| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2020/00723/И |
| Дугаар | 131/ШШ2020/00946 |
| Огноо | 2020-08-06 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 131/ШШ2020/00946
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүгч Д.Отгончулуун, Г.Энх-Амгалан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4 дүгээр баг
Батдоржид холбогдох “Албан тушаалтны хууль бус шийдвэр үйл ажиллагаанаас төрд учруулсан хохирол 3.585.465 төгрөг гаргуулах”ыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцлээ.
Шүүх хуралдаанд: Иргэдийн төлөөлөгч *******, нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар ******* нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: ******* газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Баянхонгор аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын ******* төрийн сангийн мэргэжилтэн ажилтай *******ийг Баянхонгор аймгийн ******* сумын засаг даргын Тамгын ******* даргаар ажиллаж байсан Н.Б нь 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/01 дугаартай тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлж шийдвэрлэжээ. Уг шийдвэрийг *******ээс эс зөвшөөрч гаргасан гомдлыг 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд ******* дугаартай шийдвэрээр *******ийн ажилгүй байсан хугацааны цалин нийгмийн даатгалын шимтгэл зэргийг төлөхөөр шийдвэрлэсэн байдаг.
Шүүхийн дээрх шийдвэрт заасныг үндэслэн Баянхонгор аймгийн ******* сумын засаг даргын Тамгын ******* даргаар ажиллаж байсан Н.Б ийн 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн А/08 дугаартай тушаалаар ажилгүй байсан хугацааны цалинд 3.585.465 /гурван сая таван зуун наян таван мянга дөрвөн зуун жаран таван/ төгрөгийг ******* сумын засаг даргын Тамгын ******* цалингийн зардлаас гаргасан байна. Дээрх үйлдэл нь Монгол улсын Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5- дахь хэсэгт зааснаар Батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах гэсэн заалтыг зөрчсөн байх тул Монгол улсын Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Монгол улсын Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ гэж заасан тул төсвөөс гарсан мөнгийг буруутай албан тушаалтнаас гаргуулах нь зүйтэй байх тул ******* тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 31 дүгээр зүйлүүдэд заасны дагуу иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор прокурорын нэхэмжлэл гаргаж байна.
Иймд Н.Б оос 3.585.465 /гурван сая таван зуун наян таван мянга дөрвөн зуун жаран таван/ төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж өгнө үү.
******* нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.4-т тус тус заасан үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр байх тул улсын тэмдэггийн хураамжаас чөлөөлж өгнө үү ...гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлээ дэмжиж байна. Хариуцагч Н.Б нь ******* сумын төрийн сангийн мэргэжилтэн *******ийг ажлаас хууль бусаар халснаас, түүний ажилгүй байсан хугацааны цалинд 3.585.465 төгрөгийг ******* сумын ЗДТГ-ын цалингийн сангаас гаргасан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү..гэв.
Хариуцагч Н.Б шүүхэд гаргасан тайлбартаа:
Н.Б миний бие ******* сумын Засаг дарга С.Оюунболдын Н.Б ийг ажлаас чөлөөлөх тухай 2017 оны 10 сарын 18 ны өдрийн Б/10 дугаар захирамжаар ******* сумын ЗДТГ-ын даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн болно. ******* сумын ЗДТГ-ын даргын албан тушаалаас чөлөөлөгдсөнөөс хойш Баянхонгор аймгийн ******* ******* хяналтын прокурор гийн нэхэмжлэлтэй танилцах хүртэл хугацаанд Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 ны өдрийн 10 сарын 04 ний өдрийн ******* дугаартай шүүхийн шийдвэр, Баянхонгор аймгийн Төрийн Аудитын ******* 2019 оны 03 сарын 05 ны өдрийн зөрчил арилгуулах тухай албан даалгавар, Баянхонгор аймгийн Санхүүгийн хяналт, Аудитын албаны улсын байцаагчийн 2019 оны 06 сарын 17 ны өдрийн 19-02/53 дугаартай акт, *******т цалин бусад нэмэгдэл олгосон ******* сумын ЗДТГ-ын даргын 2018 оны 08 сарын 10 ны өдрийн А/08 дугаар тушаалуудтай танилцаж байгаагүй бөгөөд Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 сарын 04 ний өдрийн ******* дугаартай шүүхийн шийдвэрийн дагуу *******т цалин болон бусад нэмэгдэл болох 3585465 төгрөгийг ******* сумын ЗДТГ аас олгосон эсэх талаар мэдээгүй байсан. Хэрэв тухайн үед Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 ны өдрийн 10 сарын 04 ний өдрийн ******* дугаартай шүүхийн шийдвэрийг надад гардуулсан бол шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүйгээр давж заалдах журмаар гомдол гаргах байсан. Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Төрийн албан тухай хууль / 2002 оны 06 сарын 28 ны өдөр батлагдаж 2019 оны 01 сарын 01 ний өдрийг хүртэл мөрдөгдсөн/ ийн 4 дүгээр зүйлийн 4.2.7 д хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцах” гэж заасны дагуу ******* сумын ЗДТГ аас гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна..гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Баянхонгор аймгийн ******* газар нь Н.Б ид холбогдуулан албан тушаалтны шийдвэр үйл ажиллагаанаас төрд учруулсан хохирол 3.585.465 төгрөг гаргуулахыг хүсэн шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна. Баянхонгор аймгийн ******* сумын засаг даргын Тамгын ******* даргаар ажиллаж байсан Н.Б нь 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/01 дугаар тушаалаар тус ******* төрийн сангийн мэргэжилтэн *******ийг үүрэгт ажлаас нь чөлөөлснөөр, *******ийн нэхэмжлэлээр Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх маргааныг хянан хэлэлцээд ******* дугаартай шийдвэрээр *******ийг өмнө эрхэлж байсан ажилд нь буцаан томилж, ажилгүй байсан хугацааны цалин нийгмийн даатгалын шимтгэл зэргийг ******* сумын ЗДТГ-аас нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. Түүнчлэн Баянхонгор аймаг дахь Төрийн аудитын ******* 2019 оны 03 сарын 05-ны өдрийн 7 дугаар “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлагаар *******т ажилгүй байсан хугацааны цалинд төсвөөс олгосон 3983800 төгрөгийг Захиргааны Ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.2-т зааснаар буруутай албан тушаалтнаар төлүүлэх арга хэмжээ авахыг Баянхонгор аймгийн Санхүүгийн хяналт аудитын албанд даалгасан бол Баянхонгор аймгийн Санхүүгийн хяналт, Аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2019 оны 06 сарын 17-ны өдрийн 19-02/53 дугаар актаар зөрчлийн 3.585.465 төгрөгийг ******* сумын ЗДТГ-ын даргаар ажиллаж байсан Н.Б оор нөхөн төлүүлэхээр түүнд даалгаж тус тус шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч ******* байгууллага нь ******* тухай хуулийн 41.1, 41.2-д зааснаар Н.Б оос хохирол шаардан, нэхэмжлэл гаргасан байна.
