн Цагаан хөтөл бригадад үхэрчнээр 8-р анги төгсөөд ажилд орсон.  Би одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэхэд 1977 оны 08 сарын 19-ний Эрдэнэ сумын Амьдралын зам нэгдлийн даргын 21 дугаар тушаал нь байгаа мөөртлөө 1978 оны 09 сарын 20-нд өөрийн хүсэлтээр халагдсан тухай тушаал нь архив байхгүй байгаа юм. Намайг ажиллаж байх үед хамт ажиллаж байсан хүмүүсээс Д.Г, Ц.Г нар мэднэ. Энэ 2 хүнийг асууж тогтоож өгнө үү. Мөн энэ үед 8-р анги төгссөн үеийн фото зургууд хэрэг болж мэднэ гэж сонсоод хуулбарлаад өглөө. Иймд 1977 оны 08 сарын 19-ний өдрөөс 1978 оны 09 сарын 20-ны өдрийг хүртэл Эрдэнэ сумын Амьдралын зам нэгдлийн Цагаан хөтөл бригадад үхэрчнээр ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Э.О шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэлдээ: 1977 оны 08 сарын 19-ний өдөр Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Амьдралын зам нэгдлийн Цагаан хөтөл бригадад үхэрчнээр 8-р анги төгсөөд ажилд орсон. 1978 оны 09 сарын 20-нд өөрийн хүсэлтээр халагдсан юм. 1977 оны 08 сарын 19-ний өдрөөс 1978 оны 09 сарын 20-ны хооронд Эрдэнэ сумын Амьдралын зам нэгдлийн Цагаан хөтөл бригадад үхэрчнээр ажиллаж байсан юм. Ажлаас гарах тушаал байхгүй байсан учир өндөр насны тэтгэвэрт гарч чадахгүй байгаа учир шүүхэд тогтоолгох шаардлага гаргаж байна. Иймд Эрдэнэ сумын Амьдралын зам нэгдлийн Цагаан хөтөл бригадад үхэрчнээр 1977 оны 08 сарын 19-ний өдрөөс 1978 оны 09 сарын 20-ны хооронд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.О нь 1977 оны 08 сарын 19-ний өдрөөс 1978 оны 09 сарын 20-ны өдрийг хүртэл Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Амьдралын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Э.О нь 1977 оны 08 сарын 19-ний өдрөөс 1978 оны 09 сарын 20-ны өдрийг хүртэл Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Амьдралын зам нэгдэлд үхэрчнээр ажиллаж байсан нь Эрдэнэ сумын Амьдралын зам нэгдлийн даргын 1978 оны 04 сарын 15-ны өдрийн 21 дугаартай тушаал, гэрч Ц.Г “...Э.О-н ээж нь миний төрсөн эгч Б-тай нэг суурьт мал маллаж байсан учраас би Э.О-г сайн мэддэг юм. Э.О нь Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Амьдралын зам нэгдэлд Э.О нь 1977 оноос 1978 оны 09 сарын 20-ны өдрийг хүртэл ажиллаж байсан. Сургуульд сурах болоод ажлаасаа өөрийн хүсэлтээр гарч байсан.“ гэх мэдүүлэг, гэрч Д.Г “....Миний бие нь Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Амьдралын зам нэгдлийн Цагаан хөтөл бригадад бригадын даргаар ажиллаж байсан. Намайг ажиллаж байх хугацаа буюу 1977 оноос 1978 оны 09 сарын 20-ны өдрийг хүртэл Э.О нь үхэрчнээр ажиллаж байсан.” гэх мэдүүлгүүд болон нэхэмжлэгчийн тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар нэхэмжлэгч Э.О-г нь 1977 оны 08 сарын 19-ний өдрөөс 1978 оны 09 сарын 20-ны өдрийг хүртэл Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Амьдралын зам нэгдэлд үхэрчнээр ажиллаж байсныг тогтоох үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н овогт Э.О-г 1977 оны 08 сарын 19-ний өдрөөс 1978 оны 09 сарын 20-ны өдрийг хүртэл Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Амьдралын зам нэгдэлд үхэрчнээр ажиллаж байсныг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нар нь мөн хуулийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг мөн хуулийн 119.4-т заасан 14 хоногийн дотор гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5.Энэхүү шийдвэрийг нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Э.Б