Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2026/0279

 

 

  

“Д Э Т” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: шүүгч М.Цэцэгмаа

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Н.Хонинхүү

Илтгэгч: шүүгч З.Ганзориг

 

Давж заалдах гомдол гаргасан: нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ц, хариуцагч М.О, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Н

 

Нэхэмжлэгч: “Д Э Т” ХХК /РД:/

Хариуцагч: Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газар

Хариуцагч: Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газрын улсын байцаагч М.О

 

Нэхэмжлэлийн шаардлага: “Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газрын улсын байцаагч М.О, Э.С нарын үйлдсэн 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн “Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, алданги ногдуулах тухай” 250056 дугаар актыг илт хууль бус болохыг тогтоолгож, 53,522,480 төгрөгийг буцаан гаргуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2026/0194 дүгээр шийдвэр

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ш

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ц

Хариуцагч М.О

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Цогтсайхан

Хэргийн индекс: 128/2026/0023/з

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Д Э Т” ХХК-иас Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газар, тус газрын улсын байцаагч  М.Од холбогдуулан “Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газрын улсын байцаагч М.О, Э.С нарын үйлдсэн 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн “Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, алданги ногдуулах тухай” 250056 дугаар актыг илт хууль бус болохыг тогтоолгож, 53,522,480 төгрөгийг буцаан гаргуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2026/0194 дүгээр шийдвэрээр: Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.1.1, 31 дүгээр зүйлийн 31.1, 31.1.1, Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг баримтлан Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газрын улсын байцаагч нарын 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн “Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, алданги ногдуулах тухай” 250056 дугаар актыг 58 хоногийн хугацаагаар түдгэлзүүлж, тогтоосон хугацаанд шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий актыг хүчингүй болохыг дурдаж, шийдвэрт заасан тодруулбал зохих нөхцөл байдлуудыг шалгасны үндсэн дээр захиргааны шинэ акт гаргах замаар шийдвэр биелүүлэхийг зааж шийдвэрлэсэн.

3. Давж заалдах гомдлын агуулга: нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ц дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:  

3.1. Анхан шатны шүүх, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулга нь 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан байх бөгөөд хуулийн 47.1-д “2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх”-ээр тогтоосон байх тул зөрчил үйлдэгдсэн цаг хугацаанд мөрдөгдөж эхлээгүй байсан хуулийг буцаан хэрэглэх замаар акт тогтоох үндэслэлгүй тул хариуцагч нар нь хуулиар өөрт олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлсэн, хуульд заагаагүй үндэслэлээр акт тогтоосон байх тул нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхолд халдах үндэслэл байгаагүй, энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж зааснаар маргаан бүхий актыг илт хууль бус актад хамаарна гэж дүгнэсэн, энэ тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т заасны дагуу маргаан бүхий актыг илт хууль бус болохыг тогтоож, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар 47.2-т “Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна” гэж заасныг баримтлан илт хууль бус актын улмаас “Д Э Т” ХХК-д учирсан үр дагаврыг арилгуулах учиртай.

3.2. Гэтэл шүүхээс дээрх үндэслэлээ үгүйсгэж, Захиргааны албан тушаалтнуудад зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг процессын хувьд зөвтгөж, хууль хэрэглээний хувьд “хөөн хэлэлцэх хугацаа"-ны зохицуулалтыг хэрхэн хэрэглэхээ сонгох боломжийг дахин олгож байгаа нь хэргийн оролцогчдын тэгш эрхийг хангаагүй, захиргааны байгууллагад давуу эрх олгосон. Нийтийн эрх зүйд захиргааны хэргийн шүүхээс “захиргаа”-д алдаагаа засах, ажиллагаагаа зөвтгөх боломж олгох эрх бий ч хязгаарлагдмал билээ.

Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил үйлдсэн эсэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны процесс, зөрчлийн хэргийг шийдвэрлэсэн шийдвэрт хамааруулан маргавал өөр журмаар /хуульд зааснаар гомдлоор үүсэх тусгай журмаар/ маргах байсан. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг дахин явуулсны үр дүнд гарах шийдвэр, үр дүн ямар байхаас үл хамааран эрхийн акт нь хэлбэрийн хувьд “хэрэгсэхгүй болгох” эсхүл “шийтгэлийн хуудас” байхаас “улсын байцаагчийн акт” байх боломжгүй тул зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг маргаан бүхий акттай холбож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

3.3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж зааснаар шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 250056 дугаар актын хувьд эрх зүйн дүгнэлт өгч шийдвэрлэх ёстой. Нэхэмжлэгчээс эрх бүхий албан тушаалтны 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн “Зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоол руу чиглэсэн шаардлага гаргаагүй. Маргаан бүхий акт гарах арга зам нь зөрчил шалган шийдвэрлэсэн ажиллагаа болсон учраас үйл баримтын хувьд яригдах болсон. Гэтэл зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн дүгнэлт хийлээ.

3.4. Маргаан бүхий актыг түдгэлзүүлсэн нь зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг үгүйсгэхгүй, дахин зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах нөхцөлийг үүсгэхгүй учир Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2026/0194 дугаар шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй.

3.5. Анхан шатны шүүхээр хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд маргааны хувьд нотлогдохгүй үйл баримт, ямар нэгэн баримтыг үнэлэх, эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй нөхцөл үүсээгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д зааснаар хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлага, нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн зүйл байхгүй учир шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасан зохицуулалтыг хэрэглэх үндэслэл байгаагүй.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2026/0194 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т зааснаар Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын улсын байцаагч нарын 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн “Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, алданги ногдуулах тухай” 250056 дугаар актыг илт хууль бус болохыг тогтоож, 53,522,840 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

4. Хариуцагч М.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Нармандах нар дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд: 

4.1. Иргэн Б.Батчимэгээс “... Д Э Т ХХК нь нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс зайлсхийсэн, орлогоо санаатайгаар бууруулсан, нуун дарагдуулсан гэмт хэргийг шалгаж өгнө үү” гэх гомдлыг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хүлээн авч тус газраас “Д Э Т” ХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс зайлсхийсэн, орлогоо санаатайгаар бууруулсан, нуун дарагдуулсан гэмт хэргийг шалгаж өгнө үү гэх бүртгэлийн 25-117 дугаартай гомдол мэдээлэлд 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 2505000602 дугаартай зөрчлийн хэргийг нээж хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан.

Дээрх зөрчлийн хэрэг бүртгэлийн хэргийг шалгаад 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр “Д Э Т” ХХК-д холбогдох 2505000602 дугаартай зөрчлийн хэргийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.11 дүгээр зүйлийн 1.9 дэх хэсгийн 1.2-т заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, хэргийг дүүргийн хяналтын прокурорт танилцуулан хэргийг хэрэгсэхгүй болгосон.

4.2. Хууль тогтоомжийн тухай хуулийн 261.3-д “Тухайн хуульд өөрөөр заагаагүй бол хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заасны дагуу хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2-т хөөн хэлэлцэх хугацаагүй байна гэж заасны дагуу тус хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасныг зөрчсөн дээрх аж ахуйн нэгжид Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасны дагуу улсын байцаагчийн актыг тогтоосон. Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газрын улсын байцаагч нарын 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 250056 дугаар акт нь хууль тогтоомжид заасны дагуу тогтоогдсон үндэслэл бүхий акт юм.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2026/0194 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүхээс маргааны үйл баримтад холбогдох зарим хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ. 

3. Нэхэмжлэгч хуулийн этгээдээс Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газар, тус газрын улсын байцаагч М.Од холбогдуулж[1] “Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газрын улсын байцаагч М.О, Э.С нарын үйлдсэн 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн “Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, алданги ногдуулах тухай” 250056 дугаар актыг илт хууль бус болохыг тогтоолгож, 53,522,480 төгрөгийг буцаан гаргуулах” нэхэмжлэл гаргасан.

