| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтангэрэлийн Бямбажав |
| Хэргийн индекс | 107/2023/0121/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/124 |
| Огноо | 2023-12-18 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | С.Б |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 2023/ШЦТ/124
2023 12 18 2023/ШЦТ/124
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар Д.Б-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2304001540116 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Б.Наранжаргал
Улсын яллагч С.Баяр-Эрдэнэ
Шүүгдэгч Д.Б нар оролцов.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын .-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 42 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ............. нярав ажилтай, ам бүл 3 нөхөр, 1 хүүхдийн хамтаар ........... тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Б......... овгийн Д.......ийн Б /РД:.........../
Шүүгдэгч Д.Б нь 2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 19 цагийн орчимд Багануур дүүргийн 2 дугаар хороо, Багануур хөшөөний орчим засмал зам дээр .......... улсын дугаартай Тоёота Приус загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа, Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэснийг зөрчиж буюу иргэн Т.С......ын жолоодон эсрэг урсгалаар зорчиж явсан ..... УНЛ улсын дугаартай Тоёота Карина загварын тээврийн хэрэгслийн урдаас урсгал сөрж, мөргөн зам тээврийн осол гаргасны улмаас ......... УБА улсын дугаартай Тоёота Приус загварын тээврийн хэрэгслийн урд талын зорчигчийн суудалд зорчиж явсан хохирогч Б.Э.......ийн эрүүл мэндэд хүнд хохирол, ...... УНЛ улсын дугаартай Тоёота Карина загварын тээврийн хэрэгслийн урд талын жолоочийн суудалд зорчиж явсан хохирогч Т.С.......ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, мөн хохирогч Н.Н.........ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан буюу автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч Д.Б......ын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 18 цагийн үед Улаанбаатар хотоос ........ УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон нөхөр миний хажууд урд талын суудал дээр суугаад бид хоёр Хэнтий аймаг руу гэртээ харихаар явж байсан. Багануур дүүргийн хөшөө өнгөрөөд 20 цагийн үед орж ирэхэд Багануурт нилээн хүчтэй бороо орж байсан. Гэтэл гэнэт миний урдаас маш тод машины гэрэл тусч, над руу ирж байгаа юм шиг санагдаад би сандарсандаа эсрэг урсгал руу дарж ороод машинтай мөргөлдсөн. Мөргөлдөөд машинаасаа буух гэтэл хаалга онгойхгүй, гаднаас хүмүүс хаалга онгойлгосон. Тэгээд буугаад нөгөө мөргөсөн машин дээр очтол тухайн машин дотор зорчиж явсан С, Н нарыг буулгаад өөр машинд суулгасан байсан. Удалгүй эмнэлэг, цагдаа ирээд бид нарыг эмнэлэг рүү аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 143-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/
2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газарт хийсэн үзлэгээр баримтжуулсан гэрэл зургууд /хх-ийн 3-4, 7 дугар хуудас/,
Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийн Зам тээрийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдлын тэмдэглэл, Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /хх-ийн 5-6-р хуудас/
Хохирогч Т.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2023 оны 09-р сарын 10-ны өдөр над дээр хамт ажилладаг Н. над дээр ирсэн. Ингээд бид хоёр загас барьж байгаад оройны 18 цагийн орчимд голын эрэг дээрээс Улаанбаатар хот явахаар миний эзэмшлийн ........ УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслээр хөдөлсөн. Тухайн үед Н.Н.. нь тээврийн хэрэгсэлгүй ирсэн. Ингээд бид хоёр Багануур дүүргийн урдуур явдаг орон нутгийн замаар яваад замын цагдаагийн пост өнгөрөөд, Багануур дүүргийн хөшөөний орчимд 80 км/ц хурдтай явж байсан. Бид хоёрыг явж байхад хажуугаар том оврын ачааны машин дөнгөж өнгөрөөд удаагүй байтал замын эсрэг урсгалаас машин сөрж орж ирсэн. Би орж ирэхэд шууд торомз гишгэсэн ба сөрж орж ирсэн тээврийн хэрэгсэл нь шууд ирж мөргөлдсөн. Тэгээд хэсэг хугацаанд ухаа алдсан ба нэг сэргэсэн чинь хүмүүс цугларсан байсан. Удалгүй цагдаа нар ирсэн... ..... УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг миний бие өөрөө жолоодож явсан... Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Тухайн үед гэгээ тасраад харанхуй болсон байсан... Би тухайн үед том оврын ачааны машин ирэх үед 100 метрийн цаанаас холын гэрлийг шилжүүлж ойрын гэрэл дээр тавьсан байсан. Том оврын ачааны машин зөрөөд холын гэрэл рүү шилжүүлэх хооронд эсрэг урсгалаастээврийн хэрэгсэл гарч ирээд мөргөсөн... Миний цээж өвчүү хэсгээр хугарсан. Зүүн хөлийн зөөлөн эд гэмтсэн, бүс зүүсэн байсан учир бүс зүүсэн байсан хэсгээр зулгаралт няцралт үүссэн. Толгойн ар хэсэгт халцарсан байсан... сэтгэл санааны хохирол нэхэмжлэх шаардлагагүй гэжүзэж байна... ...Би гэмтлийн улмаас 2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл өвчний акттай ажлаа хийж чадаагүй. Би сард гар дээрээ 2.200.000 төгрөг авдаг гэтэл листийн мөнгө 550.000 төгрөг дансанд орсон. Иймд авч чадаагүй цалин болох 1.650.000 төгрөг, мөн эм тарианд нийт 250.000 орчим төгрөг, бас толгой, цээжний зургийг Натур мэд эмнэлэгт 150.000 төгрөгөөр авхуулсан. Мөн осол болох үед машинаа ачуулсан болон журмын хашаанаас гаргаж Улаанбаатар хот руу авч явах мөнгийг гаргуулмаар байна. Ингээд машины эвдрэлийн үнэлгээ 6.335.000 төгрөг дээр, дээрх мөнгөнүүдийг нэмээд нийт 8.385.000 төгрөгийг нэхэмжилж байна. Би дээр ярьсан хохиролтой холбоотой баримтуудаа прокурор, шүүхийн шатанд гаргаж өгнө...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17, 19 дүгээр хуудас/,
Хохирогч Н.Н.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...ингээд бид хоёр загас барьж байгаад оройны 18 цагийн орчимд голын эрэг дээрээс Улаанбаатар хот явахаар С.. ахын эзэмшлийн .. УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслээр хөдөлсөн. Тухайн үед би тээврийн хэрэгсэлгүй ирсэн ба жолоочийн хажуу талд байрлах зорчигчийн суудал дээр сууж явсан. Ингээд бид хоёр Багануур дүүргийн урдуур явдаг орон нутгийн замаар яваад замын цагдаагийн пост өнгөрөөд, Багануур дүүргийн хөшөөний орчимд 80 км/ц хурдтай явж байсан. Бид хоёрыг явж байхад хажуугаар том оврын ачааны машин дөнгөж өнгөрөөд удаагүй байтал замын эсрэг гүйцэж түрүүлэхээр урсгал сөрж машин орж ирсэн. Тэгэхээр нь би сандраад Сүхээ ахад машин урсгал сөрөөд ороод ирлээ шдээ гэж хэлээд удаагүй байтал урсгал сөрж орж ирсэн тээврийн хэрэгсэл бид хоёрын тээврийн хэрэгсэлтэй шууд ирж мөргөлдсөн. Тэгээд хүмүүс цугларч удалгүй цагдаа нар ирсэн... Сэтгэл санааны хохирол нэхэмжлэх шаардлагагүй гэж үзэж байна. Тийм учраас нэхэмжлэхгүй... Би гэмтлийн улмаас 2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл өвчний акттай ажпаа хийж чадаагүй. Би сард гар дээрээ 2.200.000 төгрөг авдаг гэтэл листийн мөнгө 409.000 төгрөг дансанд орсон. Иймд авч чадаагүй 2 сарын цалин болох нийт 4.000.000 төгрөгөөс листийн 409.000 төгрөгийг хасаад 3.600.000 төгрөгийг, мөн цээжний зургийг Натур мэд эмнэлэгт 150.000 төгрөгөөр авхуулж, бусад эм тарианы мөнгөнд 150.000 төгрөг, нийт 3.900.000 төгрөгийг нэхэмжилж байна. Би дээр ярьсан хохиролтой холбоотой баримтуудаа прокурор, шүүхийн шатанд гаргаж өгнө ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24, 26 дугаар хуудас/,
Хохирогч Б.Э......ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Би 2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотоос эхнэрийнхээ хамт Хэнтий аймаг руу өөрийнхөө эзэмшлийн Приус 20 маркийн ....... УБА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй хоёулхнаа орой 18 цагийн үед гарч явсан юм. Тухайн үед хотоос гарахдаа би машинаа жолоодож явж байгаад Налайх дүүрэг өнгөрөөгөөд эхнэртээ машинаа өгөөд гараа жаахан амраах санаатай бид хоёр жолоогоо сольж Налайх дүүргээс эхлэн миний эхнэр Д.Б... нь машинаа барьж явсан. Харин би эхнэртээ машинаа өгөөд унтчихсан ба түүнээс хойш юу болсныг огт санахгүй байна. Нэг сэрсэн чинь би эмнэлэгт хүргэгдсэн байсан. Ийм л асуудал болсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-33 дугаар хуудас/,
Омни капитал ББСБ-ын 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн с3-358 дугаар "...Эрүүгийн 2304001540116 дугаартай хэрэгт ..... ББСБ-г төлөөлөн иргэний нэхэмжлэгчээр ..... ББСБ-н Сонгинохайрхан дүүргийн салбарын захирал Х овогтой Э.р оролцоно...” гэсэн албан бичиг /хх-ийн 41 дүгээр хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Х.Э.....ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Д.Б...ын нөхөр Б. Э.. нь 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр манай байгууллагаас 17.500.000 төгрөгийн 3 жилийн хугацаатай 3.2 хувийн хүүтэй зээл авч ..... УБА улсын дугаартай Приус-20 маркийн бор шаргал өнгийн тээврийн хэрэгслийг худалдаж аваад сар бүр хоцрогдолгүй зээлээ төлж байгаад осол болсны дараа холбогдоод болсон үйл явдлаа хэлж даатгалын нөхөн төлбөрийг өөрсдийн данс руу авах хүсэлт гаргасныг манай байгууллагаас шийдвэрлэж өгсөн. Б.Э.. нь цаашдаа машинаа янзлуулаад, хэргээ шийдвэрлүүлээд, зээлээ хоцрогдолгүй төлж явна гэдгээ манай байгууллагад бичгээр илэрхийлсэн тул манай байгууллагын зүгээс өнөөдрийн байдлаар ямар нэгэн нэхэмжпэх зүйл алга байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-45 дугаар хуудас/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 11728 дугаар шинжээчийн “...Б.Э.....ийн биед баруун 10-р хавирганы хоёрлосон, зүүн 2-р хавирганы зөрүүтэй хугарал, баруун уушгины дээд, доод дэлбэн, зүүн уушгины доод дэлбэнгийн эдийн няцрал, баруун уушгины доод дэлбэнгийн авчилт, цээжний баруун хөндий дэх шингэн хуралдалт, бүсэлхийн 3-р нугалмын их бие, 1,2,3-р нугалмын баруун хажуугийн сэртэнгийн зөрүүтэй хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. Учирсан гэмтэл нь тухайн осол гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой...” гэсэн дүгнэлт /хх-ийн 66-67 дугаар хуудас/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 11725 дугаар шинжээчийн “...1.2. Т.С.....ын биед өвчүү ясны хугарал, дагзны хуйх, хоёр ташаанд зулгаралт, баруун ташаа, хэвлий, зүүн өвдөг, зүүн тавхайд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 3.4. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой байна. 5. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 74-75 дугаар хуудас/
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 11724 дугаар шинжээчийн “...Н.Н.......ын эрүүл мэндэд баруун 7 дугаар хавирга, зүүн 2, 3 дугаар хавирганы хугарал, баруун өвдөгт шарх, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 81-82 дугаар хуудас/
