Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 23 өдөр

Дугаар  2022/ШЦТ/972

 

 

 

 

     2022        06           23                                    2022/ШЦТ/972

 

   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, шүүгч С.Өсөхбаяр, Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

улсын яллагч Н.Өнөрбаяр,

иргэдийн төлөөлөгч Г.Угтахбаяр,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б,

шүүгдэгч С.Г, түүний өмгөөлөгч Б.Жаргалсайхан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт С.Гыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2206 00000 1251 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,  

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч С.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 03 дугаар сарын 28-ны орой Баянзүрх дүүргийн 08 дугаар хороо 81 дүгээр байрны 01 дүгээр орцны 02 тоотод хохирогч Д.Батсайхантай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар нүүр хэсэгт нь цохиж гавал тархины амьдрах боломжгүй хүнд гэмтэл учруулж амь насыг нь хохироож Хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан доорх нотлох баримтыг шинжлэн судлав.  

 

Шүүх доорх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хэрэгт авагдсан нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул уг нотлох баримтуудыг үнэн зөвд тооцон эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч С.Гт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 

Нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийг яллагдагчаар байцаахдаа болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байна.

 

Шүүгдэгч С.Г нь 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 81 дүгээр байрны 1 дүгээр орцны 2 тоотод амь хохирогч Д.Батсайхантай маргалдаж, хана руу хүчтэй түлхэн унагаж, толгойн дагз хэсгээр хана мөргүүлэн гавал тархины амьдрах боломжгүй хүнд гэмтэл учруулан, амь насыг нь хохироож хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Бын мөрдөн байцаалтад өгсөн:

“...Би Д.Батсайхан гэх хүний төрсөн дүү нь байгаа юм. ...БЗД-ийн 08 дугаар хороо 81-02 тоотод ганцаараа амьдардаг. ...над руу ойр ойрхон залгаж ярьж байсан. Цайз зах дээр мод хагалдаг ажил хийж байгаа гэж байсан. Ярих болгондоо согтуу байсан.   Сүүлийн нэг сарын хугацаанд Хуягаа гэдэг хүнтэй хамт амьдарсан гэдэг сураг байна. Өөр зүйл мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/,

 

Гэрч Б.Есүхэйгийн мөрдөн байцаалтад өгсөн:

“...Би талийгаач Д.Батсайхан ахтай 2022 оны 01 дүгээр сарын үед танилцаж байсан. Талийгаач нь машинаа зогсоолд тавих гээд зогсоол хайгаад гудамжинд явж байхад нь би манай гэр ойрхон байдаг. Та манай хашаанд машинаа тавьж болно шүү гээд хэсэг хугацаанд манай хашаанд машинаа тавих болсон. Өнөөдөр буюу 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 14:00 цагийн үед би ажпаа тараад ойрд уулзаагүй Батсайхан ахтай уулзалдах гээд гэрт нь иртэл хаалгаа онгойлгохгүй байхаар нь хаалганы бариулыг татахад хаалга онгорхой байсан. Би гэр рүү нь яваад ортол Батсайхан ах ширээнийхээ хажууд доошоо харсан хэвтэж байхаар нь дуудахад хөдлөхгүй байсан. Биед нь хүртэл хөшөөд хатуурсан, хөлийг нь хартал хөхөрсөн болохоор гэрээс нь гараад шууд 103-т дуудлага өгсөн. Талийгаач Батсайхан архи, тамхи их хэмжээгээр хэрэглэдэг, сүүлийн 1 сар Хуягаа гэх залуутай хамт амьдарч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30/,

 

Гэрч Н.Мэндсайханы мөрдөн байцаалтад өгсөн:

...Батсайханы гэрт ирдэг Есүхэй гэх залуу манай хаалгыг нүдээд манай ах нас барчихжээ гэсэн. Би түүнтэй хамт гадаа тамхи татаад байж байтал 55-60 орчим насны 166 см орчим өндөртэй, халамцуу залуу иртэл Есүхэй тухайн залууд “та манай ахтай архи уусан юм уу” гэтэл тэр залуу “хамт архи уусан” гэж хэлсэн. Тэгээд тэр залуу явах гээд байхаар нь Есүхэй та байж бай гэхэд тухайн хүн “би холдохгүй шээгээд ирье” гээд гудамж руу алхаад явсан. Эргэж ирээгүй тэр чигтээ явсан гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/,

 

Гэрч Б.Батчулуунжаргалын мөрдөн байцаалтад өгсөн:

“...бид дөрвүүлээ Д.Батсайханы гэрт орж ирэхэд араас нөгөө хамт амьдардаг гэх залуу нэлээн согтуу орж ирээд бид гуравыг хөөгөөд байсан. Харин Д.Батсайхан больцгоо гэж хэлсэн. Тэгээд нөгөө залуу бид дөрөвтэй нийлээд 0.75 литрийн архинаас хамт ууж байхдаа Д.Батсайханыг архи уухаараа шөнө үглээд унтуулдаггүй юм. Та нар явцгаа гэж хөөгөөд байснаа гэнэт шүүгээнээс хайч, хутга барьж аваад бид нарыг орон дээр сууж байхад ширээн дээр хутга, хайчаа хоёр гартаа бариад цохиод байсан...Тэр залууг агсам тавиад байсан учраас Гантөмөр агсаны хүү түрүүлээд гараад явсан. Харин Д.Батсайхан намайг явуулахгүй хоноод явчих гэж хэлээд энэ нөхөр бүтэхгүй хүн байна явуулна гэж хэлж байсан...Д.Батсайхан нөгөө агсам тавиад байсан залуутай гэртээ үлдсэн. Би маргааш нь буюу 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн өглөө 09:00 цагийн үед Д.Батсайхантай утсаар ярих санаатай залгахад утас нь холбогдохгүй байсан болохоор буцаад унтаад өгсөн...нөгөө залуу нэлээн согтуу сандал дээр суугаад үлдсэн. Харин Д.Батсайхан орон дээрээ суугаад үлдсэн... тэр залууг Цайз зах дээр мод хагалдаг гэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 35-38/,

 

Гэрч Л.Сайнбаярын мөрдөн байцаалтад өгсөн:

“...2022 оны 03 дугаар сарын сүүлээр яг хэдний өдөр гэдгийг санахгүй байна. Ямар ч байсан шөнө дунд 03:00 цагаас 04:00 цагийн хооронд намайг гэртээ согтуу унтаж байхад хашааны банз суга татаад орж ирсэн. С.Гийг орж ирэхэд би согтуу унтаж байсан. Тэгсэн С.Г надаас нэгж байгаа юу гэж асуугаад миний утаснаас 3000 нэгж аваад буцаад гараад явсан. Би тухайн өдөр С.Гтай архи хамт уугаагүй. Надаас нэгж аваад гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-42/,

 

Шинжээч эмч Б.Сэргэлэнгийн мөрдөн байцаалтад өгсөн:

“...амь хохирогч Д.Батсайханы дагзны баруун хэсэгт мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлийн улмаас данзны хэсэгт үүссэн шугаман хугарал, хуйхны цус хуралт, тархины гэмтлүүд үүснэ. Тухайн хэсэгт хүч үйлчлээд гавлын ясны хугарал, тархины хатуу хальсан доорх цусан хураа, тархины эдийн няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, гэмтлүүдийн улмаас тархи дарагдаж амьсгал, зүрх судасны төвийн гаралтай дутагдалд орж нас барсан. Дээрх гавал тархины гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих болон цохигдох үед үүсгэгдэх боломжтой...” гэх мэдүүлэг /хх-ийн 76-77/,

 

 Хэргийн газарт үзлэг хийсэн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн:

“Хэрэг учрал болсон гэх газар нь Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 81 дүгээр байрны 2 тоотод байх ба ... гадна хаалгаар ороход зүүн талд 00-н өрөө байв. ...Том өрөөний баруун талын хананд тулгаж байрлуулсан бор өнгийн модон орон дээр цэнхэр өнгийн бүтээлгэ, хар өнгийн куртик, цагаан өнгийн хөнжил зэрэг зүйлс эмх цэгцгүй байв. Өрөөний хойд хэсэгт цагаан өнгийн модон ширээн дээр эд зүйлс эмх цэгцгүй байна. Ширээний баруун урд хэсэгт байсан цагаан өнгийн аяганаас 2 ширхэг гарын мөр бэхжүүлж авав. Ширээний дор байсан 0,75 граммын хоосон Хараа гэсэн бичигтэй архины  шилэн дээрээс 2 ширхэг гарын мөр бэхжүүлж авав. ... Өрөөний гол хэсэгт ширээний хажуу урд байрлалтай 58 настай гэх саарал цамц, хар өмдтэй эрэгтэй хүний цогцос байсан...” гэх тэмдэглэл хэргийн газрын схем зураг, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-16/,  

 

Цогцост үзлэг хийсэн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн:

“168 см урттай, 58 кг жинтэй, толгойдоо 12 см буурал орсон хар өнгийн шингэн үстэй, биеийн галбир зөв, эрхтэн бүрэн, булчин өөхөн эдийн хөгжил дунд 59 настай гэх эрэгтэй хүний цогцос байна. 2 нүдний зовхи аниастай, хүүхэн хараа 2 талд жигд өргөссөн, эвэрлэг тунгалаг салст цайвар шаргал өнгөтэй, хамрын яс бүтэн, гарсан зүйлгүй, ам жимийсэн, уруул хөхөлбөр саарал, доод буйланд шүдгүй, дээд буйланд зүүн 3 дугаар шүдтэй бусад үзэгдэх шүдгүй, цогцос бүлээн, хөшилт биеийн бүх булчингуудад жигд тод илэрсэн, хүүрийн толбо цээжний баруун урд хэсэг болон биеийн ард дарагдаагүй хэсгээр хөхөлбөр хүрэн ягаан өнгөөр бүдэг үүссэн. Нас бараад 8-10 орчим цаг болсон байна. Баруун хацарт 3*1 см, 0,5-0,3см, 0,3*0,2см улаан ягаан өнгийн зулгаралт, цээжний зүүн урд хэсэгт 1,5*1см бор шаргал өнгийн цус хуралттай, баруун шилбэний урд дунд хэсэгт 2*1см, 1*0,5см хэмжээтэй хар хүрэн өнгийн тав тогтсон зулгаралттай, зүүн шууны гадна дунд хэсэгт 5*2,5см бичиглэл бүхий хөх өнгийн шивээстэй, шээс өтгөний сүвнээс гарсан зүйлгүй. Биед өөр ил харагдах гэмтэлгүй байна” гэх тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 17-21/

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан “...С.Гт таны мэдүүлэгт дурьдагдсан гэмт хэрэг гарсан газарыг зааж өгч чадах уу гэж асуухад тэрээр чадна гэснээр албаны машинтай явж Баянзүрх дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 81-р байрны 1-р орцны гадна очив. Орцоор ороод баруун тийш эргэхэд урд зүгт харсан кордиороор 2,5 метр яваад ертөнцийн зүгээр зүүн зүгт харсан бор өнгийн хаалгыг заав. Уг хаалга ямар нэг номергүй байв. С.Г хаалгыг бариулаас татахад цоожтой байв. Цааш ажиллагааг үргэлжлүүлэн С.Гын зааснаар 81-р байрнаас гарч засмал зам дээр очиж ертөнцийн зүгээр урд зүгт явах чиглэлийг заав. Явж Харуул Алтай хотхоны баруун талд шороон зам дээр очиж ертөнцийн зүгээр хойд зүгт явах чиглэл заав. Уг уулзвараас хойд зүгт 50 метр яваад баруун зүгт байх гудамжаар чигээрээ явахад бор өнгийн төмөр хаалга дээр С.Г очиж зогсов. Уг тоот нь Баянзүрх дүүргийн 8-р хороо, 026-р ангийн 6 тоот байв. С.Г Баянзүрх дүүргийн 8-р хороо, 81-р байрны 2 тоотоос гарч уг тоотод ирсэн гэснийг тэмдэглэлд тусгав ” гэх тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 47-51/,

 

Таньж олуулах ажиллагаа явуулсан “... гэрч Б.Есүхэйгээр амь хохирогч Д.Батсайхантай хамт амьдарч байсан гэх хүнийг гэрэл зураг ашиглан таньж олуулах ажиллагааг явуулав. 1-4 гэсэн тоон дугаарын байрлалд оруулж фото цаасан дээр хэвлэсэн зургаар таньж олуулах ажиллагааг эхлүүлэв. Гэрч Б.Есүхэйгээс таньж олуулах ажиллагааг эхлэхийн өмнө таниулж буй зурган дундаас тухайн сэжиглэж буй хүнийг ямар онцлог шинж тэмдэгээр нь таньж чадахыг урьдчилан асуухад: Гэрч Б.Есүхэй нь тухайн хэрэг учрал болсон буюу 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 14:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо 81 дүгээр байрны 2 тоотод байх талийгаач Д.Батсайхан ахын гэрт очоод хаалгыг нүдээд онгойлгохгүй байхаар нь хаалганы бариулнаас явахдаа дарахад онгорхой байсан. Тэгээд гэрт нь явж ороход талийгаач баруун гараа толгойныхоо доод талд хийгээд шалан дээр доошоо хараад хэвтэж байсан. Би тухайн үед согтуу байна гэж бодоод биенд хүртэл хөшөөд, хөрсөн байсан учраас нас барсан байна гэж бодоод гэрээс нь гараад 102, 103 тусгай дугаарт дуудлага өгсөн. Түргэн тусламж түрүүлж ирээд талийгаачийн цогцосыг дээш харуулж байхад гаднаас н.Хуягаа / С.Г/ гаднаас талийгаачийн гэрт орж ирсэн. Урьд өмнө нь талийгаач надад н.Хуягааг манай үеэл дүү гэж хэлж байсан учраас н.Хуягааг орж ирэхэд нь ийм асуудал болсон байна гэж хэлэхэд н.Хуягаа юу яриад байгаан бэ гэж хэлээд шууд гараад явсан. Би араас нь гүйж гараад байрны гадаа н.Хуягааг барьж аваад та хамгийн сүүлд хэзээ талийгаачтай хамт байсан талаар асуухад н.Хуягаа 2022 оны 03 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө хамт хоноод өглөө нь гарсан гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би н.Хуягаа гэх хүн талийгаачтай хамгийн сүүлд хамт байсан гэдгийг мэдээд цагдаа иртэл хамт байж бай гэхэд н.Хуягаа бие засаад ирье гэж хэлээд зугтаасан. Намайг урьд өмнө талийгаачийн гэрт орж гарах үед н.Хуягаа нь байнга байдаг байсан учраас би олон удаа харж байсан. Содон шинж тэмдэг гэвэл н.Хуягаагийн үс нь халзарсан, үүдэн шүдгүй, 45-55 орчим насны, 170-175 орчим см өндөртэй хүн байсан гэснийг тэмдэглэлд тусгав. Гэрч Б.Есүхэйг 215 тоот таньж олуулах өрөөнд оруулж 4 хүний зургийг харуулахад 3 гэсэн тоон дугаартай эрэгтэйг заасныг гэрэл зургаар бэхжүүлэн ямар онцлог содон шинж тэмдэгээр таньж байгаа талаар асуухад дээр хэлсэнчлэн урьд өмнө нь олон удаа талийгаачийн гэрт таарч байсан. Мөн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр түргэн тусламж ирсэн байхад талийгаачийг нас барсаныг хараад шууд гэрээс гараад явсан. Би араас нь гарч очоод цагдаа иртэл байж бай гэхэд явсан. Тэгээд цагдаагийн алба хаагч нар ирсэний дараа алба хаагч нартай би хамт явж байгаад барьж өгсөн учраас гэснийг тэмдэглэлд тусгав” гэх тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 52-56/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 1041 дугаартай:

Шүүх эмнэлгийн онош: Гавал тархины битүү гэмтэл: Гавлын дагз ясны баруун хэсгийн шугаман хугарал, их тархины баруун тал бөмбөлгийн дагз, зулайн дэлбэн, зүүн тал бөмбөлгийн дух, зулай, чамархай, суурийн дэлбэнгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, их тархины баруун тал бөмбөлгийн дагз, чамархай, зүүн тал бөмбөлгийн дух, зулай, чамархай, суурийн дэлбэнгийн тархины эдийн няцрал, баруун тал бөмбөлгийн : хажуугийн ховдол орчмын эдийн кяцрал, хуйхны цус хуралт, баруун хацар, баруун шилбэнд зулгаралт, цээжинд цус хуралт.          

Дотор эрхтнүүдийн бичил цус эргэлтийн цочмог алдагдал, тархи, уушгины хаван.

Элэгний жижиг зангилаат хатуурал. Баруун хацар, баруун шилбэнд зулгаралүЩя цээжинд цусхуралт.

 ДҮГНЭЛТ: Талийгаач Д.Батсайхан нь гавал тархины битүү гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас баржээ.

Талийгаач Д.Батсайханы цогцост гавал тархины битүү гэмтэл: гавлын дагз ясны баруун хэсгийн шугаман хугарал, их тархины баруун тал бөмбөлгийн дагз, зулайн дэлбэн, зүүн тал бөмбөлгийн дух, зулай, чамархай, суурийн дэлбэнгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, их тархины баруун тал бөмбөлгийн дагз, чамархай, зүүн тал бөмбөлгийн дух, зулай, чамархай, суурийн дэлбэнгийн тархины эдийн няцрал, баруун тал бөмбөлгийн хажуугийн ховдол орчмын эдийн няцрал, хуйхны цус хуралт, баруун хацар, баруун шилбэнд зулгаралт, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Гавал тархины битүү гэмтэл, хуйхны цус хуралт, баруун хацарт зулгаралт гэмтлүүд нь шинэ. Бусад гэмтэл нь хуучин гэмтэл байна. Талийгаач нь элэгний жижиг зангилаат хатуурал өвчтэй байна. Талийгаач нь нас барах үедээ согтолтгүй байжээ. Хорт бодис болон мансууруулах, сэтгэцэд нелөөлөх бодис илрээгүй. Талийгаач нь гуравдугаар бүлгийн цустай байжээ. Эмнэлгийн яаралтай тусламж цаг алдалгүй үзүүлсэнч амьдрах боломжгүй гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зураг /хх-ийн 62-71/,

 

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 393 дугаартай:

С.Г нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. С.Г нь гэмт хэргийн үйлдлийн үед сэтгэцийн ямар нэгэн өвчингүй бөгөөд өөрийнхөө үйлдлийг удирдаж чадаж байсан байна. С.Г нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, хэрэг хариуцах чадвартай байна. С.Гт эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. С.Г нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. С.Г нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, хэрэг хариуцах чадвартай байна” гэх дүгнэлт /хх-ийн 80-81/,

 

- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/,

- БЗДЦГ ЦХ-3, ШУТасаг, дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 4/,

- амь хохирогч Д.Батсайхан нь 2022.03.30-ны өдөр Баянзүрх дүүрэгт нас барсан гэх гэрчилгээний  хуулбар /хх-ийн 117/,

- хохирлын талаарх “Хайрхан мандал буян ХХК-р талийгаач Д.Батсайханыг нутаглуулах буяны цогц үйлчилгээг 2022.04.04-ний өдөр 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгөөр авсан болохыг тодорхойлов” гэх, С.Гт Шүүх сэтгэц, эмгэг судлалын дүгнэлт гаргахад 30.000 төгрөг төлсөн гэх баримтууд /хх-н 121/,

 

Шүүгдэгч С.Гын мөрдөн байцаалтад өгсөн:

