Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2026/0267

 

 

 

 

 

 

  

Т.М нарын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Н.Хонинхүү

Илтгэгч: шүүгч З.Ганзориг

 

Давж заалдах гомдол гаргасан: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б

 

Нэхэмжлэгч: Т.М

Нэхэмжлэгч: Х.Э

Нэхэмжлэгч: Б.Э

Нэхэмжлэгч: Б.Б

Хариуцагч: нийслэлийн Засаг дарга

 

Нэхэмжлэлийн шаардлага: “нийслэлийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн “Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/211 тоот захирамжийн хавсралтын 92 дахь хэсэг буюу Сүхбаатар дүүрэг, 08 дугаар хороо, Бага тойруу гудамж, ** дугаар байрны эзэмшил газарт байрлах Б.Э, Т.М, Б.Б, Х.Э нарын хувийн өмчлөлийн авто гараашнуудыг буулгаж газар чөлөөлөхөөр заасан хэсгийг хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2026/0136 дугаар шийдвэр

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 128/2025/0838/з

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Т.М нарын нэр бүхий 4 иргэнээс нийслэлийн Засаг даргад холбогдуулан “нийслэлийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн “Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/211 тоот захирамжийн хавсралтын 92 дахь хэсэг буюу Сүхбаатар дүүрэг, 08 дугаар хороо, Бага тойруу гудамж, ** дугаар байрны эзэмшил газарт байрлах Б.Э, Т.М, Б.Б, Х.Э нарын хувийн өмчлөлийн авто гараашнуудыг буулгаж газар чөлөөлөхөөр заасан хэсгийг хүчингүй болгуулах”[1]-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2025/0858 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.8, 24 дүгээр зүйлийн 24.1, 25 дугаар зүйлийн 25.1, 25.1.3, 26 дугаар зүйлийн 26.1-д заасныг тус тус баримтлан О.Э, Б.Б, Х.Э нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, нийслэлийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/211 дүгээр захирамжийн 92 дахь хэсгийн Б.Э, Б.Б, Х.Э нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож,

2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Мээс нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “нийслэлийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн “Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/211 тоот захирамжийн хавсралтын 92 дахь хэсэг буюу Сүхбаатар дүүрэг, 08 дугаар хороо, Бага тойруу гудамж, ** дугаар байрны эзэмшил газарт байрлах Т.Мийн хувийн өмчлөлийн авто гараашнуудыг буулгаж газар чөлөөлөхөөр заасан хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга: нэхэмжлэгчийн нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:

3.1. Шүүхээс Т.М-ийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргах хуулийн хугацааг өнгөрөөсөн гэж дүгнэжээ. Шүүгч дээрх асуудлыг өмнө нь шийдвэрлэж 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШЗ2025/8699 тоот захирамж нь бүх нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийг буцааж байсан ба итгэмжлэгдсэн төлөөлөгч би уг захирамжид гомдол гаргаж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн тогтоол гарч буцаасан захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байдаг.

3.2. Давж заалдах шатны шүүхийн тогтоолын хянавал хэсгийн 6-т “Энэхүү маргаан бүхий шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч нараас нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд гомдол гаргасан болох нь НЗДТГ-ын 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 05-02/3123 тоот албан бичиг, 2025.09.22-ны өдрийн 03/5990 тоот хариу албан бичиг, 2025.10.10-ны өдрийн 02/6472 тоот хариу албан бичиг, 2025.10.03-ны өдрийн 01-07/6558 дугаар хариу албан бичгүүдээр тогтоогдож байна”, 8-т “Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нарыг ЗХШХШТ-ийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т заасны дагуу “Урьдчилан шийдвэрлүүлэх журмаар дээд шатны захиргааны байгууллагад хандах” шаардлагыг биелүүлээгүй гэж үзэхээргүй байна” гэжээ.

Т.М нь маргаан бүхий гараашууд байрлаж буй ** дугаар байрны 53 тоотод оршин суудаг болно. Т.М ийн гаргасан 2024.04.16-ны өдрийн гомдолд Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас 2025.05.13-ны өдрийн 01-07/2569 тоот хариу албан бичгээ 2025.05.27-ны өдөр “Монгол шуудан” ХК-д илгээсэн байдаг. “Монгол шуудан” ХК түүний олон жилийн өмнө амьдарч байсан СХД, 13 дугаар хороо, Өнөр хороолол 8-р байрны 261 тоот хаягт н.Чулуунцэцэг гэх хүнд гардуулсан байдаг. “Монгол шуудан” ХК-аас ирүүлсэн албан бичиг, нотлох баримт нь хэрэгт байгаа болно. Н.Ч нь Т.М-ийн гэр бүлийн гишүүн биш гэдгийг энд дурдах нь зүйтэй байна.

