Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 572

 

 

 

 

 

 

        2020            5               5                                        2020/ДШМ/572                                   

 

 

Б.Цд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Ц.Оч, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

                               

прокурор Б.Дэлгэрмаа,

шүүгдэгч Б.Цы өмгөөлөгч Ж.Батбаяр,

хохирогчийн өмгөөлөгч Г.Баяржаргал,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 476 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Дэлгэрмаагийн 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 17 дугаартай эсэргүүцлээр Б.Цд холбогдох эрүүгийн 1903012660018 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигон овгийн Б.Ц, 1987 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 9 дүгээр гудамжны 240 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: УУ87062418/;

 

Б.Ц нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 3.1-а “жолоочийн үүрэг механикжсан тээрийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна. Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл гэсэн заалтыг зөрчиж 2019 оны 11 дүгээр сарын 6-ны 13 цаг 10 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, автобусны буудлын зүүн талын замд “Toyota Prius” маркийн 45-24 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа мөн дүрмийн 3.7а-д “жолоочид дараах зүйлийг хориглоно. Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний замаар явж байсан явган зорчигч Б.Анударийг мөргөж, Б.Анударь зам дээр шидэгдэж унах үед мөн замаар явж байсан явган зорчигч Б.Бадамням цохигдож, Б.Бадамнямын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирч, уг гэмт хэргийн улмаас явган зорчигч Б.Анударийн амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.

 

Тээврийн прокурорын газраас: Б.Цы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: 1. Хохирогчийн өмгөөлөгчөөс “хэргийн материалтай танилцаад шүүх сэтгэц эмгэг судлалын 19 тоот дүгнэлтийг зөвшөөрөхгүй, дахин дүгнэлт гаргуулах” гэсэн хүсэлтийг гаргасан боловч энэхүү хүсэлтийг шийдвэрлэлгүй хэргийг шүүхэд шилжүүлсэн гэсэн гомдлыг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан. Хэргийн материалаас үзвэл хохирогчийн өмгөөлөгч Г.Баяржаргал нь 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр хэргийн материалтай танилцаж, танилцуулсан тэмдэглэлд шүүх сэтгэц эмгэг судлалын 19 тоот дүгнэлтийг зөвшөөрөх боломжгүй тул дахин дүгнэлт гаргуулах гэсэн хүсэлтийг тэмдэглэлд тусгасан /2хх 169/ байх боловч хүсэлтийг хуульд зааснаар шийдвэрлэлгүй орхигдуулж оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчиж, хязгаарласан зөрчилтэй байна. 

           2. Хэрэгт цугларсан баримтаас үзвэл шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 19 тоот дүгнэлтэд /1хх 174-177/ Б.Цы "...сэтгэцийн онош эпилепси/шинж тэмдгийн уналт таталт/, ...Б.Ц нь болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй байна. ...энэ удаагийн шалгагдаж буй хэргийн үеэр Ц.Ц нь эпилепси уналтын улмаас ухаан алдсан тул уг хэргийг санаатай бус хийгдсэн гэж үзэж байна. Б.Ц нь гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан байна. Ц.Ц нь уналтын эсрэг эмчилгээг зарим үед тасалдаг, мөн эпилепси өвчтэй хүнд хориотой байдаг архи, дарс үе үе хэрэглэдэг зэрэг хариуцлагагүй үйлдлүүдийг удаа дараа гаргаж байсан байна. Б.Ц нь гэмт хэрэг үйлдсэний дараа хэрэг хариуцах чадвартай байна. Б.Ц нь цаашид мэдрэл, сэтгэцийн эмчийн хяналтад байж таталтын эсрэг эмийг тасралтгүй уух, дэглэм сахих шаардлагатай байна. Б.Цд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагатай байна. ...” гэжээ.

Шинжээч О.Баатаржав мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт “...Б.Ц нь уналт таталт өвчтэй болох нь картанд нь бичигдсэн байна. С40 гэсэн оноштой, мэдрэлийн гаралтай тархины гэмтлээс болж үүсдэг. Хэрэг үйлдэх үедээ өөрийгөө удирдан жолоодох чадваргүй, ухамсарт ухаан алдагдуулсан учраас тухайн үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан, харин уналт таталт өгөөгүй, завсарын байдалд байгаа үедээ буюу манай комисс Цд үзлэг хийх үед сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байсан гэж үзсэн. ...’’ гэж мэдүүлжээ. /2хх159/, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж заасан. Мөн дээрх хуулийн 19.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй, сэтгэцийн эмгэг, эрүүл мэндийн тулгамдсан асуудалтай хүн гэмт хэрэг үйлдсэн, эсхүл гэмт хэрэг үйлдсэний дараа сэтгэцийн өвчнөөр өвчилсний улмаас хэрэг хариуцах чадваргүй болсон яллагдагч, шүүгдэгчид эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхдээ энэ хуульд заасан ердийн журмаас гадна энэ бүлэгт заасан тусгай журмыг удирдлага болгоно. Мөн  хуулийн 19.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад “гэмт хэрэг үйлдсэний дараа сэтгэцийн эрүүл мэндийн улмаас хэрэг хариуцах чадваргүй нь тогтоогдсон шүүгдэгчийн сэтгэцийн байдал нь өөртөө, эсхул бусдад аюул учруулахаар байвал эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх, эсхүл сэтгэцийн эрүүл мэндийн байгууллагад эмчлүүлэх, асран хамгаалагчид халамжлуулахаар шилжүүлэх” гэж заажээ. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан, гэмт хэрэг үйлдсэний дараа хэрэг хариуцах чадваргүй болсон нөхцөлд шүүхээс эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шийдвэр гаргана” гэж заасан. Хэрэгт авагдсан “шүүх сэтгэц эмгэг судлалын 19 тоот дүгнэлтээс үзвэл яллагдагч Б.Ц нь гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан байна. Гэмт хэрэг үйлдсэний дараа хэрэг хариуцах чадвартай байна гэж дүгнэсэн байгаа нь яллагдагч Б.Ц одоо хэрэг хариуцах чадвартай гэж үзэхээр байна. Гэтэл прокуророос яллагдагчид эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай санал гаргасан бөгөөд, дээрх шинжээчийн дүгнэлтээр гэмт хэрэг үйлдсэний дараа хэрэг хариуцах чадвартай гэсэн дүгнэлтийг хэрхэн ойлгож, үгүйсгэж эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх санал гаргасан нь тодорхой бус байна. Нөгөө талаас шүүх сэтгэц эмгэг судлалын 19 тоот дүгнэлтийн “Б.Ц нь уналтын эсрэг эмчилгээг зарим үед тасалдаг, мөн эпилепси өвчтэй хүнд хориотой байдаг архи хэрэглэдэг. Б.Ц нь “цаашид мэдрэл, сэтгэцийн эмчийн хяналтад байж таталтын эсрэг эмийг тасралтгүй уух, дэглэм сахих шаардлагатай байна. ...” гэсэн нь яллагдагч өөрийн өвчинд уух эмийг байнга хэрэглэдэггүй, архи хэрэглэдэг зэрэг дэглэм сахидаггүй байдал нь цаашид тогтмол эмийг нь уулгах, дэглэм сахиулах үндэслэлээр эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авахаар заасан агуулга бүхий байна. Мөн шүүх сэтгэц эмгэг судлалын 19 тоот дүгнэлтээр яллагдагч Б.Ц нь гэмт хэрэг хэрэг үйлдсэний дараа хэрэг хариуцах чадвартай талаар дүгнэсэн байхад түүний хэрхэн өөртөө эсхүл бусдад аюул учруулах нөхцөл байдал байгаа гэж үзсэн эсэх, энэ талаар дүгнэлтэд тусгагдаагүй, гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсныг одоо хэрэг хариуцах чадвартай байгаа үед хамаатуулан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг авах үндэслэл нь тодорхойгүй. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Сэтгэцийн эмгэг судлалын шинжээчийн дүгнэлт гаргахад яллагдагчийг тодорхой хугацаанд эмнэлэгт хэвтүүлж, эмчийн хяналтад байлгаж, ажиглалт хийх шаардлагатай тохиолдолд шүүх нь шинжээчийн саналыг үндэслэн яллагдагчийг эмнэлэгт хэвтүүлж, эмчийн хяналтад байлгах тухай шийдвэр гаргана.” гэж заасан байх ба 19 тоот дүгнэлт гаргахад дээрх байдлаар Б.Цыг эмнэлэгт хэвтүүлсэн, түүнд ажиглалт хийсэн нөхцөл байдал байхгүй, тус хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх хуульд заасан ажиллагааг явуулаагүй. Хэрэв яллагдагч Б.Цд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагатай гэж үзэж байгаа бол түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, гадуур байлгаж байгаа нь үндэслэлтэй эсэх зэрэг эргэлзээ бүхий нөхцөл байдлыг үүсгэсэн. Иймд шүүх сэтгэц эмгэг судлалын 19 тоот дүгнэлт нь үндэслэлтэй эсэх талаар шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах нь яллагдагчид оногдуулах хариуцлагын асуудалд шууд хамааралтай гэж үзнэ.

         3. Яллагдагч Б.Цы хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоолгосон шийдвэр 2019 оны 8 дугаар сард хугацаа дууссан байх ба үүнээс хойш хугацаанд түүний хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоосон шийдвэр гарсан эсэх, хэдэн хувиар хөдөлмөрийн чадвараа алдсан эсэх, түүнд асран хамгаалагч тогтоогдсон эсэх зэрэг нь тодорхойгүй, энэ талаар хэрэгт баримтгүй. Мөн прокурор яллагдагч Б.Цд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх үндэслэлтэй гэж үзэж байгаа бол яллагдагчийн холбогдсон гэмт хэргийн улмаас бусдад учруулсан гэм хорын хохирлыг хариуцвал зохих этгээд тогтоогдох эсэх /асран хамгаалагч/, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэний хариуцагчаар оролцох эсэх зэрэг асуудлыг нэг мөр шалгаж тогтоовол зохино.

        4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хаана, яаж үйлдсэн болох/, 1.6-д заасан гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэрэг хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн хангалттай шалгаж тогтоогоогүй байна гэж шүүх дүгнэв. Прокуророос яллагдагч Б.Цыг Замын хөдөлгөөний дүрмийн 3.1-а /а/, 3.7а /а/ гэсэн заалтуудаар буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй, мөн өвчтэй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтуудыг зөрчсөн гэж буруутгажээ. Хэрэгт гэрч О.Мөнгөнсүхийн "...Приус 30 маркийн тээврийн хэрэгслийн жолооч асар их хурдтай ирээд дэлгүүрийн блокон хашаа мөргөсөн. ...” /1хх59/, гэрч Б.Бадамнямын "...тоос шороо босож автомашин их хурдтай цүнх үүрсэн эмэгтэйгийн араас яах ийхийн зуургүй ороод ирсэн /1хх68/ гэж тус тус мэдүүлсэн. Мөн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 33-38/ зэрэг байх бөгөөд яллагдагч Б.Ц нь хэдийгээр өвчний учир тухайн агшинд ухаан алдсан гэж байгаа боловч хурд хэтрүүлэн тээврийн хэрэгсэл жолоодож явсан эсэхийг шалгаж тогтоогоогүй байх тул уг асуудлыг шалгаж, тогтоох.

           5. Тус эрүүгийн хэрэгт М.Эрдэнэцэцэгийн эд хөрөнгөнд хохирол учирсан гэх үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд түүнийг иргэний нэхэмжлэгчээр татан оролцуулсан, эд хөрөнгийн үнийг тогтоох ажиллагааг явуулсан атлаа прокурорын 76 тоот яллах дүгнэлт, хавсралтад энэ талаар тусгагдаагүй байх бөгөөд эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэлийг хамтатган шийдвэрлэх үндэслэлтэй тул энэхүү заалтыг хангаагүй гэж үзнэ. Дээр дурдсан зөрчлүүдийг арилгах, шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагааг явуулах, шалгаж тогтоовол зохих асуудлуудыг “зөв, бүрэн” тогтоох нь гэм буруутай этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын шинж чанар, хэр хэмжээнд нөлөөлөх, улмаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчим, шаардлагад нийцүүлсэн байх үндэслэлтэй гэх үндэслэлээр хэргийг тээврийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

 

 Прокурор Б.Дэлгэрмаа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...2020 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 476 дугаартай шүүгчийн захирамжид “...хохирогчийн өмгөөлөгч Г.Баяржаргал нь 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр хэргийн материалтай танилцаж, танилцуулсан тэмдэглэлд шүүх “шүүх сэтгэц, эмгэг судлалын 19 тоот дүгнэлтийг зөвшөөрөх боломжгүй тул дахин дүгнэлт гаргуулах” гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүх, прокурор дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгана.” гэсэн заалтын дагуу дахин шинжилгээ хийх үндэслэлийг заагаагүй өөрөөр хэлбэл “эргэлзээтэй” гэх үндэслэлийг заагаагүй. Хуульд заасан журмын дагуу хүсэлтээ гаргаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогч, бусад оролцогч, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад ач холбогдолтой биш, үндэслэл нь тодорхойгүй буюу зүгээр л “...зөвшөөрөх боломжгүй тул дахин дүгнэлт гаргуулах..." гэжээ. Дүгнэлт ямар ч эргэлзээгүй гарсан. Улсын яллагчийн зүгээс яллах дүгнэлтийн хавсралтад шүүх хуралдаанд, “...шүүх сэтгэц, эмгэг судлалын 19 дугаартай дүгнэлтийг гаргасан шинжээч эмч О.Баатаржав, Л.Отгонбаяр нарыг оролцуулах саналыг шүүхэд гаргасан. Гэтэл шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.10 дахь хэсэгт заасан “шүүх хуралдаанд дуудах хохирогч, гэрч, шинжээч, шинжлэн судлуулах нотлох баримтын талаарх прокурор, оролцогчийн санал. хүсэлт”-ийн талаар хянан хэлэлцэж шийдвэр гаргана.”, мөн зүйлийн 11, 12 дахь хэсгүүдэд заасан “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй. Урьдчилсан хэлэлцүүлгээр энэ зүйлийн 6.13, 6.14, 6.15, 6.16-д заасан гомдол хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй бол хэлэлцэхгүй орхиж. анхан шатны шүүх хуралдаанаар уг гомдол, хүсэлтийг шийдвэрлэнэ.” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, энэ тухай гаргасан прокурорын саналыг хэлэлцэж шийдвэрлээгүй. Шүүх сэтгэц, эмгэг судлалын 19 дугаартай дүгнэлтийг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шинжээч нараас гадна Эрүүл мэндийн яамны дэргэдэх мэдрэл судлалын салбар зөвлөлийн нарийн мэргэжлийн мэдрэлийн эмч нарын бүрэлдэхүүнтэй гаргасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 1, 3. 5, 7. 8 дахь хэсгүүдэд “1. Гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан. ...нөхцөлд шүүхээс эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шийдвэр гаргана. 3. Гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан хүний сэтгэцийн байдал нь өөртөө, бусдад аюул учруулахааргүй бол шүүх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхгүйгээр сэтгэцийн эрүүл мэндийн холбогдох байгууллагад эмчлүүлэх, асран хамгаалагчид халамжлуулахаар шилжүүлж болно. 5. Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан хүн хөөн хэлэлцэх хугацаанд эмчлэгдсэн, хэрэг хариуцах чадваргүй байдал нь арилсан бол шүүхээс түүнд оногдуулсан ялаас эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон хасаж үлдсэн ялыг эдлүүлнэ. Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээний төрөл, дэглэм, хугацааг шинжээчийн дүгнэлтийг харгалзан шүүх тогтооно.”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 3, 6, 7, 8 дахь хэсгүүдэд "... 3. Шүүх хуралдаанаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэнийг нотолж байгаа, эсхүл үгүйсгэж байгаа нотлох баримтыг шалгаж, түүний сэтгэцийн өвчний талаар гаргасан шинжээчийн дүгнэлтийг сонсож, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх эсэх асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдолтой бусад байдлыг хянан үзнэ. 6.Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээний төрөл, хугацааг шинжээчийн дүгнэлт, прокурорын саналыг үндэслэн шүүх тогтооно. 7.Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх явцад прокурор хяналт тавьж, уг арга хэмжээг зогсоох, хугацааг сунгах, тухайн шүүгдэгч эдгэрсэн нь эмнэлгийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдвол эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг шүүхээр шийдвэрлүүлнэ. 8.Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсэн хугацааг ял эдэлсэн хугацаанд оруулж тооцно гэж гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан хүний хэргийг хянан шийдвэрлэхдээ эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэх журмыг тус тус хууьчилсан. Шүүх сэтгэц, эмгэг судлалын 19 дугаартай дүгнэлтэд "...Б.Ц нь гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан байна. Б.Ц нь цаашид мэдрэл, сэтгэцийн эмчийн хяналтад байж, таталтын эсрэг эмийг тасралтгүй уух, дэглэм сахих шаардлагатай байна. Машин тээврийн хэрэгсэл жолоодох хориотой байна. Б.Цд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагатай байна. Б.Цд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг Шүүх сэтгэцийн эмгэг судлалын тусгай тасагт хэрэглэх шаардлагатай байна... “ гэж маш тодорхой дүгнэлт гаргасан байхад Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэгт “Шинжээч өөрийн гаргасан дүгнэлтийн үнэн зөвийг хариуцна.” гэсэн заалтьг зөрчиж, шинжээч нараар гаргасан дүгнэлтийнх нь шинжлэх ухааны үндэслэлийг тайлбарлуулахгүйгээр, ямар ч үндэслэлгүйгээр шүүх сэтгэц, эмгэг судлалын 19 дугаартай дүгнэлтийг үндэслэлтэй эсэх талаар шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүх, прокурор дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгана ", Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11.12 дахь хэсгүүдэд заасан “11 дэх хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй” 12 дахь хэсэгт “Урьдчилсан хэлэлцүүлгээр энэ зүйлийн 6.13, 6.14, 6.15, 6.16-д заасан гомдол. хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй бол хэлэлцэхгүй орхиж, анхан шатны шүүх хуралдаанаар уг гомдол, хүсэлтийг шийдвэрлэнэ.”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан “Хууль тогтоомж хэрэглэх, түүний зүйл, хэсэг, заалтыг тайлбарлуулахаар шинжээч томилохыг хориглоно.” гэсэн заалтуудыг зөрчсөн.

