| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2023/0229/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/236 |
| Огноо | 2023-12-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Бат-Оргил |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 2023/ШЦТ/236
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ганжууржав,
Улсын яллагчаар хяналтын прокурор Г.Бат-Оргил,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Бат-Оргилоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******эд холбогдох 2330000000258 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, ********* оны *******дугаар сарын *******ны өдөр Сүхбаатар аймгийн ******* суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн ******* сумын ******** дүгээр баг Б************ 503 тоотод оршин суух,
урьд Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан,
******* регистрийн дугаартай, ******* ургийн овогт ******* *******.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Яллагдагч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.Шүүгдэгч ******* 2023 оны 10 дугаар сарын 23-ны оройн 19 цагийн орчимд Сүхбаатар аймгийн ******* сумын 1 дүгээр багийн ******* хорооллын 503 тоотод иргэн *******ын гэрт түүнтэй хамт согтууруулах ундааны зүйл уух үедээ хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, маргалдан, улмаар түүний мөр хэсэгт нэг удаа хутгаар зүсэж эрүүл мэндэд нь “зүүн мөрөнд шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд дээрх үйлдлийг зөвшөөрч мэдүүлсэн “ 2023 оны 10 сарын 23-ны орой би гэртээ найз Амгаланбаярын хамт 1 шил 0.5 литрийн Соёрхол архийг хувааж уучихаад дахиж нэг шил архи уух гээд задлаад дээрээс нь 2-3 хундага татчихаад байж байсан чинь нэг л үгээр идээд санаа гаргаад байсан. Намайг чи манай аавтай муудаж байсан гээд байсан, би урьд нь нэг тэмээгээ адилхан байна гээд маргаж байсан. Амгаланбаяр надаас “танай авгай хаанахынх юм би Сүхбаатар аймагт унтаж үзээгүй хүүхэн байхгүй” гээд байхаар нь би уурлаад гэрээсээ хөөж гаргасан. Тэгтэл эргэж орж ирээд намайг 2-3 удаа цохиод ширээн дээр байсан хутгаар миний зүүн бугалга хэсэгт хутгаар нэг удаа зүсэхээр нь би хутгыг нь булааж аваад зүүн мөр рүү нь хатгасан. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Улсын яллагчийн сонсгосон ял, хэргийн зүйлчлэлийг ойлгож байгаа....гэх,
хохирогч *******ын “ 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ******* сумын 6 дугаар багт байх авто засварт ороход манай сумын үеийн залуу ******* машинаа янзлуулж байсан. Би уг газарт очихоосоо өмнө 2 найзтайгаа хамт 2 шил архи хувааж уучхаад явж байсан юм. *******тэй ойрд уулзаагүй гээд засвар дээр *******ийн ууж байсан лаазтай пивоноос нэгийг уусан. Тэгээд бид хоёр замаараа айлаар орж нэг шил архи задлаад дээрээс нь 2 хундага уугаад *******ийн гэр лүү ******* хороололд очсон. ******* бид хоёр буцаж гарч дэлгүүрээс архи авч ирээд тэдний гэрт ууж эхэлсэн ба Соёрхол нэртэй архинаас дээрээс нь дөнгөж татаад байж байтал яг юунаас болж маргалдсанаа сайн санахгүй байна нэг мэдсэн чинь ******* гартаа хутга барьчихсан над руу далайгаад байсан. Тэгтэл тэнд байсан дүү бид хоёрын голоор ороод *******ийг хорьж байсан. Би *******ийг "чи яагаад хутга шөвөг бариад байгаа юм бэ” гээд ойртож очтол хутгаараа миний зүүн мөр хэсэгт нэг удаа хатгасан. Миний мөрний хэсгээс цус гарсан. Тэнд байсан залуу миний шарх дээр хувцсаар боолт хийж өгсөн. Би гэрээс нь гараад гадуур явж байсан. Нэг хүүхдийн утсаар эхнэрлүүгээ утсаар яриад “намайг хутгалчихлаа ирээд ав” гэж ярьсан. Удалгүй манай эхнэр *******ийн гэрт ирээд түргэн дуудсан ба цагдаагийн алба хаагч нар бас ирсэн... гэх мэдүүлэг /хэргийн 14-15-р хуудас/,
гэрч “ 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ******* ах машиндаа засвар хийлгэхээр засвар дээр байж байхдаа архи уусан. Өдөр 14 цагийн үед ******* ахын найз Амгаланбаяр // ирээд тэр хоёр лаазтай Боргио пиво уугаад байсан. Орой 18 цагийн үед машинаа янзлуулж дуусаад ******* ах найз буюу Амгаланбаяртай хамт бид гурав гэрт нь ирсэн. Тэр хоёр хамт дэлгүүр яваад 2 шил "Соёрхол" нэртэй архи авчирсан ба нэг шил архиа задлаад дээрээс нь бага зэрэг ууж байсан. Би буйдан дээр утсаа үзээд сууж байсан чинь ах утасныхаа чанга яригч дээр нь тавиад ярьсан. Тэгтэл ******* ах “наадах чинь манай эхнэр байна” гээд уурлаад тэр хоёр муудаад эхэлсэн. ******* ах уурлаад яв гээд гэрээсээ чирээд гаргасан. Тэгээд хэсэг хугацааны дараа буцаад ороод ирээд дахиж муудалцаад тэр хоёр барьцалдаж авахаар нь би босоод очтол ******* ах баруун гартаа хутга барьчихсан зогсож байхаар нь би голоор нь ороод ******* ахыг тэвэрч арын өрөө рүү оруулах гэж байтал ******* ах миний дээгүүр гараа далайгаад ахын мөр хэсэгт нь хутгаараа хатгасан. Тэгтэл нь “чи намайг яачихав аа” гээд буйдан дээр суусан. Тэгэхээр би ******* ахын гараас нь хутгийг нь булааж аваад хойд өрөө рүү оруулсан.Хутгийг нь ширээн дээр тавьсан. ахыг хартал мөр хэсгээс нь цус гарч байхаар нь би фудволкыг нь тайлаад цус гарч байгаа хэсэг дээр нь дараад уранхай куртикээр нь мөрийг нь боосон. Тэгээд ах эхнэрээ дуудаж байх шиг байсан. Удалгүй эхнэр нь ирээд цагдаа, эмнэлэг дуудсан. Удалгүй эмнэлэг, цагдаа ирсэн...” гэх мэдүүлэг /хэргийн 17-18-р хуудас/,
Яаралтай тусламжийн хуудас /хэргийн 23-р хуудас/,
Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 454 дугаартай “... 1. *******ын биед зүүн мөрөнд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хэргийн 21-22-р хуудас/,
2023 оны 10 дугаар сарын23-ны өдрийн Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 03-07-р хуудас/, зэрэг нотлох баримтуудаар хэрэгт нотлогдон, тогтоогдож байна.