3.3. Дээрхээс харахад захиргааны байгууллага нь Т.М-д хуулийн хугацаанд хариу өгөөгүй, хуулийн хугацаа нь хэтрээд 11 хонож байхад шууданд хүргүүлсэн байна. Уг хугацаагаа сунгасан талаараа түүнд албан ёсоор мэдэгдээгүй байх ба захиргааны байгууллагыг хариу бичгээ албан ёсоор ирүүлээгүй гэж үзнэ.

Мөн Т.М-ийн өмчлөлийн авто гарааш уг гараашуудын яг голд байрладаг бие даасан ханаар тусгаарлагдаагүй, хэрэв буулгахад хүрвэл бусдын өмчлөх эрхэнд давхар халдах эрсдэлтэй. Дээрх агуулгаар бодож үзвэл Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан илт хууль бус захиргааны актад хамаарахаар байна гэдгийг хуульч хүний хувьд харж байна. Шүүх эрх хэмжээний хүрээнд 47 дугаар зүйлд хамаарах эсэхийг шийдвэрлэж өгөөсэй гэж шүүх хуралдаанд хэлсэн байдаг.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2026/0136 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, Т.Мийн нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

4. Давж заалдах гомдлын агуулга: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:

4.1. Нийслэлийн Засаг даргын 2025  оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/211 дүгээр захирамжаар нэхэмжлэгч Т.М нарт эзэмшиж буй Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, ** дугаар байрны баруун урд талд байрлах гараашуудын газрыг зөвшөөрөлгүйгээр эзэмшиж байсан гэж үзэх тул түүний гараашийг албадан буулгахаар шийдвэрлэсэн захиргааны үйл ажиллагааг хууль бус гэж дүгнэх үндэслэлгүй. Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т заасны дагуу Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас газар чөлөөлөх мэдэгдэл хүргүүлсэн нь хуульд нийцсэн байна.

4.2. Хавтаст хэргийг бүхэлд нь шинжлэн судалж үзэхэд нэхэмжлэгч нарт маргаан бүхий байршилд дүүргийн болон нийслэлийн Засаг даргаас газар ашиглах, эзэмших эрх олгоогүй бөгөөд нэхэмжлэгч нар нь хууль ёсны дагуу газрын гэрчилгээний үндсэн дээр маргаан бүхий гараашийн доорх газрыг эзэмшиж байгаа талаар баримт байхгүй байна. Иймээс нэхэмжлэгч нарт хуулийн хүрээнд хамгаалагдах эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй буюу газар эзэмших эрхийг хуульд заасан журмын дагуу олж аваагүй, газар эзэмших, ашиглах талаар гэрээ байгуулаагүй, эрхийн гэрчилгээгүй этгээдийн хувьд газар эзэмших, ашиглах аливаа эрх хамгаалагдахгүй.

4.3. Хариуцагч нийслэлийн Засаг даргаас Газрын тухай хууль/2002 он/-ийн 20 дугаар зүйлийн 20.2.2-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд маргаан бүхий актаар нэхэмжлэгч нарын маргаж буй гараашийн доорх газрыг чөлөөлөхөөр шийдвэрлэсэн нь хуульд нийцэж байна. Мөн Т.М-ийн хөөн хэлэлцэх хугацааг тусдаа тооцож байгаа нь үндэслэлгүй байна. О.Энхзориг, Б.Б, Х.Э нар дээр мөн хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн буюу нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2026/0136 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж буй этгээдийг оролцуулалгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргаснаас гадна хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

3. Б.Э, Т.М, Б.Б, Х.Э нараас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “нийслэлийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн “Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/211 тоот захирамжийн хавсралтын 92 дахь хэсэг буюу Сүхбаатар дүүрэг, 08 дугаар хороо, Бага тойруу гудамж, ** дугаар байрны эзэмшил газарт байрлах Б.Э, Т.М, Б.Б, Х.Э нарын хувийн өмчлөлийн авто гараашуудыг буулгаж газар чөлөөлөхөөр заасан хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэл гаргасан.

3.1. Ингэхдээ шаардлагын үндэслэлээ ... гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөө улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж гэрчилгээ авсан, Сууц өмчлөгчдийн холбоонд газар ашиглах эрх шилжсэнээс хойш тухайн барилга дээр зөвшөөрөлгүй барилга байгууламж баригдаагүй, гараашууд нь хүний хувийн өмч бөгөөд олон нийтийн эзэмшлийн зам талбай, бусдын зорчих эрхийг хязгаарлаж баригдаагүй, өмчлөх эрх нь баталгаажсан үл хөдлөх эд хөрөнгийг үгүйсгэж нураах эрх хариуцагчид байхгүй, захиргааны акт гаргахдаа сонсох ажиллагаа хийгээгүй гэх зэргээр тодорхойлно.

3.2. Харин хариуцагчаас “... газар эзэмших, ашиглах эрхийг хуульд заасан журмын дагуу олж аваагүй, гэрээ гэрчилгээгүй учраас гараашийн доорх газрыг зөвшөөрөлгүйгээр эзэмшиж байсан тул чөлөөлөх нь хуульд нийцнэ, гараашуудад наасан мэдэгдлийг сонсох ажиллагааных гэж үзнэ, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн” гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлаж маргасан.

4. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд;

4.1. Нийслэлийн Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 415 дугаар шийдвэрийг үндэслэн Биеийн тамир, спортын газарт 12276 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлж, 0234724 дугаартай гэрчилгээ олгосон.

Биеийн тамир спортын газрын захиалгаар “И” ХХК нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд Спортын төв ордны өртөтгөл болон үйлчилгээтэй, 80 айлын орон сууцны барилгыг барьсныг Улсын комисс 2010 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 187/2010 дугаар актаар хүлээн авсан бөгөөд Спортын төв ордны өргөтгөл, үйлчилгээтэй 80 айлын орон сууц, цахилгаан дэд өртөө зэргийг дурдах ба уг 80 айлын орон сууцанд “**” дугаар олгосон.

Уг барилгыг барихтай холбоотой баримт бичгүүдэд газар олголтын байршлыг “нийслэлийн Засаг даргын 2006 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 122 дугаар захирамж” гэж тэмдэглэснээс гадна Улсын комиссын тэмдэглэл, гишүүдийн саналд “газрын зориулалт өөрчлөгдсөн асуудлыг шийдвэрлүүлэх” талаар дурджээ. /Хэргийн I хавтасны 84-89, 132-136, 158, 160 дахь талд/

4.2. ** дугаар байрыг ашиглалтад оруулсантай зэрэгцээд “И” ХХК нь /өөрийн эзэмшлийн газар дээр/ нэр бүхий иргэдтэй автомашины гарааш захиалгаар барих гэрээ байгуулахад:

а/  Т.М нь 2009 оны 08 дугаар сарын 27-ны өдөр “Захиалгаар гарааш барих” 01 дугаар гэрээг “И” ХХК-тай байгуулж, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2010 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 187/2010 дугаар актаар улсын комисс хүлээж авснаар 2010 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүрэг 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол /14191/, Бага тойруу Г44 тоотод автомашины гараашны зориулалтаар 18 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү-220302**** дугаар гэрчилгээ олгосон. /Хэргийн I хавтасны 18-19, 227, 237-246 дахь талд/

б/ Нэхэмжлэгч Б.Э нь 2009 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 02 дугаар “Захиалгаар гарааш барих” гэрээг “И” ХХК-тай байгуулж, 2011 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүрэг 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол /14191/, Бага тойруу Г44-2 тоотод автомашины гараашны зориулалтаар 18 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү-2203021942 дугаар гэрчилгээ олгосон. /Хэргийн I хавтасны 14, II хавтасны 8-13 дахь талд/

в/ Иргэн Ё.Амаржаргал 2009 оны 08 дугаар сарын 29-ний өдөр “Захиалгаар гарааш барих” гэрээг “И” ХХК-тай байгуулж, 2011 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү-2203022103 дугаар гэрчилгээ олгогдсон. Улмаар Ё.А нь нэхэмжлэгч Х.Этай 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээ /Үл хөдлөх эд хөрөнгө/ байгуулж, 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүрэг 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол /14191/, Бага тойруу Г44-4 тоотод автомашины гараашны зориулалтаар 18 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон. /Хэргийн I хавтасны 28 талд, II хавтасны 14, 21-37 дахь талд/

г/ Иргэн О.Ч нь 2009 оны 08 дугаар сарын 20-ны өдөр “Захилгаар гарааш барих” гэрээг “И” ХХК-тай байгуулж, Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах улсын комиссын 2010 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 187/2010 дугаар актаар улсын комисс хүлээж авснаар, 2012 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүрэг 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол /14191/, Бага тойруу Г44 тоотод автомашины гараашны зориулалтаар 18 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү-2203024848 дугаар гэрчилгээ олгосон.

