Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 588

 

 

 

 

 

   2020           5             12                                       2020/ДШМ/588

 

 

                                          Ш.Б-д холбогдох эрүүгийн

                                                       хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Алдар, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                               

прокурор Ш.Хосбаяр,

шүүгдэгч Ш.Б, түүний өмгөөлөгч Ж.Энхтуяа, Х.Наранзул,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 120 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ш.Б, түүний өмгөөлөгч Х.Наранзул, Ж.Энхтуяа  нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Ш.Бад холбогдох эрүүгийн 201625022052 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Оточ овгийн Ш.Б, 1981 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайт гудамжны 19 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 17-23 тоотод оршин суух, /РД: УС81101114/;

 

Баянзүрх дүүргийн шүүхийн 2002 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 40 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 30.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн;  

 

Ш.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2016 оны 8 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр 17 дугаар байрны 6 дугаар давхарт иргэн Б.Гантулгатай хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу барилгын ажил хямдхан хийж өгсөнгүй гэж маргалдан зодож, эрүүл мэндэд нь дунд тархины ар хажуу хэсэгт захын байрлалтай ойролцоогоор 1х0.3см хэмжээтэй цус хуралт, духны хөндийн өмнөд хананы шугаман хугарал, тархины зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, гэмтлийн дараах тархины эмгэгшил, гэмтлийн гаралтай хэл ярианы саатал, хэл дультрах, зүүн талын нүүрний мэдрэлийн саажилт, баруун дээд, доод баруун нүдний алимны салстад цус хуралт, дух, баруун хацар, шанаанд зулгаралт, зүүн мөрөнд зулгаралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Ш.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ш.Быг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ш.Быг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ш.Бын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, Ballantines гэх бичигтэй вискиний шилний хүзүү хэсгийн хагархай, Montbland гэсэн бичигтэй оосоргүй цаг, бор өнгийн цагаан дотортой цагны тасарсан оосор, гуя нь 2 хугарсан Porshe design гэх бичигтэй нүдний шил, нүдний шилний 2 гуя зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, 2 ширхэг хөвөн, парламент тамхины хайрцаг ирээгүйг дурдаж, Ш.Б нь төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь цаашдын эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Ш.Бад хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан тус шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 177/х дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгон цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ш.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 120 дугаартай шийтгэх тогтоолоор 2 жилийн хорих ял оногдуулсан нь миний биеийн байдал, мөн ар гэрийн бодит нөхцөл байдалд хүндэдсэн гэж үзэж байна. 2017 онд хөгжлийн бэрхшээлтэй болж группт орсон. 2017 онд баруун тархинд цус харван тархины мэс засалд орж, эмнэлгийн магадлалаар хөдөлмөрийн чадвар алдалт 50 хувиар тогтоосон. 2018 оноос баруун талын артерийн судасны бөглөрөл болж хүндэрсний улмаас 2019 онд артерийн судас авах мэс засалд орсон. Улмаар зүрх томорч зүрхний хэм алдагдах өвчний улмаас шигдээс болж маш өндөр эрсдэлтэй гэж үзэн эмнэлэг хөдөлмөрийн чадвар алдалтыг 70 хувиар тогтоосон. Миний бие 11-13 насны хоёр хүүхэдтэй, өрх толгойлсон эцэг, мөн өндөр настай хөгжлийн бэрхшээлтэй эхийн хамт амьдардаг. Анхан шатны шүүх хуралд хохирогч Б.Гантулга нь гомдолгүй тул Ш.Бад хорихоос өөр төрлийн ял оноож өгнө үү гэж хүсэлт гаргасан. 2020 оны 2 дугаар сарын 5-ны өдөр хорих 409 дүгээр ангид очсоноос 14 хоногийн дараа буюу 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдөр бие муудаж цагдан хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт 21 хоног эмчлүүлж байна.