3.1. Ингэхдээ шаардлагын үндэслэлээ “... Нийгмийн даатгалын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах ажлын удирдамжийн дагуу зөрчлийн хэрэг нээсэн ч 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хэрэгсэхгүй болгосон; хяналт шалгалт хийх үед удирдамжийг танилцуулаагүй, түүний хугацаа дууссан ба сунгасан талаар баримт байхгүй; Нийгмийн даатгалын ерөнхий хуульд заасан аль зөрчил гаргасныг тодорхойлоогүй; улсын байцаагчийн акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6, 47.1.7-д заасан үндэслэлээр илт хууль бус захиргааны акт” гэж тайлбарлана.

3.2. Харин хариуцагч нарын хувьд “... Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаагүй гэж хуульчилсан тул тус хуулийн 44.1.1-д заасны дагуу нуусан, бууруулсан орлогод ногдох хэмжээгээр шимтгэл, алданги нөхөн төлүүлэхээр улсын байцаагчийн акт тогтоосон, нэр бүхий даатгуулагчдын шимтгэлийг дутуу төлсөн нь хяналт шалгалтаар тогтоогдсон, зөрчил шалган шийдвэрлэх журмын дагуу холбогдох ажиллагаа явуулж оролцогчийн эрхийг хангасан” гэж татгалзлын үндэслэлээ тодорхойлож маргасан. 

4. Хэрэгт цуглуулсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтын тухайд;

4.1. “Д Э Т” ХХК-д холбогдуулан “нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс зайлсхийсэн, орлогоо санаатайгаар бууруулсан, нуун дарагдуулсан” гэх зөрчлийг шалгуулахаар Б.Батчимэг /тус компанийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан/-ээс 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Нийгмийн даатгалын ерөнхий газарт гомдол, мэдээлэл гаргасан.

Уг гомдлыг Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2025 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 02/266 дугаар албан бичгээр Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газарт шилжүүлсэн бөгөөд тус газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн “Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг ажил олгогч байгууллагад шалгах” 01 дугаартай ажлын удирдамжаар “Д Э Т” ХХК-ийн 2015-2024 оныг дуусталх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг нягтлан бодох бүртгэл, санхүү, татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан, нийгмийн даатгалын мэдээллийн сан, санхүүгийн үндсэн баримт материалд хийх хяналт шалгалтыг 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг дуустал хугацаанд хийж гүйцэтгэхээр баталсан. /Хэргийн I хавтасны 31-35 дахь талд/

4.2. Эрх бүхий албан тушаалтнаас 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 2505000602 дугаартай зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулаад 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн тогтоолоор “хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн” гэх үндэслэлээр зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ. /Хэргийн I хавтасны 36-37, II хавтасны 50 дахь талд/

4.3. Харин улсын байцаагч М.О, Э.С нараас 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 250056 дугаар актаар, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг үндэслэн “Д Э Т” ХХК-д 2015-2023 онд нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй 181,378,650 төгрөгийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос 35,681,653 төгрөгийн шимтгэл, уг шимтгэлийн дүнгээс 17,840,827 төгрөгийн алданги нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн. Харин 2023-2024 онд зөрчил илрээгүй. /Хэргийн I хавтасны 40-43, 62-145, 175-192, II хавтасны 129-130 дахь талд/

4.4. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 192/ШЗ2025/23892 дугаар захирамжаар дээрх актыг баталгаажуулж, улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар албадан гүйцэтгэжээ.

Хариуцагчаас маргаан бүхий 250056 дугаар актаар тогтоосон 35,681,653.00 төгрөгийг шимтгэл нь тус компанийн 2015 оны 09 дүгээр сараас 2022 оны 12 дугаар сарыг дуусталх хугацаанд ажилтнуудад олгосон цалин хөлснөөс дутуу тооцож суутгасан шимтгэл гэж тайлбарлах ба алдангийн хамт нийт 53,522,480.00 төгрөгийг албадан гаргуулж нийгмийн даатгалын санд төвлөрүүлсэн, актын хавсралтад дурдсан нэр бүхий даатгуулагч нарын шимтгэл төлөлтөд өөрчлөлт оруулж засварлаагүй гэх үйл баримтын талаар маргаагүй. /Хэргийн I хавтасны 46-47 дахь талд/