Улмаар О.Ч-ээс Л.М-тай 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдөр “Автомашины гарааш худалдах, худалдан авах” гэрээ байгуулж, 2013 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Л.М-ын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон бол  2023  оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн бэлэглэлийн гэрээгээр Л.М-аас Б.Бт Сүхбаатар дүүрэг 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол /14191/, Бага тойруу Г44-5 тоот гарааш Б.Бийн өмчлөлд шилжсэн. /Хэргийн I хавтасны 17, 27 талд, II хавтасны 45-71 дэх талд/

4.3. Нийслэлийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” А/150 дугаар захирамжаар “И” ХХК-д 1728 м.кв газрыг орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаагаар сунгахдаа “нийслэлийн Засаг даргын 2010 оны 877 дугаар захирамжаар олгосон газар” гэж тэмдэглэжээ. /Хэргийн I хавтасны 214, 216 дахь талд/

4.4. “И” ХХК болон “О” СӨХ-ны гаргасан хүсэлтийн дагуу Газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн хурлын 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн дүгнэлтээр “И” ХХК-ийн эзэмшиж байсан 1728 м.кв газрыг нийслэлийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/774 дүгээр захирамжаар ** дугаар байрны оршин суугчдын байгуулсан “О” СӨХ-д орон сууц орчны газрын зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар ашиглуулахаар шийдвэрлэж, үүнтэй холбогдуулан “И” ХХК-ийн газар эзэмших эрхийг дуусгавар болгожээ. 

Нэхэмжлэл гаргасан нэр бүхий 4 иргэнд өмчлөлд бүртгэгдсэн гараашууд нь нийслэлийн Засаг даргын 2019 оны А/774 дүгээр захирамжаар орон сууц орчны газрын зориулалтаар “О” СӨХ-д ашиглах эрх олгосон 1728 м.кв газартай байршлын хувьд бүрэн давхцалтай, харин Б.Э, Т.М, Б.Б, Х.Э нарын хувьд гараашийн доорх газрыг эзэмших захирамж, гэрээ гэрчилгээ байхгүй. Энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй байна. /Хэргийн I хавтасны 72-73, 79, 81, 183-186, 217, 223-224 , II хавтасны 99-100 дэх талд/

4.5. Нийслэлийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн “Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/211 дүгээр захирамжаар газрын зөрчил арилгах, газар чөлөөлөх гараашийн байршлыг хавсралтаар баталсны дотор энэ хэсгийн 4.2-т заасан нэхэмжлэгч нарын гараашууд багтсан болох нь хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтаар тогтоогдоно. /Хэргийн II хавтасны 102-103, 107 дахь талд/

 5. Анхан шатны шүүхээс Б.Э, Б.Б, Х.Э нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ “... нэхэмжлэгч нарын хувьд үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл, гэрчилгээний үндсэн дээр өмчилдөг болох нь тогтоогдож байхад газрыг зохих зөвшөөрөлгүйгээр дур мэдэн ашигласан гэж үзэхгүй, газар нь СӨХ-ны ашиглалтад олгогдсон газрыг сууц өмчлөгчид нийтээрээ ашиглах зохицуулалттай тул газрыг зөвшөөрөлгүй ашигласан гэх хариуцагчийн тайлбар нь маргаан бүхий актыг зөвтгөхгүй” гэх зэргээр дүгнэсэн атлаа маргаан бүхий газарт ашиглах эрх нь хүчин төгөлдөр байгаа ** дугаар байрны “О” СӨХ-г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу юм.

6. Учир нь Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.-т “Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн суугчид, өмчлөгчдөд зориулагдсан ногоон зүлэг, мод, бут, сөөг, хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, явган хүний болон автомашины зам, машины зогсоол зэрэг барилгын нормын дагуу баригдсан байгууламжийг арчлан хамгаалах зориулалтаар Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4.1.6-д заасан орчны газрыг сууц өмчлөгчдийн холбоонд ашиглуулж болно” гэж заасныг,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5-д “Нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон захиргааны акт, захиргааны гэрээний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг гуравдагч этгээд гэнэ”, 22 дугаар зүйлийн 22.1-д “Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл эдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг тухайн этгээдийн хүсэлтээр, эсхүл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна” гэж зохицуулсантай харьцуулан үзвэл, уг захиргааны хэргийг хэрхэн шийдвэрлэхээс хамаарч эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулах үүргийг шүүх хүлээнэ.