2. Энэ хэрэгт мөрдөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ ” гэх зохицуулалтын дагуу тогтоол гарган хохирогч *******ын эрүүл мэндэд учирсан хохирлыг тогтоолгохоор шинжээч томилж дүгнэлт гаргуулсан нь хуульд нийцсэн хийгээд шинжээчийн дүгнэлтийн талаар оролцогчдоос гомдол гараагүй, хүлээн зөвшөөрсөн байна.
Тодруулбал, Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд:2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан; 2.4.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10хувь/ тогтонги алдагдсан...байдал хамаарахаар тогтоосон ба хохирогч *******ын биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан шинжээрээ хөнгөн гэмтэлд хамаарч байна.
3. Яллах дүгнэлтэнд тусгагдсан, талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлээр илрэх бөгөөд хохирол, хор уршиг учирсан нь уг үйлдэлтэй холбоотой, шалтгаалсан байна.
5. Тухайн хэргийн хувьд шүүгдэгч *******ийг гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.
Учир нь тэрээр хутгаар хүний биед халдсанаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учруулж болохыг мэдсээр байж хоорондын маргааны явцдаа хохирогч *******ын биед зориуд хутгаар хатгаж хохирол учруулсан хийгээд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “ Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно ” гэж зааснаар тодорхойлогдоно.
6. Үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг шалтгаант холбоо гэх бөгөөд шүүгдэгч *******ийн хутгаар хатгасан үйлдлийн улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой юм.
7. Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн баримтаар хангалттай нотлогдсон, прокуророос зүйлчилсэн хэргийн зүйлчлэл хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, зөв байх тул шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Гэмт хэргийн хохирлын талаар:
Шүүгдэгч *******ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд хохирол, хор уршгийг нөхөн төлүүлэхтэй холбоотой гомдол, нэхэмжлэл гаргаагүй тул шүүгдэгч *******ийг энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлүүлэхээр иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд иргэний нэхэмжлэл гаргаагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу цаашид иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж шийдвэрлэх зохицуулалттай ба энэ нь хохирогч, иргэний нэхэмжлэгчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхийг хамгаалах зохицуулалтад хамаарах юм.
Иймд энэ хэргийн хохирогч ******* нь тухайн гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан шууд хохирол болон гэм хорын хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдъя.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Прокуророос *******эд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байна гэж шүүх үзэв.
Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Б.Мөнхсүхийн үйлдсэн уг хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй,өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонсгосон 600.000 төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрсөн хийгээд мөрдөн шалгах ажиллагааны явцад түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэх, гэм буруугаа хүлээн зөвшөөрөхийг албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй хийгээд мөн тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон болохыг дурдъя.
Иймд прокурорын санал болгож, шүүгдэгч *******ийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Тодруулбал, гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх учиртай бөгөөд шүүгдэгч *******ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох прокурорын санал нь тухайн хэргийн хэргийн бүрдэл, нотлогдсон байдал, зүйлчлэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон, хууль ёсны ба үндэслэлтэй байна гэж шүүх үзсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “ гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана ” гэжээ.
*******ээс торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар хүсэлт, нотлох баримт гаргаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1- т “ Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй ” гэж зааснаар төлүүлэхээр тогтоолоо.
Бусад:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор өнгийн 23.5 см урттай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн тамгын газрын Эд мөрийн баримт болон барьцааны мөнгө, үнэ бүхий зүйлийг шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, түүнд шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч *******ийг 600 / зургаан зуун / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга /төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь түүнд оногдуулсан торгох ялыг хуулиар тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шатанд шүүгдэгч *******эд таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор өнгийн 23.5 см урттай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Сүхбаатар аймаг дахь шүүхийн газрын даргын 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн А/29 тоот тушаалаар томилогдсон Эрүүгийн болон зөрчлийн хэрэгт хураан авсан, битүүмжилсэн, хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримтыг шийдвэрлэх комисст даалгасугай.
7.Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч ******* нь тухайн гэмтэлтэй холбоотойгоор эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулснаас бусад өөрт учирсан хохирол, гэм хорын асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар хэргийн талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрт энэ зүйлийн 7 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН