| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2023/0224/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/234 |
| Огноо | 2023-12-06 |
| Зүйл хэсэг | 11.1, |
| Улсын яллагч | Г.Бат-Оргил |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 2023/ШЦТ/234
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,
улсын яллагч Г.Бат-Оргил,
шүүгдэгч Б.Түвшинмөнх
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ нарыг оролцуулан шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Бат-Оргилоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Түвшинмөнхөд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2330000000213 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.
Монгол Улсын иргэн, ********** оны ******* дугаар сарын ****ний өдөр Сүхбаатар аймгийн ......... суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто зам барилгын инженер мэргэжилтэй, ............ ТӨХК-д гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн ...........т сумын ............ дугаар багийн ............. хотхон 1-12 тоотод оршин суух,
Урьд Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн.
регистрийн дугаартай, Хатигин ургийн овогт Батзоригийн Түвшинмөнх.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Б.Түвшинмөнх нь Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 3 дугаар багийн нутаг “Алтангадас” гэх газарт 2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 20 цагийн орчимд хадам аав болох Ц.Очирбаярыг архи хундагалж өгөөгүй гэх үл ялих зүйлээр шалтаглан хугарсан униар толгойн хэсэгт нь цохиж эрүүл мэндэд нь дух ясны хугарал гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Б.Түвшинмөнхийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би энэ айлын хүргэн болоод 14 жил болж байна. Би эхнэрээ авах гээд хадаг тавих гэж байхад хадмуудаас боломж би хадгаа тавиагүй. Сая хэрэг болдог өдөр манай эхнэрийн бие өвдөөд эмнэлэгт үзүүлэх гээд явж байсан. Гэтэл манай хадмууд явуулахгүй гэсэн. Үүнээс хойш үл ойлголцож бид хоорондоо маргалдсан. Тэд нар бүгд намайг униар цохисон би өөрийгөө хамгаалах гээд ийм алдаа гаргасан. Хадам аавтай ер нь уулзаагүй эхнэр минь аваад хот руу явсан. Би эмчилгээний зардал өгөх гээд санал хэлэхэд чиний мөнгийг авахгүй гээд байгаа. Хадам аавынх Уулбаян суманд байдаг. Аймгаас 70 гаран км байдаг. Би хохирогчоос уучлалт гуйна. Эхнэр минь өвдөөд байгаа мөн хүүхдүүдээ хичээл сургуульд нь зөөх гээд ажил ихтэй байгаа болохоор явж чадаагүй байгаа. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...гэв.
Эрүүгийн 2330000000213 дугаартай хэргээс:
- Яллагдагч Б.Түвшинмөнхийн: Тэр үед хадам аав Очирбаяр нэлээн халчихсан согтчихсон байдалтай байсан. Тэр үед хадам аав намайг суусны дараа намайг өнжөөд дараагийн хүнд мөнгөн аягаар архи өгөхөөр нь би “та нар дандаа хүн ингэж ялгаварладаг шүү, би өнөөдрийг хүртэл 13 жил хадаг тавиулаагүй байгаа шүү мөн тэнд байсан ээж Энхээ, дүү нарт нь "та нар ч миний хадгийг тавиагүй шүү. Тавих нь тавиад, авах нь авсан шиг аваарай” гэж хэлсэн. Тэр үед хадам аав Очирбаяр намайг "гөлөг миний чи хэнтэй юу ярьж байгаагаа мэдэж байна уу?" гэсэн. Тэр үед нь би хадам аав Очирбаярт хандаж "та нар саахалтын газар архи уух гэж байгаа хүнд машины түлхүүр өгөх нь чухал юм уу, аль эсвэл жирэмсэн охиноо үзүүлж харуулах чинь чухал юм уу?" гэж хэлээд хадам аав Очирбаярын гэрийг нураана гээд 10 гаран унийг би хугалж эвдсэн. Тэр үед хадам аав Очирбаяр, хадам ах Энхболд, ээжийн дүү Цогтбаатар нар намайг унь хугалахыг болиулаад гэрээс гаргах гээд тухайн үед гэрт хугарсан байсан униа барьж аваад миний нуруу, цээж, зүүн гар, 2 хөл зэрэг газрууд руу Очирбаяр, хадам ах Энхболд, ээжийн дүү Цогтбаатар нар цохиод байсан. Хэдэн удаа цохисныг мэдэхгүй байна. Тэр үед нь гэрээс гарахгүй заавал гэрийг нь нураана гээд гараагүй. Мөн тэр үед Очирбаяр, хадам ах Энхболд, ээжийн дүү Цогтбаатар намайг гэрээс гар хөл барьж байгаад гэрээс хүчээр гаргасан. Тэгээд гэрийн гадаа ахиж униар 2-3 талаас цохиод байсан. Тэр үед нэгнийх нь барьж байсан унийг булаад аваад цохихдоо хадам аав Очирбаярыг цохичихсон байна лээ. /Тухайн үед гадаа харанхуй байсан болохоор сайн харагдаагүй/. Тухайн үед толгойг нь хагалчихлаа шүү дээ гээд хадам аав Очирбаярыг хадам ээж Цэцэгмаа, эхнэр ***********Энх нар аваад гэр рүүгээ орсон. Тэр үед нь Энхтөр, Цогтбаатар, Цэнгэлмаа нар машинтайгаа хөдлөөд яваад өгсөн. Манай ээж Энхээ харин тэнд үлдсэн. Тэгээд намайг 2 хүүхэдтэйгээ машиндаа сууж