Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2026/0297

 

 

 

 

 

 

 

  

“Ф Л Ф” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: шүүгч Н.Хонинхүү

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Б.Адъяасүрэн

Илтгэгч: шүүгч З.Ганзориг

 

Давж заалдах гомдол гаргасан: гуравдагч этгээд “Б-И” ХХК-ийн төлөөлөгч Б.Ч

 

Нэхэмжлэгч: “Ф Л Ф” ХХК

Хариуцагч: Хэнтий аймгийн Дархан сумын Засаг дарга

Гуравдагч этгээд: “Б-И” ХХК

 

Нэхэмжлэлийн шаардлага: “Хэнтий аймгийн Дархан сумын Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн А/122 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүйд тооцуулах, “Ф Л Ф” ХХК-ийн газар эзэмших эрхийг сэргээхийг даалгах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 127/ШШ2026/0002 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Г

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ч.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг

Хэргийн индекс: 127/2025/0008/з

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. “Ф Л Ф” ХХК-аас Хэнтий аймгийн Дархан сумын Засаг даргад холбогдуулан “Хэнтий аймгийн Дархан сумын Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн А/122 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүйд тооцуулах, “Ф Л Ф” ХХК-ийн газар эзэмших эрхийг сэргээхийг даалгах”-аар маргасан байна.

2. Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 127/ШШ2026/0002 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.6, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 25 дугаар зүйлийн 25.1.2, 26, 27 дугаар зүйл, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 20 дугаар зүйлийн 20.2.1, 61 дүгээр зүйлийн 61.1, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.7, 12.1.8, 59 дүгээр зүйлийн 59.1.15, 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ф Л Ф” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хэнтий аймгийн Дархан сумын Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн А/122 дугаар захирамжийг хүчингүй болгож, “Ф Л Ф” ХХК-ийн газар эзэмших эрхийг сэргээсэн шийдвэр гаргахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга: гуравдагч этгээд “Б-И” ХХК-ийн төлөөлөгч Б.Чаас дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:

3.1. Нэхэмжлэлийн шаардлага нь хууль бус захиргааны актыг хүчингүй болгуулах, энэ хүрээнд хууль бус болохыг тогтоох тухай дүгнэлт өгүүлэх, эсхүл захиргааны байгууллагын татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргахыг даалгах шаардлагын төрөл, хэлбэрийн аль болох нь хангалттай тодорхой бус байгаа нь талуудын мэтгэлцсэн байдал, шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, хуралдаанд хэлсэн нэмэлт тайлбараас харагдаж байна.

Тодруулбал сумын Засаг даргын 2024 оны А/122 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг гуравдагч этгээд “Б-И” ХХК-д шилжүүлэхийн зэрэгцээ, “Ф Л Ф” ХХК-д 2020 онд “Э х” ХХК-иас шилжүүлсний дагуу эзэмшүүлсэн газар эзэмших эрхийг дуусгавар болгосон. Энэ захиргааны актын хувьд хүчингүй болгуулах шаардлага хамааралтай гэж ойлгогдохоор байна. Харин даалгах шаардлагын хувьд аль актыг тодорхойлж байгаа талаараа нэхэмжлэгч өөрөө дурдаагүй, мөн шүүх дүгнэлт хийгээгүй.

3.2. “Ф Л Ф” ХХК нь Засаг даргад 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр энэхүү асуудлаар хандаж, урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа явуулсан байх бөгөөд энэ хугацаанаас хойш тоолбол шүүхэд нэхэмжлэл гаргах хуульд заасан хугацааг өнгөрүүлсэн байна.

