Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1448

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Наранжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,

улсын яллагч Д.Рэгзэдмаа

шүүгдэгч **************,

шүүгдэгч **********, түүний өмгөөлөгч Б.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос ************ нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн эрүүгийн 2308 00681 0643 тоот хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. Монгол Улсын иргэн, ******** оны ******* дугаар сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэлч мэргэжилтэй, “*********” ХХК-д дотор засал чимэглэлч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн ******* дүгээр хороо, ******* дугаар байрны ********* тоотод оршин суух,

урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 367 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 243 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-д заасныг журамлан өмнөх шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн 2 сарыг нэмж нэгтгэн, нийт 2 жил 2 cap хорих ялаар,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 100а дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 05 жил 03 cap хорих ял оногдуулж, уг хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 68 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хуулийн тэгшитгэлээр суллагдсан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 309 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн, ********,********,*********

 

2.Монгол Улсын иргэн, ********* оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Увс аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, дүү, бэрийн хамт, Сонгинохайрхан дүүргийн ****** хороо, ***** дугаар гудамж ******* тоотод оршин суух,

урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 788 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн, *********,***********,**********

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч ******* нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүгдэгч ********** нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний “өөрийгөө өмгөөлөх” эрхийг хангасан болохыг тэмдэглэв.

 

Тодруулбал, шүүгдэгч *****,*********** нар нь харилцан бие биедээ гэмтэл учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шүүгдэгч, хохирогч тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т заасан хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой шүүгдэгч гэж үзэх боломжгүй юм.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Эрүүгийн 2308 00681 0643 дугаартай хэргээс:

Улсын яллагчаас хохирогч ******** мэдүүлэг (хавтаст хэргийн 9-10 дахь тал), хохирогч ****** мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дахь тал), гэрч ******** мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30 дахь тал), гэрч ******* мэдүүлэг (хавтаст хэргийн 32-34 дэх тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2214, 2217 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд (хавтаст хэргийн 35-37, 42-43 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 58, 79 дэх тал), шийтгэх тогтоолын хуулбарууд (хавтаст хэргийн 60-65, 81-110, 141-153 дахь тал), Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын албан бичиг, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын мэдээлэл (хавтаст хэргийн 54-55 дахь тал), шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 56, 75 дахь тал), хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 78 дахь тал), хохирлын баримтууд (хавтаст хэргийн 49-50 дахь тал), шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол (хавтаст хэргийн 111, 154 дэх тал),

шүүгдэгч ********* өмгөөлөгчөөс шүүгдэгчийн хөдөлмөр эрхэлдэг талаар ажлын газрын тодорхойлолт (хавтаст хэргийн 185 дахь тал), хохиролд 400,000 төгрөг төлсөн талаарх баримт (хавтаст хэргийн 186 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүгдэгч нар нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талууд гаргаагүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч *****,********* нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Хоёр. Гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, шүүгдэгч ********** өмгөөлөгч эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, улсын яллагч шүүгдэгч нарын гэм бурууг нотлох, яллах байр суурьтай тус тус оролцсон болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч ******** нь 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр таксигаар Сонгинохайрхан дүүргийн ******* дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ****** дугаар байр буюу гэрийнхээ гадна хүргүүлээд хамт явж байсан найзынхаа утсыг олохгүй таксины жолооч хохирогч ******** ...найзын гар утас хулгайлсан...сурчихсан гар юм биш үү” гэж маргалдан түүний нүүр хэсэгт нь гараараа 2-3 удаа цохиж, өшиглөсний дараа ******* гражын хашлага дээр сууж байх үед нь ******** нүүр хэсэгт нь хөлөөрөө өшиглөж ******* эрүүл мэндэд доод уруулын зөөлөн эдийн няцрал, шарх, доод үүдэн шүдний 1 дүгээр шүдний сулрал, эрүүний төвгөрт цус хуралт, хүзүүнд зулгаралт, эрүүний ооч болон эрүүний зүүн булан хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол, ********** эрүүл мэндэд тархи доргилт, зүүн хацарт шарх, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн чамархай, хүзүүнд цус хуралт, дух, хамар, зовхи, хацар, чамархайд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол тус тус учирсан үйл баримт тогтоогдлоо.

 

Эдгээр үйл баримт нь хохирогч ******** “...2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр би өөрийн эзэмшлийн *********** улсын дугаартай Санота 5 маркийн автомашинтай такси үйлчилгээнд явж байсан юм. Тухайн үед Баянхошууны наад талын Зээлийн зам дээр явж байхад хоёр эрэгтэй хүн гар өргөхөөр нь таксинд явах гээд тэр хоёр хүнийг суулгасан. Тэгээд би тэр хоёр хүнийг аваад Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо. 18 дугаар байрны гадаа ирсэн. Тэр үед тэр хоёр залуугийн нэг залуу нь эхнэр лүүгээ залгаж таксины мөнгө авах гэсэн чинь өөрийнх нь гар утас нэгжгүй учир надаас гар утас гуйсан. Тэр үед тэр залуу надаас гар утас авч өөрийнхөө гар утсыг цэнэглээд өгөөч гэж хэлээд надад өгсөн. ...Тэгтэл надад гар утсаа өгсөн мөн надаас миний гар утсыг авч утсаар ярьсан залуу надад хандаж “чи миний гар утсыг хулгайлсан байна” гэж хэлсэн. Тэр үед би түүнд хандаж “чи юу яриад байгаа юм бэ? чи миний гар утсыг аваад эхнэртэйгээ ярьсан. Харин надад гар утсаа өгч цэнэглүүлж байсан биз дээ” гэж хэлсэн. Тэгтэл тэр залуу надад хандаж “үгүй ээ чи миний гар утсыг хулгайлсан. Чи ийм байдлаар хэдэн хүний гар утсыг хулгайлсан пизда минь машинаасаа буугаад хоёулаа алалцана” гэж хэлээд тэр залуу буусан. Мөн тэр үед би бас машинаасаа буугаад тэр залуу дээр очсон. Тэгтэл тэр залуу миний хоолойг боохоор нь би бас адилхан хоолойг нь боогоод байж байхад... нөгөө залуу ирээд намайг үсдээд доош дарсан чинь надтай анх маргалдсан залуу миний нүүр рүү 2 удаа хөлөөрөө өшиглөсөн чинь түүний эхнэр гарч ирсэн. Тэр зaлуу гражийн ордог хэсгийн хашлага дээр сууж байхдаа эхнэртээ хандаж “Хайраа энэ залуу миний гар утсыг хулгайлсан өмнө нь хэдэн хүний гар утсыг хулгайлсан” бол гээд чангаар гудамж талбайд орилж намайг доромжлоод байсан. Тэр үед нь миний дургүй хүрээд тэр залуу дээр очоод сууж байхад хүзүүний хэсэгт нэг удаа өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 9-10 дахь тал),

хохирогч ********* “...2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр найз **********хамт бага зэрэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн... би ****** хамт гэр лүүгээ явахаар болоод такси барих гээд зогсож байсан. Тэгтэл хар өнгийн Соната-5 маркийн автомашин ирээд зогссон. Тэр таксины жолоочид хандаж гэрээ зааж өгөөд манай гэр лүү явсан. Удалгүй манай гэрийн гадаа буюу Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо 18 дугаар байрны гадаа ирсэн. Тухайн үед ******* бид хоёрт таксины мөнгө байхгүй байсан бөгөөд манай найз ******** надад гар утсаа өгөхөөр нь би эхнэр лүүгээ залгаад таксины мөнгө авах гэхэд гар утас нь цэнэггүй болоод унтарчихсан юм. Тэгээд би таксины жолоочид хандаж “гар утсаа өгч байгаа ч эхнэрээсээ таксины мөнгө авъя” гэж хэлсэн. Тэр үед таксины жолооч “тэг тэг” гээд гap утсаа надад өгсөн. Би эхнэртэйгээ утсаар холбогдож таксины мөнгө өгөөч гэж таксины жолоочийн дансыг эхнэр лүүгээ мессежээр явуулсан. Тэгээд би найзынхаа утсыг машины голын хайрцаг дээр түр тавиад найз ******** сэрээгээд буухдаа буцаад найзынхаа гар утсыг авах гэхэд гар утас байхгүй болохоор нь “энд байсан гар утас хаана байна” гэж асуусан чинь “энд байна” гэж хэлээд гаргаж өгөхөөр нь би түүнд хандаж “ингэж гар утас аваад сурчихсан юм биш үү” гэж хэлсэн. Тэгтэл тэр залуу надад хандаж “чи намайг юу гэж бодоод байгаа юм бэ” гээд таксины жолооч бид хоёр хоорондоо маргалдсан. Тэгээд би таксины жолоочтой машинаас нь буугаад барьцалдаж аваад хоорондоо маргалдсан чинь бид хоёр хөл алдаад давхралдаж унаад газар хэвтэж байхад манай эхнэр цаанаас гарч ирээд бид хоёрыг болиулсан... Тэгээд би гражийн ордог хэсгийн хашлага дээр сууж байхад тэр залуу миний нүүр лүү нэг удаа хөлөөрөө өшиглөсөн. Тэр үед нь би босоод тэр залуугийн нүүр лүү 2, 3 удаа гараар цохисон чинь нүд хавдчихсан. Таксины жолооч бид хоёр хоорондоо маргалдаж нэг нэгнийхээ биед гэмтэл учруулсан. *********** нэлээн согтуу машинд нь унтаж байсан. Тухайн үед бол таксины жолооч бид хоёр л хоорондоо зодолдсон өөр хүн бол зодоонд оролцоогүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дахь тал),

гэрч ******* “...2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр найз ********* уулзаад тэднийд 1 шил архи хувааж уусан. ...Би таксинд суугаад нам унтчихсан байсан ба нэг сэрсэн чинь ********* гэрт ирчихсэн байсан. ******* надад хэлэхдээ таксины жолоочтой гар утаснаас болж маргалдаж хоорондоо зодолдсон гэж хэлсэн... Би тэр хүнтэй огт маргалдаж зодолдсон зүйл байхгүй. ...Би ямар нэгэн байдлаар хохирсон зүйл байхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30 дахь тал),

гэрч ******** “... 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр гэрт манай нөхөр найз ******** хоёр нэг шил архи уугаад гэрээс гараад явсан ...1 цаг гаруйн дараа над руу танихгүй утасны дугаараас над руу залгасан. Тэр үед манай нөхөр надад хэлэхдээ “таксины мөнгө шилжүүлээч би байрны гадаа ирчихсэн байна явуулаарай” гээд утсаа салгасан. Би тэр даруйдаа таксины мөнгийг хүнд шилжүүлээд байж байхад манай нөхөр гэрт орж ирэхгүй удаад байсан. Ингээд би гэрээс гараад байрны гадаа очих үед манай нөхөр ***** таксины жолоочтой гар утаснаас болж маргалдаад хэрэлдээд... барьцалдаад байж байхад нь би очоод салгасан. Тэгээд би нөхөр ******** гражийн хашлага дээр суулгаад харин таксины жолоочийг цааш нь явуулсан. Тэр үед манай нөхөр ******** болон таксины жолооч хоёр хоорондоо хэрэлдээд байж байхад таксины жолооч манай нөхөр ******** нүүр лүү нэг удаа өшиглөж газар унагаасан. Тухайн үед манай нөхөр ********уурлаад тэр таксины жолоочийн нүүр лүү 2, 3 удаа гараа атгаж байгаад цохиод барьцалдаж аваад ноцолдоод газар унаад байж байхад нь би бас нэг үл таних эгч бид хоёр тэр хоёрыг салгасан... Манай нөхөр болон таксины жолооч хоёр л хоорондоо зодолдсон өөр хүмүүс хоорондоо зодолдсон зүйл байхгүй. ********* таксины хойд талын суудал нэлээн согтоод унтаж байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дахь тал),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2214 дугаартай “...******* биед тархи доргилт, зүүн хацарт шарх, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн чамархай, хүзүүнд зулгаралт, дух, хамар, зовхи, хацар, чамархайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна. ...мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 35-37 дахь тал),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2217 дугаартай “...********** биед доод уруулын зөөлөн эдийн няцрал, шарх, доод үүдэн шүдний 1 дүгээр шүдний сулрал, эрүүний төвгөрт цус хуралт, хүзүүнд зулгаралт, эрүүний ооч болон эрүүний зүүн булан хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо  зүйлийн үйлчлэлээр  үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Доод уруулын зөөлөн эдийн няцрал, шарх, доод үүдэн шүдний 1 дүгээр шүдний сулрал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. Эрүүний төвгөрийн цус хуралт, хүзүүний зулгаралт, эрүүний ооч болон эрүүний зүүн булан хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь дан дангаараа эрүүл мэндийг сарнилахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн шинжээчийн  дүгнэлт (хавтаст хэргийн 42-43 дахь тал), “...согтуу залуу хүргүүлж ирээд зодоод байна...” гэх дуудлагын лавлагааны хуудас, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2-3 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргүүд нь материаллаг бүрэлдэхүүнтэй буюу гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг бодитой учирсан байхыг шаардана. Тодруулбал энэ төрлийн гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив талын заавал байх, зайлшгүй тогтоох шинж нь шалтгаант холбоо юм.

 

Хохирогч *****,************* нарын эрүүл мэндэд учирсан хөнгөн, хохирол нь харилцан бие биенийхээ нүүрэн тус газар нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөсөн идэвхтэй үйлдлийн улмаас үүсгэгдсэн шалтгаант холбоо тус тус тогтоогдсон, шүүгдэгч нар нь бусдын бие махдодид халдвал аливаа хохирол учрах боломжтой гэдгийг мэдэж, ухамсарласан атлаа үйлдлээрээ хор уршигт зориуд хүргэснийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.

 

Шүүгдэгч ********* нь “...сүүлд найз нь ирээд намайг үсдээд доош нь дарахад ********** гэх залуу дахин миний нүүр лүү хоёр удаа хөлөөрөө өшиглөсөн...******** гэх залуугийн найз нь бол намайг цохиж өшиглөсөн зүйл байхгүй, харин үсдэж доош нь дарсан...” гэж гэмт хэрэгт хамтран оролцоотой өөр хүн байгаа талаар мэдүүлсэн бөгөөд энэхүү мэдүүлэг нь гэрч *******,********** шүүгдэгч ******** нарын мэдүүлгээр няцаагдах ба шинжээчийн дүгнэлтэд ****** зулай хэсэгт зулгаалтын улмаас үүссэн ямар нэг гэмтэл, шарх тогтоогдоогүй тул ************ уг гэмт хэрэгт оролцоотой гэж дүгнэх боломжгүй.

 

Шүүгдэгч ******* хувьд эхний маргаан дуусч салгасны дараа зөрчил үүсгэж гражийн хашлага дээр сууж байсан ******* дээр дахин очиж нүүр хэсэгт нь хөлөөрөө өшиглөж байгаа идэвхтэй, ухамсартай үйлдлийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч ******,********** нарын дээрх хууль бус үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэл бүхий, тэдний гэм буруутай үйлдэлд тохирчээ.

 

Иймд шүүгдэгч ****,******** нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.

 

Хохирогч ******** нь гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршигтай холбоотой баримт шүүхэд ирүүлээгүй, харин хохирогч ****** нь 408,000 төгрөг нэхэмжилж, баримтыг хэрэгт хавсаргасныг (хавтаст хэргийн 49-50 дахь тал) шүүгдэгч ********* төлж барагдуулсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт хэн аль нь “...бие биедээ гомдол, саналгүй...” гэсэн тайлбар гаргасан тул шүүгдэгч *******,*********** нарыг энэ тогтоолоор харилцан бие биедээ төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” нөхөн төлүүлнэ гэж заасан.

 

Хохирогч ******* эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлын улмаас Эрүүл мэндийн даатгалын сангаас 161,000 төгрөгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардал гарсан (хавтаст хэргийн 31-33 дахь тал) гэж иргэний нэхэмжлэгч ******* шүүгдэгч ****** нэхэмжилсэн байна.

 

Иймд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч ********* 161,000 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч ******** нь “...гэмт хэрэг гарахаас өмнө уналт таталтын эм 1 ширхэгийг уудаг байсан бол гэмт хэрэг гарснаас хойш өдрийн 3 удаа уудаг болсон...эмний төлбөр гаргуулах...” хүсэлтийг гаргасан боловч эм нь ямар үнэтэй, уналтын эсрэг эм уух шаардлагатай эсэх талаар ямар нэг баримт ирүүлээгүй байх тул хохирогч нар нь цаашид гарах эмчилгээний зардал, бусад хохирол, хор уршгийн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

 

Гурав. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Улсын яллагчаас “...шүүгдэгч ***,********** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах...”, шүүгдэгч ******** өмгөөлөгчөөс “...торгох ялыг доод хэмжээгээр оногдуулж өгнө үү...” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргав.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялаас аль нэгийг сонгон оногдуулахаар хуульчилсан.

 

Шүүхийн оногдуулах ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зохистой харьцаагаар нийцсэн байх учиртай.

 

Шүүгдэгч ****** нь одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй...” гэж шударга ёсны зарчмыг хуульчилсан.

 

Шүүгдэгч нь эрхэлсэн тодорхой ажилгүй, ямар нэг орлогын эх үүсвэргүй байхад торгох ял шийтгэлийг оногдуулах нь түүний хувийн байдалд тохирохгүйгээс гадна гэр бүлийн гишүүд, хамаарал бүхий этгээдүүд уг ялыг биелүүлэх нөхцөл бүрдэх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт уналт таталт өгдөг, байнгын эм хэрэглэдэг талаар мэдүүлсэн эрүүл мэндийн байдлыг харгалзан түүнд торгох, нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон оногдуулаагүй болно.

 

Шүүгдэгч ********* нь эрхэлсэн тодорхой ажилтай талаар тодорхойлолт шүүхэд ирүүлсэн боловч түүний орлогыг тодорхойлох дансны хуулга баримт авагдаагүй, Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол, хор уршгийн зардлыг төлж барагдуулаагүй, мөн урьд хорих, нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж ялыг биечлэн эдэлсэн боловч засрал хүмүүжил олж нийгэмшээгүй, дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал нь түүний нийгэмд аюултай зан төлвийн илрэл тул түүнд торгох, нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилгод үл нийцнэ.

 

Шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч нарын гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *****,*********** нарт тус бүр 2 сарын хугацаанд оршин сууж буй Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч *********,******** нарт өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах, нийтэд тустай ажил хийлгэх ялыг бүрэн биелүүлж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон талаар баримт хэрэгт авагдсан (хавтаст хэргийн 111, 154 дэх тал) тул тэдэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэх ялгүй болно.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                                    

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *******,*******,**********,*********,*********,********* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********,********* нарт тус бүр 2 (хоёр) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч *******,******** нарыг дээрх хугацаанд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлахаар тогтоож, түүний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ********,*********** нарт мэдэгдсүгэй.

 

5. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч *********** 161,000 (нэг зуун жаран нэгэн мянга) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгосугай.

 

6. Хохирогч **********,*********** нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

8. Шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ***********,*********** нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.НАРАНЖАРГАЛ