байхад ээж Энхээ ирээд цагдаа, эмнэлэг дуудчихлаа гэж хэлсэн. Тэр үед би ээжээс "би машиныхаа түлхүүрийг авъя" гэхэд ээж би чиний түлхүүрийг хэн авсныг нь мэдэхгүй байна гэж хэлсэн. Тэгээд намайг машиндаа сууж байхад хадам аав Очирбаяр гэрийн багана барьчихсан, Энхболд хүү нь унь барьчихсан над руу ирсэн. Тэр үед хадам аав Очирбаяр миний машины цонх хагас нээлттэй байсан тэр завсраар баганаа хийчхээд гулдчуулаад цохих гээд байсан. Тэр үед би хадам аав Очирбаярт "та хүүхэд цохилоо шүү дээ" гэж хэлэхэд "бид хүүхдээ авна, чамайг ална" гээд машины хаалга онгойлгох гээд Энхболдын хамт ноцолдоод байсан. Тэгээд удалгүй хадам аав Очирбаяр, хүү Энхболдын хамт буцаад гэр рүүгээ алхсан. Тэр үед Энхболд ах миний машины урд салхины шил рүү чулуу шидээд хагалчихсан. Тэгээд төд удалгүй эмнэлэг ирээд хадам аав Очирбаярыг аваад явсан. Араас нь сумын цагдаа нар ирсэн. Тэгээд цагдаа нарыг явсных нь дараагаар миний машины түлхүүрийг эхнэр Энх-Оргил өгөөд тэгээд би 2 хүүхдээ аваад аймагт гэртээ ирсэн...” гэх мэдүүлэг /хэргийн 98-101-р хуудас/
- Хохирогч Ц.Очирбаярын “...2023 оны 09 дүгээр сарын 02-ны орой 20 цагийн орчимд миний төрсөн охин Энх-Оргил нь өөрийн нөхөр, манай хүргэн Түвшинмөнхийн хамтаар ирсэн. Мөн манай хүргэн Түвшинмөнхийн хамаатнууд гэж Улаанбаатар хотоос Сүхбаатар аймгийн төвөөр орчхоод буцаад Улаанбаатар хот руу явж байна гэсэн хүмүүс ирэхээр нь би хүргэн хүүгийнхээ хамаатнуудад баярлаж өөрийн гэрт байсан "Соёрхол” нэртэй 0.75 литрийн шилтэй архийг задалж өгсөн юм. Харин бид тэр архийг уугаагүй зүгээр ёс болгож амссан юм. Гэтэл манай хүргэн Түвшинмөнх надад хандаж хэлэхдээ, “хадам ааваа та надад архинаасаа нэг хундагалаад хийгээд өгөөч” гэхээр нь би, “миний хүү жолоо барьж яваа болохоор чинь аав нь архи хундагалж өгөхгүй байгаа шүү” гэж хэлсэн тул манай хүргэн уурласан байх. Харин удалгүй гэнэт дүрс хийн уурлаж манай гэрийн ширээг өшиглөж гэрийн унинуудыг нурааж нураасан гэрийн унь хугарч хугарсан униар намайг 1 удаа цохисон. Цохих үед нь миний ухаан санаа балартаж миний тархи толгой хагарч улмаар аймгийн нэгдсэн эмнэлэгт дуудлага өгч би хүргэгдэн ирсэн...” гэх мэдүүлэг /хэргийн 15-18-р хуудас/,
- Гэрч Г.Цэцэгмаагийн “...2023 оны 09 дүгээр сарын 02-ны оройн 20 цагийн орчимд манай хүргэн Түвшинмөнх, миний охин Энх-Оргил нар нь ирж хот руу явж байгаа хүмүүсийг гаргаж өгч явна гэсээр манайд ирсэн юм. Харин миний нөхөр Очирбаяр нь миний хүргэн, миний охин, миний хүргэний ээж нь ирлээ гэж баярлан өөрийн гэрт байсан 0,75 литрийн 1 шил “Соёрхол” нэртэй архийг задалж өгч амсуулсан түүнээс тэр гэрт бидний хэн нь ч тэр архинаас уугаагүй. Гэтэл манай хүргэн Түвшинмөнх нь манай нөхөрт хэлэхдээ, хадам ааваа та надад архинаасаа нэг хундагалаад хийгээд өг гэж хэлж байсан харин тэгтэл манай нөхөр Түвшинмөнхөд хэлэхдээ, миний хүү чи жолоо барьж байгаа болохоор аав нь чамд хийж өгөлгүй өнжсөн юм шүү гэж хэлтэл манай хүргэн Түвшинмөнх нь архи уугаагүй хэр нь уурлаж манай монгол гэрийн унь, багана гэх зүйлсийг нураан эвдэж хугалж тухайн хугарсан унины тал хэсгээр манай нөхөр Очирбаярын толгойн хэсэгч 1 удаа цохиж гэмтээн толгойг нь хагалсан. Тэгээд бид сандарч манай охин Энх-Оргил нь аймгийн нэгдсэн эмнэлэг болон цагдаагийн байгуулагд дуудлага өгч удалгүй эмнэлгийн ажилчид цагдаагийн ажилчид ирж манай нөхрийг авч явсан...” гэх мэдүүлэг /хэргийн 21-22-р хуудас/,
-Гэрч О.Энх-Оргилын “...2023 оны 09 дүгээр сарын 02-ны оройн 20 цагийн орчимд би, нөхөр Түвшинмөнх мөн түүний ээжийн хамтаар өөрийн төрсөн аав Очирбаярын гэрт очсон. Харин очих үед манай аав, ээж биднийг ирлээ гэж баярлан өөрийн гэртээ байсан 0,75 литрийн 1 шил "Соёрхол" нэртэй архийг задалж өгч амсуулсан юм. Харин аавынхаа задалж өгсөн тэр архийг бид уугаагүй ёс болгон амссан төдий. Гэтэл манай нөхөр Түвшинмөнх нь манай аавд хэлэхдээ, ааваа та надад архинаасаа нэг хундагалаад хийгээд өг гэж хэлж байсан харин тэгтэл манай аав, манай нөхөр Түвшинмөнхөд хэлэхдээ, миний хүү чи жолоо барьж байгаа болохоор аав нь чамд хийж өгөлгүй өнжсөн юм шүү гэж хэлтэл манай нөхөр Түвшинмөнх нь архи уугаагүй хэр нь уурлаж манай аавын гэрийн унь, багана гэх зүйлсийг нураан эвдэж хугалж тухайн хугарсан унины тал хэсгээр манай аав Очирбаярын толгойн хэсэгч 1 удаа цохиж гэмтээн толгойг нь хагалсан. Тэгээд би сандарч аймгийн нэгдсэн эмнэлэг болон цагдаагийн байгуулагд дуудлага өгч удалгүй эмнэлгийн ажилчид, цагдаагийн ажилчид ирж манай аавыг аваад явсан...” гэх мэдүүлэг /хэргийн 25-26-р хуудас/,
