| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхтөмөрийн Солонгоо |
| Хэргийн индекс | 105/2024/0005/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/10 |
| Огноо | 2023-12-25 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Сод-Эрдэнэ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 2023/ШЦТ/10
2023 12 25 2023/ШЦТ/10
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Солонгоо даргалж,
улсын яллагч Б.Сод-Эрдэнэ,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Амаржаргал,
хохирогч Б.Э,
шүүгдэгч Д.Э нарыг оролцуулан тус шүүхийн “Д” танхимд нээлттэйгээр хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Э холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2360 04439 3859 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Энь 2023 оны 9 дүгээ сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “И.З” их сургуулийн 0 дугаар дотуур байранд хохирогч Б.Эг 0 дүгээр курсын оюутнуудыг харж чадсангүй гэх шалтгаанаар биед халдаж, зүүн хацар руу 2 удаа алгадаж 1 дуаа нүүр рүү цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.Энь 2023 оны 9 дүгээ сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 00 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “И.З” их сургуулийн 3 дугаар дотуур байранд хохирогч Б.Эг 1 дүгээр курсын оюутнуудыг харж чадсангүй гэх шалтгаанаар биед халдаж, зүүн хацар руу 2 удаа алгадаж 1 дуаа нүүр рүү цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:
Хохирогч Б.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 09 дүгээр сарын 11-ний 22 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 00 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “И.З” Олон улсын их сургуулийн 0 дугаар дотуур байрны 00 тоот өрөөнд байхад гаднаас 3 дугаар курсийн оюутан болох Э нь найз Ч хамт согтуу орж ирсэн. Тэгээд манай өрөөнд байсан оюутнуудыг жагсааж зогсоогоод агсам тавьж Э нь намайг зогсож байхад дүү нар аа хүмүүжүүлж чадахгүй байна гэх шалтгаанаас болж 2 удаа зүүн хацар руу хүчтэй алгадаж, 1 удаа гараараа нүүр рүү хүчтэй цохисон. Тухайн үед Этэй хамт явж байсан Д, Ч хоёр миний баруун хацар руу нэг удаа алгадсан.Тэгээд Э нь дотуур байранд байсан оюутнуудад агсам тавьж маргаан үүсгэж байгаад зүрх нь өвдөөд байрнаас гараад явсан.Тухайн үед маргаан гарч оюутнууд хоорондоо маргалдаж байсан боловч надаас бусад хүмүүсийн биед ямар нэгэн бэртэл гэмтэл учирсан зүйл болоогүй. Харин Э миний биед халдаж зүүн хацар руу 2 удаа алгадаж, 1 удаа нүүр рүү цохисноос болж миний зүүн шанааны яс цөмөрч, хамар мурийж хугарсан. Мөн үүдэн шүд хөдөлсөн. Д болон Ч нар миний баруун хацар руу 1 удаа алгадсанаас болж миний биед бэртэл учирсан зүйл болоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 8/,
Гэрч Ч.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 21-22 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 31 дүгээр хороо “И.З” олон улсын их сургуулийн 3 дугаар дотуур байрны 309 тоотод найз Э.А хамт байхад манай сургуулийн 3 дугаар курсийн ах болох Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ганцаараа орж ирсэн.Тэгээд Э нь манай өрөөнд байсан Э 1 дүгээр курсийн оюутнуудыг сайн харж чадсангүй, дүү нар чинь бид нар руу томроод байна гэх шалтгааны улмаас зодож биед нь халдсаны улмаас Э-А нүүр нь цус болсон байдалтай болсон байсан. Би тухайн үед Эийг болиулах гэхэд надад агсам тавиад байсан. Тухайн үед би дээд курсийн ах болох Эийг хүндэлж, доод курсийн дүү нарт шаардлага тавьж чадаагүй гэх шалтгаанаас хариу үйлдэл үзүүлж чадаагүй.” гэх мэдүүлэг/хх-ийн 10/,
Шүүх шинжилгээний Ерөнхий Газрын 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 11712 дугаартай дүгнэлтэд:
1. “... Б.Эгийн биед хоншоор ясны зүүн урд хананд цөмөрсөн, арын хананд зөрүүгүй далд хугарал, хамар ясны зүүн хажуу хананд зөрүүтэй цөмөрсөн хугарал, хамрын таславчийн мурийлт, хамар, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, үүдэн зүүн дээд 1,2 дугаар шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр, 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..” гэх дүгнэлт /хх-ийн 35-36/,
Ш.Ч, Б.Д, А.К нарыг Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 100.000 төгрөгөөр торгосон шийтгэлийн хуудас /хх-ийн 53,55/,
Яллагдагч Д.Э ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг /хх-ийн 82- 84/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 63/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Д.Энь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Эг ямар нэгэн гомдол саналгүй, өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой 2.850.000 төгрөгийн баримт гаргаж нэхэмжлснийг шүүгдэгч Д.Энь төлсөн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Харин хохирогч нь зөвхөн уг гэмт хэргийн улмаас үүссэн хохирлоо холбогдох нотлох баримтыг хуульд заасан журмаар бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс цаашид нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Прокурорын санал болгож, шүүдэгчийн хүлээн зөвшөөрсөн 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч Д.Этухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар Д.Ээд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Д.Энь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор 500.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Д.Ээд урьд авсан Цэргийн ангийн удирдлагад хянан харгалзуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Эийг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Эийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ээд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Энь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Энь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Д.Эээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ээд урьд авсан Цэргийн ангийн удирдлагад хянан харгалзуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.СОЛОНГОО