******* тухай хуулийн 41 дүгээр зүйлд Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана..гэжээ.
Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно..гэж нарийвчлан зохицуулсан байна. Улмаар Баянхонгор аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын 2020 оны 05 сарын 29-ний өдрийн 79, 2020 оны 05 сарын 29-ний өдрийн 87 дугаар албан бичгүүдээр ******* сумын ЗДТГ-ын дарга асан Н.Б оос төсвөөс гаргасан мөнгийг нөхөн төлүүлэхээр тус албыг төлөөлөн, шүүхэд нэхэмжлэл гарган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож өгөхийг Баянхонгор аймгийн ******* газраас хүсэн уламжилсан байна.
Ингэснээр Баянхонгор аймгийн ******* газар нь Н.Б оос төрд учруулсан хохирол 3.585.465 төгрөг гаргуулахаар төрийн байгууллагыг төлөөлөн, нэхэмжлэл гаргасан нь дээрх хуулийн заалтууд бүрэн хангагдсан, нэхэмжлэгч нь төрд учруулсан хохирол, гэм хорыг буруутай этгээдээс шаардах эрхтэй гэж үзнэ. Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад зохигчдын хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад үндэслэж дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 сарын 04-ний өдрийн ******* дугаар шийдвэрээр Баянхонгор аймгийн ******* сумын засаг даргын Тамгын ******* төрийн сангийн мэргэжилтэн ажилтай *******ийг Баянхонгор аймгийн ******* сумын засаг даргын Тамгын ******* даргаар ажиллаж байсан Н.Б нь 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/01 дугаартай тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй болохыг тогтоож, *******ийг өмнө эрхэлж байсан ажилд нь буцаан томилж, ажилгүй байсан хугацааны цалин нийгмийн даатгалын шимтгэл зэргийг ******* сумын ЗДТГ-аас нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн.байна.
Шүүхийн шийдвэрийн дагуу Баянхонгор аймгийн ******* сумын засаг даргын Тамгын ******* даргын 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн А/08 дугаартай тушаалаар *******ийн ажилгүй байсан хугацааны цалинд 3.585.465 төгрөгийг ******* сумын засаг даргын Тамгын ******* цалингийн зардлаас гаргасан болох нь ******* сумын ЗДТГ-ын даргын А/08 дугаар тушаал, ******* сумын ЗДТГ-ын 2018 оны 08 сарын 10 ны өдрийн №4 дугаартай төлбөрийн хүсэлт зэргээр тогтоогдсон байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй...498 дугаар зүйлийн 498.2-д .Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана..498.5-д.Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй..гэж тус тус заасан бол мөн хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно..229 дүгээр зүйлийн 229.1-д .Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй..гэж тус тус нэхэмжлэгчийн шаардах эрх, хариуцагчийн үүрэг хариуцлагыг тус тус хуульчилжээ.
Түүнчлэн Захиргааны Ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д.Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ..103.2-д.Энэ хуулийн 103.1-д заасан гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх үүргийг тухайн захиргааны байгууллагын дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж хариуцна.., 103.3-д.Энэ хуулийн 103.2-т заасан дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж байхгүй бол гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх үүргийг төрийн аудитын байгууллага хариуцна... гэжээ.
Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Н.Б оос албан үүргээ зөрчиж хууль бус шийдвэр гаргасны улмаас төрд учруулсан гэм хорын хохирол 3.585.465 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д төсвийн байгууллагын гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагчаас энэ нэхэмжлэлд төлөгдвөл зохих улсын тэмдэгтийн хураамж 72317 төгрөгийг гаргуулж улсын төвлөрсөн төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498.5-д заасныг тус тус баримтлан хариуцагч Н.Б оос албан үүргээ зөрчиж хууль бус шийдвэр гаргасны улмаас төрд учруулсан гэм хорын хохирол 3.585.465 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Н.Б оос улсын тэмдэгтийн хураамж 72317 төгрөг гаргуулж, улсын төвлөрсөн төсвийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