Хорин бугатын даваа ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 29-17 УНЛ дугаартай Тоуоtа Саrina маркийн автомашины хөдөлгүүр, явах ангийн оношилгоо... Автомашины тоормосны удирдлага- тоормосны базагч хүчлүүр хэвийн байна. Тоормосны дөрөө хэвийн байна. 4 дугуйнд байрлах тоормосны базагч хэвийн байна. Тоормосны шингэн гүйх труп гэмтэж цоорсон зүйл байхгүй байна. Тоормосны шингэний түвшин хэвийн байна. Автомашины жолооны удирдлага баруун, зүүн талын жолооны доод аппаратын тяг, шарнер гулзайсан байдалтай. Рулийн аппарат гэмтсэн. Автомашины хөдөлгүүр - Хөдөлгүүрийн тосны түвшин хэвийн хэмжээнд байхгүй байгаа. Автомашины явах эд ангид гэмтэл ослоос шалтгаалсан гэмтэл эвдрэл байхгүй. 5. Автомашины тоормосны шингэний түвшин Махimum буюу хэвийн хэмжээнд байгаа, гоожсон зүйл байхгүй, автомашины дөрвөн дугуйны наклад 50 хувийн элэгдэлтэй байгаа энэ нь тоормосны ажиллагаанд нөлөөлөх хэмжээнд биш, тоормосны системд гэмтэл ослын шалтгаан болох гэмтэл эвдрэл байхгүй. 6. Автомашины жолооны системд гэмтэл осол болоход шалтгаалсан гэмтэл эвдрэл байхгүй. 7. Осол гарахад автомашинаас шалтгаалсан эвдрэл гэмтэл байхгүй...” гэсэн оношилгоо /хх- ийн94-95 дугаар хуудас/,
Хорин бугатын даваа ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Автомашины хөдөлгүүр, явах ангийн ....... УБА дугаартай Тоуоtа рrus 20 маркийн автомашины хөдөлгүүр, явах ангийн оношилгоо /хх-ийн 112 дугаар хуудас/,
Хорин бугатын даваа ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Автомашины хөдөлгүүр, явах ангийн ......УНЛ дугаартай Тоуоtа Саrina маркийн автомашины хөдөлгүүр, явах ангийн оношилгоо /хх-ийн 122 дугаар хуудас/,
Сэлэнгэ-Эстимэйт хөрөнгийн үнэлгээний компанийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 382 дугаар автомашин, техникийн хохирлын үнэлгээний “... улсын дугаар: ..... УБА... нийт үнэлгээ 8.500.000 төгрөг...” гэсэн тайлан /хх-ийн 109-110 дугаар хуудас/,
Сэлэнгэ-Эстимэйт хөрөнгийн үнэлгээний компанийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 383 дугаар автомашин, техникийн хохирлын үнэлгээний “...улсын дугаар: ...... УНЛ... нийт үнэлгээ 6.335.000 төгрөг...” гэсэн тайлан /хх-ийн 119-121 дугаар хуудас/,
Мөрдөгчийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн “...Жолооч Д.Б... нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн “11.3. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно." гэх заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. Жолооч Т.С........ нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх үндэслэлгүй байна...” гэсэн магадалгаа /хх-ийн 127 дугаар хуудас/
Д.Б........ын иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоочийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа, нийгмийн болон эрүүл даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа /хх-н 147-157/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Нэг. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:
Улсын яллагчаас “…Шүүгдэгч Д.Б.......ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах...” гэсэн дүгнэлт,
Шүүгдэгчээс “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирол төлбөр төлнө...“ гэсэн дүгнэлтүүд тус тус гаргажээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Д.Б......т холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:
1. Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигийн талаар:
Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, гэрч хохирогч нарын мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.