7. Маргааны энэ тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нийслэлийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн “Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/211 дүгээр захирамжийн хавсралтын нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгосон нөхцөлд тухайн газрыг нийслэлийн Засаг даргын шийдвэрээр орон сууцны орчны зориулалтаар ашиглах “О” СӨХ-ны эрх, хууль ёсны ашиг сонирхол шууд хөндөгдөхөөр байна.

8. Учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбараас үзэхэд, тус СӨХ нь нэр бүхий иргэдийн тоосгон гараашийг буулгаж, доорх газрыг орон сууцны орчны зориулалтаар нийт оршин суугчид ашиглах боломжийг олгох буюу тухайн газрыг ашиглах эрхээ хэрэгжүүлэх асуудлаар нийслэлийн Засаг дарга, Газар зохион байгуулалтад албанд гомдол санал гаргаж ирсэн явдал нь маргаан бүхий актын улмаас газар ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгааг тодорхойлно.

Тиймээс нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулж, нэхэмжлэлийн шаардлага, хэргийн үйл баримт, хууль зүйн үндэслэлийн талаар нотлох, үгүйсгэх зэргээр тайлбар баримтаа гаргаж, мэтгэлцэх боломж олгох шаардлагатай.

9. Мөн захиалгын гэрээний үндсэн дээр гарааш бариулж, улсын бүртгэлд бүртгүүлж өмчлөх эрхийн гэрчилгээ авсан гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, тэдгээр гараашийг улсын бүртгэлд бүртгүүлэх мэдүүлэг гаргахдаа ** дугаартай 80 айлын орон сууцыг хүлээн авсан Улсын комиссын актыг хавсаргасан, мөн “И” ХХК нь Биеийн тамир, спортын газрын эзэмшил газрын тодорхой хэсгийг шилжүүлэн авч, дээрх захирамжаар эзэмшиж байсан.

10. Энэ тохиолдолд маргаан бүхий нийслэлийн Засаг даргын 2025 оны А/211 дүгээр захирамжийн үндэслэл болсон нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 24/26 дугаар тогтоол, энэ хэсгийн 4.1 болон 4.3-д заасан нийслэлийн Засаг даргын 2006 оны 122, 2010 оны 877 дугаар захирамжуудыг хэрэгт нотлох баримтаар цуглуулах нь маргааны үйл баримтыг эргэлзээгүй тогтооход ач холбогдолтой гэж үзнэ.

11. Анхан шатны шүүх, Т.Мийн гаргасан нэхэмжлэлийг хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгохдоо “Монгол шуудан” ХК-ийн 2025 оны 18/549 дүгээр албан бичгийг үндэслэж “... нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны гомдлын хариуг 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 01/07/2569 дүгээр албан бичгээр хүлээн авсан” гэж дүгнэсэн.

Харин Т.Мээс 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр дахин гомдол гаргасан, түүнд нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 05-02/6472 дугаар албан бичгээр хариу өгсөн үйл баримтад хамаарах нотлох баримтыг хэрхэн үнэлсэн талаар анхан шатны шүүх дүгнээгүй болохыг тэмдэглэв. /Хэргийн I хавтасны 59, 61, 66 дахь талд/

12. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж залруулах, хэрэг хянан шийдвэрлэх тодорхой ажиллагааг нөхөн гүйцэтгэж, нотлох баримтыг бүрдүүлж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2026/0136 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д тус тус зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                 ШҮҮГЧ                                                                   Д.БААТАРХҮҮ

 

 

                 ШҮҮГЧ                                                                     Н.ХОНИНХҮҮ

 

 

                 ШҮҮГЧ                                                                    З.ГАНЗОРИГ

 

 

 

[1] Нэхэмжлэгч нар анх “маргаан бүхий актыг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гаргасан бол 2026.02.04-ний өдрийн шүүх хуралдаанд “хүчингүй болгуулах” шаардлагаа дэмжинэ хэмээн тайлбарлаж, шүүх энэ хүрээнд шийдвэрлэсэн. Хэргийн II хавтасны 199 дэх талд/