- Гэрч Э.Төгөлдөрийн “...Би 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр аав, ээжийнхээ хамт Улаанбаатар хотоос Сүхбаатар аймгийн Уулбаян сум руу бөөгийн үйл хийхээр явсан юм. Тэгээд Уулбаян сумын нутагт байх нэг уулан дээр очоод зан үйлээ хийчхээд 2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хот руу гэр рүүгээ буцах гээд үеэл ах Б.Түвшинмөнх өөрийнхөө машинтай эхнэр хүүхэдтэйгээ төрсөн ээжтэйгээ хамт явж байсан. Тэгээд Б.Түвшинмөнх ах машины урд гарч нэг айл руу дагуулж явсан. Сүүлд нь сонсоход Ц.Очирбаяр Гэх айл байсан. 30 Б.Түвшинмөнх ахын хадам аавынх нь гэсэн. Тэр айл бид нарт хоол унд хийж өгөөд Ц.Очирбаяр гэх хүн тэнд байсан том хүмүүст нэг шил архи задалж өгсөн. Тэгсэн Б.Түвшинмөнх ах юунаас болж уурлаад байсныг нь сайн мэдэхгүй байна, ямар ч байсан дуу хоолойгоо өндөрсгөөд уурлаад байсан. Тэгээд би сүүлдээ гэрээс гараад өөрийнхөө машинд суусан. Тэгсэн гэр дотор хүүхдүүд орилж, хүмүүс хашхирч бархирсан чимээ гарахаар нь би машинаасаа буугаад гэрийн гадаа ойртож очоод хаалгаар гаднаас нь харахад Б.Түвшинмөнх ах гэрийн хаалгыг гадагшаа харж тагласан байдалтай хоёр гараараа унинаас барьчихсан цаанаас нь хүмүүс гаргах гээд түлхсэн байдалтай байсан. Б.Түвшинмөнх ахын өмссөн хувцас нь урагдсан байдалтай байсан. Би айсандаа болоод гэр рүү орж чадаагүй. Гэрийн гадуур байсан. Тэгсэн Б.Түвшинмөнх ах, хадам аав нь гэх Ц.Очирбаяр, манай аавын төрсөн ах Ш.Цогтбаатар ах, манай ээж Д.Цэнгэлмаа бүгд гэрээсээ гарцгаасан байсан. Тэгээд би нэг ойрхон явж очих үед Б.Түвшинмөнх ах хадам аав Ц.Очирбаяр гэх хүнийг гэрийн униар савж цохиж унагаасан. Ц.Очирбаяр гэх хүн цохиулж газар унаад толгойноос нь цус гарч байхыг хараад миний бие мөн эвгүйрхээд ирэхээр нь би машиндаа суусан. Тэгээд ерөнхийдөө бид нар явцгаасан... Тухайн үед гадаа харанхуй гэгээ тасарсан байсан учир хэн хэн зодолдоод байгааг анзаарч сайн хараагүй, бужигнасан л юм болсон. Ямар ч байсан Түвшинмөнх ах хадам аавыгаа униар цохиж байсныг харсан. Нэг харахад Түвшинмөнх ах газар уначихсан байсан. Чухам хэн цохиж зодолдож унасныг нь би харж чадаагүй. Энд тэнд л бархиралдсан, муудалцсан, бужигнасан хүмүүс л байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 29-30-р хуудас/,
-Гэрч Д.Цэнгэлмаагийн “...Манай нөхөр бид хоёр хүү Төгөлдөр, Б.Түвшинмөнхийн ээж Энхээ эгчийн хамт дөрвүүлээ Сүхбаатар аймгийн Алтан-Овоо, Шилийн богдоор явахаар болоод 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотоос гарцгаасан юм. Тэгээд 2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Уулбаян сумын нутагт байх нэг уулыг тахиад буцаад Улаанбаатар хот руу явах гээд Б.Түвшинмөнхөөр замчлуулаад хамт явсан юм. Тэгсэн Түвшинмөнх эхнэр хүүхдийнхээ хамт өөрийнхөө машинтай бид нарыг дагуулаад шороон замаар явж байгаад нэг айл дээр очсон тэр айл нь Б.Түвшинмөнхийн хадам аав, ээжийнх нь байсан... Би өгсөн архинаас нь уугаагүй амсчхаад гэрээс гараад машиндаа хүлээгээд байж байтал хэсэг хугацааны дараа гэрт хүмүүс зодолдоод бархирч шуугилдаад эхэлсэн. Тэгээд би гайхаад бид нар машинаасаа буугаад гэр рүү очтол Б.Түвшинмөнх гэрийн хаалгыг хаасан байдалтай хоёр гараараа унинаас дүүжлэгдчихсэн нөгөө Ц.Очирбаяр гэх өвгөнтэй зодолдоод гэрийнх нь унийг хугалж гэрийн эд зүйлсийг эвдэн гэр дотор зодолдоод байсан. Тэгээд тэр өвөө гэрээсээ гарч ирээд гадаа зогсож байсан чинь Б.Түвшинмөнх хугархай униар нөгөө өвөөгийн толгой хэсэгт араас нь цохисон. Нөгөө өвгөн газар уначихаар нь бид нар сандралдаад гүйгээд очтол нөгөө өвөөгийн толгойноос нь цус гараад тогтохгүй байсан. Бид нар гэрээс нүүр гарын алчуур авчраад цусыг нь тогтоох гэж оролдоод өвгөнийг гэрт оруулсан. Б.Түвшинмөнхийн эхнэр О.Энх-Оргил эмнэлэг, цагдаад утсаар дуудлага өгсөн. Тэгсэн Б.Түвшинмөнх гадуур илүү гэрийн хавиар тэнд байсан хүмүүстэй маргалдаж муудаад яваад байсан. Би бүтэн нэрийг нь мэдэхгүй байна бид нар Цогоо /Сүмээ/ гэж дууддаг ахтай зодолдоод байсан. Б.Түвшинмөнх машинтай явна гээд байхаар нь манай нөхөр машинаас нь түлхүүрийг нь авчихсан байсан юм. Тэгсэн Б.Түвшинмөнх машины түлхүүр өг гээд бид нарыг унь бариад хөөж туугаад байсан. Тэгж байтал Б.Түвшинмөнхийн эхнэр О.Энх-Оргилын ах нь гэх нэг залуу найзтайгаа мотоциклтой ирээд Б.Түвшинмөнхийг барьж аваад арай гайгүй болгосон. Тэр залуу бид нар дээр ирээд одоо та хэд хөдлөөрэй, явуулын хүмүүс эртхэн хөдөлсөн дээр гэхээр нь бид нар машинтайгаа хөдлөөд явсан. Б.Түвшинмөнхийн ээж нь Энхээ эгч би Б.Түвшинмөнхийг хараад үлдье гээд үлдсэн. Уг нь бид хамт Улаанбаатар хот руу явах байсан юм. Тэгсэн манай нөхөр Б.Түвшинмөнхийн машины түлхүүрийг ээжид нь өгөх шиг болсон. Тэгээд бид нар тэр айл дээрээс хөдлөөд нөгөө өвгөн ахад санаа зовоод аймгийн төв ороод эмнэлгийн гадаа өвгөнийг ирэхийг хүлээсэн. Хэсэг хугацааны дараа эмнэлгийн машинтай О.Энх-Оргил, Энхээ эгч хоёр Ц.Очирбаяр гэх хүнийг аваад ирсэн. Бид нар Энхээ эгч, Энх-Оргил хоёртой уулзаад биеийн байдлыг Улаанбаатар хот руу явсан... Гадаа харанхуй байсан Б.Түвшинмөнх хугархай унь бариад хүн хүн рүү дайраад яваад байсан. Б.Түвшинмөнхийг хорих гээд манай нөхөр, ах нь бусад хүмүүс бужигналдаад л байсан. Би өөрөө эмэгтэй хүн болохоор айгаад ойртож чадаагүй болохоор хэн хэн нь зодолдсон талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хэргийн 33-35-р хуудас/,
- Гэрч Ш.Энхээгийн “...Би Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж хүүгийнхээ эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна...” гэх мэдүүлэг /хэргийн 38-р хуудас/,
- Гэрч О.Энхболдын “...Намайг гэрт ороход гэрт байсан хүмүүс нэг шилтэй архи тойруулаад ууж байсан. Удалгүй намайг бараг сууж амжаагүй байхад хүргэн Түвшинмөнх аав Очирбаяр руу "эхнэрээ гуйж авах байсан. Тэр цаг нь Өнгөрсөн. Цагт нь гуйхад өгөөгүй" гэсэн утгатай үг хэлж байсан. Тэр үед аав Очирбаяр "Тухайн үед өгөх өдөр нь биш байсан" гэх утгатай үг хэлээд хоорондоо маргах аястай байсан. Тэр үед Түвшинмөнх гэрийн зүүн талд сандал дээр сууж байгаад босоод зүүн талын баганыг 2-3 удаа өшиглөөд аав Очирбаярын нүүр рүү нь гараа атгаж байгаад 1 удаа цохисон. Тэр үед би хүргэн Түвшинмөнх аав Очирбаяр хоёрыг салгах гээд голоор орсон. Тэр үед зууралдаад гэрээс гаргах гээд гэрийн үүд хавиар нэлээн зууралдсан. Тэр үед Түвшинмөнх гэрийн урд талаар байдаг ихэнх унинуудыг хугалсан. Тухайн үед гэрийн 10-аад унь хугарсан байсан. Тэгээд би тухайн үед Цогтбаатар, Энхээ нарын хамтаар Түвшинмөнхийг гэрээс гаргасан. Тэгтэл Түвшинмөнх гэрээс гараад машин руугаа явсан. Дараа нь би гэрээс гараад нэлээн хөндийрөөд зогссон. Тэгтэл аав Очирбаяр гэрээс гарч ирээд гэрийн үүдэнд Энхээ, Цогтбаатар, Энхтөр, Хандсүрэн, Цэнгэлмаа нарын хамт зогсож байсан. Тэр үед Түвшинмөнх гэрийн үүд рүү ирээд зогсож байсан хүмүүсийн хажуунаас нэг унь аваад аав Очирбаярын толгой хэсэг рүү нь саваад цохичихсон. Тухайн үед би хажуунаас нь харсан. Тэгээд аав газар унасан. Тэр үед Түвшинмөнхийг ээж, ах, эгч нар аваад гэрээс холдуулсан. Харин би ээж Цэцэгмаа, дүү Энх-оргил нартай цуг аав руу очсон. Тухайн үед аав руу очиход газар унасан, зүүн нүдний дээд талд духнаас нь цус гарч байсан. Мөн ам хамраас нь цус гараад тогтохгүй байсан. Тэгээд бид хэд гэр рүү аавыг оруулсан. Удалгүй би гэрээс гарч ирэхэд Түвшинмөнх Цогтбаатар ахтайгаа гэрийн гадаа зодолдоод байсан. Тэр үед би тэр хоёрыг голоор нь орж салгасан. Тэгээд Түвшинмөнх машин руугаа орсон. Тэгэхэд араар нь Энхтөр эхнэр Цэнгэлмаа, хүү Төгөлдөр Цогтбаатар, Хандсүрэн нар машинтайгаа хөдлөөд яваад өгсөн. Харин Түвшинмөнхийн ээж Энхээ тэнд үлдсэн. Харин тэр үед би Түвшинмөнхийн машиных нь ард бага хүүхэд нь уйлаад байхаар нь жолооч талынх нь хаалганы цонх бараг л нээлттэй байсан. Тэр цонхоор нь гараа оруулаад хойд талынх нь хаалганы түгжээг нээх гээд байж байхад аав Очирбаяр гэрээс гарч ирээд Түвшинмөнхийг машиндаа сууж байхад нь унь барьж машиных нь жолооч талынх нь нээлттэй цонхоор униар хатгаа байсан. Тэр үед Түвшинмөнх тэр унийг нь барьж аваад доош нь дарсан. Тэр үед Түвшинмөнхийн машины хаалганы борооны хаалт нь хагарчихсан. Тэгээд би гараараа хаалганы түгжээг нь тайлаад араас нь хүүхдийг нь аваад дүү Энх-Оргилд аваачиж өгсөн. Харин аав Ц.Очирбаяр Түвшинмөнхөөс униа булааж аваад гэр рүү орсон... Тухайн үед Түвшинмөнхийн биед ил харагдах гэмтэл бэртэл цус гарсан зүйл харагдаагүй. Тухайн үед би Цогтбаатар, Түвшинмөнх, аав Очирбаяр нар гээд бүгд гартаа хугарсан унь барьсан байсан. Нэг нэгнийгээ цохисон байж магадгүй. Би тухайн үед тэр нь тэрийгээ униар цохисон гэж хэлж мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хэргийн 43-45-р хуудас/,
- Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 362 дугаартай нэмэлт “...1. Ц.Очирбаярын биед дух ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана. 4. Цаашид ерөнхий хөдөлмөр чадвар алдалт тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /хэргийн 62-63-р хуудас/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 133 дугаартай “... 1. Ц.Очирбаярын сэтгэцэд гэмтлийн дараах стресс, асуудлаа дутуу үнэлэх хандлагын шинжүүд илэрч байна. Энэ нь сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарч байна. 2. Ц.Очирбаярын зүгээс өөрт тохиолдсон асуудлын хор уршгийг дутуу үнэлэх шинж илэрч байгаа нь охиныхоо гэр бүлийг хамгаалах гэсэн хандлагатай холбоотой байх боломжтой..” гэх шинжээчийн дүгнэлт /хэргийн 68-70-р хуудас/,
- Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 26/290 дугаартай “...Ц.Очирбаяр нь эрүүл мэндийн даатгалын сангаас 1,884,000 төгрөгийн зардал гарсан...” гэх албан бичиг, хавсралт /хэргийн 118-119-р хуудас/,
-Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 26/290 дугаартай /хэргийн 118-119-р хуудас/,
-Б.Түвшинмөнхийн Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын дарга Б.Баатархүүд гаргасан хүсэлт /хэргийн 89, 97 дугаар хуудас/
-Б.Түвшинмөнхийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хэргийн 103 дугаар хуудас/
-Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023.02.01-ний өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хэргийн 106-112/
-Б.Түвшинмөнхийн байнга оршин суугаа хаягийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа/ хэргийн 116-117 хуудас/ / зэрэг болно.
Гэм буруугийн талаар:
1.Шүүгдэгч Б.Түвшинмөнх нь 2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 20 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 3 дугаар багийн нутаг “Алтангадас” гэх газарт хадам аав болох Ц.Очирбаярын гэрт түүнийг “архи хундагалж өгөөгүй” гэх үл ялих зүйлээр шалтаглан маргаан, зодоон үүсгэн улмаар Ц.Очирбаярын толгойн хэсэгт монгол гэрийн унины хугарсан модоор цохиж эрүүл мэндэд нь “ дух ясны хугарал гэмтэл” бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь түүний мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд дээрх үйл баримтыг хүлээн зөвшөөрч мэдүүлсэн “ Би энэ айлын хүргэн болоод 14 жил болж байна. Би эхнэрээ авах гээд хадаг тавих гэж байхад хадмуудаас боломж би хадгаа тавиагүй. Сая хэрэг болдог өдөр манай эхнэрийн бие өвдөөд эмнэлэгт үзүүлэх гээд явж байсан. Гэтэл манай хадмууд явуулахгүй гэсэн. Үүнээс хойш үл ойлголцож бид хоорондоо маргалдсан. Тэд бүгд намайг униар цохисон би өөрийгөө хамгаалах гээд ийм алдаа гаргасан. Хадам аавтай ер нь уулзаагүй эхнэр минь аваад хот руу явсан. Би эмчилгээний зардал өгөх гээд санал хэлэхэд чиний мөнгийг авахгүй гээд байгаа. Би хохирогчоос уучлалт гуйна. Эхнэр минь өвдөөд байгаа мөн хүүхдүүдээ хичээл сургуульд нь зөөх гээд ажил ихтэй байгаа болохоор явж чадаагүй байгаа. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна ” гэх,
хохирогч Ц.Очирбаярын “...2023 оны 09 дүгээр сарын 02-ны орой 20 цагийн орчимд миний төрсөн охин Энх-Оргил нь өөрийн нөхөр Түвшинмөнх, түүний хамаатан хүмүүсийн хамт ирэхээр нь би баярлаж "Соёрхол” нэртэй 0.75 литрийн шилтэй архийг задалж өгсөн юм. Харин бид тэр архийг уугаагүй зүгээр ёс болгож амссан юм. Гэтэл манай хүргэн Түвшинмөнх надад хандаж “хадам ааваа та надад архинаасаа нэг хундагалаад хийгээд өгөөч” гэхээр нь би, “миний хүү жолоо барьж яваа болохоор чинь аав нь архи хундагалж өгөхгүй байгаа шүү” гэж хэлсэнд манай хүргэн уурласан байх, удалгүй гэнэт дүрс хийн уурлаж манай гэрийн ширээг өшиглөж гэрийн унинуудыг нурааж, нураасан гэрийн унь хугарч хугарсан униар намайг 1 удаа цохисон. Цохих үед нь миний ухаан санаа балартаж миний тархи толгой хагарч улмаар аймгийн нэгдсэн эмнэлэгт дуудлага өгч би хүргэгдэн ирсэн...” гэх,
гэрч Г.Цэцэгмаагийн “...2023 оны 09 дүгээр сарын 02-ны оройн 20 цагийн орчимд манай хүргэн Түвшинмөнх, миний охин Энх-Оргил нар нь ирж хот руу явж байгаа хүмүүсийг гаргаж өгч явна гэсээр манайд ирсэн юм. Миний нөхөр Очирбаяр нь миний охин, миний хүргэн, хүргэний ээж нь ирлээ гэж баярлан гэрт байсан 0,75 литрийн 1 шил “Соёрхол” нэртэй архийг задалж өгч амсуулсан. Гэтэл манай хүргэн Түвшинмөнх нь манай нөхөрт “хадам ааваа та надад архинаасаа нэг хундагалаад хийгээд өг” гэж хэлэхэд манай нөхөр “миний хүү чи жолоо барьж байгаа болохоор аав нь чамд хийж өгөлгүй өнжсөн юм шүү” гэж хэлтэл манай хүргэн Түвшинмөнх нь архи уугаагүй хэр нь уурлаж манай монгол гэрийн унь, багана гэх зүйлсийг нураан эвдэж хугалж тухайн хугарсан унины тал хэсгээр манай нөхөр Очирбаярын толгойн хэсэгч 1 удаа цохиж гэмтээн толгойг нь хагалсан ” гэх,