4. Яллагдагч Б.Ц нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй үедээ замын хөдөлгөөнд орж, “эпилепси" уналтын улмаас ухаан алдсан тул гэнэт замаас гарч, явган хүний замаар явж байсан явган зорчигч Б.Анударийг мөргөж, Б.Анударь зам дээр шидэгдэж унах үед, мөн замаар явж байсан явган зорчигч Б.Бадамням цохигдож, Б.Бадамнямын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирч, энэ гэмт хэргийн улмаас явган зорчигч Б.Анударийн амь нас хохирсон. Яллагдагч Б.Ц нь тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ аваагүй, түүний жолоодож явсан “Тоуоta Prius” маркийн 45-24 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэл оношлогоонд оруулж, дүгнэлт гаргах боломжгүй болтлоо эвдэрсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа тул хурдыг тогтоох ямар ч боломжгүй юм.

5. Тус эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгч М.Эрдэнэцэцэг нь “...надад гомдол, санал байхгүй. Харин үнэлгээгээр тогтоогдсон хашааны эвдрэлийн хохирлыг төлчих юм бол цаашид нэхэмжлэх зүйл байхгүй ... ” гэж мэдүүлснийг /1хх 74/ яллах дүгнэлтэд дурдсан. Мөн түүнд хэргийн материал танилцуулсан. Эрүүгийн хэрэгт нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам зөрчигдөөгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол хүлээсэн хүн нь яллагдагчид холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд тэрхүү нэхэмжлэлийг шүүх уг хэргийн хамт хянан шийдвэрлэнэ.” гэж заасан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.10 дахь хэсэгт “шүүх хуралдаанд дуудах хохирогч, гэрч, шинжээч, шинжлэн судлуулах нотлох баримтын талаарх прокурор, оролцогчийн санал, хүсэлтийн талаар хянан хэлэлцэж шийдвэр гаргана гэсэн заалтыг мөн зөрчиж хэргийг прокурорт буцаасныг эсэргүүцэж байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 476 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч Г.Баяржаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Учир нь, энэ хэрэгт шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах зайлшгүй шаардлагатай. Прокуророос гэм буруугийн хуралдаанаар яригдах ёстой асуудлыг ингэж ярьж байгаа нь буруу гэж байгаа боловч хавтас хэргийн материалтай шүүх болон бусад оролцогчид танилцахад хөдөлмөрийн чадварын талаар тогтоосон хугацаа нь өнгөрчихөөд байдаг тул дүгнэх боломжгүй байдал үүссэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах талаар хүсэлт гаргаж байсан. Хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэгт “би өвчнөө нуугаад эмнэлэг дээр очиж 5.000 төгрөгөөр тамга даруулсан” гэдэг бөгөөд уг мэдүүлэг ноцтой асуудал тул үүнийг шалгах шаардлагатай. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.Цы өмгөөлөгч Ж.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тусгайлан гаргах саналгүй. Прокуорорын эсэргүүцлийг дэмжиж байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Б.Цд холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ прокурорын бичсэн эсэргүүцлийн үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар шалгасан байх бөгөөд уг байдлуудыг шүүх хуралдааны явцад нотлох талаар мөн зүйлд заажээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд прокурор хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, шүүх хуралдаанд хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүргийг хэрэгжүүлэх боломжтой байна.

Түүнчлэн, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, цагаатгах, ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хэрэгжүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцнэ.

 

Зөвхөн шинжээчийн дүгнэлт гаргуулахаар хэргийг прокурорт буцаасан нь  үндэслэлгүй байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт шүүх шинжилгээ хийлгэх шийдвэр гаргахаар заажээ.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд Б.Цд холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэх боломжтой байх тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 476 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурор Б.Дэлгэрмаагийн бичсэн 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 17 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч, Б.Цд холбогдох эрүүгийн хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас хэлэлцүүлэхээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцтэл Б.Цд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.ДАРЬСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ

 

                        ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