Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 2023/ШЦТ/235 

 

 

 

 

                          .

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр,

Улсын яллагч Г.Бат-Оргил,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2330000000266 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, *********** оны ******* дугаар сарын *******-ний өдөр Сүхбаатар аймгийн ******* суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт Сүхбаатар аймгийн ******* сумын ********* дугаар баг  ******* гэх газарт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, Урьд өмнө ял шийтгэлгүй,

******* регистрийн дугаартай, ******* хорлоо ургийн овогт ******* *******.

 

Холбогдсон хэргийн талаар / яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

 

1. Шүүгдэгч ******* нь 2023 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 20 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг ******* гэх газарт байх өөрийн гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр ******* таарамжгүй харилцаа үүсгэн, түүний толгой хэсэгт пийшингийн төмрөөр цохиж эрүүл мэндэд нь “баруун чамархайд шарх, зүүн 2-р хуруунд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:  

          хохирогч “ 2023 оны 10 дугаар сарын 29-ний өдөр би нөхөр *******гийн сумын төв ороод нөхөр дэлгүүрээс 2 ширхэг 0.75 литрийн архи аваад бид машинтайгаа хөдөө гэр рүүгээ буцсан юм. ******* гэр рүүгээ явах замдаа авсан нэг шил архиа ганцаараа уугаад явсан. Архиа ууж согтчихоод надад агсам тавьж явсаар гэртээ ирсэн. Би гэртээ ирээд гэрээ галлах гээд пийшингийнхээ хажууд сууж байхад манай нөхөр ******* пийшингийн төмөр ширмэн тагаар миний толгойн баруун ар хэсэгт нэг удаа цохиж миний толгойг хагалсан. Би гэрээсээ гарч зугтаад *******гийн төрсөн дүү руу гүйж очиход араас ирж намайг хэл амаар доромжлон агсам тавьсан. Би том хүү болсон асуудлын талаар хэлээд хүүгээ дуудчихсан байсан. Манай хүүгийнх ******* сумын төв дээр байдаг юм. Урьд өмнө манай нөхөр ******* миний биед удаа дараа халдаж зодож байсан. Би тэр болгон цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй. 2022 оны хавар архи уусан үедээ миний биед халдаж зодохоор нь тэсэхгүй цагдаагийн байгууллагад хандан шүүхээр 8 хоног баривчлуулж байсан юм...гэх /хэргийн 14-15-р хуудас/,

           ...Би уг зүүн 2 дугаар хуруунд зулгаралт гэмтлийг тухайн өдөр буюу 2023 оны 10 дугаар сарын 29-ний өдөр манай нөхөр ******* намайг пийшингийн төмөр тагаар цохиж унагаах үед уг зүүн 2-р хурууны гэмтэл учирсан байсан. Би тухайн үйл явдал болохоос өмнө гар, хуруундаа ямар нэг байдлаар гэмтэл, зулгаралт аваагүй байсан. Миний зүүн 2-р хуруу зүсэгдсэн мэт зулгарсан шарх байсан. Би тухайн үед толгой руугаа төмөр тагаар цохиулсан учраас хэсэг манарсан байдалтай байсан. Хуруугаа юунд урж шалбарсныг огт мэдэхгүй байна. Ямар ч байсан шинжээчийн дүгнэлтэнд тусгагдсан дээрх хоёр гэмтлийг манай нөхөр ******* нь 2023 оны 10 дугаар сарын 29-ний орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ миний бие эрх чөлөөнд халдаж зодох үед учруулсан шинэ гэмтлүүд юм...гэх дахин өгсөн мэдүүлэг /хэргийн 18-19-р хуудас/,

гэрч Г.Баттулгын “...Би 2023 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ******* сумын 2 дугаар баг ******* гэх газар байх хөдөө гэртээ ганцаараа байж байхад орой 22 цагийн орчим манай төрсөн ах *******гийн эхнэр С.Эрдэнэцэцэг манайх руу явган гүйж ирсэн. Манайх руу орж ирэхдээ толгойгоо хагалсан байдалтай цусаа гоожуулчихсан орж ирсэн. Би гайхаад С.Эрдэнэцэцэгээс юу болсон талаар асуухад ******* архи уучхаад намайг зодоод пийшингийн тагаар толгой руу нь цохиж хагалсан талаар хэлсэн. Тэгээд манай утсаар сумын төв рүү хүүгээ дуудсан. Би давхар төрсөн охин рүү утсаар залгаад болсон асуудлын талаар хэлсэн. төрсөн дүү  манайх руу явуулсан байсан. сумын төвөөс ирэх хооронд ах манайх руу согтуу орж ирээд эхнэрээ хэл амаар доромжлоод байхаар нь би ахыг гэртээ харьж амар гээд хөөгөөд явуулсан. Манай гэр ******* ахынх хоорондоо 400 орчим метр зайтай байдаг юм. Тэгээд хүү Цэндбаатар шөнө дунд болж байхад манайх руу машинтай ирээд ээжийгээ аваад сумын төв явсан. Би өөрийнхөө машинтай хамт араас нь дагаад сумын төв орсон. Сумын эмнэлэгт үзүүлээд С.Эрдэнэцэцэг толгойндоо 3 оёдол тавиулсан....” гэх мэдүүлэг /хэргийн 22-23-р хуудас/,

гэрч “Би 2023 оны 10 дугаар сарын 29-ний өдөр аав, ээж хоёроор машинтай нь сумын төв рүү гэртээ хүргүүлсэн юм. Аав, ээж хоёр намайг гэрт хүргэж өгөөд өдөртөө буцаад хөдөө гэр рүүгээ явсан. Орой нь 22 цагийн орчим аавын төрсөн дүү Г.Баттулга ах над руу утсаар залгаад “аав чинь архи уугаад ээжийг чинь зодчихсон байна, цус нөжийг нь гоожуулчихжээ, яах вэ” гэх ярьсан. Би болсон асуудлын талаар сонсоод өөрөө жаахан хүүхэдтэй болохоор ээж рүү очих боломжгүй байсан учраас төрсөн ах А.Цэндбаатар руу утсаар яриад “аав ээжийг зодсон гэж байна, очоод ээжийг аваад ир” гэж ярьсан. Шөнө дунд ах надтай утсаар залгаад “ээжийг аваад ирсэн, толгойг нь хагалчихсан байна, сая сумын эмнэлэг дээр шууд ирээд оёдол тавиулчихлаа, ээжийг аваад гэр рүүгээ явж байна” гэж ярьсан. Би маргааш өглөө нь А.Цэндбаатар ахынд очин ээжтэй уулзахад толгойныхоо баруун талд 3 оёдол тавиулж боолт хийлгэсэн байсан. Би болсон асуудлын талаар ээжээс өөрөөс нь сонсож мэдсэн. Аав намайг хүргэж өгөөд буцахдаа замдаа архи уугаад гэртээ очоод ээжид агсам тавиад пийшингийн тагаар толгой руу нь цохиж хагалсан талаар хэлсэн ” гэх мэдүүлэг /хэргийн 26-27-р хуудас/,

гэрч “...Би найз Батжаргалын машиныг гуйж унаад ганцаараа сумын төвөөс урагш 35 км газарт байх хойд аавын гэрийн ойролцоо байдаг Баттулга ахын гэрт очсон чинь ээжийн толгойн хэсгээс цус гоожсон, цамцных нь энгэр нь цус болчихсон сууж байхаар нь машиндаа суулгаад ******* сумын эмнэлэгт авчирч үзүүлээд 3 оёдол толгойд нь тавиулаад өвчин намдаах тариа хийлгээд гэртээ аваачиж амраасан. Намайг ээжийг авахаар очиход ээж “аав чинь сумын төвөөс архи ууж гэртээ ирээд танай хүүхдүүд нүүдэл хийж өгсөнгүй” гээд согтуугаар агсан тавьж байгаад галаа түлэх гэж байсан чинь пийшингийн төмөр таг аваад толгой руу цохиод хагалчихсан тэгээд юу болсон талаар санахгүй байна. Нэг мэдсэн чинь Баттулгын гадаа гүйгээд ирчихсэн байсан гэж л хэлсэн ” гэх мэдүүлэг /хэргийн 30-31-р хуудас/,

Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 464 дугаартай “...1. биед баруун чамархайд шарх, зүүн 2-р хуруунд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэргийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт тогтонги алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хэргийн 34-35-р хуудас/,

Яаралтай тусламжийн хуудас /хэргийн 36-р хуудас/, Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хэргийн 62-р хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй гэж үзсэн болно.

 

2. Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн байхаар хуульчилсан бөгөөд тухайн хэргийн хувьд энэ  хүндрүүлэх нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан“ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж ” гэх шинжээр тодорхойлогдоно.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “ энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүй” - г “ гэр бүлийн хүчирхийлэл,

6 дугаар зүйлийн 6.2-т “ Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ ” гэж тус тус тодорхойлжээ.

 

Энэ хэргийн шүүгдэгч *******, хохирогч С.Эрдэнэцэцэг нар албан ёсны гэр бүл бөгөөд ******* гэр бүлд үүссэн ахуйн маргаан, үл ялих зүйлээр шалтаглан, бие хүчний илтэд давуутай байдлыг ашиглан эхнэр С.Эрдэнэцэцэгт хүч хэрэглэн зодсон дээрх үйлдэл Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан гэр бүлийн хүчирхийллийн бие махбодын хүчирхийллийн шинжийг агуулсан болохыг дурдъя.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлээр илрэх бөгөөд хохирол, хор уршиг учирсан нь уг үйлдэлтэй холбоотой, шалтгаалсан байна.

 

4. Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4-т зааснаар гэмтлийн “хөнгөн” зэрэг гэдэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинж нь 1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан байх; 2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5- 10хувь/ тогтонги алдагдсан...байхыг ойлгох бөгөөд хохирогч биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан шинжээрээ хөнгөн гэмтэлд хамаарахыг 464 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд дурдсан нь үндэслэлтэй юм.

 

5. Тухайн хэргийн хувьд шүүгдэгч *******г гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Учир нь тэрээр пийшэнгийн төмрөөр хүний биед цохисноос хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учруулж болохыг мэдсээр байж тодорхой шалтаг, шалтгаангүйгээр  хохирогч толгойд пийшэнгийн төмрөөр цохиж  зориуд хохирол учруулсан хийгээд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “ Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно ” гэж зааснаар тодорхойлогдоно.

 

       6. Үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг шалтгаант холбоо гэх бөгөөд шүүгдэгч *******гийн пийшэнгийн төмрөөр цохисон уг үйлдлийн улмаас хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой юм.

7. Хэргийн баримтаар тогтоогдсон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж ” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн баримтаар хангалттай нотлогдсон, прокуророос зүйлчилсэн хэргийн зүйлчлэл хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, зөв байх тул шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Гэмт хэргийн хохирлын талаар:

 

Шүүгдэгч *******гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Эрдэнэцэцэгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирч, тэрээр энэ гэмтлийн улмаас тус аймгийн Нэгдсэн эмнэлгээс анхны тусламж үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас 98000 төгрөгийг зарцуулсан болох нь Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 26/308 тоот албан бичиг, С.Эрдэнэцэцэгт холбогдох ЭМДЕГ- цахим системийн лавлагаа зэргээр хэрэгт тогтоогджээ.

 

Монгол Улсын иргэн нь Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар “бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” эрхтэй билээ.

Үндсэн хуулийн энэ заалтыг Иргэний хуулийн 52 дугаар бүлэгт дэлгэрэнгүй тусгайлан зохицуулсан бөгөөд уг хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байна.

 

Энэхүү үүрэг нь гагцхүү гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоотой үүссэн байхаас гадна дээрх хуулийн зүйл, хэсэгт нэрлэн заасан объектод учирсан байхыг шаарддаг болно.

 

Иргэний хуулийн дээрх зүйл, хэсэгт заасан “эрүүл мэндэд” учруулсан гэм хорд мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зардлууд хамаарах ба үүнийг гэм хор учруулсан этгээд нөхөн төлөх үүрэгтэй юм.

 

 Мөн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилжээ.

 

Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь энэ хэрэгт прокурорыг тус хэлтсийг төлөөлж оролцуулахаар хүсэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй ба дээрх хуулийн зохицуулалтаар гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын байгууллагад учирсан хохирлыг буруутай этгээд хариуцан нөхөн төлөх үүрэгтэй.

 

Шүүгдэгч ******* Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 98.000 төгрөгийн хохирлыг Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн   тоот дансанд 2023.11.20-ны өдөр төлж барагдуулсан байна.

 

Энэ хэргийн хохирогч С.Эрдэнэцэцэг мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд хохирол, хор уршгийг нөхөн төлүүлэхтэй холбоотой гомдол, нэхэмжлэл гаргаагүй тул шүүгдэгч *******г энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлүүлэхээр иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд иргэний нэхэмжлэл гаргаагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу цаашид иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж шийдвэрлэх зохицуулалттай ба энэ нь хохирогч, иргэний нэхэмжлэгчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхийг хамгаалах зохицуулалтад хамаарах юм. 

 

  Хохирогч С.Эрдэнэцэцэг нь тухайн гэмтэлтэй холбоотойгоор эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулснаас бусад өөрт учирсан хохирол, гэм хорын асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүхээс шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж ” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч *******гийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ялтай байна. 

 

Прокуророос *******д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байна гэж шүүх үзэв.

 

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч *******гийн үйлдсэн уг хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй,өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонсгосон 600.000 төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрсөн хийгээд мөрдөн шалгах ажиллагааны явцад түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэх, гэм буруугаа хүлээн зөвшөөрөхийг албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй хийгээд мөн тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон болохыг дурдъя.

 

Түүнчлэн шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх       хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бус аргаар гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг болон хэрэг хүлээлгэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд прокурорын санал болгож, шүүгдэгч *******гийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Тодруулбал, гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх учиртай бөгөөд шүүгдэгч *******гийн 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох прокурорын санал нь тухайн хэргийн хэргийн бүрдэл, нотлогдсон байдал, зүйлчлэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон, хууль ёсны ба үндэслэлтэй байна гэж шүүх үзсэн болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “ гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана ” гэжээ.

 

*******гаас торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар хүсэлт, нотлох баримт гаргаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1- т “ Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй ” гэж зааснаар төлүүлэхээр тогтоолоо.

 

Бусад

 

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, түүнд шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Боржигин хорлоо ургийн овогт ******* *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д “ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж ” гэж заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 600 /зургаан зуу / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга /төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шүүгдэгч ******* түүнд оногдуулсан торгох ялыг энэ шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* торгох ялыг хуулиар тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шатанд шүүгдэгч *******д таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурдсугай.

 

6. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус  тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч С.Эрдэнэцэцэг тухайн гэмтэлтэй холбоотойгоор эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулснаас бусад өөрт учирсан эд хөрөнгийн хохирол буюу эмчилгээний болон бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар хэргийн талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрт энэ зүйлийн 7 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.НАСАНБУЯН