5. Анхан шатны шүүхээс маргааны үйл баримтын талаар “... хариуцагч нь зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээг хэрэгжүүлээгүй нь буруу” гэж дүгнэн, хариуцагчаас дахин шинэ акт гартал маргаан бүхий актыг түдгэлзүүлсэн нь дараах үндэслэлээр буруу болсон гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

5.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасан нь цаашид зайлшгүй тодруулах шаардлагатай нөхцөл байдал нь маргааны үр дагаварт голлох ач холбогдолтой байхын зэрэгцээ шүүх нотлох зарчмыг бүрэн хэрэгжүүлсэн боловч тэрхүү тодруулах зүйлийн цар хүрээ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх урьдчилсан нөхцөлийг шаардахаас гадна маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан тохиолдолд хэрэглэх боломжтой.

Өөрөөр хэлбэл, маргаан бүхий захиргааны акт хууль бус болох нь тогтоогдох хэдий ч хэргийн бодит нөхцөл байдалтай холбоотой өөр бусад үндэслэлээр захиргааны акт хууль ёсны байж болохуйц нөхцөл байдлыг тодруулах үүргийг захиргааны байгууллагад шилжүүлэх агуулгатай зохицуулалт билээ.

5.2. Гэтэл нэхэмжлэгчээс маргаан бүхий актыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага гаргасан тохиолдолд шүүхээс захиргааны актыг түдгэлзүүлж, улмаар хариуцагч дахин акт гаргаагүй нөхцөлд тухайн акт хүчингүй болох үр дагаварт хүргэж, нэхэмжлэлий шаардлагын хүрээнээс хэтэрсэн асуудлаар дүгнэлт хийсэн гэж дүгнэх үндэслэл болох учраас энэ төрлийн нэхэмжлэлийн шаардлагад “захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлэх” зохицуулалтыг хэрэглэх үндэслэлгүй.

Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэлийн шаардлага (төрөл)-ын хүрээнд улсын байцаагчийн актын хууль зүйн үндэслэлд эрх зүйн дүгнэлт өгөх учраас анхан шатны шүүхээс “…зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу дахин явуулсны үндсэн дээр дээрх зөрчлийг үйлдсэн эсэхэд дүгнэлт өгч, зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авах үндэслэлтэй эсэхийг дүгнэж, дахин акт гаргах нь зүйтэй” гэх зэргээр шүүхийн шийдвэрт дурдсан хууль зүйн дүгнэлт, цаашид нэмж тодруулах шаардлагатай гэх асуудал нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн хэргийн нөхцөл байдал гэдэгт хамаарахгүй.

5.3. Шүүхээс захиргааны актыг хянан магадлах цар хүрээ нь гагцхүү нэхэмжлэлийн шаардлагын төрөл, түүнд хамаарах үндэслэлээр тодорхойлогдох тул маргаан бүхий улсын байцаагчийн акт нь нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон үндэслэлээр “илт хууль бус захиргааны акт”-ын шинжийг агуулж байгаа эсэхэд л хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа чиглэнэ.

Тодруулбал, хариуцагчаас “Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн дагуу тавьсан” гэж тайлбарлаж маргаснаас гадна зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг “хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байгаа нөхцөлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг дахин явуулахыг шүүх шаардах боломжгүй.

5.4. Нөгөөтээүүр улсын байцаагчийн акт тогтоосон төрийн хяналт шалгалтын ажиллагаа, актын хууль зүйн үндэслэлд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль хамаарахгүй учраас маргааны үйл баримтад шууд холбогдолгүй, маргаан бүхийн актын үндэслэлд үл хамаарах нөхцөл байдлыг дахин тодруулах, нэгэнт хөөн хэлэлцэх хугацаа дууссан нөхцөлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг дахин гүйцэтгэх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилгод нийцэхгүй, ач холбогдолгүй гэж үзнэ.