гэрч О.Энх-Оргилын “...2023 оны 09 дүгээр сарын 02-ны оройн 20 цагийн орчимд би, нөхөр Түвшинмөнх мөн түүний ээжийн хамтаар өөрийн төрсөн аав Очирбаярын гэрт очсон. Манай аав, ээж биднийг ирлээ гэж баярлан өөрийн гэртээ байсан 0,75 литрийн 1 шил "Соёрхол" нэртэй архийг задалж өгч амсуулсан юм. Харин аавынхаа задалж өгсөн тэр архийг бид уугаагүй ёс болгон амссан төдий. Гэтэл манай нөхөр Түвшинмөнх нь манай аавд “ ааваа та надад архинаасаа нэг хундагалаад хийгээд өг” гэж хэлэхэд манай аав, манай нөхөр Түвшинмөнхөд “ миний хүү чи жолоо барьж байгаа болохоор аав нь чамд хийж өгөлгүй өнжсөн юм шүү” гэж нөхөр Түвшинмөнх нь архи уугаагүй хэр нь уурлаж манай аавын гэрийн унь, багана гэх зүйлсийг нураан эвдэж хугалж тухайн хугарсан унины тал хэсгээр манай аав Очирбаярын толгойн хэсэгч 1 удаа цохиж гэмтээн толгойг нь хагалсан” гэх,
гэрч Э.Төгөлдөрийн “...2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хот руу гэр рүүгээ буцах гээд үеэл ах Б.Түвшинмөнх өөрийнхөө машинтай эхнэр хүүхэдтэйгээ төрсөн ээжтэйгээ хамт яваад Б.Түвшинмөнх ахын хадам аавынх Ц.Очирбаяр гэх айлд очсон. Тэр айл бид нарт хоол унд хийж өгөөд Ц.Очирбаяр гэх хүн тэнд байсан том хүмүүст нэг шил архи задалж өгсөн. Тэгсэн Б.Түвшинмөнх ах юунаас болж уурлаад байсныг нь сайн мэдэхгүй байна, ямар ч байсан дуу хоолойгоо өндөрсгөөд уурлаад байсан. Тэгээд би сүүлдээ гэрээс гараад өөрийнхөө машинд суусан. Тэгсэн гэр дотор хүүхдүүд орилж, хүмүүс хашхирч бархирсан чимээ гарахаар нь би машинаасаа буугаад гэрийн гадаа ойртож очоод хаалгаар гаднаас нь харахад Б.Түвшинмөнх ах гэрийн хаалгыг гадагшаа харж тагласан байдалтай хоёр гараараа унинаас барьчихсан цаанаас нь хүмүүс гаргах гээд түлхсэн байдалтай байсан. Б.Түвшинмөнх ахын өмссөн хувцас нь урагдсан байдалтай байсан. Тэгээд би нэг ойрхон явж очих үед Б.Түвшинмөнх ах хадам аав Ц.Очирбаяр гэх хүнийг гэрийн униар савж цохиж унагаасан” гэх,
гэрч Д.Цэнгэлмаагийн “...2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр манай нөхөр бид хоёр, хүү Төгөлдөр, Б.Түвшинмөнхийн ээж Энхээ эгчийн хамт Б.Түвшинмөнхийн хадам аав, ээжийнд очсон. Би өгсөн архинаас нь уугаагүй амсчхаад гэрээс гараад машиндаа хүлээгээд байж байтал хэсэг хугацааны дараа гэрт хүмүүс зодолдоод бархирч шуугилдаад эхэлсэн. Би машинаасаа буугаад гэр рүү очтол Б.Түвшинмөнх гэрийн хаалгыг хаасан байдалтай хоёр гараараа унинаас дүүжлэгдчихсэн, нөгөө Ц.Очирбаяр гэх өвгөнтэй зодолдоод гэрийнх нь унийг хугалж гэрийн эд зүйлсийг эвдэн гэр дотор зодолдоод байсан. Тэгээд тэр өвөө гэрээсээ гарч ирээд гадаа зогсож байсан чинь Б.Түвшинмөнх хугархай униар нөгөө өвөөгийн толгой хэсэгт араас нь цохисон. Нөгөө өвгөн газар уначихаар нь бид нар сандралдаад гүйгээд очтол нөгөө өвөөгийн толгойноос нь цус гараад тогтохгүй байсан.” гэх,
гэрч О.Энхболдын “...Намайг гэрт ороход гэрт байсан хүмүүс нэг шилтэй архи тойруулаад ууж байсан. Удалгүй хүргэн Түвшинмөнх аав Очирбаяр руу "эхнэрээ гуйж авах байсан. Тэр цаг нь Өнгөрсөн. Цагт нь гуйхад өгөөгүй" гэсэн утгатай үг хэлж байсан. Тэр үед аав Очирбаяр "Тухайн үед өгөх өдөр нь биш байсан" гэх утгатай үг хэлээд хоорондоо маргах аястай байсан. Тэр үед Түвшинмөнх гэрийн зүүн талд сандал дээр сууж байгаад босоод зүүн талын баганыг 2-3 удаа өшиглөөд аав Очирбаярын нүүр рүү нь гараа атгаж байгаад 1 удаа цохисон. Гэрийн үүд хавиар нилээн зууралдсан. Тэр үед Түвшинмөнх гэрийн урд талаар байдаг ихэнх унинуудыг хугалсан. Тэгээд би тухайн үед Цогтбаатар, Энхээ нарын хамтаар Түвшинмөнхийг гэрээс гаргасан. Аав Очирбаяр гэрээс гарч ирээд гэрийн үүдэнд Энхээ, Цогтбаатар, Энхтөр, Хандсүрэн, Цэнгэлмаа нарын хамт зогсож байхад Түвшинмөнх гэрийн үүд рүү ирээд зогсож байсан хүмүүсийн хажуунаас нэг унь аваад аав Очирбаярын толгой хэсэг рүү нь саваад цохичихсон. Тухайн үед би хажуунаас нь харсан. Тэгээд аав газар унасан....” гэх мэдүүлгүүд,
шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 362 дугаартай нэмэлт “...1. Ц.Очирбаярын биед дух ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана. 4. Цаашид ерөнхий хөдөлмөр чадвар алдалт тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна...” гэх дүгнэлт,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 133 дугаартай “1. Ц.Очирбаярын сэтгэцэд гэмтлийн дараах стресс, асуудлаа дутуу үнэлэх хандлагын шинжүүд илэрч байна. Энэ нь сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарч байна. 2. Ц.Очирбаярын зүгээс өөрт тохиолдсон асуудлын хор уршгийг дутуу үнэлэх шинж илэрч байгаа нь охиныхоо гэр бүлийг хамгаалах гэсэн хандлагатай холбоотой байх боломжтой” гэх шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.
