Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/231

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч Г.Бат-Оргил,

Хохирогч О.Алимаа,

Шүүгдэгч С.Ганбулган нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Бат-Оргилоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Ганбулганд холбогдох 2230003380219 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, ...********** оны ******** дүгээр сарын ***********-ны өдөр Сүхбаатар аймгийн ************* суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүрээлэн буй орчны судлаач мэргэжилтэй, Сүхбаатар аймгийн *************** сумын*************н **************яналтын улсын байцаагч ажилтай, ам бүл 1, Сүхбаатар аймгийн ******************* сумын ***************дугаар багт оршин суух хаягтай,

урьд Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн.

ЛЗ88041777 регистрийн дугаартай, Сэнгэ ургийн овогт Санжаагийн Ганбулган.   

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч С.Ганбулган нь 2023 оны 08 дугаар сарын 18-аас 19-ний шилжих шөнийн 02 цагийн орчимд Сүхбаатар аймгийн ********* сумын 5 дугаар баг “**********” гэх газарт Ниссан патрол загварын 31-88 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд. осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 3.7 а/ Жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана. 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэснийг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч О.Алимааг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч С.Ганбулган шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Тэр өдөр өөрийнхөө болгоомжгүй байдлаас болж хүний биед гэмтэл учруулсандаа үнэхээр их харамсаж байна. Миний буруу. Тухайн үед зургуулаа 2 шил архи хувааж уусан. Би болсон явдлыг санаж байгаа. Сум руу явах гээд машин барьсан. Тэгээд ийм осол болсон. Би хохирогчоос уучлалт гуйсан. Эмчилгээний зардалд нийт 5,300,000 төгрөг төлсөн. Надад жолооны эрх байгаа би “В” ангиллын үнэмлэхтэй, харин үнэмлэхээ гээсэн олохгүй байгаа. Согтолтын зэрэг 0,8 промилли гарсан байсан. Би хохирогчийн хүү Баярхүүтэй маргалдсан тэгээд хөдлөх гэж байгаад ийм зүйл болсон. Миний унаж явсан машин албаны машин байсан...гэв.

 

- Хохирогч О.Алимаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Миний биеийн байдал муу байна, би хөдөлж чадахгүй байна. Нэг хэсэг босохгүй юм шиг байна. Би хөдөө мал маллаж амьдардаг байсан.  Ам бүл 4. Надад эмчилгээний зардлын баримт байхгүй. Ганбулган надад 5.300.000 төгрөг өгсөн. 14 хоногийн өмнө эмчид үзүүлсэн яс минь бороолоогүй байна гэсэн. Сэтгэцэд учирсан хохирлоо гаргуулна...гэв.

 

2230003380219 дугаартай хавтаст хэргээс:

 

- Шүүгдэгч С.Ганбулганы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ...О.Баярхүү надад “ танай ах С.Гандөлгөөн намайг чамд матаж 500.000 төгрөгөөр торгуулсан ” гээд над руу дайрахаар нь “огт тийм зүйл байхгүй, би чиний торгуулийн мөнгийг чамаар өөрөөр чинь хийлгүүлсэн ” гэхэд уурлаад намайг цохиж зодох гээд байсан. Бид хоёр маргалдаж муудаж байхад ах С.Гандөлгөөн ирээд намайг машинд суулгаад “гэр рүүгээ яв” гэж хэлэхээр нь би 31-88 СҮА улсын дугаартай Патрол маркийн тээврийн хэрэгслийг асааж хөдлөөд ертөнцийн зүгээр миний баруун талд байсан О.Баярхүүгийн ээж О.Алимааг мөргөж 2 хөлийг нь хугалсан. Би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож санамсар болгоомжгүй байдлаасаа болоод О.Алимаагийн 2 хөлийг хугалж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Би үйлдсэн хэрэгтээ маш их гэмшээд О.Алимаагаас өөрийн биеэр хэд хэдэн удаа очиж уучлалт гүйж одоогийн байдлаар эмчилгээний зардалд 3,800,000 төгрөгийг өгөөд байна. Би тухайн үед О.Алимааг унаж явсан машиныхаа жолооч талын кирлаанаар мөргөсөн. Би машин зогсож байсан газраас хөдлөөд явахдаа бүтэн тойрч эргэхэд машины гэрлийн үзүүрт хүн харагдах шиг болсон учраас машинаа зогсоосон. Тэгэхэд миний хажуу талд манай ээж байсан учраас чи хүн дайрчихлаа гэж хэлж байсан...гэх мэдүүлэг /хэргийн 114-117-р хуудас/,