3.3. Нэхэмжлэгч маргахдаа тус сумын Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн А/122 дугаар захирамж гарах үед байгаагүй, тохиолдоогүй, бий болоогүй хууль зүйн үйл явдал болох 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн “Шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудсыг хүчингүй болгох тухай” 7112 дугаар захирамжийг үндэслэл болгож байгаа нь захиргааны байгууллагыг буруутгах үндэслэл биш байтал шийдвэрт уг баримтыг үндэслэж шийдвэрлэсэн нь нотлох баримтыг үнэлэх журамтай нийцээгүй гэж үзэж байна. Сумын Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/21 дүгээр захирамжаар “Э х” ХХК-аас “Ф Л Ф” ХХК руу уг газрын эрхийг шилжүүлэхдээ, өмнөх 2013 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Б/38 дугаар захирамжийг хүчингүй болгоогүй, энэ газар 2 эзэнтэй яваад байна гэж хариуцагчаас тайлбарладаг. +Гэтэл “Э х” ХХК-д газар эзэмшүүлсэн шийдвэрийг үнэхээр хүчингүй болгоогүй, эрх зүйн үйлчлэлтэй хэвээр байгаа эсэх үйл баримтыг шалган тогтоох, нотлох ажиллагаа явагдаагүй. Энэ нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах эрх, тухайн газрыг давхардалгүй, эрх зүйн зөрчилгүйгээр хууль ёсоор эзэмшиж байсан эсэх эрх зүйн байдалд нөлөөлөхүйц үйл баримт мөн.

3.4. 2025 оны 02 дугаар сарын 23-ны өдөр болох шүүх хуралдааны товыг 02 дугаар сарын 09-ний өдөр мэдэгдэх үед өмгөөлөгч Ч.А гадаад улсад явахаар болсон тухайгаа урьдчилж мэдэгдсэн, тэр ёсоор 2 дугаар сарын 23-ны өдөр гадаад улсад хилээр гарсан тухайгаа баримтаар ирүүлсэн. Гэтэл хэмжээ хязгааргүй байдлаар эрх эдлүүлэхийг шүүхээс хүссэн мэтээр энэ нөхцөл байдлыг хүлээн авсан. Нэхэмжлэгч нь бусад хэргийн оролцогчид руу хурлын үеэр ихэд дайрч давшилдаг бөгөөд улмаар хүн, хуулийн этгээдийг хууль зүйн туслалцаа авах тухай Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон эрхийг үгүйсгэхэд хүргэж байгаа нь буруу юм.

3.5. Шүүхийн шийдэл ямар байхаас үл хамаарч тухайн шийдэлд хүрэх үйл явц нь эрх зүйн зөрчилгүй байх шаардлагатай тул өмнө нь хойшилсон нөхцөл байдлыг удирдлага болгож, хууль зүйн туслалцаа авах эрхийг хязгаарласан нь хууль ёсны байх зарчимтай бүрэн нийцээгүй гэж бодож байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалсан агуулга бүхий тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг гуравдагч этгээдийн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн хууль зүйн туслалцаа авах, өмгөөлөгчийн шүүх хуралдаанд оролцох эрхийг хангаагүй зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргаснаас гадна хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооход хамааралтай нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 52 дугаар зүйлийн 52.2-т “Нэхэмжлэлд дараах зүйлийг тусгана: 52.2.4. нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл”, 52.5.1-д “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн” хэмээн зохицуулснаас гадна,

мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлнэ”, 6.3-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийн үйл баримт, хэргийн оролцогчийн буруутай үйл ажиллагаа, хууль зүйн үндэслэл, хууль хэрэглээний талаар нотлох болон үгүйсгэх байдлаар мэтгэлцэнэ”, 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж тус тус заасан.

Хуулийн дээрх зохицуулалтын дагуу хэргийн оролцогчдын маргаж буй нэхэмжлэлийн шаардлага, татгалзлын үндэслэл тус бүрд хамаарах нотлох баримтыг шүүх талуудын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар бүрэн цуглуулсны үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх зүйн хамгаалалт хүсэж буй эрх, ашиг сонирхол нь хууль ёсны бөгөөд зөрчигдсөн эсэх, хариуцагчийн татгалзал хууль зүйн үндэслэлтэй эсэх талаар маргааны үйл баримтын хүрээнд хууль зүйн бүрэн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх үүрэгтэй.

4. Нэхэмжлэгч “Ф Л Ф” ХХК-аас Хэнтий аймгийн Дархан сумын Засаг даргад холбогдуулан “Хэнтий аймгийн Дархан сумын Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн А/122 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүйд тооцуулах, “Ф Л Ф” ХХК-ийн газар эзэмших эрхийг сэргээхийг даалгах” нэхэмжлэл гаргасан.

4.1. Ингэхдээ шаардлагын үндэслэлээ... Дархан сумын Засаг даргын 2020 оны А/21 дүгээр захирамжаар манайд эзэмшүүлсэн газрыг цуцлах үндэслэл бүрдээгүй байхад бидэнд мэдэгдэлгүйгээр “Б-И” ХХК-д шилжүүлсэн, сумын Засаг даргын 2024 оны А/122 дугаар захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан процессын ажиллагаануудыг огт хийгээгүй; гуравдагч этгээд нь энэ газрыг өмнө нь эзэмшиж байгаагүй мөн газар эзэмших хүсэлтээ гаргаагүй, хүсэлтийг үндэслэн ямар нэгэн шийдвэр гараагүй байхад Улсын дээд шүүхийн 2018 оны 1475 дугаар тогтоолд заагаагүй асуудлыг буруу тайлбарлан хууль бус шийдвэр гаргасан хэмээн тодорхойлсон.

4.2. Харин хариуцагчаас “... сумын Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн А/122 дугаар захирамжаар маргаан бүхий 2 га газрыг хууль ёсны эзэмшигч болох “Б-И” ХХК-д шилжүүлэхдээ Газрын тухай хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон шүүхийн шийдвэрийг үндэслэсэн, “Э х” ХХК-д газар эзэмших эрх олгосон сумын Засаг даргын 2013 оны Б/38 дугаар захирамж хүчингүй байсан” гэж,  

4.3. Гуравдагч этгээдээс “... Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 1475 дугаар тогтоолыг албадан гүйцэтгэсэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон ба “Ф Л Ф” ХХК нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд хамааралгүй этгээд; сумын Засаг даргын 2013 оны Б/38 дугаар захирамжаар “Э х” ХХК-д шилжүүлсэн газрыг, хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүрээнд 2024 оны А/122 дугаар захирамжаар манайд шилжүүлсэн ба шүүхийн шийдвэр биелүүлэх тохиолдолд сонсох ажиллагаа явуулах шаардлагагүй, “Б-И” ХХК-ийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн зүйл байхгүй” гэж тус тус татгалзлын үндэслэлээ тодорхойлж маргасан.

5. Гэтэл анхан шатны шүүх маргааны үйл баримт хийгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар “... сумын Засаг даргын 2024 оны А/122 дугаар захирамж нь шүүхийн шийдвэрийг үндэслэл болгосон ч бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, нотлох баримт цуглуулаагүй, эрх ашиг нь зөрчигдөж болзошгүй этгээдийг оролцуулаагүй, сонсох ажиллагаа явуулаагүй, хууль зөрчсөн захиргааны акт болсон; ямар нэг эрх зүйн үндэслэл бий болоогүй байхад “Ф Л Ф” ХХК-ийн эд хөрөнгө, өмчид халдах эрх Засаг даргад байхгүй; өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах нь хязгааргүй эрх биш, гуравдагч этгээдийн төлөөлөгч цахимаар шүүх хуралдаанд оролцож байгаа учраас шүүх хуралдааныг үргэлжлүүлэх боломжтой” гэж дүгнэн хэргийг хянан шийдвэрлэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэнгүй.

6. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд;

6.1. Хэнтий аймгийн Дархан сумын Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай” А/122 дугаар захирамжаар “Б-И” ХХК-д газар эзэмших эрхийг шилжүүлж, “Ф Л Ф” ХХК-д газар эзэмших эрх олгосон сумын Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай” А/21 дүгээр захирамжийг хүчингүй болгосон.

Ингэхдээ Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 001/ХТ2018/01475 дугаар тогтоолыг үндэслэл болгосон.

6.2. Улсын дээд шүүхийн дээрх тогтоолоор “Б-И” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Ч” ХХК, БНХАУ-ын иргэн Ү /W Z/-д холбогдох хэргийг хянаад “Б-И” ХХК, “Ч” ХХК-ийн хооронд 2012 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан “Техникийн мэдээлэл худалдах, худалдан авах болон тусгай зөвшөөрөл шилжүүлэх” гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл байсан болохыг тогтоож, нэхэмжлэгч “Б-И” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

6.3. Анх “Б-И” ХХК нь 2011 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 22 тоот албан бичгээр тус сумын 3-р багийн нутаг “Хажуу-Улаан” гэх газарт үйл ажиллагаа явуулдаг ашиглалтын лицензтэй 44.61 га газрын хажууд байрлах 2 га газарт жижиг оврын баяжуулах үйлдвэр барих хүсэлт гаргасны дагуу 2011 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/24 дүгээр захирамжаар газар эзэмших зөвшөөрөл олгосон.

6.4. Улмаар тус сумын Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Б/38 дугаар захирамжаар “Б-И” ХХК-иас ашигт малтмалын тусгай зөвшөөрлөө “Ч” ХХК-д шилжүүлсэнтэй холбогдуулан жижиг оврын баяжуулах үйлдвэр баригдсан 2 га газрыг “Ч” ХХК-д шилжүүлж, 2011 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/24 дүгээр захирамжийг хүчингүй болгосон.

6.5. “Ч” ХХК-ийн гаргасан хүсэлтийн дагуу Хэнтий аймгийн Дархан сумын Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай” А/21 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг “Ф Л Ф” ХХК-д шилжүүлж, гэрчилгээ олгосон үйл баримт тогтоогдоно.

7. Өөрөөр хэлбэл, Хэнтий аймгийн Дархан сумын 3 дугаар багийн Хажуу улаан гэх хаяг байршилтай үйлдвэрлэлийн зориулалттай 2 га газрын эзэмших эрх эхлээд энэ хэсгийн 6.3-т зааснаар “Б-И” ХХК-д үүссэн, дараа нь энэ хэсгийн 6.4-т заасны дагуу “Ч” ХХК-д шилжсэн, улмаар энэ хэсгийн 6.1-т заасан маргаан бүхий актаар “Б-И” ХХК-д шилжүүлсэн боловч энэ үед “Ч” ХХК-д газар эзэмших эрх олгосон сумын Засаг даргын 2013 оны Б/38 дугаар захирамжийг хүчингүй болгоогүй байсан.

8. Харин хариуцагч “ ... Б/38 дугаар захирамжийг хүчингүй болгоогүй, газрын эрх “Ч” ХХК дээр хэвээрээ, хоёр эзэнтэй яваад байна гэж ойлгосон тул 2025 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн А/15 дугаар захирамжийг гаргасан” гэж шүүх хуралдаанд мэдүүлснээс үзэхэд, маргааны үйл баримтын хүрээнд сумын Засаг даргын Б/38 дугаар захирамж хүчингүй болсон эсэхийг тогтоох талаар анхан шатны шүүх ямар нэг ажиллагаа хийгээгүй, хариуцагчийн тайлбарт дурдсан 2025 оны А/15 дугаар захирамж нь ямар асуудлаар шийдвэр гаргасан буюу хэрэгт ямар хамааралтай нь тодорхойгүй, түүнийг нотлох баримтаар цуглуулаагүй байна.

Тодруулбал, “Б-И” ХХК болон “Ч” ХХК-ийн хэнийх нь газар эзэмших эрх хүчинтэй буюу түрүүлж үүссэн болох нь нэг мөр тогтоогдоогүй, хэргийн оролцогчид энэ талаар маргасаар байхад энэ эргэлзээтэй нөхцөл байдлыг шалган тогтооход чиглэсэн ажиллагааг анхан шатны шүүх гүйцэтгээгүй нь буруу тул энэ талаарх бичгийн нотлох баримтуудыг цуглуулах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзнэ.

9. Түүнчлэн Хэнтий аймгийн Дархан сумын Засаг даргын 2020 оны А/21 дүгээр захирамжаар “Ч” ХХК-ийн газар эзэмших эрхийг бусдад шилжүүлж шийдвэрлэсэн боловч хаана, ямар зориулалтаар олгосон газрыг хэнд, ямар зориулалтаар шилжүүлсэн тухай тусгасан /уг захирамжийн/ хавсралтыг нь хэрэгт нотлох баримтаар цуглуулаагүйн улмаас тус захирамжаар аль газрын эзэмших эрхийг хэнд шилжүүлж байгаа буюу маргаан бүхий газар мөн эсэхийг тодорхойлох боломжгүй болохыг ч дурдах нь зүйтэй. /Хэргийн I хавтасны 93 дахь талд/

Хэргийн оролцогчдын маргаж буй шаардлага, татгалзлын үндэслэлийн хүрээнд маргааны үйл баримтад ач холбогдол бүхий дээрх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоосны үндсэн дээр маргаан бүхий захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх, хариуцагчийн болон гуравдагч этгээдийн татгалзал нь хууль зүйн үндэслэлтэй эсэх талаар хууль зүйн бүрэн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэвэл зохино.

10. “Ф Л Ф” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм болон https://opendata.burtgel.gov.mn нээлттэй мэдээллийн сангийн нийтэд илэрхий мэдээллээс үзэхэд, тус компанийн хувьцааны 70 хувийг БНХАУ-ын иргэн Ү /W Z/, 30 хувийг “Ч” ХХК тус тус эзэмшиж байна.

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д ““хөрөнгө оруулалт” гэж Монгол Улсын нутаг дэвсгэрт ашгийн төлөө үйл ажиллагаа явуулах этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгөд оруулсан, санхүүгийн тайланд туссан биет болон биет бус хөрөнгийг”, 3.1.2-т ““хөрөнгө оруулагч” гэж Монгол Улсад хөрөнгө оруулалт хийсэн гадаад, дотоодын хөрөнгө оруулагчийг”, 3.1.5-д ““гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж” гэж Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан, хуулийн этгээдийн нийт гаргасан хувьцааны 25 буюу түүнээс дээш хувийг гадаадын хөрөнгө оруулагч эзэмшиж байгаа … аж ахуйн нэгжийг” гэж заасан.

11. Харин Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 27 дугаар зүйлийн 27.2, 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсгийн зохицуулалт ёсоор, газар эзэмших эрхийн гэрчилгээг Монгол Улсын аж ахуйн нэгжид л олгох, гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдэд зөвхөн “газар ашиглах” эрх олгох ба энэ тохиолдолд гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид хамаарах эсэхийг холбогдох байгууллагаас лавлагаа авсаны үндсэн дээр нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг тодруулж, энэ хүрээнд маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн эсэхэд хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай болохыг ч тэмдэглэв.

12. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар шүүхийн шийдвэрт тавигдах “хууль ёсны байх” шаардлагын хувьд, анхан шатны шүүх нь Монгол Улсын Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 3, 26 дугаар зүйлийн 3, 50 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт тус тус заасанчлан Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн, албан ёсоор нийтлэгдсэн хууль, нэгдэн орсон буюу соёрхон баталсан хууль хүчин төгөлдөр болсон Монгол Улсын Олон улсын гэрээг маргааны үйл баримттай холбогдуулан тайлбарлан хэрэглэсэн байх агуулгаар тодорхойлогддог.

Гэтэл анхан шатны шүүх, шийдвэрийн Тогтоох хэсэгт баримталсан Газрын тухай хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн холбогдох зүйл заалтыг Үндэслэх хэсэгтээ тайлбарлаагүй энэ тохиолдолд хуулийг /тайлбарлаж/ хэрэглэсэн буюу “тогтоох хэсэгт, хэргийг хянан шийдвэрлэхэд баримталсан хуулийн нэр, зүйл, хэсэг, заалтыг тодорхой заах” хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэх тул шийдвэрийг хууль ёсны гэж үзэхгүй.

13. Мөн анхан шатны шүүх хуралдаанд гуравдагч этгээдийн төлөөлөгч, өмгөөлөгч нарыг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлд хамаарна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

13.1. Учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан баримтаар нотлогдох тодорхой үндэслэлээр шүүх хуралдаан хэд хэдэн удаа хойшилж байсан бөгөөд 2026 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 15.00 цагт товлон зарласан шүүх хуралдааныг хойшлуулах тухай гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ч.А-аас ирүүлсэн хүсэлтийг тус шүүх “2026.02.23-ны өдөр, 14.55 цаг” гэж бүртгэж, хүлээж авчээ.

13.2 Хэргийг хянан шийдвэрлэсэн 2026 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.Чаас “эрүүл мэндийн хүндэтгэх шалтгааны улмаас эмнэлэгт хэвтэж байгаа, шүүх хуралдаанд олон цагаар оролцох боломжгүй, хууль зүйн туслалцаа авч буй өмгөөлөгчийг хуралд оролцуулах хүсэлтэй байгаа” талаар илэрхийлсэн бол хариуцагч ч түүний өмгөөлөгч оролцуулах хүсэлтийг нь дэмжсэн агуулгаар тайлбар гаргажээ. /Хэргийн II хавтасны 27-29 дэх талд/  

14. Энэ хэсгийн 3-д заасан мэтгэлцэх зарчмыг хангахтай холбоотой зохицуулалтаас гадна Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т “хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн шаардлага, тайлбар, нотлох баримт, хэргийн материалтай танилцах, тэмдэглэл, хуулбар хийх, тэдгээрт тайлбар өгөх, шүүх хуралдаанд оролцох”, 20.1.3-д “нотлох баримт гаргаж өгөх, гэрчээс мэдүүлэг авахуулах, шинжээч томилуулах, бусад нотлох баримт цуглуулах, нотлох баримтаас хасуулах, шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах тухай хүсэлт гаргах”, 30 дугаар зүйлийн 30.1-д “Хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч болно”, 30.3-д “Өмгөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ: 30.3.5. хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож хэргийн оролцогч, бусад оролцогчид асуулт тавих, үйлчлүүлэгчийнхээ гаргаж байгаа мэдүүлэг, тодорхойлолтод тайлбар хийх” гэж тус тус зааснаас үзэхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцож, тайлбар гаргах, өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах нь захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд зайлшгүй эдлүүлбэл зохих хэргийн оролцогчийн эрх бөгөөд энэ агуулгаараа шүүх хуралдаанд мэтгэлцэх зарчмыг бодитоор хэрэгжүүлэх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүхийн шийдвэрт шууд нөлөөлнө.

15. Гэтэл гуравдагч этгээдийн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт оролцох, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх, өмгөөлөгчөөс хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан байхад хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд оролцох, тайлбар мэдүүлэг гаргах, мэтгэлцэх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн үндсэн зарчмыг хэрэгжүүлэлгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлж шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болсон гэж үзэхээр байна.

16. Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж залруулах, нотлох баримтыг нөхөн бүрдүүлэх эрхийг хуулиар олгоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй хэмээн дүгнэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 127/ШШ2026/0002 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3заасныг баримтлан гуравдагч этгээдийн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                 ШҮҮГЧ                                                                   Н.ХОНИНХҮҮ

 

 

                 ШҮҮГЧ                                                                     Б.АДЪЯАСҮРЭН

 

 

                 ШҮҮГЧ                                                                    З.ГАНЗОРИГ