2. Энэ хэрэгт мөрдөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ ” гэх зохицуулалтын дагуу тогтоол гарган хохирогч Ц.Очирбаярт учирсан гэмтлийг тогтоолгохоор шинжээч томилж дүгнэлт гаргуулсан бөгөөд 362 дугаартай дээрх шинжээчийн дүгнэлтээр түүнд биед учирсан гэмтлийг хүнд зэргийн гэмтлээр тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй хийгээд энэ шинжээчийн дүгнэлтийн талаар оролцогчдоос гомдол гараагүй, хүлээн зөвшөөрсөн байна.
Тодруулбал, Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.Гэмтлийн “хүнд” зэрэгт гэмтэх үед амь нас хохирч болох амь тэнссэн байдалд хүргэсэн буюу ердийн явцаараа ихэвчлэн үхэлд хүргэх гэмтэл, гэмтлээс үүссэн үлдэц, уршиг, хөдөлмөрийн ерөнхий чадвар их хэмжээгээр алдагдсан гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно.Үүнд:2.2.1.амь насанд аюултай гэмтэл; 2.2.2.амь тэнссэн байдал; 2.2.3.гэмтлээс үүссэн үлдэц уршиг; 2.2.4.ерөнхий хөдөлмөрийн чадвар их хэмжээгээр /35-100 хувь/ тогтонги алдагдсан” байдал хамаарахаар тогтоосон ба бөгөөд хохирогч Ц.Очирбаярын биед учирсан гэмтэл нь амь насанд аюултай шинжээрээ хүнд гэмтэлд хамаарч байгааг дурдъя.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдлээр илрэх бөгөөд хохирол, хор уршиг учирсан нь уг үйлдэлтэй холбоотой, шалтгаалсан байна.
Хэргийг баримтаар, шүүгдэгч Б.Түвшинмөнх нь гэр бүлийн харилцаан дахь хоорондын үл ойлголцол, мөн “ архи өгсөнгүй” гэх үл ялих зүйлээр шалтаглан хадам аав Ц.Очирбаяртай маргаан үүсгэн, улмаар түүний толгойд гэрийн хугархай униар цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйл баримт хөдөлбөргүй нотлогдсон хийгээд прокуророос шүүгдэгч Б.Түвшинмөнхийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Түвшинмөнхийн зүгээс дээрх үйл баримтыг үгүйсгээгүй, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.
4. Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг ойлгоно.
Тухайн хэргийн хувьд хохирогч Ц.Очирбаярын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь шүүгдэгч Б.Түвшинмөнхийн гэрийн хугархай униар толгой руу нь цохиж зодсон уг үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.
5. Шүүх шүүгдэгч Б.Түвшинмөнхийг тухайн гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэв.
Учир нь шүүгдэгчийн хувьд бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу хүнийг гэрийн хугархай унь модоор цохисноор эрүүл мэндэд нь гэмтэл, хохирол учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогчийн толгойд санаатай цохиж эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулсан буюу түүнийг хүсэж үйлджээ.
Гэмт хэргийн хохирлын талаар:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заажээ.
Монгол Улсын иргэн нь “бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” эрхтэй, үүнийг Иргэний хуулийн 52 дугаар бүлэгт дэлгэрэнгүй тусгайлан зохицуулсан бөгөөд уг хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байна.
Энэхүү үүрэг нь гагцхүү гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоотой үүссэн байхаас гадна дээрх хуулийн зүйл, хэсэгт нэрлэн заасан объектод учирсан байхыг шаарддаг болно.
Иргэний хуулийн дээрх зүйл, хэсэгт заасан “эрүүл мэндэд” учруулсан гэм хорд мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зардлууд хамаарах ба үүнийг гэм хор учруулсан этгээд нөхөн төлөх үүрэгтэй юм.
Шүүгдэгч Б.Түвшинмөнхийн үйлдлийн улмаас хохирогч Ц.Очирбаярын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан ба хохирогч Ц.Очирбаяр нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд эмчилгээний болон бусад зардлын баримтыг шүүхэд гаргаагүй байна.
Хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлүүлэхээр иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд иргэний нэхэмжлэл гаргаагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу цаашид иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж шийдвэрлэх зохицуулалттай ба энэ нь хохирогч, иргэний нэхэмжлэгчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхийг хамгаалах зохицуулалтад хамаарахыг дурдъя.
Тодруулбал, хохирогч Ц.Очирбаяр тухайн гэмт хэргийн улмаас өөрт эдийн болон эдийн бус хохирол, хор уршиг учирсан гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэй юм.
2.Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 133 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “... 1. Ц.Очирбаярын сэтгэцэд гэмтлийн дараах стресс, асуудлаа дутуу үнэлэх хандлагын шинжүүд илэрч байна. Энэ нь сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарч байна.” гэж хохирогч Ц.Очирбаярын сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоожээ.
Монгол улсын Дээд шүүхийн Нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хавсралтад авагдсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-д зааснаар шүүгдэгч Ц.Очирбаярын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг “нэгдүгээр зэрэглэл” гэж тогтоосныг хэргийн оролцогчид хүлээн зөвшөөрч, маргаагүй байна.
Тус аргачлалын “нэгдүгээр зэрэглэл”-д “Хохирогчийн биед учирсан хүнд гэмтэл буюу амь насанд аюултай, амь тэнссэн байдал бүхий гэмтлийн улмаас хохирогчид сэтгэцийн эмгэг” хор уршиг учирсан бол Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл нөхөн төлбөр олгохоор тогтоожээ.
Иймд Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ.”, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана.” гэж зааснаар шүүгдэгч Б.Түвшинмөнхөөс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 2.744.500 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Очирбаярт олгохоор шийдвэрлэлээ.
3. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилжээ.
Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь энэ хэрэгт прокурорыг тус хэлтсийг төлөөлж оролцуулахаар хүсэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй ба дээрх хуулийн зохицуулалтаар гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын байгууллагад учирсан хохирлыг буруутай этгээд хариуцан нөхөн төлөх үүрэгтэй юм.
Хохирогч Ц.Очирбаяр нь дээрх гэмтлийн улмаас тус аймгийн Нэгдсэн эмнэлгээс анхны тусламж үйлчилгээ авч эмчилгээний зардалд эрүүл мэндийн даатгалын сангаас 1.884.000 төгрөгийг зарцуулсан болох нь Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 26/290 дугаартай албан бичиг, зардлын түүх зэргээр нотлогдох тул шүүгдэгч Б.Түвшинмөнхөөс 1.884.000 төгрөгийг гаргуулж Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 100900020080 тоот дансанд төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч Б.Түвшинмөнхийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх учиртай.
Шүүгдэгч Б.Түвшинмөнхийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг нь “арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял” оногдуулахаар хуульчилжээ.
Шүүгдэгч Б.Түвшинмөнхөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор улсын яллагч Г.Бат-Оргилоос “ Шүүхээс шүүгдэгч Б.Түвшинмөнхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Б.Түвшинмөнхийн хийсэн хэргээ сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 14,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай. Хохирогч Ц.Очирбаяр нь хохирол нэхэмжилсэн баримт гаргаж өгөөгүй бөгөөд, гэмт хэргийн улмаас гарсан бусад зардлыг Иргэний шүүхэд нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх. Мөн хэрэгт хохирогч Ц.Очирбаяр нь сэтгэцэд учирсан хор уршиг, хохирлын зэргийг Шүүх шинжилгээний байгууллагаар тогтоолгосон бөгөөд нэгдүгээр зэрэглэлд буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4,99 нэмэгдүүлсэнтэй тэнцэх /2,750,000/ хэмжээний мөнгөн дүнд хамаарч байх тул тус мөнгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй. Шүүгдэгч цагдан хоригдоогүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүгдэгчээс гаргуулах зардал байхгүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан 75 см урттай, улбар шаргал өнгийн хугархай унийг устгах. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналтай...” гэх дүгнэлт гаргасныг,
шүүгдэгч Б.Түвшинмөнхөөс “ Хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна, маргаан байхгүй. Энэ гэмт хэрэгт холбогдсондоо маш их харамсаж байна. Би хадам ааваасаа уучлалт гуйна. Энэ хэргийн улмаас учирсан бүх хохирлыг төлж барагдуулна ” гэж маргаагүй байна.
Шүүгдэгч Б.Түвшинмөнх нь үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргаагүй ч хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлөөгүй, мөн тухайн хэрэг гарсан шалтгаан нөхцөл нь гэр бүлийн хүмүүсийн хоорондын таарамжгүй харьцаанаас үүдэлтэй, түүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “ гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана ” гэжээ.
Шүүх шүүгдэгч Б.Түвшинмөнхийн ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, тогтмол ажил хөдөлмөр эрхлэн гэр бүлээ тэжээн тэтгэдэг хувийн байдал, түүний хөрөнгө, бусад орлого олох боломжийг харгалзан прокурорын гаргасан саналын дагуу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулах 12.000.000 төгрөгөөр торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Бусад асуудлын талаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 75 см урттай, улбар шаргал өнгийн хугархай унийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн тамгын газрын Эд мөрийн баримт болон барьцааны мөнгө, үнэ бүхий зүйлийг шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Түвшинмөнх энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Хатигин ургийн овогт Батзоригийн Түвшинмөнхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “ хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах ” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Түвшинмөнхийг 12000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 /арван хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Түвшинмөнхөд оногдуулсан 12.000.000 төгрөгөөр торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Түвшинмөнх нь дээрх торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих зохицуулалттайг анхааруулсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 75 см урттай, улбар шаргал өнгийн хугархай унийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Сүхбаатар аймаг дахь шүүхийн газрын даргын 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн А/29 тоот тушаалаар томилогдсон Эрүүгийн болон зөрчлийн хэрэгт хураан авсан, битүүмжилсэн, хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримтыг шийдвэрлэх комисст даалгасугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Түвшинмөнхөөс, хохирогч Ц.Очирбаярын сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 2.744.500 /хоёр сая долоон зуун дөчин дөрвөн мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Очирбаярт олгож, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Түвшинмөнхөөс 1.884.000 төгрөг гаргуулж Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 100900020080 тоот дансанд төлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ц.Очирбаяр нь тухайн гэмтлийн улмаас өөрт учирсан эд хөрөнгийн хохирол буюу эмчилгээний болон бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай.
8. Шүүхийн шатанд шүүгдэгч Б.Түвшинмөнхөд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН