Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 587

 

 

 

 

 

 

   2020            5             12                                       2020/ДШМ/587

 

Б.Нд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Алдар, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                               

прокурор Н.Уранбайгаль,

шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч У.Сайнбилэг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Болормаагийн өмгөөлөгч Г.Чулуунгэрэл,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 839 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Уранбайгалийн бичсэн эсэргүүцлээр Б.Нд холбогдох эрүүгийн 1903012510019 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигон овгийн Б.Н, 1998 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Хабу” ХХК-нд зохион байгуулагч ажилтай, ам бүл 10, эцэг, эх, охин, дүү нарын хамт, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Алтайн 29 дүгээр гудамжны 440 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: УД98082626/;

 

Шүүгдэгч Б.Н нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2019 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 19 цаг 57 минутын орчимд Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Мөнгөн булаг” хүнсний дэлгүүрийн баруун замд Тоуоtа Cresta маркийн 56-96 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.2 дахь заалт “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.”, мөн дүрмийн 11 дүгээр бүлгийн 11.3 дахь заалт “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, мөн 3 дугаар бүлгийн 3.7 дахь заалт “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн бүлгийн 3.5 дахь заалт "Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх: б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр гэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас замд байрлуулсан тээврийн хэрэгслийн дугуйг нөхөөд зогсож байсан явган зорчигч Д.Сансарбаяр, Б.Даваарагчаа нарыг мөргөж, Б.Даваарагчаагийн амь насыг нь хохироож, Д.Сансарбаярын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, дээрх зам тээврийн гэмт хэргийг үйлдээд хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан тус тус гэмт хэрэгт холбогджээ.

 

Тээврийн прокурорын газраас: Б.Нгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “гэмт хэргийг хэн үйлдсэн” гэдгийг мөрдөн шалгах ажиллагаагаар нарийвчлан тогтоож чадаагүй байна. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Б.Нд холбогдох хэргийн нотлох ажиллагаа зөвхөн гэрч Д.Алтанцэцэгийн мэдүүлэгт тулгуурлажээ. Гэтэл мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Даваанямын “...Тэндээ зогсож байгаад нөгөө архинаас хоёр хоёр удаа хийж уугаад архи дуусахаар нь эхнэр бид хоёр М.Удвалын мөрөн дээр нь цохиод “бид хоёр эндээс харилаа гэж хэлээд машинаас нь буусан. Тэгээд Б.Нгийн аав барьсан чигээрээ хөдлөөд явсан.” /хх-84/, гэрч М.Удвалын “...Б.Нгийн аав машин барьж явсан.” /хх-88/, гэрч Б.Баяржаргалын “...Тэгээд бид хоёр гэрээс нь урд талын хаалгаар гараад уруудаад явж байтал Б.Н, М.Удвал хоёр байж байсан. Тэгсэн М.Удвал завилаад суусан “манай эгч рүү залгаад өгөөч би хүн алаагүй” гээд уйлаад байсан.” /хх-92/ гэх мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт гэрч М.Удвалын “...Би аавтай нь цуг гарч пиво уусан. Би тасарснаас хойш юу ч санахгүй байна. Манай найзын хэлснээр Б.Нгийн аав нь хулгайн замаар явсан гэсэн. Тухайн үед машиныг Б.Нгийн аавыг нь барьж явсан гэж бодож байна. Миний түлхүүрийг аав нь авсан байсан. ...” зэрэг гэрч нарын мэдүүлгүүд эрс зөрүүтэй эргэлзээ бүхий, ойлгомжгүй байна. Шүүх харилцан зөрүүтэй мэдүүлгүүдийг үнэлэх, нотлох баримтын хэмжээнд тооцох эсвэл үгүйсгэх боломжгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт: “...мөрдөгч энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу нотлох баримт цуглуулж, шалгаж бэхжүүлнэ”, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт “...энэ хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж авсан баримт, мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй” гэж хуульчилжээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “...Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах, уучлал хүсэх эрхтэй. Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно. Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно. Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно” гэж,

 Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсэгт: “...гэр бүлийн гишүүн гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл садангийн хүнийг гэр бүлийн гишүүн” гэж үзэхээр тус тус хуульчилжээ. Б.Нд холбогдох хэргийн гэрч Э.Атарзолбоо нь шүүгдэгчийн хойд эцэг нь байна. Гэрч Э.Атарзолбоогоос мөрдөгч мэдүүлэг, тайлбар авахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг нь тайлбарлаж өгөөгүй, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах эрхийг нь хангаагүй мэдүүлэг авчээ. Энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу нотлох баримт цуглуулж, бэхжүүлж аваагүй тул мөрдөн шалгах ажиллагаанд гэрчийн өгсөн мэдүүлгүүдийг нотлох баримтаар тооцох боломжгүй байдалд хүрэв. Мөн Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт заасан “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ.” гэж хуульчилжээ. Тухайн хэргийн хохирогч Б.Даваарагчаа, Д.Сансарбаяр нар нь “Баянзүрх дүүргийн Нийтлэг үйлчилгээний газарт ачигч, жолоочоор ажилладаг бөгөөд тухайн хэрэг учрал болох үед ажил үүргээ гүйцэтгэж явсан байх учир уг компанийг эрүүгийн хэрэгт иргэний хариуцагчаар татан оролцуулах ажиллагаа хийгдээгүй.

 Гэрч М.Удвалын 2019 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Тоуоtа Cresta маркийн 56-96 УБЯ улсын дугаартай М.Ундармаагийн тээврийн хэрэгслийг жолоодон явсан үйлдэлд өөр гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр байсан эсэхийг мөрдөн байцаалтаар бүрэн гүйцэт шалгаж тодруулаагүй байна. Дээрх мөрдөн шалгах ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэхээр хэргийг тээврийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

 

 Прокурор Н.Уранбайгаль бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Гэрч Э.Атарзолбоо, Б.Давааням, М.Удвал нар зам тээврийн осол болохоос өмнө хамт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэн Б.Давааням нь эхнэрийн хамт Э.Атарзолбоогийн жолоодон явсан Тоёота Креста маркийн 56-96 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслээс буугаад яваад өгсөн. М.Удвал согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс /тасарсан/ зам тээврийн осол болохоос өмнө болон хойно болсон үйл явдлыг мэдэхгүй байсан. Э.Атарзолбоо гэртээ ирсэн нь тогтоогдсон ба тэдгээр нь “зам тээврийн осол болохоос” өмнөх байдлыг гэрчлэн мэдүүлдэг. Харин гэрч Д.Алтанцэцэгийн хувьд тухайн үед насанд хүрсэн, бие, сэтгэцийн хувьд эрүүл, болж буй үйл явдлыг бүрэн ойлгож мэдэж байсан, зам тээврийн осол гарсны дараах тээврийн хэрэгслийн эвдрэлийн байдал, жолооч нь Б.Н болохыг тодорхой хэлж, мэдүүлгийн явцад Нгийн гэрэл зургийг үзүүлэхэд “жолооч мөн байна” гэж мэдүүлсэн. Мөрдөгч гэрч Э.Атарзолбоогоос мэдүүлэг авахдаа “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5 дахь заалтад гэрч өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй” гэсэн заалтыг тайлбарлан танилцуулсан. Мэдүүлэг эхлэхдээ “өөрийн эрх, үүрэгтэй танилцсан уу, Асуух зүйл байна уу, Та өмгөөлөгч авсан уу, Өмгөөлөгчгүй байцаалт өгөх үү" гэсэн асуултуудыг асууж, хариулт аван мэдүүлгийг үргэлжлүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, дээрх гэрчээс мэдүүлэг авах ажиллагааг Үндсэн хуульд нийцүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг баримталсан нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй гэж үзэж байна.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж заасны дагуу Баянзүрх дүүргийн Нийтлэг үйлчилгээний газрыг иргэний хариуцагчаар тогтоох хууль зүйн үндэслэлгүй. Учир нь, дээрх зам тээврийн осол нь уг байгууллагын эзэмшлийн тээврийн хэрэгслийг жолоодон явсан жолоочийн буруугаас үйлдэгдээгүй болно.  Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч М.Удвал нь худал мэдүүлэх гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 839 дугаартай шүүгчийн захирамжийн хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа”...Би тухайн үед тухайн тээврийн хэрэгслийг жолоодож яваагүй, гэртээ байсан. Миний 14 настай дүү намайг гэртээ байсныг мэдэж байгаа. Манай аав гэрт орж ирээд намайг дуудсан гэдгээ мэдүүлсэн. ...” гэв. 

 

Шүүгдэгч Б.Нгийн өмгөөлөгч У.Сайнбилэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийн материалаас харахад уг гэмт хэргийг хэн үйлдсэн нь тогтоогдоогүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Гэрч Д.Алтанцэцэгийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй, эргэлзээтэй байдаг. Зөвхөн Д.Алтанцэцэгийн мэдүүлгээр Б.Нг яллагдагчаар татсан харагдаж байгаа. Гэрч Д.Алтанцэцэгийн мэдүүлгийг мөрдөн байцаагч авахдаа хөтөлж, тулгаж асуусан гэдэг нь харагдаж байсан. Таньж олуулах ажиллагаа хийхдээ тодорхой журам дүрмийг мөрдлөг болгоогүй. Гэрчээр мэдүүлэг авч байхдаа зураг үзүүлээд асуусан байсан. Ямар зурагнууд үзүүлж, түүнээс таньж олсон талаар хэрэгт байхгүй. Яллагдагчаар татах хүртэл хугацаанд Б.Нгээс ямар нэг зураг аваагүй хэрнээ ямар зургаар таниулсан нь тодорхойгүй. Б.Н нь машин унаж чаддаггүй, жолооны үнэмлэхгүй, өөрийн машингүй хүнийг гэрч Д.Алтанцэцэг нь “Б.Н нь байнга машин унаж явдаг, уралдаад яваад байдаг” гэсэн мэдүүлэг өгсөн байдаг. Гэрч Д.Алтанцэцэг нь шүүгдэгч Б.Нг яаж таньдаг болсон талаар огт тодорхойгүй. Гэрч Д.Алтанцэцэг хэрэг гарах үед тухайн газар байгаагүй. Тухайн орчин нөхцөл харанхуй байсан. Бусад гэрч нар автомашин маш хурдтай яваад өнгөрсөн гэж мэдүүлдэг. Гэтэл гэрч Д.Алтанцэцэг нь машиныг болон дотор нь сууж явсан Б.Нг маш тодорхой харсан мэтээр мэдүүлэг өгсөн байна. Тухайн автомашины эзэн Ундармаа нь Б.Нг жолоодож явсан талаар мэдүүлэг өгч байгаагүй. Гэрч Б.Давааням, Э.Атарзолбоо нарын мэдүүлэг зөрүүтэй. Миний үйлчлүүлэгчийн хэлснээр мөрдөн байцаагч Э.Атарзолбоогийн утасны жагсаалтыг авсан хэрнээ хавтаст хэрэгт байхгүй. Энэ мэтчилэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн. Гэмт хэргийг хэн үйлдсэн нь тогтоогдоогүй байгаа учраас анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж шүүх хуралд оролцож байна. ...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Болормаагийн өмгөөлөгч Г.Чулуунгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 839 дугаартай шүүгчийн захирамж нь үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Хэрэг гарсан бодит байдал дутуу тогтоогдсон гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих ажиллагаа дутуу хийгдсэн. Өнөөдрийн шүүх хуралд хэн буруутай талаар яригдах нь зохимжгүй. Харин процессын ажиллагаа зөв хийгдсэн эсэх асуудлаар хэргийг буцаасан. Гэрч Удвал нь хоёр өөр  зүйл хэлээд байдаг. Хэрэв Удвал машины түлхүүрийг өгөөгүй бол хууль бусаар тээврийн хэрэгслийг авсан гэх асуудал яригдана. Иймд анхан шатны шүүх зөв шийдвэр гаргасан гэж үзэж байна. ...” гэв.

.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзвэл Б.Нд холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь үндэслэл бүхий болжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн байдал” зэрэг нотолбол зохих  байдлуудыг шалгаж тогтоох ажиллагаа бүрэн хийгдээгүйгээс эргэлзээ бүхий нөхцөл байдал байна.

 

   Гэрч Б.Даваанямын “...Тэндээ зогсож байгаад нөгөө архинаас хоёр удаа хийж уугаад архи дуусахаар нь эхнэр бид хоёр М.Удвалын мөрөн дээр нь цохиод “бид хоёр эндээс харилаа” гэж хэлээд машинаас нь буусан. Тэгээд Б.Нгийн аав барьсан чигээрээ хөдлөөд явсан.” /хх-84/, гэрч М.Удвал “...Б.Нгийн аав машин барьж явсан.” /хх-88/,  шүүгдэгч Б.Н “хэрэг гарах үед би машин барьж яваагүй, гэртээ байсан” гэж тус тус мэдүүлдэг бөгөөд уг хэрэгт шүүгдэгч Б.Нг зөвхөн гэрч Д.Алтанцэцэгийн мэдүүлгээр буруутган яллах дүгнэлт үйлджээ.

 

Б.Нгийн унаж явсан гэх Тоёото креста маркийн 56-96 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь түүний эзэмшлийнх биш, гэрч М.Удвалын эгч М.Ундармаагийн машин бөгөөд хэрэг гарах тухайн үед гэрч М.Удвал уг машиныг унаж Б.Нгийн гэрт очсон байдаг.

 

Энэ хэргийн гол гэрч Д.Алтанцэцэгийн хувийн байдлыг тогтоох, тэрээр шүүгдэгч Б.Нг таньдаг эсэх, Тоёото креста маркийн 56-96 УБЯ улсын дугаарын машиныг хаана, хэзээ унаад явж байхад нь хэдэн удаа тааралдаж байсан, хэрэг гарах тухайн үед шүүгдэгчийг машин унаж явааг хэрхэн яаж таньсан эсэх талаар гүйцэт  шалгаагүй байна.

 

Мөн шүүгдэгч Б.Н нь автотээврийн хэрэгсэл жолоодох жолооны эрхгүй гэх бөгөөд машин жолоодож чаддаг эсэх нь тодорхойгүй байна.

 

Иймээс энэ талаар заасан шүүгчийн захирамжийн үндэслэлийг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Нд холбогдох хэргийг прокурорт буцаан нэмэлт ажиллагаа хийх шаардлагатай тул прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Харин шүүгчийн захирамжинд мэдүүлэг авахдаа Үндсэн хууль зөрчсөн, Баянзүрх дүүргийн Нийтлэг үйлчилгээний газрыг иргэний хариуцагчаар татах талаар заасан нь үндэслэлгүй байх тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй.

 

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 839 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Н.Уранбайгалийн “хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр” бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 839 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Н.Уранбайгалийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                     Т.ӨСӨХБАЯР

 

                         ШҮҮГЧ                                                                        М.АЛДАР

 

                         ШҮҮГЧ                                                                        О.ЧУЛУУНЦЭЦЭГ