Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 2023/ШЦТ/408

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Алтанхундага, 

Улсын яллагч Э.Гэрэлтуяа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг,

Шүүгдэгч Л.Б*******р нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л*******гийн Б*******рт холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.Б*******р нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр баг “Ганц модны ам” гэр газарт 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ж.Э*******тай маргалдаж улмаар түүнийг түлхэн унаган нүд рүү хатган биед нь баруун нүд рүү хатгаж баруун нүдний салстад цус хуралт, тархинд доргилт бүхий хөнгөн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Л.Б*******р нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр баг “Ганц модны ам” гэр газарт 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ж.Э*******тай маргалдаж улмаар түүнийг түлхэн унаган нүд рүү хатган биед нь баруун нүд рүү хатгаж баруун нүдний салстад цус хуралт, тархинд доргилт бүхий хөнгөн гэмтэл  учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн ******* дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Л.Б*******рын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “... үйлдлээ хүлээн зөвшөөрч байна…500,000 төгрөг төлсөн...” гэх мэдүүлэг,

Хохирогч Ж.Э*******гийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр баг Ганц модны аманд байх Цогтоо гэж айлд очоод байж байтал гадаа айлд нь манай нутгийн Б*******р гэж залуу ирсэн байж байгаад Цогтоогийнд Чулуунбаатар гэж хүний хамт орж ирсэн. Тэгээд би сууж байтал Чулуунбаатар надад хандаад “би танай бурхныг хулгай хийж аваагүй шүү” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр ямар хамаа байх вэ гэж хэлсэн. Тэгсэн чинь Б*******р хажуугаас нь надад хандаад би танай бурхныг хулгайлж авсан юм уу гэхээр нь манай юмыг хулгайлсан бол шүүх цагдаагаар явж байгаад төлүүлээд авдаг юм гэж хэлсэн. Тэгсэн чинь Б*******р над руу хандаад энэ авгайн хоёр нүдийг ухаад орхиё гээд Цогтоогийн гэрийн баруун талын орон дээр дарж аваад баруун нүд рүү маань хуруугаа хийгээд эргүүлсэн. Тэгсэн Цогтоогийнд байсан Отгонбаяр гэж залуу бие засахаар гэрээс нь гарах хооронд дээрх үйл явдал болсон. Тэгээд Отгонбаяр орж ирээд юу болж байна гээд Б*******рыг миний дээрээс татаж босгоод аваад гарсан. Тэгээд Чулуунбаатар ч бас гэр рүүгээ орсон. Би мөн гэр рүүгээ явсан. Би 2022 оны 09 дүгээр сард бурхнаа хулгайд алдсан юм. Тэгээд бурхан алдсан хэрэг дээрээ Б*******р, Чулуунбаатар хоёрыг сэжиглэж шалгуулсан юм. Тэрнээс болж Б*******р надад өс хонзон санаж миний биед халдсан юм. ...Би 2,000,000 төгрөг нэхэмжилж байна. Би эмчилгээ хийлгэсэн. Эм тариа авсан. Мөн миний гоо сайхныг алдагдуулсан. Зарим баримтууд нь надад байгаа. Намайг эрүүл мэндээр минь хохироосон...” гэх мэдүүлэг (хх-ийн 32, 34-р хуудас),

Гэрч Н.Отгонбаярын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Мөрөн сумаас Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багт Болдоо гэх айлд байж байгаад Цогтоо гэх айлд орсон. Тэгэхэд Цогтоо гуай, Чулуунбаатар, Б*******р нар архи уусан байсан. Тэгээд сууж байтал гаднаас Э******* гэх хүн орж ирсэн. Тэгээд Э******* гэх хүн манай гэрт байсан бурхан алдагдсан, Б*******р чи хулгайлж аваад ахдаа өгч явуулсан юм биш үү гэж ярьж байсан. Тэр үед би бага зэрэг уусан байсан. Тэгээд намайг бие засахаар нойл ороод буцаж орж ирэх хооронд Б*******р Э******* эгчийг орон дээр дарж унагаагаад байж байхаар нь би салгасан юм. Салгачхаад би байсан айл руугаа явсан. Намайг нойл орохоор гарсны дараа юу болж юунаас болж ийм зүйл болсныг нь мэдээгүй. Намайг орж ирэхээс өмнө нь Э******* эгчийн нүд рүү нь гараа хийсэн юм шиг байна лээ...” гэх мэдүүлэг (хх-ийн 40-41-р хуудас),

Гэрч Ш.Цогтоогийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манайхыг Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр баг Бор хөндий гэх газар өвөлжөөн дээрээ байхад Б*******р манай гадаа байдаг Чулуунбаатар хоёр манай гэрт орж ирсэн. Тэгээд удаагүй байж байхад араас нь Э******* ганцаараа явган ирсэн. Тэгээд манайд байж байгаад Э******* нь бурхны талаар яриад Б*******рыг чи манай бурхныг авсан байна гэж хэлсэн чинь Б*******р нь би аваагүй гэж тэр хоёр хэрэлдээд байсан. ...Би гэрээс гарч нойл орох зуур юу болсныг нь мэдэхгүй Чулуунбаатар тэр гурав үлдсэн. ...Сүүлд Э******* надад ярихдаа Л.Б*******р намайг цохисон. Миний нүд рүү гэж хэлэхээр нь би хүний хэрүүлд оролцохгүй, өөрсдөө учраа ол хэлсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 46, 48-50-р хуудас),

Хөвсгөл аймаг Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 557 дугаартай: “

1. Ж.Э*******гийн биед баруун нүдний салстад цус хуралт, тархинд доргилт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгджээ.

3. Ж.Э*******гийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй ” гэх дүгнэлт (хх-ийн 55-р хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:

Иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 72-р хуудас), иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-ийн 73-р хуудас), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 81-94-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн ******* дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Л.Б*******р нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр баг “Ганц модны ам” гэх газарт 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ж.Э*******тай маргалдаж улмаар түүнийг түлхэн унаган нүд рүү хатган биед нь баруун нүд рүү хатгаж баруун нүдний салстад цус хуралт, тархинд доргилт бүхий хөнгөн гэмтэл  учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Л.Б*******рын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хохирогч Ж.Э*******гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 32, 34-р хуудас),

Гэрч Н.Отгонбаярын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 40-41-р хуудас),

Гэрч Ш.Цогтоогийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 46, 48-50-р хуудас),

Хөвсгөл аймаг Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 557 дугаартай дүгнэлт (хх-ийн 55-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Л.Б*******рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

      Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг шүүгдэгч Л.Б*******р нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгч Л.Б*******р нь хохирогч Ж.Э*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан ба хохирогч Ж.Э******* нь шүүгдэгч Л.Б*******роос эмчилгээний зардал 500,000 төгрөг авсан. Гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Л.Б*******рыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Л.Б*******р нь урьд Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 7 сарын хугацаагаар тэнсэн харгалзсан, 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 189 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар, 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 125 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялаа эдэлж байгаа болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 81-94-р хуудас)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Л.Б*******р нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр түүнээс дээш удаа үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б*******рт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг 1 хоногийн хорих ялаар тооцож 30 хоногийн буюу 1 сарын хорих ял дээр өмнөх Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 125 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 (хоёр) жил 5 (тав) сарын хорих ялын эдлээгүй үлдсэн 6 (зургаа) сар 25 (хорин тав) хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 7 сар 25 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүний хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн цагдан хоригдсон 37 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцлоо.

Эрүүгийн ******* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б*******н овогт Л*******гийн Б*******рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Л*******гийн Б*******рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Л.Б*******рт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 (нэг)  сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг 1 хоногийн хорих ялаар тооцож 30 хоногийн буюу 1 (нэг) сарын хорих ял дээр өмнөх Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 125 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 (хоёр) жил 5 (тав) сарын хорих ялын эдлээгүй үлдсэн 6 (зургаа) сар 25 (хорин тав) хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 7 (долоо) сар 25 (хорин тав) хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б*******рт оногдуулсан 7 (долоо) сар 25 (хорин тав) хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б*******рын цагдан хоригдсон 37 (гучин долоо) хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.  

6. Эрүүгийн ******* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Б*******рт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Т.ХҮРЭЛБААТАР