Би Д.Батсайхантай 2022 оны 02 дугаар сараас хойш Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо 81 дүгээр байр 2 тоот нэг өрөө байранд хамт амьдрах болсон. Тэгээд 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн орой 20:00 цаг өнгөрч байхад ажлаа тараад Д.Батсайхан ахын гэрт ирсэн. Тэгсэн намайг гэрт ороход Д.Батсайхан ах хоёр хүнтэй архи уугаад сууж байсан. Намайг гэрт ороход хамт байсан найзууд нь маргах гээд байсан учраас би гэрээс гарч яваад хэсэг хугацааны дараа буцаж ортол Д.Батсайхан ах гэртээ байхгүй байхаар нь гараад байрны гадаа хүлээж байхад зурагтаа 50.000 төгрөгөнд барьцаанд тавьсан гээд нөгөө нэрийг нь мздэхгүй хоёр найзтайгаа 0.5 литрийн Хараа архи бариад хүрээд ирсэн. Би гэрт нь ороод яах гзж зурагтаа барьцаанд тавьсан юм гэж хэлэхэд Д.Батсайхан ах чамд хзмаагүй гэж хэлсэн. Тэрнээс болж би Д.Батсайхан ахын 2 найзтай маргалдаж байхад нэг найз нь надад өөрийгөө Босоо Монгол хөдөлгөөний атман гэж хэлээд онгироод байхаар нь архины шилийг гартаа барьж байгаад шалан дээр цохиж хагалсан. Гэхдээ гэр хоёр залуутай зодолдож муудалцсан зүйл огт байхгүй. Удалгүй Д.Батсайхан ахын хоёр найз харилаа гээд гараад явсан. Харин Д.Батсайхан ах бид хоёр хоол хийж идэх гээд байж байхад надаас архи нэхээд байхаар нь одоо та болсон байна гэж хэлсэн. Тэгсэн ахин дахин надаас Д.Батсайхан ах нзг шил архи авчраад өгчих гээд нэхээд байхаар нь уур хүрээд орныхоо урд талд зогсож байхад нь цээж хэсэгт нь нэг удаа хүчтэй түлхэхэд орны цаад талын ханыг толгойгоороо мөргөж унасан. Тэр шөнө нь би Д.Батсайхан ахын гэрт хоноод 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн өглөө гарч яваад ажиллаж байгаад орой 20:00 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд надад хаалга тайлж өгөөд бид хоёр ахин нэг шил архи хувааж уусан. Би 202.2 оны 03 дугаар 29-ний ©дрийн 21:00 цаг өнгөрч байхад Сайнбаяр гэдэг залуу надтай утсаар яриад дуудахаар нь Д.Батсайхан ахын гэрээс гараад тэнд очиж хамт архи уусан. Маргааш өглөө нь буюу 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн өглөө өөртөө малгай авч өмсөөд 14:00 цагийн үед Д.Батсайхан ахын гэрт очиход Есүхэй гэдэг залуу гэрийнх нь гадаа таараад надад Д.Батсайхан ах өнгөрсөн байна гэж хэлэхээр нь би гэрт нь оролгүй цагдаа дуудсан гэсэн учраас буцаад явсан. 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн өглөө Цайз зах дээр байхад цагдаа нар ирээд намайг барьсан.

Д.Батсайхан ах архи уугаад дахин архи нэхээд байсан учраас унт гэж хэлээд түлхэхэд хана мөргөж унасан. Тэрнээс бол бид хоёрт таарамжгүй харилцаа байгаагүй. Би Д.Батсайхан ахтай хамт байсан найзуудынх нь нэрийг мэдэхгүй урьд өмнө нь харж байгаагүй хүмүүс байсан. Миний хажууд Д.Батсайхан ах тэр хоёр найзтайгаа маргасан зүйл байхгүй. Би сүүлийн хоёр хоног хоноогүй шалтгаан нь талийгаач архи уусан үедээ үглээд унтуулахгүй байдаг учраас би хоноогүй.

Би өөрийнхөө хийсэн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Тэр орой тэр хоёр хүн ирээгүй бол зурагт барьцаанд тавихгүй, Д.Батсайхан ах бид хоёр хоорондоо маргахгүй л байсан байх” гэх мэдүүлэг /хх-ийн 93-95/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс С.Гын хувийн байдлын талаар баримтууд болох иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 99/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 100/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 110-114/ зэргийг шинжлэн судлав.

 

Гэм буруугийн асуудлаар:

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэж, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Амьд явах эрх бол хүн бүрийн салшгүй эрх мөн” гэж, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын иргэн амьд явах эрхтэй” гэж хүний амьд явах эрхийг баталгаажуулсан.

 

Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл, шүүгдэгч С.Г амь хохирогч Д.Батсайханыг ор луу хүчтэй түлхэж толгойн ар хэсгээр хана цохиулсаны улмаас “гавал тархины битүү гэмтэл: гавлын дагз ясны баруун хэсгийн шугаман хугарал, их тархины баруун тал бөмбөлгийн дагз, зулайн дэлбэн, зүүн тал бөмбөлгийн дух, зулай, чамархай, суурийн дэлбэнгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, их тархины баруун тал бөмбөлгийн дагз, чамархай, зүүн тал бөмбөлгийн дух, зулай, чамархай, суурийн дэлбэнгийн тархины эдийн няцрал, баруун тал бөмбөлгийн хажуугийн ховдол орчмын эдийн няцрал, хуйхны цус хуралт, баруун хацар, баруун шилбэнд зулгаралт, цээжинд цус хуралт” бүхий гэмтэл учруулсаны улмаас Д.Батсайхан нь нас баран хүнийг алсан үйлдэл нь хүний амьд явах эрхийг үгүй хийх санаа зорилготойгоор хийгдсэн нийгэмд аюултай үйлдэл юм.  

 

Шүүгдэгч С.Гын талийгаач Д.Батсйахан руу чиглэсэн, хүч хэрэглэсэн, идэвхтэй үйлдлийн улмаас хохирогчийн амь нас хохирсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүнийг алах гэмт хэргийн үндсэн шинж хангагджээ.

 

Шүүгдэгч С.Гын амь хохирогчийг түлхэж унагасны улмаас эмнэлгийн яаралтай тусламж цаг алдалгүй үзүүлсэнч амьдрах боломжгүй гавал тархины битүү гэмтэл учирч хүнийг алсан идэвхитэй үйлдэл нь Д.Батсайханы амь нас хохирсон хохирол, хор уршигтай шууд шалтгаант холбоотой байна.   

 

Шүүгдэгчийн Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэнд, амь насанд халдаж, бусдын амь нас хохирсон хор уршигт зориуд хүргэсэн үйлдлийг дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Учир нь шүүгдэгч амь хохирогчийг хүчтэй түлхэхэд аливаа эд зүйлийг биеэрээ, биеийнхээ аль нэг хэсгээр мөргөж гэмтэл авах, учирах гэмтэл нь зарим тохиолдолд золгүй явдалд хүргэх аюултай шинж чанарыг өөрөө ухамсарлаж байсан ч хүсэж үйлдэснээрээ уг хохиролд хүргэсэн байна.

 

Шүүгдэгч С.Гын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар дүгнэхэд амь хохирогч болон шүүгдэгч нар нь согтууруулах ундааны зүйлийг тодорхой хэмжээгээр хэрэглэсэн боловч болж байгаа үйл явдлыг мэдэж байсан болох нь тогтоогдож, тухайн үйл явдалд дүгнэлт хийх, нөхцөл байдлыг тодорхойлж үнэлэх чадвартай байсан байна.

 

Шүүх хуралдаанд иргэдийг төлөөлөн оролцсон иргэдийн төлөөлөгч нь шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт гаргасан байна. Иргэдийн төлөөлөгчийн уг дүгнэлт нь жирийн иргэний өөрийн ухамсар, итгэлийн үүднээс шүүгдэгчийн үйлдэлийн буруутай болохыг ойлгож дүгнэсэн дүгнэлт юм.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт С.Гыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бодит байдал тогтоогдсон, хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иймд шүүгдэгч С.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргах зүйлгүй болохоо илэрхийлж, хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрч шүүх хуралдаанд оролцсон болно.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор,

 

 

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж хуульчилсан.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б нь гэм хорын хохиролд нийт 4.030.000 төгрөгийг нэхэмжилэн, хавтаст хэргийн 121 дүгээр талд хохирлын гэх 2 ширхэг нотлох баримтыг хавсаргуулжээ.

 

Шүүх хуралдаанаар гэмт хэргийн улмаас 4.030.000 төгрөгийн хохирол учирсан нь нотлох баримтаар тогтоогдсон гэж шүүх бүрэлдэхүүн тооцож, шүүгдэгч С.Гаас гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид гаргуулж олгох нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг,

5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болголоо.

 

Шүүгдэгч С.Г нь хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хэрэгт авагдсан баримтуудыг судлан үзэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд тусгайлан заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

Шүүхээс шүүгдэгч С.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд үйлдсэн гэмт хэрийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан, нөхцөл байдал, санаа сэдэл, арга хэрэгсэл, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлбөр төлөөгүй байдал, түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг бага хэмжээгээр оногдуулж, эдлэх ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог учир шүүхээс оногдуулсан хорих ял нь шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэрт тохирно гэж дүгнэсэн болно.

 

Шүүгдэгч С.Г нь хэргийн учир 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс хойш 84 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.

  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Сийн Гыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Гыг 9 /есөн/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Гт оногдуулсан 9 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Гын урьд цагдан хоригдсон 84 /наян дөрөв/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Гаас 4.030.000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б /УС66080914/-т олгосугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Гт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн тооцсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдний өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

    

            

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Н.БААСАНБАТ       

 

                                           ШҮҮГЧИД                        С.ӨСӨХБАЯР

 

    Т.ШИНЭБАЯР