Иймд миний эрүүл мэнд, ар гэрийн байдлыг минь харгалзан хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Ш.Бын өмгөөлөгч Х.Наранзул давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн, эмчилгээний зардлыг нөхөн төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон /хх 12/. Харин хавтас хэрэгт авагдсан Ш.Бын хувийн байдлын талаархи эрүүл мэнд /баруун дунд артерийн салаалсан хэсгийн том цүлхэнд хавчаар тавих мэс засалд орсон, /2хх 65, 66-79, 155/ өвчний онош /цээжний бах, зүрхний даралт ихсэх өвчин, тархины судасны өвчний үлдэц/, хөдөлмөр чадвар алдалтын хувь хэмжээ тогтоосон акт /1хх 238/, байнгын нарийн мэргэжлийн эмчийн хяналтад байдаг. Эхнэр нь 2 жилийн өмнө бага насны 2 хүүхдийнх нь хамт орхиод явсан /1хх 50/, өндөр настай группт байдаг эх, 2 хүүхдийнхээ хамт амьдардаг зэрэг хувийн байдлыг тогтоосон нотлох баримтыг үнэлээгүй. Өөрөөр хэлбэл, шүүхээс Ш.Бад ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний нөхцөл байдал, хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж заасан журмыг баримтлалгүйгээр, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “энэ хуульд заасан журмын дагуу ял оногдуулна.” гэх эрүүгийн хуулийн зорилгыг хэрэгжүүлээгүй. Мөн шүүхээс Ш.Быг гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ш.Б нь хохирогч Б.Гантулгад эмчилгээний зардлыг нөхөн төлж, хохирогчоос уучлалт гуйсан үйлдэл нь түүнийг гэм буруугаа хүлээж, гэмшсэн сэтгэлээ илэрхийлсэн хангалттай нотолгоо мөн гэж үзэж байна. Энэ талаар хохирогч Б.Гантулга нь ямар нэгэн санал, гомдолгүй хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх саналыг шүүх хуралдааны үед тодорхой хэлж байсан. Дээрх үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэвэл, шүүх хэргийг шийдвэрлэхдээ дээр дурдсан Эрүүгийн хуулийн холбогдох заалт, эрүүгийн хуулийн зорилго, ял шийтгэл оногдуулах үндэслэл журмыг баримтлаагүй гэх үндэслэлтэй байна.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 120 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялыг хөнгөрүүлж, торгох ялаар сольж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Ш.Бын өмгөөлөгч Ж.Энхтуяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхийн шийтгэх тогтоолд дурьдсан дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй, онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй.

Шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт: “ ...хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл ... цаг, оосор нь шат болон орцны шалан дээр 2 хэсэг газарт хэвтэж байх ба дээрх цаг нь ... Ш.Бынх болох нь ... нотлогдсон” гэх болон “...шинжээчийн дүгнэлтэд эргэлзээтэй байдал тогтоогдохгүй байна. ... ДНК-ын шинжээчийн дүгнэлтийг шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно.” гэсэн дүгнэлтийг хийсэн. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд дурьдсан цаг нь Ш.Бынх гэдэгт өмгөөлөгчийн хувьд маргахгүй. Энэ талаар Ш.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн ба шүүх хурал дээр шүүгч энэ талаар тодруулж асуухад “...түргэний эмч ирээд ... ядахдаа гэрт чинь оруулья гэхээр нь би өргөөд гэртээ оруулсан, намайг хохирогчийг өргөхөд тасарч унасан байх...” гэж мэдүүлсэн. Ш.Б нь ямар нэг хөнгөн чанарын зүйлийг өргөөгүй ба өөрөөс нь ихээхэн хүч гаргаж хохирогчийг өргөхөд цагны оосор мултарч унасан байх магадлалтай байхад шүүх хохирогчийг цохисноос цагны оосор тасарсан байх гэсэн дүгнэлт хийсэн. Шинжээчийн дүгнэлтүүдэд эргэлзээтэй байдал тогтоогдохгүй байна гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 8 дугаар сарын 22-ны  өдрийн №11357 дугаартай шинжээчийн дүгнэлтийн 3 дахь заалтад “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна”, 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн №1416 дугаартай шинжээчийн дүгнэлтийн 4 дэх заалтад “Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай учир гэмтлийн хүнд зэрэгт хамаарна”, 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн №924 дугаартай шинжээчийн дүгнэлтийн 1-д “...№11357 дугаартай шинжээчийн дүгнэлт тухайн үедээ үндэслэлтэй байна. ...№1416 дугаартай шинжээчийн дүгнэлтийн 4 дэх заалт үндэслэлгүй байна.”, 2 дахь заалтад “... Б.Гантулгын биед учирсан дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтоох хүснэгтийн 4.1.1.4-д заагдсанаар энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги 45 хувь алдагдуулсан тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэсэн байдаг. 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн №924 дугаартай шинжээчийн дүгнэлтээр шинжээч Г.Ханхүүгийн гаргасан дүгнэлтийг үндэслэлтэй, 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1416 дугаар шинжээчийн дүгнэлтийн 3 дахь заалтыг үгүйсгээд хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээгээр гэмтлийн зэрэг тогтоосныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тухайгаа шүүх хурлууд дээр тодорхой баримтуудыг түшиглэн дахин шинжээч томилуулах хүсэлтүүдийг гаргаж байсан. 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хурлын болон шүүхийн урьдчилан хэлэлцүүлгүүдийн тэмдэглэлүүдэд тэмдэглэгдсэн байгаа. Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар Благдсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам “-ын 1.9-д шинжилгээ хийхэд дараах зарчмыг баримтална, 1.9.1-д “Шинжлүүлэгч нь өмнө нь гэмтсэн эсхүл ямар нэг өвчтэй байсан зэргийг харгалзахгүйгээр зөвхөн тухайн үед гэмтлийн улмаас үүссэн эрүүл мэндийн хохирлын зэргийг тогтоох” гэсэн байна. Шүүх эмнэлгийн шинжээч нарын №924 дугаартай дүгнэлтээр тухайн үед хохирогч Б.Гантулгын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь №11357 тоот дүгнэлт үндэслэлтэй байна гэснээр Благдана. Өөрөөр хэлбэл, 2016 оны 8 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө хохирогч Б.Гантулга нь хөнгөн гэмтэл авсан болох нь нотлогдож байна. 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн №1416 дугаартай шинжээчийн дүгнэлтийн 4 дэх заалтад “Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай учир гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэснийг №924 дугаартай  шинжээчийн дүгнэлтийн 1 дэх заалтад “...№1416 дугаартай шинжээчийн дүгнэлтийн 4 дүгээр заалт үндэслэлгүй байна” гэж үгүйсгэсэн. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2-д гэмтлийн “хүнд” зэрэгт гэмтэх үед амь нас хохирч болох амь тэнссэн байдалд хүргэсэн буюу ердийн явцаараа ихэвчлэн үхэлд хүргэх гэмтэл гэж тодорхойлсон. Мөн тухайн гэмтлээс үүссэн үлдэц, уршиг, хөдөлмөрийн ерөнхий чадвар их хэмжээгээр алдагдсан гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтоодог. Мөн журмын 2.4-д гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно.” гээд 2.4.1-д гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтэний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан” гэжээ. Шинжээч Г.Ханхүү №11357 дугаартай дүгнэлтийг гаргахдаа дан ганц компьютер томографийн шинжилгээний дүгнэлтийг баримтлаагүй, Гэмтлийн зэрэг тогтоох журмын 1.3-д заасан өвчний түүх, шинжилгээний хариу /2016 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн КТГ/, эмчилгээний явц, Б.Гантулгын биед үзлэг хийж, асуулт авах зэрэг ажиллагааг хийсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар Благдана. Б.Гантулгын 2016 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн КТГ-ын хариунд “ ...тархины эдэд голомтот өөрчлөлтгүй, ... зөөлөн бүрхүүл дор жижиг цус харвалттай ...”, 2016 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн МRI шинжилгээний хариунд “...субарахноидаль зайнуудад цус харвалт шимэгдсэн ...” гэж тэмдэглэгдсэн ба эмчилгээ хийгдэж байгаад эрүүл мэнд нь сайжирч эмнэлгээс гарсан. Үүнээс хойш хохирогч нь дахин КТГ-ийн болон МRI шинжилгээ хийлгээгүй болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдоно. Гэтэл 2016 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн КТГ, 2016 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн МRI шинжилгээний хариуг Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн мэргэжилтэн С.Чулуунсүх, Оюунбаясгалан нар нь өөр өөрөөр уншиж, шинжээч эмч нар дүгнэлт гаргасан нь эргэлзээ төрүүлж байгаа юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 5-д “Шинжээчийн хэд хэдэн дүгнэлт, ... тохиолдолд эдгээрийг шүүхээр хянан хэлэлцэж, алийг нь нотлох баримтаар тооцохыг шийдвэрлэнэ.” гэсэн байхад эргэлзээ бүхий /нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн/ шинжээчийн дүгнэлтүүдийн алийг нь нотлох баримтаар тооцоод байгаагаа шүүх тогтоолдоо заагаагүй. Мөн зүйлийн 4-д “Шинжээчийн дүгнэлтийг шүүх, прокурор, мөрдөгч, өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах үүрэггүй боловч дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаа бол үндэслэлийг заана.” гэсэн зарчмын дагуу шүүх шинжээч нарын дүгнэлтүүдэд бодит дүгнэлт өгөөгүй гэж үзэж байна. Хохирогч Б.Гантулга, гэрч Д.Энхсайханы цагдаагийн байгууллагад гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдүүлгүүдээр Ш.Бын гэм буруу нотлогдож байна гэж дүгнэсэн. Хохирогч Б.Гантулга нь 2016 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн мэдүүлэгт: ”...хажуугийн дэлгүүр ороод би 2 шил пиво авсан. Баа архи авсан байх, тэгээд бид тэрийгээ уусан, яг хаана ууснаа одоо санахгүй байна. Нэг мэдэхэд би ухаан алдчихсан байсан, намайг араас л цохьсон байх, тухайн үед Баагийн орцонд ухаан алдаж унасан байсан.” /1хх 34/, 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн мэдүүлэгт: “Ш.Б согтоод орцныхоо 6 давхрын шатны зүүн талын дунд хэсэгт суугаад байсан, тэгэхээр нь босгох гэтэл босохгүй байсан, би босохыг нь хүлээгээд доор нь сууж байсан, тэгтэл гэнэт Гэмтэл согог судлалын төв дээр орон дээр хэвтчихсэн сэрсэн. ... би 2 шил Heineken пиво уусан байсан” /1хх 35-36/, 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн мэдүүлэгт: “...би Ш.Быг ухаан орохыг нь хүлээж сууж байсан. ... Ш.Б шатан дээр сууж байснаа босож ирээд миний толгой руу цохьсон. ... Тухайн үед болсон процессыг сайн санаж байна уу гэхэд “Сайн санаж байна.” /1хх 37/, 2018 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн мэдүүлэгт: “...Бид 2 хоёр шил архи согтууруулах ундаа хэрэглэсэн. ... намайг яаж зодож цохисон талаар мэдэхгүй байна. Би шууд толгойн тус газраа цохиулаад ухаан алдчихсан учраас мэдэхгүй байгаа юм.” /1хх 38/, 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн мэдүүлэгт: “ ...намайг араас цохих шиг болсон. ...” /1хх 96/ гэж тус тус мэдүүлсэн байна. Мэдүүлгүүдээс харахад Б.Гантулга нь өөрийгөө хэдий хэмжээний согтууруулах ундааны зүйл хаана хэрэглэсэн, хэн түүнд гэмтэл учруулсан эсэх талаар мэдэхгүй, мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүтэй байхад шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт заасан хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх, 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэсэн зарчимуудыг анхаараагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэсэн байхад Ш.Быг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатайгаар учруулсан болохыг мөн зүйлийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэл журмын дагуу эргэлзээгүй тогтоож чадаагүй. ГССҮТ-ийн КТГ-ийн 2016 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн шинжилгээгээр духны хөндийн урд хана шугаман хугаралтай, ... харвалт өгсөн шинж тэмдэг илрээгүй болох талаар дурдсан. 2016 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн MRI-ийн шинжилгээгээр тархины төвийн бөөмүүдийн түвшин болон их, бага, дунд, уртавтар, өнчин тархинд бүтцийн эмгэг өөрчлөлтгүй гэснээс үзэхэд тархинд хүнд хэлбэрийн цус харвалт өгөөгүй болохыг Балж байгаа юм. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд “Үзлэгийг ... үргэлжлүүлэхэд шалан дээр цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон байсныг ...17 дугаар байрны 1 дүгээр орцны 6 давхарын 23 тоотод үргэлжлүүлэхэд ... шар өнгийн модон дээр хатсан цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон байсныг ... дээж авч бэхжүүлэв” /1хх 18-р тал/ Хэргийн газрын үзлэгт тэмдэглэгдсэн К болон 2 гэж дугаарласан цус мэт хүрэн улаан өнгийн зүйлийг цус мөн эсэх, цус мөн бол хохирогчийн цусны бүлэгтэй тохирч байгаа эсэх талаар шинжээч томилж шинжилгээ хийлгэх тогтоолоор 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр ДНК-ийн шинжээчийн №4918 дугаартай дүгнэлт гарсан. Хэргийн газрын үзлэгээр илэрсэн цус нь Б.Гантулгын цусны бүлэгтэй тохирч байгаа эсэхийг тогтоох зорилгоор хийгдсэн ДНК-ийн шинжээчийн дүгнэлтийг шүүх ямар үндэслэлээр нотлох баримтаар тооцоогүй болох тухайгаа тогтоолдоо дурдаагүй.

Иймд Ш.Быг бусдын эрүүл мэндэд санаатай хүнд хохирол учруулсан гэм буруутай гэж тооцох болсон шинжээчийн дүгнэлтүүд нь хоорондоо зөрүүтэй, нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн, анхны шинжээчийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэхдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын өөр өөр заалтуудыг баримталсан зэрэг нь дахин шинжээч томилж шинжилгээ хийлгэх шаардлагатай болохыг харуулж байгаа тул Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 120 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.

 

           Прокурор Ш.Хосбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Энэ хэрэгт хэд хэдэн удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан байдаг бөгөөд хамгийн сүүлд дүгнэлт гаргасан хоёр шинжээч шүүх хуралдаанд оролцож дүгнэлтийнхээ үндэслэлийг тайлбарласан. Тухайлбал, 2016 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн КТГ, 2016 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн MRI зургийг шинжээч эмч буюу дүрс оношилгооны эмч Оюунбаясгалангаар уншуулж, дунд тархины ар хэсэгт 1:0.3см хэмжээтэй цус хуралт шинээр гарсан байна гэдгийг тогтоосон. Энэ нь гэмтлийн дараах үлдэц, хор уршгаараа ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтыг 45 хувиар алдагдуулсан. Уг шалгуур шинжээрээ гэмтлийн хүнд зэрэгт хамаарсан. Өөрөөр хэлбэл, 1 жилийн дараа учирсан гэмтлээс үүссэн үлдэц, хор уршиг гэх нөхцөл байдалд хүргэсэн гэж дүгнэсэн. Хохирогчид учирсан энэхүү гэмтлийг шүүгдэгч Ш.Б учруулсан нөхцөл байдал, гэм буруутай үйлдэл, хохирол, хор уршгийн шалтгаант холбоо мөрдөн шалгах ажиллагааны явцад хангалттай нотлогдон тогтоогдсон. Үүнд, шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй зүйл байхгүй. Харин анхан шатны шүүхээс шүүгдэгч Ш.Быг ганц бие эцэг, бага насны хоёр хүүхэдтэй, эхнэр нь салж явсан гэх нөхцөл байдал нь гэрч нарын мэдүүлэг болон гэрлэлт цуцалсан талаар нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна гэж дүгнэж шийдвэрлэсэн. Нөгөө талаас хохирол төлбөр  төлж байгаа, түүний эрүүл мэндийн шалтгаан, хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан хорих ялын доод хэмжээг оногдуулах нь зүйтэй байна гэж дүгнэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Ш.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 8 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр 17 дугаар байрны 6 дугаар давхарт иргэн Б.Гантулгатай хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу барилгын ажил хямдхан хийж өгсөнгүй гэж маргалдаж, улмаар зодож эрүүл мэндэд нь дунд тархины ар хажуу хэсэгт захын байрлалтай ойролцоогоор 1х0.3см хэмжээтэй цус хуралт, духны хөндийн өмнөд хананы шугаман хугарал, тархины зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, гэмтлийн дараах тархины эмгэгшил, гэмтлийн гаралтай хэл ярианы саатал, хэл дультрах, зүүн талын нүүрний мэдрэлийн саажилт, баруун дээд, доод баруун нүдний алимны салстад цус хуралт, дух, баруун хацар, шанаанд зулгаралт, зүүн мөрөнд зулгаралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Б.Гантулгын: “...тухайн үед Б нь намайг барилгын пассад болон бусад ажлыг хямдхан хийгээд өгчих гээд байсан. Үүнээс болж маргалдсан. Б гэртээ орж өгөхгүй шатан дээр сууж байснаа босож ирээд миний толгой руу цохьсон. Орцонд бид хоёроос өөр хүн байгаагүй. Тэр үед би ухаан алдсан, дараа нь бас миний толгой, бие рүү дэвсэлж өшиглөсөн байна лээ. Би одоо группд орсон. Гэмтлээс болоод зарим юмнуудаа санадаггүй юм билээ. Дараа нь бүх юмаа санж мэдүүлэг өгч байна. Зүгээр байхад ийм болгосонд маш их гомдолтой байна. Хуулийн дагуу арга хэмжээ авч, Ш.Бад хариуцлага тооцож өгнө үү. Эмчилгээний зардал маш их байна. Ш.Бын эх гэмтлийн эмнэлэгт хэвтэж байхад гомдлыг чинь барагдуулна гээд байсан боловч нэг ч төгрөгийн хохирол барагдуулаагүй. Хэргийн газраас хураан авсан эд зүйлийн зургийг харахад нарны шил нь миний шил байна. Харин цагны хувьд Бын зүүж байсан цаг, оосор нь мөн. Шил нь Бын гэрээс авсан архины шил байж магадгүй. ...”/1хх 38-39, 2хх 95-96/,

 

Гэрч Д.Энхсайханы: “...2016 оны 8 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө Б гэдэг хүн манай нөхөр болох “Гантулгыг гэмтлийн эмнэлэг рүү хүргүүлсэн. Танай нөхөр хурхираад ухаан орохгүй болохоор нь түргэн дуудтал түргэн гэмтлийн эмнэлэг аваад явчихлаа” гэж надад нөхрийн маань гар утаснаас шөнө 03 цагийн үед залгаж хэлсэн. Тухайн өдөр Б утсаар залгаад манай нөхөр 14 цагт гэрээсээ Бтай уулзана гээд гараад явсан. Тэгээд би 16 цагийн үед нөхөр лүүгээ залгатал манай нөхөр “Би Бын гэрт байна. Б гэртээ хоёр хүүхэддээ хоол хийж байна. Бид хоёр одоо гарч нөгөө ажлын холбоотой хүмүүстэй уулзаад ажлаа ярьчихаад 20 цагаас өмнө гэртээ очно” гэж хэлсэн. Тэгээд би орой 20 цагийн үед Гантулга руу залгатал манай нөхөр утсаар бага зэрэг юм уусан байдалтай ярихаар нь “Та хоёр худлаа хэлээд архи уугаад байгаа юм уу” гэж асуутал манай нөхөр          “Б бид хоёр шил пиво уугаад сууж байна. Одоо ингээд харилаа” гэж хэлсэн. Тэгээд би 21 цагийн үед нөхөр лүүгээ залгаад “Автобус унаа зогслоо. Чи хурдан ир” гэж хэлтэл манай нөхөр “Би Бын гэрт байна. Удахгүй очно” гэж хэлээд утсаа тасдаад 22 цагийн үед манай нөхөр над руу залгаад “Би Бтай хамт гэрийнх нь гадаа орцон дотор шатан дээр сууж байна. Б шатан дээр унтаад байна. Сэрэхээр нь гэр рүү нь оруулж өгөөд би харина. Б авгайгаасаа санаа нь зовоод гэр лүүгээ орохгүй байна. Гайгүй болохоор нь гэр лүү нь оруулж өгөөд харина” гэж надад утсаар хэлсэн.

Тэгээд 00 цагийн үед манай нөхөр над руу дахиж залгаад “Одоо би харилаа” гэж надад хэлээд утасны цаанаас “Баа Баа хөгшин чинь харилаа” гэж хэлээд “Би авгайтайгаа утсаар ярьж байна” гэж хэлээд инээгээд байж байгаад утсаа тасалсан. Тэгээд хэсэг хугацааны дараа шөнийн 1 цаг 40 минутын үед би нөхөр лүүгээ залгатал Ш.Б утсыг нь аваад “Гантулга манай үүдэнд унтаж байна. Би очоод сэрээе. Цаадах чинь унтаад сэрэхгүй байна” гэсэн. Тэгэхээр нь би Ш.Бад хандаж “Найз нь юм бол гэртээ оруулаад унтуулахгүй яаж байгаа юм бэ” гэж хэлтэл Ш.Б “За. Би одоохон гэж хэлээд утсаа тасдаад тэр чигээрээ таг болоод 03 цагийн үед Б над руу нөхрийн маань утсаар залгаад “Гантулга ухаан орохгүй хурхираад байна. Нэг нүд нь хөхөрчихсөн байгаа. Зүгээр зүгээр. Гайгүй түргэн дуудсан чинь гэмтэл рүү аваад явчихлаа. Эмч нар толгойдоо гэмтэл авсан байна гэж хэлсэн. Чи гэмтэл рүү яваад оч. Намайг цагдаа нар аваад ирлээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэмтэл дээр яваад очтол манай нөхөр ухаангүй "Амилуулах өрөө" гэсэн бичигтэй өрөөнд хэвтчихсэн, хувцас нь цус болчихсон, толгойгоор нь битүү маарал ороосон, зүүн чихэнд нь оёо тавьчихсан, баруун талын нүд нь хавдаад халцарчихсан ухаангүй хурхираад хэвтэж байсан. /1хх 43-44, 57-58/,

 

Шинжээч эмч Г.Энхбаатарын “...2016 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн толгойн Компьютер томографийн зураг, 2016 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн MRI зургийг Шүүх эмнэлгийн дүрс оношлогооны эмч Оюунбаясгалангаар уншуулахад дунд тархинд цус хуралт, тархины аалзан ясан доорх цус хуралт гэмтлүүд тогтоогдсон тул асуултад хариулж гэмтлийг гаргасан. Шинжээч эмч Г.Ханхүүгийн дүгнэлт гаргах үед үзүүлэгч нь тархины MRI зургийг авхуулаагүй байна. Шинжээч эмч Эрдэмболор, Оюун-Эрдэнэ, Одончимэг нар дүгнэлт гаргах үед дээрх компьютер томографийн зургийг уншуулсан боловч дунд тархины цус хуралтыг оношлоогүй байна. Компьютер томографын зураг, MRI зургийг шинжээч эмч нар унших боломжгүй, тусгай мэргэжил эзэмшсэн дүрс оношлогооны эмч нар уншина. Компьютер томографын зургаар ясны гэмтэл нь илүү оношлогдох бол КТГ зургаар зөөлөн эд буюу тархины эдийн няцрал, цус харвалт илүү оношлогдно. Мөн тухайн зургийг уншиж байгаа эмч нарын мэдлэг, ур чадвар хамаарна. Дүрс оношлогооны эмч бүр MRI зургийг бүрэн гүйцэд харж чадахгүй. Гэмтлийн зэргийн хувьд хүнд гэмтэлтэй гэдэгтэй бол санал зөрөөгүй. Харин Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.1.1.4-д жилд 2-3 удаа татаж унах, тэнцвэр үлэмж хэмжээгээр алдагдах, булчингийн хүчдэл үлэмж хэмжээгээр нэмэгдэх, хүч нь сулрах, хөдөлгөөн их хэмжээгээр алдагдах гэсэн заалтаар хүнд гэмтэлд хамруулсан. Уг дүгнэлтийг гаргахдаа Б.Гантулгын биед үзлэг хийсэн. Үзлэг хийхэд дээрх шинж тэмдгүүд илэрч байсан. Мөн эмнэлгийн бичиг баримттай танилцаж дүгнэлт гаргасан. Дээрх нь тархины цус харвалт, цус хуралт гэмтлийн үлдэц юм. Шинжээч эмч Г.Ханхүүгийн гаргасан дүгнэлтэд тусгагдсан гэмтлээс шалтгаалж Б.Гантулгын биед учирсан хүнд гэмтэл үүсэх бүрэн боломжтой бөгөөд бидний гаргасан дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүд нь тухайн үед үүссэн гэмтэл шархаас үүссэн. ...” /3хх 6-7/,

 

Шинжээч эмч О.Болороогийн: “...Дүгнэлтийг гаргахдаа үзүүлэгч Б.Гантулгын 2016 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн толгойн Компьютер томографийн зураг, 2016 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн КТГ зургийг Шүүх эмнэлгийн дүрс оношлогооны эмч Оюунбаясгалангаар уншуулахад дунд тархины ар хажуу хэсгийн 1х:0.3 хэмжээтэй цус хуралт гэмтэл тогтоогдсон гэж дүгнэлт хийж, дээрх дүгнэлтийг гаргасан. Дээрх шинжээчийн дүгнэлтийг шинжээч бид санал нэгтэй гаргасан. Шинжээч эмч Г.Энхбаатар, Н.Туяа бид нар үзүүлэгч Б.Гантулгыг үзэхэд Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д заасан гэмтэл тогтоогдоогүй, харин Гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.1.1.4-д заасан гэмтэл тогтоогдсон. Шинжээч эмч бид гэмтлийн хүнд зэргийг нь үгүйсгээгүй. ...” /3хх 8-9/ гэх мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1416 дугаартай “...шинжээч эмч Г.Ханхүүгийн гаргасан №11357 тоот шинжээчийн дүгнэлт тухайн үедээ үндэслэлттэй байна. Б.Гантулгын биед духны хөндийн өмнөд хананы шугаман хугарал, тархины зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, гэмтлийн дараах тархины эмгэгшил, баруун гар, хөлийн саа саажилт, гэмтлийн гаралтай хэл ярианы саатал /хэл дультрах/, баруун дээд, доод зовхи, баруун нүдний алимны салстад цус хуралт, дух, баруун хацар, шанаанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чихэнд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн мөрөнд зулгаралт бүхий гэмтлүүд учирсан байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд болно. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар учрах үөдээ амь насанд аюултай учир гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүдийг өөр өөртөө учруулах боломжгүй. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна. ...”/1хх 75-77/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 924 дугаартай “...Б.Гантулгын биед дунд тархины ар хажуу хэсэгт захын байрлалтай ойролцоогоор 1x0.3 см хэмжээтэй цус хуралт, духны хөндийн өмнөд хананы шугаман хугарал, тархины зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, гэмтлийн дараах тархины эмгэгшил, гэмтлийн гаралтай хэл ярианы саатал, хэл дультрах, зүүн талын нүүрний мэдрэлийн саажилт, баруун дээд, доод зовхи, баруун нүдний алимны салстад цус хуралт, дух, баруун хацар, шанаанд зулгаралт, зүүн мөрөнд зулгаралт бүхий гэмтлүүд учирчээ. Б.Гантулгын биед учирсан дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтоох хүснэгтийн 4.1.1.4 дэх хэсэгт заагдсанаар энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги 45 хувь алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Уг гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ...”/1хх 189/ гэх шинжээчийн дүгнэлтүүд, хохирогч Б.Гантулга уг гэмтлийн улмаас хөдөлмөрийн чадвар 79 хувь алдаж, тэтгэмж тогтоолгосон баримт /2хх 47-49/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Ш.Быг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

Шүүгдэгч Ш.Бын 2016 онд хохирогч Б.Гантулгын толгойн тус газар цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгч  Ш.Б “...миний эрүүл мэнд, ар гэрийн байдлыг минь харгалзан үзэж надад хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...”, гэсэн шүүгдэгч Ш.Бын өмгөөлөгч Х.Наранзул “...шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялыг хөнгөрүүлж, торгох ялаар сольж өгнө үү. ...”, гэсэн шүүгдэгч Ш.Бын өмгөөлөгч Ж.Энхтуяа “... хохирогч Б.Гантулгын биед дахин шинжээч томилж шинжилгээ хийлгэх шаардлагатай тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.

 

Хэдийгээр  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 11357 дугаартай дүгнэлтэд хохирогч Б.Гантулгын биед хөнгөн гэмтэл учирсан гэсэн боловч тус дүгнэлтэнд заагдсан “...Б.Гантулгын биед духны хөндийн өмнөд хананы шугаман хугарал, тархины зөөлөн бүрхүүл доорх цус харвалт...” гэх дүгнэлт нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1416 дугаартай, мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 924 дугаартай дүгнэлтүүдэд заасан гэмтлийн шинжийг агуулсан байх бөгөөд дээрх гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарах тул дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилон дүгнэлт гаргах шаардлагагүй, гэмтлийн зэргийн хувьд эргэлзээгүй тогтоогдсон байна.

Иймд өмгөөлөгч Ж.Энхтуяагийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Хавтас хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, шүүгдэгч Ш.Б нь 2019 онд хөдөлмөрийн чадвар алдалт 50 хувиар тогтоогдож байсан болох нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үнэмлэхээр /2х-3х/ тогтоогдож байх боловч давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Ш.Бын өмгөөлөгч нар шүүгдэгчийн хувийн байдалтай нь холбоотой баримт гаргаж өгснөөс үзэхэд 2020 оны 2 дугаар сарын 5-нд Ш.Б нь хөдөлмөрийн чадвар алдалт 70 хувиар тогтоогдсон болох нь хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актаар тогтоогдож байна.

 

Мөн давж заалдах шатны шүүх хуралдаанд хохирогч Б.Гантулга нь “Ш.Бад ямар нэгэн гомдол саналгүй, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг бичгээр гаргажээ.

 

 Шүүгдэгч Ш.Б нь ам бүл 3, хоёр хүүхдийн хамт  амьдардаг бөгөөд 2007 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн Б.Ану 13 настай, 2009 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн Б.Чингүн 11 настай болох нь тэдгээрийн төрсний гэрчилгээний хуулбар /1хх 240-241/, хорооны тодорхойлолтоор  нотлогдож байна.

 

Шүүгдэгч Ш.Б нь бага насны буюу 11-13 насны 2 хүүхэдтэй, түүний  үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, гэм буруугаа хүлээж байгаа,  эрүүл мэндийн хувьд 70 хувийн хөдөлмөрийн чадвар алдагдалтай байдал, хохирогч Б.Гантулгын санал хүсэлт  зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял болгон өөрчлөх үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Ш.Б нь 2019 оны 9 дүгээр сарын 5-наас давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэрэг хэлэлцэх хүртэл нийт 97 хоног цагдан хоригдсон байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 97 хоногийг торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, 1455 /мянга дөрвөн зуун тавин тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.455.000 төгрөгийг түүнд оногдуулсан 10 000 000 төгрөгийн  торгуулийн ялаас хасч, үлдэх 8.545.000 төгрөгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв. 

 

Иймд  анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч Ш.Б, түүний өмгөөлөгч Х.Наранзул нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

 

Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолын 1 дэх заалтаар шүүгдэгчийг гэм  буруутайд тооцохдоо “гэмт хэрэг үйлдсэн” гэдэг үгийг 2 удаа оруулж найруулгын алдаа гаргасан байх бөгөөд цаашид бичиглэлдээ анхаарах нь  зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4  дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 120 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...Шүүгдэгч Ш Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. ...” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Быг 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй” гэж өөрчилсүгэй,

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, өмгөөлөгч Ж.Энхтуяагийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Бын цагдан хоригдсон 97 хоногийг торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, 1455 //мянга дөрвөн зуун тавин тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.455.000 төгрөгийг торгох ялаас хасч, торгох ялын хэмжээг 8.545.000 төгрөгөөр тогтоосугай.” гэсэн,

 “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Бад оногдуулсан торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай” гэсэн,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Ш.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй” гэсэн тус тус нэмэлт заалтуудыг оруулж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

4. Шүүгдэгч Ш.Быг нэн даруй сулласугай.

 

5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

  ДАРГАЛАГЧ,

  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Т.ӨСӨХБАЯР

 

                                      ШҮҮГЧ                                                     М.АЛДАР

 

                                      ШҮҮГЧ                                                     О.ЧУЛУУНЦЭЦЭГ