 

- Хохирогч О.Алимаагийн: 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн залуучуудын өдөрлөг зохион байгуулагдаж, би тус арга хэмжээнд би нөхөр Х.Осгонбаатар, охин О.Баярчимэг нарын хамт оролцсон. Манай том хүү О.Баярхүү арга хэмжээ бараг л дуусах үед оройны 23 цагийн үед эхнэрийнхээ хамт ирсэн. Тухайн үед арга хэмжээ дуусаж байсан учраас хүмүүс машин машиндаа сууцгааж ганц нэг юм буюу архи энд тэндгүй ууцгааж байсан. Миний хувьд тухайн үед бага зэргийн архи уусан бөгөөд согттолоо архи уусан зүйл байхгүй. Тухайн шөнийн 01 цаг 30 минутын үед манай сумын байгалийн улсын байцаагч С.Ганбулган нь яг хэнтэй маргалдаж муудсан гэдгийг нь бол тухайн үедээ мэдээгүй сүүлд нь хүмүүсээс сонсоод байхад манай том хүү О.Баярхүүтэй маргалдаж муудаж байсан юм байна лээ. Тэгэхээр би С.Ганбулган дээр очоод “ миний дүү битгий хүнтэй маргалдаж муудаад бай” гэж хэлээд байж байтал С.Ганбулганы төрсөн ах буюу тус сумын 5-р багийн засаг дарга С.Гандөлгөөн ирээд С.Ганбулганыг машинд нь суулгасан. Би С.Ганбулганы машины ертөнцийн зүгээр баруун талд ойролцоогоор 10 орчим метр зайд очоод зогсож байхад С.Ганбулган нь машинаа асаасан. Тухайн үед С.Ганбулганы машин нь тус багийн төвийн баруун талд зүүн тийш хараад зогсож байгаад гэнэт хаазлаад бүтэн эргээд намайг мөргөж миний хоёр хөлийг хугалсан. Би С.Ганбулганд машинаар нь мөргүүлсний улмаас тухайн үед хэсэг хугацаанд ухаан алдсан бөгөөд сэрээд босох гэхэд баруун талын хөл дунд чөмгөөрөө эргэсэн байсан. Тухайн үед манай том хүү О.Баярхүү нь С.Ганбулганыг “ чи манай ээжийг дайраад алчихлаа” гээд гараараа цохиж зодоход нь түүний ах С.Гандөлгөөн нь голоор нь ороход бас С.Гандөлгөөнийг цохиж зодчихсон байсан. Тэгэхээр би хүү О.Баярхүүд “ ээж нь амьд байна наад хоёроо битгий зодоорой”  гэж хэлээд болиулсан. Тухайн үед С.Ганбулган нь өөрийгөө удирдан жолоодох чадваргүй болтлоо согтуу байсан учраас машинтайгаа намайг мөргөсөн.  Удалгүй эмнэлгийн машин ирээд намайг тус аймгийн нэгдсэн эмнэлэг рүү аваад явсан...гэх мэдүүлэг /хэргийн 28-30-р хуудас/,

...С.Ганбулган нь нийт надад одоогийн байдлаар 3,800,000 төгрөгийг миний данс руу эмчилгээний зардалд өгөөд байна. Миний хувьд С.Ганбулганд гомдолтой байна. Цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжилж байна.Эмчилгээ хийлгэсэн баримтууд байгаа боловч хайгаад олохгүй байна...гэх дахин мэдүүлэг /хэргийн 32-р хуудас/,

 

- Гэрч Ж.Цэнднасангийн: Шөнийн 01 цаг өнгөрч байхад хадам дүү О.Баярхүү нь С.Ганбулгантай гэнэт л маргалдаж муудсан бөгөөд хамт байсан хүмүүс нь тухайн хүмүүсийг хооронд нь маргалдаж муудуулахгүй гээд би О.Баярхүүг цааш болгоход С.Ганбулганы ах С.Гандөлгөөн нь С.Ганбулганыг машинд нь суулгаад яв гэж хэлж байсан. Тэгэхэд С.Ганбулган нь бригадын төвийн ертөнцийн зүгээр баруун талд хойд зүг рүү харж зогссон байсан. Цагаан өнгийн Патрол маркийн 31-88 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийн суудалд суугаад тус машинаа асаагаад бүтэн тойрч хүчтэй хаазалж эргээд хадам ээж О.Алимааг мөргөж газар унагаасан. Тэгэхэд хэн нь гэдгийг нь мэдэхгүй байна, нэг нь хүн дайрчихлаа гээд орилоход С.Ганбулган нь машинаа зогсоосон. Хадам дүү О.Баярхүү чи ээжийг дайраад хаячихлаа гээд С.Ганбулганыг машинаас нь буулгаж байгаад гараараа нүүр рүү 2 удаа цохихоор нь хүмүүс О.Баярхүүг салгаад хадам эгч О.Алимаа дээр очиход баруун талын хөл нь бүтэн эргээд харчихсан байсан. Тэгээд О.Алимаа эгчийн охин О.Баярчимэг нь уг асуудлын талаар эмнэлэг, цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. С.Ганбулган, О.Баярхүү хоёр анх маргалдаж муудахдаа нээх сүртэй зүйлээс болоогүй. С.Ганбулган нь тухайн үед илүү согтуу байсан учраас О.Баярхүү рүү агсарснаас болоод хоорондоо маргалдаж муудсан. Тухайн үед хадам эгч О.Алимаа нөхөртэйгөө, хадам дүү О.Баярхүү эхнэртэйгээ, дүү О.Баярчимэг нарын хүмүүс байсан, харин эхнэр О.Алимаа эгчийг машинд дайруулснаас хойш ирсэн. Миний бодлоор С.Ганбулган нь О.Баярхүүтэй муудсан уурандаа О.Баярхүүг айлгах гэж байгаад санамсар болгоомжгүй байдлаасаа болоод эгч О.Алимааг мөргөсөн байх...гэх мэдүүлэг /хэргийн 48-50-р хуудас/,

 

- Гэрч Г.Туяацэцэгийн: Шөнийн 01 цагийн үед манай нөхөр О.Баярхүү нь С.Ганбулгантай ямар шалтгааны улмаас гэдгийг нь мэдэхгүй хоорондоо хэрэлдэж маргалдахад тэр хоёрыг хооронд нь зодолдуулаагүй. Тэгэхэд С.Ганбулганы ах С.Гандөлгөөн нь дүүгээ яв гээд тухайн газраас хөөхөд С.Ганбулган нь Патрол маркийн 31-88 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслийг тус газраас өөрөө жолоодож хүчтэй хаазалж эргээд явахдаа хадам ээж О.Алимааг машиныхаа урд талаараа хүчтэй мөргөхөд ээж хойшоо шидэгдсэнийг харсан учраас би “хөөш хүн мөргөчихлөө” гээд орилоход тухайн машины жолооч нь машинаа зогсоосон. Тэгээд би ээж дээр очоод харахад ээжийн баруун талын хөл нь эргээд харчихсан, дээшээ хараад хэвтэж байсан. Нөхрийн төрсөн дүү О.Баярчимэг нь уг асуудлын талаар цагдаагийн байгууллага, эмнэлгийн байгууллагад дуудлага өгсөн. Ээж О.Алимааг тухайн тээврийн хэрэгсэлд мөргүүлсний дараа жолооч талын хаалгыг нь нөхөр нээж жолоочийг нь буулгахад С.Ганбулган бууж ирсэн. Тэгэхээр тухайн тээврийн хэрэгслийг С.Ганбулган нь жолоодож ээжийг мөргөсөн. Тус тээврийн хэрэгсэлд С.Ганбулганаас өөр хүн байгаагүй. Эмч ирээд үзээд ээжийг авч явахдаа 2 хөл нь хугарсан байна гээд аваад явсан. Тухайн тээврийн хэрэгсэлд мөргүүлэхээс өмнө нь биедээ ямар ч ил харагдах гэмтэл шархгүй байсан...гэх мэдүүлэг /хэргийн 52-54-р хуудас/,

 

- Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, Цагдаагийн ахлах дэслэгч М.Азбаярын 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр гаргасан “...Ниссан патрол маркийн 31-88 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Санжаагийн Ганбулган нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд. осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 3.7 а/ Жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана. 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. Патрол маркийн 31-88 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Санжаагийн Ганбулган /ЛЗ88041777/ нь согтууруулах ундаа, хэрэглэсэн үедээ буюу хөдөлгөөн эхлэхийн өмнө орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх зогсохдоо аюул, осол үүсгэхгүй тээврийн хэрэгслийг жолоодож хөдөлгөөнд аюул саад тулгарсан үед хөдөлгөөний хурдыг хасаж зогсоох арга хэмжээ аваагүйн улмаас уг зам тээврийн осол гаргасан байх үндэслэлтэй байна...” гэх мөрдөгчийн магадалгаа /хэргийн 89-94-р хуудас/,

 

- Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 329 дугаартай “... О.Алимаагийн биед баруун хөлийн дунд чөмгөний зөрөөтэй ташуу хугарал, зүүн шаант ясны хавчаар хэсгийн далд хугарал, 2 хөлийн шилбэнд цус хуралт бүхий гэмтэл учирчээ. 2. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх нь эдгэрэлт, эмчилгээний байдлаас хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /хэргийн 69-70-р хуудас/,

 

- 2023 оны 08 дугаар сарын 19-ний өдөр зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 5-15-р хуудас/,

 

- Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй эсэх лавлагаа /хэргийн 17-р хуудас/,

 

- Сүхбаатар аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардлын баримт /хэргийн 19-20-р хуудас/,

 

-Тээврийн хэрэгслийн лавлагаа /хэргийн 24-р хуудас/,

 

- Хүний биеэс шинжилгээнд зориулж биологийн дээж авах тухай мөрдөгчийн тогтоол /хэргийн 58-р хуудас/,

 

- Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 48 дугаартай “... 1. Шинжилгээнд ирүүлсэн “С.Ганбулган цус” шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд ирүүлсэн “С.Ганбулган цус” гэсэн хаягтай цуснаас 0,8 промилли спиртийн агууламж илэрсэн ба согтолтын хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /хэргийн 62-63-р хуудас/,

 

- С.Ганбулганы иргэний үнэмлэхийн хуулбар, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хэргийн 136-137дугаар хуудас/

 

- С.Ганбулганы Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 143 дугаар хуудас/

 

- Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019.01.09-ний өдрийн 12 дугаартай /хэргийн 145-149 дүгээр хуудас/

 

- С.Ганбулганаас хохирогч О.Алимаад 2.000.000 төгрөг, 1.000.000 төгрөг шилжүүлсэн баримт /хэргийн 152-154/

 

- Хохирогч О.Алимаагийн Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хэргийн 163 дугаар хуудас/

 

- Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /хэргийн 175 дугаар хуудас/

 

- С.Ганбулганаас хохирогч О.Алимаад 800.000, 1500.000 төгрөг шилжүүлсэн баримтын хуулбар,

 

- С.Ганбулганаас Эрүүл мэндийн даатгалын санд 860.000 төгрөг төлсөн баримт зэрэг баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хэргийн үйл баримт, бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэх хангалттай хийгээд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

Гэм буруугийн талаар:

 

1. Шүүгдэгч С.Ганбулган нь 2023 оны 08 дугаар сарын 19-ний шөнийн 02 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн “Шинэ булаг” гэх газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 31-88 СҮА улсын дугаартай Ниссан патрол загварын тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд. осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 3.7 а/ Жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана. 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас хохирогч О.Алимааг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:

шүүгдэгч С.Ганбулганы мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн “....” гэх,

хохирогч О.Алимаагийн “...2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн Залуучуудын өдөрлөг зохион байгуулагдаж би нөхөр Х.Осгонбаатар, охин О.Баярчимэг нарын хамт оролцсон. Манай том хүү О.Баярхүү нь уг арга хэмжээ дуусах үед 23 цагийн үед эхнэрийнхээ хамт ирсэн. Тухайн үед арга хэмжээ дуусаж байсан учраас хүмүүс машин машиндаа сууцгааж ганц нэг юм буюу архи энд тэндгүй ууцгааж байсан. Шөнийн 01 цаг 30 минутын үед манай сумын байгалийн улсын байцаагч С.Ганбулган нь яг хэнтэй маргалдаж муудсан гэдгийг нь бол тухайн үедээ мэдээгүй сүүлд нь хүмүүсээс сонсоод байхад манай том хүү О.Баярхүүтэй маргалдаж муудаж байсан юм байна лээ. Би С.Ганбулган дээр очоод “миний дүү битгий хүнтэй маргалдаж муудаад бай”  гэж хэлээд байж байтал С.Ганбулганы төрсөн ах 5-р багийн засаг дарга С.Гандөлгөөн ирээд С.Ганбулганыг машинд нь суулгасан. Би С.Ганбулганы машины ертөнцийн зүгээр баруун талд ойролцоогоор 10 орчим метр зайд очоод зогсож байхад С.Ганбулган нь машинаа асаасан. Тухайн үед С.Ганбулганы машин нь тус багийн төвийн баруун талд зүүн тийш хараад зогсож байгаад гэнэт хаазлаад бүтэн эргээд намайг мөргөж миний хоёр хөлийг хугалсан. Би С.Ганбулганд машинаар нь мөргүүлсний улмаас тухайн үед хэсэг хугацаанд ухаан алдсан бөгөөд сэрээд босох гэхэд баруун талын хөл дунд чөмгөөрөө эргэсэн байсан. Тухайн үед С.Ганбулган нь өөрийгөө удирдан жолоодох чадваргүй болтлоо согтуу байсан учраас машинтайгаа намайг мөргөсөн ” гэх,

гэрч Ж.Цэнднасангийн С.Ганбулган нь бригадын төвийн ертөнцийн зүгээр баруун талд хойд зүг рүү харж зогссон байсан. Цагаан өнгийн Патрол маркийн 31-88 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийн суудалд суугаад машинаа асаагаад бүтэн тойрч хүчтэй хаазалж эргээд хадам ээж О.Алимааг мөргөж газар унагаасан.Тэгэхэд хэн нь гэдгийг нь мэдэхгүй байна, нэг нь хүн дайрчихлаа гээд орилоход С.Ганбулган нь машинаа зогсоосон. Хадам дүү О.Баярхүү чи ээжийг дайраад хаячихлаа гээд С.Ганбулганыг машинаас нь буулгаж байгаад гараараа нүүр рүү 2 удаа цохихоор нь хүмүүс О.Баярхүүг салгаад хадам эгч О.Алимаа дээр очиход баруун талын хөл нь бүтэн эргээд харчихсан байсан” гэх,

гэрч Г.Туяацэцэгийн “...Шөнийн 01 цагийн үед нөхөр О.Баярхүү нь С.Ганбулгантай яг ямар шалтгааны улмаас гэдгийг нь мэдэхгүй байна, хоорондоо хэрэлдэж маргалдахад тэр хооронд нь зодолдуулаагүй. С.Ганбулганы ах С.Гандөлгөөн нь дүүгээ яв гээд тухайн газраас хөөхөд С.Ганбулган нь Патрол маркийн 31-88 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслийг өөрөө жолоодож хүчтэй хаазалж эргээд явахдаа хадам ээж О.Алимааг машиныхаа урд хүчтэй мөргөхөд ээж тус хойшоо шидэгдсэн, би “хөөш хүн мөргөчихлөө” гээд орилоход тухайн машины жолооч нь машинаа зогсоосон. Би ээж дээр очоод харахад ээжийн баруун талын хөл нь эргээд харчихсан, дээшээ хараад хэвтэж байсан. Манай нөхөр жолооч талын хаалгыг нээж жолоочийг нь буулгахад С.Ганбулган бууж ирсэн. Тэгэхээр тухайн тээврийн хэрэгслийг С.Ганбулган нь жолоодож ээжийг мөргөсөн.  Эмч ирээд үзээд ээжийг авч явахдаа 2 хөл нь хугарсан байна гээд аваад явсан ” гэх мэдүүлгүүд,

Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, Цагдаагийн ахлах дэслэгч М.Азбаярын 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр гаргасан “...Ниссан патрол маркийн 31-88 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Санжаагийн Ганбулган нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн; 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд. осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 3.7 а/ Жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана. 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. Патрол маркийн 31-88 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Санжаагийн Ганбулган /ЛЗ88041777/ нь согтууруулах ундаа, хэрэглэсэн үедээ буюу хөдөлгөөн эхлэхийн өмнө орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх зогсохдоо аюул, осол үүсгэхгүй тээврийн хэрэгслийг жолоодож хөдөлгөөнд аюул саад тулгарсан үед хөдөлгөөний хурдыг хасаж зогсоох арга хэмжээ аваагүйн улмаас уг зам тээврийн осол гаргасан байх үндэслэлтэй байна...” гэх мөрдөгчийн магадалгаа,

Шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 329 дугаартай “... О.Алимаагийн биед баруун хөлийн дунд чөмгөний зөрөөтэй ташуу хугарал, зүүн шаант ясны хавчаар хэсгийн далд хугарал, 2 хөлийн шилбэнд цус хуралт бүхий гэмтэл учирчээ. 2. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх нь эдгэрэлт, эмчилгээний байдлаас хамаарна...” гэх дүгнэлт, 2023 оны 08 дугаар сарын 19-ний өдөр зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр нотлогдож, тогтоогдож байна.

 

3. Энэ хэрэгт мөрдөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2.2. “хүний эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоох ” заавал шинжилгээ хийлгэх зохицуулалтын дагуу тогтоол гарган хохирогч О.Алимаагийн биед учирсан гэмтлийг тогтоолгохоор шинжээч томилж дүгнэлт гаргуулсан нь хууль зүйн үндэслэлтэй хийгээд шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 829 дугаартай “...О.Алимаагийн биед баруун хөлийн дунд чөмгөний зөрөөтэй ташуу хугарал, зүүн шаант ясны хавчаар хэсгийн далд хугарал, 2 хөлийн шилбэнд цус хуралт бүхий гэмтэл учирчээ. 2. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх нь эдгэрэлт, эмчилгээний байдлаас хамаарна. ” гэх дүгнэлтийн талаар оролцогчдоос гомдол гараагүй байна.

 

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2 дугаар зүйлийн 2.3. Гэмтлийн “хүндэвтэр” зэрэгт амь насанд аюултай шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд: 2.3.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан; 2.3.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр /15-30 хувь/ тогтонги алдагдсан” гэж заасанд гэмтлийн зэрэгт хамаарах бөгөөд хохирогч О.Алимаагийн биед учирсан “биед баруун хөлийн дунд чөмгөний зөрөөтэй ташуу хугарал, зүүн шаант ясны хавчаар хэсгийн далд хугарал, 2 хөлийн шилбэнд цус хуралт бүхий гэмтэл...” нь дээрх журмын 2.3.1. “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан” шинжид хамаарч байгааг дурдъя.  

 

4. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1. “ Мөрдөгч энэ хуулийн 27.1 дүгээр зүйлд заасан шинжилгээг шинжээч томилж хийлгэх шаардлагагүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтоох боломжтой, эсхүл өөрийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд тогтоох боломжтой гэж үзвэл магадалгаа гаргаж болно” гэж заасны дагуу мөрдөгч М.Азбаяраас  шүүгдэгч С.Ганбулганы холбогдсон зам тээврийн осол нь Замын хөдөлгөөний дүрмийн ямар заалтыг зөрчсөн талаар магадалгаа гаргасан нь хууль зөрчөөгүй, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтад үндэслэгдсэн, тухайн хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байх ба магадалгаатай холбогдуулан оролцогчдоос гомдол гаргаагүй байна. 

 

 Хэрэгт авагдсан шинжээчийн 48 дугаартай “ 1. Шинжилгээнд ирүүлсэн “С.Ганбулган цус” шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд ирүүлсэн “С.Ганбулган цус” гэсэн хаягтай цуснаас 0,8 промилли спиртийн агууламж илэрсэн ба согтолтын хөнгөн зэрэгт хамаарна ” гэх дүгнэлт болон С.Ганбулганы мэдүүлгийг үндэслэвэл шүүгдэгч С.Ганбулган нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээр хориглосон “ жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох,  хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангах , хөдөлгөөнд аюул саад тулгарсан үед хөдөлгөөний хурдыг хасаж зогсоох арга хэмжээ авах зэрэг заалтыг зөрчсөний улмаас хохирогч О.Алимааг мөргөж осол гаргажээ.

 

5. "Зам тээврийн осол" гэдэг нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг ойлгодог байна.

 

Хууль зүйн ойлголтоор Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт нь Засгийн газраас баталж гаргасан бүх нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ бөгөөд авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хор уршиг учруулсан буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулснаар төгсдөг материаллаг шинжтэй хэрэг юм.

 

Тухайн гэмт хэргийн объектив тал нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны

хэм хэмжээний актыг зөрчсөн идэвхтэй үйлдэл бөгөөд энэ хэргийн объект нь хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрх байдаг.

 

6. Прокуророос шүүгдэгч С.Ганбулганы согтууруулах ундаа хэрэглэн зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч О.Алимаагийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн, улсын яллагчаас шүүх хуралдаанд түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байна.

 

Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн үндсэн үндсэн шинж нь “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” тохиолдолд хангагдах бөгөөд тухайн гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдэх нь уг хэргийн хүндрүүлэх нөхцөл байдал буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжтэй байна.

 

Иймд шүүгдэгч С.Ганбулганы согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ машин жолоодож зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч О.Алимаагийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах тул түүнийг тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ. 

 

7. Үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг шалтгаант холбоо гэх бөгөөд шүүгдэгч С.Ганбулганы Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдлийн улмаас хохирогч О.Алимаагийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь  хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

8. Шүүгдэгч С.Ганбулганыг тухайн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй юм.

 

Учир нь түүний хувьд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож болохгүйг буюу хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэнээс зам тээврийн хэрэгслийн осол гаргаж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулжээ.

 

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч С.Ганбулганы хувьд хохирогч О.Алимааг машинаар дайрах санаа зорилго буюу хохирогч О.Алимаагийн зогсож байсан газрыг мэдэж түүний дайрахаар санаатай чиглэж машин хөдөлгөсөн нөхцөл байдал хэргийн баримтаар нотлогдоогүй хийгээд тэрээр ах С.Гандөлгөөний “яв” гэж машинд суулгаснаар машин жолоодож уг газраас хөдөлсөн бөгөөд харин согтуурсан байдал нөлөөлж хүчтэй хаазалж эргэснээс уг осол гарсан нь гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдсон байгааг дурдъя.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч С.Ганбулганыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч С.Ганбулганы үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч О.Алимаагийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд шүүгдэгч С.Ганбулган хохирогч О.Алимаагийн эмчилгээний зардалд 5.300.000 төгрөг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Г.Бат-Оргилоос “...Шүүгдэгч С.Ганбулган нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 5 сарын хугацаагаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлд зааснаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газар болох Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох буюу зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай.

Мөн хэрэгт хохирогч О.Алимаа нь Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн  А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хавсралтад заасан хүснэгтийн дагуу сэтгэцэд учирсан хор уршгийн дүгнэлт тогтоолгосон бөгөөд тухайн зүйл, заалт нь тухайн хүснэгтийн 4 дүгээр зэрэглэлд хамаарч байх бөгөөд Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 23 дахин нэмэгдүүлснээс 45,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл буюу /12,650,000-25,300,000/ төгрөг хүртэл мөнгөн дүнд хамаарч байх тул хохирлын хэмжээнд нөлөөлж болох нөхцөл байдлуудыг харгалзан үзэж тогтоож өгнө үү.

Хохирогч О.Алимаагаас хохирол нэхэмжилсэн төлбөрийн баримт гаргаж өгөөгүй ба шүүгдэгч нь 5,300,000 төгрөгийг нөхөн төлсөн. Хохирогч О.Алимаа нь гэмт хэргийн улмаас гарсан, цаашид гарах зардлыг Иргэний шүүхэд нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх.

Хэрэгт хохирогч О.Алимаа нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан бөгөөд түүний эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардалд гарсан төлбөр болох 860,000 төгрөгийг шүүгдэгч С.Ганбулган нь нөхөн төлсөн байна. Шүүгдэгчийг баривчлаагүй, цагдан хориогүй учир эдлэх ялд оруулан тооцуулах саналгүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүгдэгчээс гаргуулах зардал байхгүй. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх гэсэн дүгнэлтийг гаргаж байна..” гэх саналыг гаргажээ.

 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд орших бөгөөд гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх учиртай.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж хуульчилжээ.

 

Шүүгдэгч С.Ганбулганы холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 “ тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорихялтай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэг бөгөөд түүний үйлдсэн гэмт хэрэг нотлогдож тогтоогдсон, тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг өөрийн санаачилгаар сайн дураараа нөхөн төлсөн, анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг үндэслэвэл түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглэх хууль зүйн үндэстэй байна. 

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч С.Ганбулганы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1/нэг/ жил 6 сарын хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасны дагуу түүнд дээрх тэнссэн хугацаанд “оршин суугаа газар ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх ” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ганбулганы тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг тэнсэж, албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолохыг дурдъя.

 

Шүүгдэгч С.Ганбулганд авсан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавьж ажиллахыг оршин суух харьяаллаар Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгана.

 

Хохирлын талаар:

 

1.Шүүгдэгч С.Ганбулганы гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч О.Алимаагийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд тэрээр хохирогчийн эмчилгээний зардал 5.300.000 төгрөгийг нөхөн  төлсөн нь хохирогч О.Алимаа, шүүгдэгч С.Ганбулган нарын мэдүүлэг, С.Ганбулганаас 2.000.000, 1500.000, 1.000.000, 800.000 төгрөг шилжүүлсэн баримт зэргээр нотлогдоно.

 

Мөн хохирогч О.Алимаа нь дээрх гэмтлийн улмаас тус аймгийн Нэгдсэн эмнэлгээс анхны тусламж үйлчилгээ авч эмчилгээний зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас 860.000 төгрөгийг зарцуулсан болох нь Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 26/244 дугаартай албан бичиг, хавсралт зэргээр нотлогдох хийгээд шүүгдэгч С.Ганбулган уг төлбөрийг нөхөн төлсөн болох нь Төрийн банкны төлбөрийн баримтаар тогтоогдож байна.