Шинжээчийн дүгнэлтүүдийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч нар гаргасан ба хохирогчдийн биед болон эд зүйлд үзлэг хийж үнэлгээ, гэмтлийг тогтоосон тул үндэслэлүүд нь тодорхойлогджээ.
Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч нарын мэдүүлэгүүд, шинжээчийн дүгнэлтүүдээр давхар батлагдсан.
Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.
Шүүгдэгч Д.Б...... нь 2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 19 цагийн орчимд Багануур дүүргийн 2 дугаар хороо, Багануур хөшөөний орчим засмал зам дээр ...... УБА улсын дугаартай “Тоёота приус” загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа, Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3-д заасан “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг зөрчиж буюу иргэн Т.С......ын жолоодон эсрэг урсгалаар зорчиж явсан ........ УНЛ улсын дугаартай “Тоёота карина” загварын тээврийн хэрэгслийн урдаас урсгал сөрж, мөргөн зам тээврийн осол гарсны улмаас ...... УБА улсын дугаартай “Тоёота приус” загварын тээврийн хэрэгслийн урд талын зорчигчийн суудалд зорчиж явсан хохирогч Б.Э........ийн эрүүл мэндэд баруун 10 дугаар хавирганы хоёрлосон, зүүн 2 дугаар хавирганы зөрүүтэй хугарал, баруун уушгины дээд, доод дэлбэн, зүүн уушгины доод дэлбэнгийн эдийн няцрал, баруун уушгины доод дэлбэнгийн хавчилт, цээжний баруун хөндий дэх шингэн хуралдалт, бүсэлхийн 3 дугаар нугалмын их бие, 1, 2, 3 дугаар нугалмын баруун хажуугийн сэртэнгийн зөрүүтэй хугарал гэмтлүүд бүхий хүнд хохирол, ...... УНЛ улсын дугаартай “Тоёота карина” загварын тээврийн хэрэгслийн урд талын жолоочийн суудалд зорчиж явсан хохирогч Т.С.......ын эрүүл мэндэд өвчүү ясны хугарал, дагзны хуйх, хоёр ташаанд зулгаралт, баруун ташаа, хэвлий, зүүн өвдөг, зүүн тавхайд цус хуралт гэмтлүүд бүхий хүндэвтэр хохирол, тус тээврийн хэрэгслийн урд зорчигчийн суудалд зорчиж явсан хохирогч Н.Н......ын эрүүл мэндэд баруун 7 дугаар хавирга, зүүн 2, 3 дугаар хавирганы хугарал, баруун өвдөгт шарх, зүүн өвдөгт цус хуралт гэмтлүүд бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн, дээрхи шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Учир нь шүүгдэгч Д.Б........ нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дах хэсэгт заасан “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэж заасан заалтыг зөрчсөний улмаас хохирогч Б.Э.........ийн эрүүл мэндэд хүнд, Т.С... Н.Н.... нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсныг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.
Тодруулбал шүүгдэгч Д.Б....ын дээрх үйлдэл 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн мөрдөгчийн магадлагаа, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоогдсон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, хохирогч нарын мэдүүлэгүүд, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр тус тус нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэсэн гэмт хэргийн шинжтэй.
Уг зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад “хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдлыг хуульчилсан.
Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дах заалтад заасан “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг шүүгдэгчийн анхаарал болгоомжгүй байдал нөлөөлсөн байна гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч Д.Б.........ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.
2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.
Хохирогч Н.Н...........аас “...Миний бие Д.Б........т холбогдох хэрэгт гомдолгүй, хохирол тооцоо бүрэн барагдсан, нийт хохирол болох 3.250.000 төгрөгийг авсан. Иймээс хохирол гомдолгүй болно...” гэсэн хүсэлт, шүүгдэгчийн “...3.250.000 төгрөгийн хохирол төлсөн...” гэсэн мэдүүлэг зэргээр Д.Б..... нь хохирогч Н.Н........д 3.250.000 төгрөг төлсөн байна.
Хохирогч Г.С........аас “...миний бие Б.........аас эмчилгээний зардалд 1 үхрийн мах 1.300.000 төгрөгөөр бодож мөн 1.100.000 төгрөг бэлнээр, замын зардлын 100.000 төгрөгийг тус тус авсан. Одоо өөр гомдол санал байхгүй тул тээврийн хэрэгслийн даатгалаас машины хохирол 5.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэсэн хүсэлтээр Шүүгдэгч Д.Б..........аас эрүүл мэндэд учимрсан хохирол төлбөр төлөгдсөн байх ба харин тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 5.000.000 төгрөгийг хохирогч нэхэмжилжээ. Шүүгдэгч Д.Б..... нь шүүх хуралдаанд “...5 сая төгрөгийн хохирол төлж барагдуулна” гэж мэдүүлж байх тул шүүгдэгчээс тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд 5.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Сүхбаатарт олгож шийдэрлэх нь зүйтэй.
Хохирогч Б.Э....... болон “........” ББСБ-ын буюу иргэний нэхэмжлэгчээс эд хөрөнгөнд учирсан хохирол төлбөр нэхэмжлээгүй болно.
Улсын яллагчийн яллах дүгнэлтэд эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохиролд иргэний нэхэмжлэлийн талаар дурьдсан боловч хэрэгт нотлох баримт хангалтгүй, иргэний нэхэмжлэгч хууль сануулсан баримт болон мэдүүлэгт гарын үсэг зураагүй, нэхэмжлэл гаргасан эсэх нь тодорхойгүй байна. Энэ талаар улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ нэхэмжлэл гаргаагүй болно.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б...........т оногдуулахаар санал оруулж буй тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял, 1 жил 9 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналтай...” гэсэн дүгнэлт,
Шүүгдэгч Д.Б........аас “...Хэлэх зүйлгүй...” гэсэн дүгнэлтүүд тус тус гаргав.
Шүүгдэгч Д.Б......... нь гэмт хэрэг үйлдсэний дараа 5.250.000 төгрөгийн хохирол хохирогч нарт төлсөн, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Хэнтий аймгийн 9 дүгээр цэцэрлэгт нярав ажилтай, ам бүл 3 нөхөр, 1 хүүхдийн хамт амьдардаг, эрхэлсэн урьд ял шийтгэгдэж байгаагүй зэрэг хувийн нөхцөл байдал тогтоодож байна.
Шүүгдэгч Д.Б.....ын үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” нөхцөл байдал тогтоогдсон, харин 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч Д.Б.........т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохироч нарт хохирол төлбөр төлсөн хохирогчид, иргэний нэхэмжлэгч “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт тус тус зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 9 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зохимжтой гэж үзсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б..........т шүүхээс оногдуулсан 1 жил 9 сарын сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байх үүргийг хүлээлгэж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тус тус шийдвэрт дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Д..ийн Б...ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар Б овгийн Д.....ийн Б.ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр /2/ жилийн хугацаагаар хасаж, нэг /1/ жил есөн /9/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б....т шүүхээс оногдуулсан нэг /1/ жил есөн /9/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг эдлэх хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр ........ аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Д.Б-т мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-т шүүхээс оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр /2/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн зардалд хохирогч Н.Н-д 3.250.000 төгрөг, Г.С-т 2.500.000 төгрөг төлсөн болохыг дурьдаж, эд хөрөнгөд учирсан хохиролд шүүгдэгч Б-аас 5.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч С-т олгох, мөн хохирогч “.....” ББСБ, хохирогч Э, Н нар нь шүүгдэгч Д.Б-аас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлийг шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргахыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.БЯМБАЖАВ