Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 1108

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2018/00534

 

 

 

Д.Цгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, Д.Дэлгэрцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2018/00666 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Д.Цгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “ҮГ” ХХК-д холбогдох

 

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 40 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О

Хариуцагчийн өмгөөлөгч П.У

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

 

   Нэхэмжлэгч Д.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2014 оны 7 дугаар сарын 02-ны өдөр “ҮГ” ХХК-тай гэрээ байгуулан Collagen Jet 02 Pot гоо сайхны аппаратыг 40 000 000 төгрөгөөр, Integral орыг 55 000 000 төгрөгөөр нийт 95 000 000 төгрөгөөр үнэ бууруулан, эрхийн болон биет байдлын доголдолгүй тоног төхөөрөмжүүдийг холбогдох бичиг баримтын хамт шилжүүлж, хүлээлгэн өгсөн. Дээрх 2 аппаратыг худалдан авах саналыг “ҮГ” ХХК-ийн захирал Б.Дэлгэрмаа анх гаргаж, түүний хэлсэн үнэ болон графикаар мөнгийг цувуулж өгөхөөр тохиролцсон. Эд хөрөнгийн доголдолгүй аппарат хүлээлгэн өгсөн учир “ҮГ” ХХК нь ямар нэг гомдол гаргалгүй, одоог хүртэл ашиглан үйл ажиллагаа явуулж, үр шимийг нь хүртэж байгаа.

Гэрээнд заасан хуваарийн дагуу “ҮГ” ХХК нь Collagen Jet 02 Pot аппаратны үнэ 40 000 000 төгрөгөөс 2015 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 20 000 000 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 20 000 000 төгрөгийг, Integral гоо сайхны аппарат болон LPG орны үнэ 55 000 000 төгрөгөөс 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 10 000 000 төгрөг, 2014 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 15 000 000 төгрөг, 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 15 000 000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 15 000 000 төгрөгөийг тус тус төлж барагдуулах үүрэг хүлээсэн. Худалдан авагч нь Integral гоо сайхны аппарат болон LPG орны үнэ 55 000 000 төгрөгийг 2015 онд төлж дуусгасан. Collagen Jet 02 Pot гоо сайхны аппаратны үнэ 40 000 000 төгрөгийг 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр худалдагчид бүрэн төлөх үүргээ одоо хүртэл биелүүлээгүй.

Иймд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 243 дугаар зүйлийн 243.1, 261 дүгээр зүйлийн 261.1, 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасны дагуу “ҮГ” ХХК-иас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 40 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

   Хариуцагч “ҮГ” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ талаар тохиролцсон гэрээ хэлцэлгүй бөгөөд Д.Цд 40 000 000 төгрөг төлөх үүрэг хүлээгээгүй. Нэхэмжлэлд хавсаргасан 2014 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн баримт нь манайд байхгүй. “ҮГ” ХХК-ийн захирал Б.Дэлгэрмаагийн хувьд ийм баримт дээр гарын үсэг зураагүй, дээрх гарын үсэг нь миний гарын үсэг биш гэдэг.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

   Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “ҮГ” ХХК-иас 40 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Цд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 357 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “ҮГ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 357 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Цд буцаан олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Отгонбаяр давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй.

Д.Ц нь 2014 онд өөрийн 2 ширхэг гоо сайхны өндөр үнэтэй аппаратыг манай компанид удаа дараа санал болгосон. Бид өндөр үнээр аппарат авах боломжгүй, хэрэгцээ шаардлага байхгүй гэдгээ хэлсэн. Гэвч Д.Ц нь "энэ аппаратыг авч ашиглах гоо сайхны газар танайхаас өөр байхгүй байна" гэж удаа дараа манай захиралтай уулзсан. Ингээд зөвхөн 1 аппаратыг авахыг зөвшөөрсөн. Хэрэв манай байгуулага гурав дахь салбараа нээвэл аппаратыг авахаар тохирсон. Харин Д.Ц нь тухайн аппаратыг хадгалах агуулах сав байхгүй, хадгалж бай гэж 2 аппарат хүлээлгэж өгсөн. Бид тохиролцсон ёсоор худалдан авсан нэг аппаратны төлбөрийг төлж, хоёр дахь аппаратыг агуулахдаа хадгалж, огт ашиглаагүй бөгөөд анх ирсэн баглаа боодолтойгоо байгаа. Гэтэл гэнэт тухайн аппаратыг манайд зарсан мэт мэдүүлж, аппаратны үнийг шаардсан. 2014 оноос хойш огт аппаратын үнийг нэхэмжлээгүй байж гэнэт шүүхэд хандсан. 

                2014 онд 2 ширхэг аппарат худалдан авахаар бид тохиролцоогүй, үүнийг Д.Ц өөрөө мэдэж байгаа. Гэтэл анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг буруугаар дүгнэж, шийдвэрлэсэн. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Отгонбаяр би Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 14 цагаас "Капитал" банкны нэхэмжлэлтэй "Монголиан Плюор Спар" ХХК-д холбогдох хэрэгт гуравдагч этгээд Л.Батболдын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон. Ингэхдээ шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг тов мэдэгдэх хуудасны хамт хүргүүлсэн боловч анхан шатны шүүх хүндэтгэн үзэх шалтгаантай байхад хариуцагчийн эзгүйд шийдвэрлэсэн. Түүнчлэн шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинээр ирсэн материалыг хариуцагчид танилцуулаагүй, хэргийг шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчсөн тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

      

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

            Нэхэмжлэгч Д.Ц нь хариуцагч “ҮГ” ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 40 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ. Хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгсөн “СПА” аппаратны төлбөр хийх хуваарь гэх баримтад “ҮГ” ХХК-ийн захирал Б.Дэлгэрмаа гарын үсэг зураагүй гэж марган, улмаар шүүхэд хүсэлт гарган шинжээч томилуулсан байна.

Шүүх 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр ирсэн шинжээчийн дүгнэлтийг хариуцагчид танилцуулаагүйн гадна түүний эзгүйд нэхэмжлэгчийн хүсэлтээр Ц.Дорждэрэмээс гэрчийн мэдүүлэг авч хэргийг хянан шийдвэрлэжээ. Иймээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эрх тэгш байх зарчимд үндэслэн явагдаагүй, мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй гэж үзнэ. Өөрөөр хэлбэл шүүх хэргийн оролцогчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2, 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт заасан хэргийн материалтай танилцах, хэргийн үйл баримтыг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхийг зөрчжээ.

            Уг зөрчил нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан үндэслэлд хамаарах тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2018/00666 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 358 050 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               А.МӨНХЗУЛ

 

                                          ШҮҮГЧИД                               Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                                                

                                                                                           Ч.ЦЭНД