 

            Тус хэрэгт хохирогч О.Алимаа нь 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлтдээ “ багийн өдөрлөг дээр Ганбулган гэх хүний машинд дайруулж биедээ 2 хөлийн хугарал бүхий гэмтэл авч Улаанбаатар хотын Гэмтэл судлалын төвд очиж хагалгаанд орж дунд чөмгөө хадуулсан. Одоогийн байдлаар би гэртээ хэвтэрт ороод байна. Би Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт нөхрийн хамт мал маллаж амьдардаг бөгөөд одоо хүйтэн сэрүүн орж байхад нөхөр маань мал дээрээ ганцаараа байгаад ар гэр, мал ахуйдаа маш их санаа зовж байна. Залуу хүний хувьд зүгээр байж байгаад Ганбулган гэх хүний хариуцлага, санаатай үйлдлийн улмаас хөдөлмөрийн чадвараа алдаж бусдын асрамжинд орж хэзээ хөл дээрээ босохоо мэдэхгүй хэвтрийн байдалтай байгаадаа маш их сэтгэл санаагаар унаж сэтгэлзүй тогтворгүй хүнд байна. Ганбулган гэх хүнд маш их гомдолтой байна. Иймд Ганбулганаас сэтгэл санааны хохирлоо тогтоолгож гаргуулах, мөн хөл дээрээ босох хүртэл цаашид гарах эмчилгээний бүх зардлаа нэхэмжилж байна” /хх 163/ гэжээ.

 

Монгол улсын Дээд шүүхийн Нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хавсралтад авагдсан  “ Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-д зааснаар шүүгдэгч О.Алимаагийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг “дөрөвдүгээр зэрэглэл” гэж тогтоосныг хэргийн оролцогчид хүлээн зөвшөөрч, маргаагүй байна. 

 

Уг аргачлалын “дөрөвдүгээр зэрэглэл”-д “Хохирогчийн биед учирсан хүнд гэмтэл буюу амь насанд аюултай, амь тэнссэн байдал бүхий гэмтлийн улмаас хохирогчид сэтгэцийн эмгэг” хор уршиг учирсан бол Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 23 дахин нэмэгдүүлснээс 45.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл нөхөн төлбөр олгохоор тогтоожээ.

 

Иймд Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ.”, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана.” гэж заасныг баримтлан шүүгдэгч С.Ганбулганаас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 13.750.000 төгрөгийг гаргуулж хохирогч О.Алимаагийн сэтгэцэд учирсан хор уршгийн хохиролд олгохоор шийдвэрлэлээ.

 

Тухайн гэмт хэргийн улмаас хохирогч О.Алимаагийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд түүний хувьд бүрэн эдгэрээгүй, цаашид эмчлүүлэх шаардлагатай, гэм хорын хохирол бүрэн, дүүрэн арилаагүй байгаа бөгөөд  тухайн гэмтлийн улмаас цаашид гарах эмчилгээний болон бусад зардал, хохирол, гэм хорын асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болно.

 

Бусад:

 

Шүүгдэгч С.Ганбулган нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт  битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хөрөнгөгүй, иргэний хувийн бичиг баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй болохыг  тус тус дурдъя.

 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Сэнгэ овогт Санжаагийн Ганбулганыг согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчин хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дугаар зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дугаар зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч С.Ганбулганы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1/нэг/  жил 6 сарын хугацаагаар тэнссүгэй.

 

3. Шүүгдэгч С.Ганбулганд дээрх тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх ” албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ганбулган нь дээрх тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах зохицуулалттайг анхааруулсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ганбулганы тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг тэнсэж, албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

 

6. Шүүхийн шатанд шүүгдэгч С.Ганбулганд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,  511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ганбулганаас сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 13.750.000 /арван гурван сая долоон зуун тавин мянган/ төгрөгийг гаргуулж хохирогч О.Алимаад олгосугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5  дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч О.Алимаа нь тухайн гэмтлийн улмаас өөрт учирсан эд хөрөнгийн хохирол буюу эмчилгээний болон бусад зардлыг цаашид нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай.

 

9.Шүүгдэгч С.Ганбулган нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний хувийн бичиг баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүгдэгч С.Ганбулган нь хохирогч О.Алимаад 5.300.000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 860.000 төгрөгийг нөхөн төлсөн болохыг  тус тус дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         С.НАСАНБУЯН