6. Харин маргаан бүхий улсын байцаагчийн актыг “илт хууль бус захиргааны акт”-ын шинжийг хангасан эсэх талаар анхан шатны шүүхээс “... зөрчил үйлдэгдсэн гэх цаг хугацаанд мөрдөгдөж эхлээгүй байсан хуулийг буцаан хэрэглэх замаар акт тогтоох үндэслэлгүй тул хариуцагч хуулиар олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлж, хуульд заагаагүй үндэслэлээр акт тогтоосон байх тул захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй, зөрчил үйлдэгдсэн цаг хугацаанаас хойш /сүүлд/ хүчин төгөлдөр болсон хуулийн зохицуулалтыг үндэслэн хариуцлага хүлээлгэх нь “зөвшөөрнөөс бусдыг хориглох” зарчимд нийцэхгүй” гэж үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт өгчээ.

7. Хууль эрх зүйн зохицуулалтын тухайд;

7.1. 2024 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байсан Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.”, 5 дахь хэсэгт “Нийгмийн даатгалын тухай хууль зөрчигчид алданги, торгох шийтгэл оногдуулсан нь тухайн зөрчлийг арилгах, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлд заасан зөрчилд оногдуулсан торгох шийтгэл болон алдангийн төлбөрийг нийгмийн даатгалын санд төвлөрүүлнэ” гэж,

7.2. 2024 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Нийгмийн даатгалын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 7 дугаар зүйлийн 7.5-д “Энэ хуулийн 6.1.1-д заасан нийгмийн даатгалын төрөлд дараах хүн албан журмаар даатгуулна: 7.5.1. үндсэн ажлын цагаасаа бусад цагт Хөдөлмөрийн тухай хуулийн 57 дугаар зүйлд заасан зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээний дагуу хэд хэдэн ажил зэрэг гүйцэтгэж байгаа ажилтан;”, 24 дүгээр зүйлийн 24.1-д “Дараах тохиолдолд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлнэ: 24.1.1. ажил олгогч нийгмийн даатгалын шимтгэл ногдох цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогыг нуусан буюу хэмжээг нь санаатайгаар бууруулсан бол;”, 31 дүгээр зүйлийн 31.1-д “Дараах тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаагүй байна: 31.1.2. энэ хуулийн 24.1.1, 24.1.2, 24.1.3-т заасан нийгмийн даатгалын шимтгэлд тооцсон алданги, торгуулийг төлүүлэх;”, 44 дүгээр зүйлийн 44.1-д “Нийгмийн даатгалын хууль тогтоомж зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол нийгмийн даатгалын шимтгэл төлөгчид дараах хариуцлага хүлээлгэнэ: 44.1.1. нийгмийн даатгалын шимтгэл ногдох цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогыг нуусан, эсхүл хэмжээг нь санаатайгаар бууруулсан бол нуусан, эсхүл бууруулсан цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогод ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, мөн орлоготой тэнцэх хэмжээний алданги тооцно. Алдангийн хэмжээ нь төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна;” гэж тус тус заасан.

8. Эдгээр зохицуулалтыг харьцуулан үзэхэд, улсын байцаагч нар нь байгууллагын удирдлагаас батасан удирдамжийн дагуу хяналт шалгалт явуулж, зөрчил гаргасан гэх 2015-2022 онд хүчин төгөлдөр үйлчилж байсан Нийгмийн даатгалын тухай хууль /1994 он/-д зөрчилд хариуцлага хүлээлгэхэд хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн тооцох талаар нарийвчлан зохицуулаагүй байсан.

Харин улсын байцаагчийн акт үйлдэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Нийгмийн даатгалын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-д нийгмийн даатгалын шимтгэлд тооцсон алданги, торгуулийг төлүүлэхэд хөөн хэлэлцэх хугацаа үйчлэхгүй байхаар тусгайлан зохицуулжээ.

9. Өөрөөр хэлбэл, зөрчил үйлдэгдсэнээс хойших хугацаанд хүчин төгөлдөр болсон хуулиар тогтоосон зохицуулалт нь буцаж үйлчлэхгүй бөгөөд нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулах нөхцөлд түүнийг буцаан хэрэглэхгүй зарчимтай. 

Гэтэл улсын байцаагч нарын хувьд, нэхэмжлэгчийн гаргасан гэх зөрчилд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу ажиллагаа явуулж, “хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн” гэх үндэслэлээр зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ч тухайн өдрөөр огноолон, ингэхдээ урьд баталсан хяналт шалгалтын удирдамжийг үндэслэсэн буюу түүнд заасан төрийн хяналт шалгалт явуулах хугацаа дууссан үед, нэхэмжлэгч хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэж, 2015-2022 онд хамаарах шимтгэлийг алдангийн хамт нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн байх тул тэдгээрийн үйлдсэн 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 250056 дугаартай актыг илт хууль бус гэж үзэхээр байна.

10. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэх ойлголт нь хуульд заагаагүй үндэслэлээр хүний эрхэд халдсан буюу хуульд үндэслэх зарчмыг зөрчсөн алдааг илэрхийлдэг бөгөөд эрх зүйн байдлыг хүндрүүлсэн хуулийг буцаан хэрэглэсэн дээрх тохиолдол ч үүнд хамаарах тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах нь үндэслэлтэй.

11. Энэ агуулгаараа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3, 52 дугаар зүйлийн 52.5.1, 106 дугаар зүйлийн 106.3.2-т тус тус заасан (a) маргаж буй захиргааны акт нь /шаардлагын үндэслэлийн хүрээнд/ Захиргааны ерөнхий хуульд заасан илт хууль бус захиргааны актын шинжийг агуулахын зэрэгцээ (б) нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан гэх урьдчилсан нөхцөлүүд зэрэг хангагдсан учраас маргаан бүхий улсын байцаагчийн актыг илт хууль бусад тооцож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй тул улсын байцаагчийн актыг албадан гүйцэтгэж, “Д Э Т” ХХК-иас үл маргах журмаар гаргуулсан 53,522,480 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй.

12. Хууль тогтоомжийн тухай хуулийн 261.1 дүгээр зүйлийн 261.1-д “Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийг хүчингүй болгосноор өмнө нь хүчингүй болсон хуулийн үйлчлэл сэргэхгүй”, 261.3-д “Тухайн хуульд өөрөөр заагаагүй бол хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан нь хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөлд хамаарах зохицуулалт байх тул маргааны энэ тохиолдолд хэрэглэгдэхгүй учраас хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2026/0194 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг баримтлан “Д Э Т” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газрын улсын байцаагч М.О, Э.Сэргэлэн нарын үйлдсэн 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн “Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, алданги ногдуулах тухай” 250056 дугаар актыг илт хууль бус болохыг тогтоож, Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газраас 53,522,480 төгрөгийг гаргуулж “Д Э Т” ХХК-д буцаан олгосугай.” гэж өөрчилж, 2 болон 3 дахь заалтыг хасч, 4 дэх заалтыг “2” болгож, тогтоох хэсгийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Цэндсүрэнгийн давж заалдах гомдлыг хангаж, хариуцагч М.О, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Нармандах нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д тус тус зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                 ШҮҮГЧ                                                                   М.ЦЭЦЭГМАА

 

 

                 ШҮҮГЧ                                                                     Н.ХОНИНХҮҮ

 

 

                 ШҮҮГЧ                                                                    З.ГАНЗОРИГ

 

[1] Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025.12.24-ний өдрийн 112 дугаар захирамжаар БГД-ийн Нийгмийн даатгалын газрын улсын байцаагч М.О, С.Сэргэлэн нарт холбогдуулж захиргааны хэрэг үүсгэж, 2026.01.08-ны өдрийн 489 дүгээр шүүгчийн захирамжаар хариуцагч С.Сэргэлэнгийн эрх залгамжлагчаар тус Нийгмийн даатгалын газрыг сольсон. /Хэргийн I хавтасны 52 дахь талд/