Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 2024/ШЦТ/02

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Цэрэнханд даргалж

 

Нарийн бичгийн дарга М.Э 

Улсын яллагч Д.З 

Шүүгдэгч Х.Л  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1-р танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

 

шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Баянхонгор аймгийн Бууцагаан суманд 1995 оны 03 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдрах, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын    дугаар  баг,  гудамж  тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхлэх, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Т  овогт Х.Л  /РД: /-д холбогдох эрүүгийн 2320000000150 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Х.Л-д Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр шүүхэд ирүүлсэн байна.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Х.Л нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 11 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын Үүд сум 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах төв талбай дээр хохирогч Г.Б  маргалдан, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа 2 удаа цохиж, хөлөөрөө нэг удаа өшиглөж зодон, баруун нүдний доод зовхи дагуу язарсан шарх, зүүн нүдний доод зовхинд зулгаралт, уруулын баруун талаар зөөлөн эдийн няцрал, уруулын дотор талд язарсан шарх, хэлний 2 талаар цус хуралт, баруун дээд 4-р шүд, үүдэн 2 шүд эмтрэлт, цээжний зүүн талд 9-р хавирганы зөрүүгүй хугарал, цээжний зүүн талд 8-р хавирганы түвшинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна

 

Хохирогч Г.Б  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ... “Миний бие 2023 оны 11 дүгээр сарын 01-нээс 02-ны шилжих шөнө 03 цагийн орчимд Замын-Үүд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах төв талбай дээр байсан өөрийн эзэмшлийн машин дээр хүргүүлж ирээд унтаж амрах гэж байхад таньдаг Монголоо гэх хочтой Л  гэх залуу машины хаалга татахаар нь хаалга нээж өгөхөд жолоочийн эсрэг талын суудал дээр суусан. Энэ үед Л  гэх залуу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай хамт явж байгаа гэх нэг залуу машины хаалга нээгээд Л  явах уу гээд татах үед Л  цаашаа байж бай би найзтайгаа хэдэн үг сольчхоод бууна гэхэд нөгөө залуу Л  гэх залууг буугаад ир гээд татаад байхаар нь би "тэр залууд хандаж би байж бай би бас найзтайгаа хэдэн үг сольчхоод буулган" гэж хэлэхэд нөгөө залуу надад хандаж чамд ямар хамаатай юм бэ, чи дуугай бай гэж намайг загнахаар нь би чи болон юм яриад бай хаалга хаагаад цаашаа яв гэж хэлсэн чинь нөгөө залуу миний өөдөөс чи над руу томрох болоогүй шүү гээд олон юм яриад байсан. Тэгсэн чинь Л  дүүгээ гэх тэр залууг өмөөрөөд над руу чи хэн юм бэ манай дүү рүү томордог гээд бид хоёрын дунд хэрүүл маргаан гарсан. Би Л-г за чи дуугай буугаад зайл гэж хэлэхэд миний зүүн шанаа хэсэг руу хальт цохиод авах шиг болсон, энэ үед Л-н дүү гэх залуу Л-г татаад машинаас буулгасан. ... чи намайг нэг удаа цохисон юм чинь дахиад цохиж чадах уу гээд хэлэхэд дахин хамар дээр нэг удаа гараараа цохисон.  Мөн миний араас Л  үсэрч ирээд миний баруун нүдний одоо тал руу нэг удаа өшиглөсөн. Тэгээд би юу болсон талаар мэдэхгүй байгаа юм. Замын-Үүд суманд амьдардаг Л  гэх залуу миний биед гэмтэл учруулсан. Л  гэх залуу миний зүүн талын шанаа хэсэг рүү 2 удаа цохиод, баруун нүдний  доод хэсэг рүү нэг удаа өшиглөсөн гэсэн мэдүүлэг /хх-ийн 06-07/

Гэрч О.Ц-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Тэр хоёр машин дотор сууж байхдаа хэрүүл маргаан хийгээд гараад ирсэн яг юунаас болж хоорондоо зодолдох болсон талаар сайн мэдэхгүй байна. Тэр хоёр нэг нэг рүүгээ томроод байсан шүү дээ. Би яг зодолдох үед хол байсан тул юугаар цохисон талаар мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 09-10/

Дорноговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 04/200 / нэмэлт/ дугаартай “1. Г.Б  биед баруун нүдний доод зовхи дагуу язарсан шарх, зүүн нүдний доод зовхинд зулгаралт, уруулын баруун талаар зөөлөн эдийн няцрал, уруулын дотор талд язарсан шарх, хэлний 2 талаар цус хуралт, баруун дээд 4-р шүд, үүдэн хоёр шүд эмтрэлт, цээжний зүүн талд 9-р хавирганы зөрүүгүй хугарал, цээжний зүүн талд 8-р хавирганы түвшинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байна.

3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.

4. Дээрх гэмтлүүд нь "Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно.

5. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 21-22/

Хохирогч Г.Б-д хохирол 455,000 төгрөгийг  2023 оны 12 сарын 22-ны өдөр төлсөн тухай баримт /хх-ийн 71/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, тухайн гэмт хэргийг шүүгдэгч Х.Л  үйлдсэнийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоосон байна.

Иймд хяналтын прокуророос шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг түүний үйлдэлд тохирсон байх тул дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Х.Л  нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд хохирогч Г.Б-д  455,555 төгрөг төлсөн нь хх-ийн 71 дүгээр хуудсанд авагдсан Капитрон банкны 2023 оны 12 сарын 22-ны өдрийн орлогын мэдүүлгийн баримтаар тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон болохоо шүүх хуралдаанд илэрхийлсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Х.Л-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг  болон эд мөрийн баримт ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт Х. Л-г /РД: / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний  эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Т  овогт Х.Л  таван зуун  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Х.Л  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт болон эд мөрийн баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Х.Л  нь 500,000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Л-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                                                                                                            

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       А.ЦЭРЭНХАНД