| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Будын Отгонсүрэн |
| Хэргийн индекс | 143/2020/00338/И |
| Дугаар | 399 |
| Огноо | 2020-08-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 399
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: С.Б
Хариуцагч: О.С
6 900 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: С.Б, О.С нарийн бичгийн дарга Б.Энхбаатар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О.С нь 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Хаан банк тоот данс руу С.Б би тоотод байрлах хашаа, байшинг худалдан авах аман гэрээ хийж урьдчилгаа болох 6 900 000 төгрөг шилжүүлсэн бөгөөд санхүүгийн нөхцөл байдлаас болж үлдэгдэл мөнгөө өгөхгүй хашаа байшин авахаас татгалзаж 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр О.С уулзаж хашаа байшин худалдан авах боломжгүй болсон тул урьдчилгаанд өгсөн 6 900 000 төгрөгөө авахыг хүсэхэд хашаа байшингаа зарж байж өгнө, тэр мөнгийг чинь үрсэн, одоо өгөхгүй гэж хэрүүл хийж утсаа салгаж одоог хүртэл өгөхгүй байгаа тул С.Б миний 6 900 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч С.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага хэвээрээ. Би хүнээс мөнгө зээлээр авчихсан учраас буцааж өгөх гэж байгаа. 5 сар гэрт нь байсан гэдэг бол худлаа, би гэрт нь 1 сар л байсан. Уг нь би шүүхээр явахгүй тохироод чадахаараа мөнгөө өгчих гэсэн чинь үгүй гэж хэлсэн. 2019 оны 12 сарын 10-ны үеэр зараас хараад холбогдож яриад байрыг нь авахаар болсон. Мөнгөнөөсөө эхлээд 8 000 000 төгрөгийг нь эхлээд өгөх гэж байсан боловч О.С машины лизингтэй байгаа мөнгөө өгчих гэж хэлэхээр нь 6 900 000 төгрөг байна гэсэн чинь болно гэж хэлсэн. Тэгээд би мөнгөө шилжүүлсэн. Үүний дараагаар 1 сар байшинд нь байсан. Түүнээс хойш би зээлээ хөөцөлдөөд 3, 4 сар болсон. Миний цалингийн зээл бүтэхгүйгээс болоод ийм асуудал болсон гэв.
Хариуцагч О.С шүүхэд ирүүлсэн тайлбартаа: О.С миний бие 2019 оны 12 сарын 18-ны өдөр ...тоот хашаа байшингаа зарахаар зар тавьсан байсан юм. Ингээд зарын дагуу манай хашаа байшинг С.Б ирж үзсэн. Ер нь 3 удаа ирж үзсэн. Тэгээд С.Б нь танай хашаа байшинг авъя, зараа устгачих гэж хэлсэн. Миний бие С.Б хашаа байшингаа ярьж тохиролцоод 24 сая төгрөгөөр зарна гэж ярилцахад С.Б нь хашаа байшингаа жаахан үнийг нь буулгачих залуу хүмүүс мөнгө төгрөгний бололцоо алга гээд байхаар нь би 18 сая төгрөгөө бөөнеер нь өгвел болж байна гэж хэлж тохиролцож авахаар болсон. Тэгээд намайг ажилдаа явах гээд байж байтал эргэж яриад мөнгө бөөн амжихаа больчихлоо эхлээд 50 хувь буюу 9 сая төгрөгийг өгч байя, үлдэгдлийг нь удаахгүй гэж хэлсэн. Тэгэхээр би за тэгье найдвартай биз дээ гэж хэлээд ажилдаа явсан. Ажил дээр байхад миний данс руу 6 900 000 төгрөгийг хийсэн. Тэгээд утсаар залгаж бас л боломжгүй талаар шалтаг яриад байсан. Тэгээд намайг ажил дээрээ байж байхад, манай хүүхдүүдээс байшингийн түлхүүр аваад 2019 оны 12 сарын 20-д гээд байшиндаа орлоо гэхээр нь би найдвартай бол орж болно гэж хэлсэн. С.Б байшиндаа эхэлж ороод дараа нь эхнэр нь ирж амьдарсан. Үүнээс хойш үлдэгдэл мөнгөө хийхгүй, хугацаагаа хойш тавьж манай хашаа байшинг ашиглаж өвлийн улирлыг өнгөрөөгөөд 2020 оны 4 сарын 8-ны үеэр байшинг чинь авч чадахаа болилоо гээд гараад явчихсан. С.Б нь байшинд амьдарч байх хугацаандаа архи дарс ууж, хашаагаар хүн цуглуулж ууж идэж байсан хэлэхэд одоо Б гэдэг айл болсон гэж хэлж байсан. С.Б нь өвлийн хүйтэнд байх газаргүйдээ манайхыг ашиглаж хэдэн цаас өгсөн болоод тэрийгээ эргүүлж нэхэж байгаад гайхаж байна. Миний бие энэ хүнийг манай байшинд амьдарч байхдаа тог цахилгааны мөнгөө төлөөгүй, манай байшинг үнэ ашиглаж залилж байсан учраас гомдолтой байна. Иймд би С.Б нэхэмжилсэн 6 900 000 төгрөгийг бүрэн өгч чадахгүй, тог цахилгааны мөнгө болон байшинд 5 сар амьдарсны хөлсийг нэхэмжлэх болно. Би С.Б орж ирсэн 6 900 000 төгрөгөөр банк бусаас автомашин зээлж авсан. Энэ хүн хашаа байшинг чинь авна гэж зээ зүү тохиролцчихоод 5 сар амьдарсаны дараа мөнгөө өгч чадахгүй гэж хэлж залилж үнэ хөлсгүй амьдраагүй бол би хашаа байшингаа зараад банкны өрөнд орж машинаа хураалгахгүй байсан. Энэ асуудалд иргэн миний бие мөн хохирсон учраас хуулийн дагуу үнэн зөвөөр шийдүүлэх хүсэлтэй байна гэжээ.
Хариуцагч О.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Б миний байшинг авна гээд бүтэн 1 сар хүлээлгэсэн. Надад хэлэхдээ эгч зараа татаад авчихаа би байшинг чинь авья гэж хэлсэн. Тухайн үед би банк бус санхүүгийн байгууллагаас приус 30 машин авчихсан байсан. Тэгээд би 7 000 000 төгрөг төлчихөөд хашаа байшингаа зарж байж мөнгөө төлнө гээд байж байхад С.Б намайг эгч битгий зараарай би авий гэж хэлсэн. Анх би байшингаа 20 000 000 төгрөгөөр зарах гэж байгаад ярьсаар байгаад 18 000 000 төгрөгөөр зарахаар болсон. Тэгээд надтай хүргэн ахаа дагуулж ирж уулзаад авахаар тохиролцсон. Түүнээс хойш 1 сар болсон, мөнгө яасан бэ гэхэд одоо цалингийн зээл бүтэх гэж байгаа, түр хүлээчих гэж хэлсээр байгаад 12 дугаар сарын 17-ны өдөр манай байшинд орж суучихаад мөнгөө өгөхгүй архидан согтуурсан, эмэгтэй хүмүүс цуглуулдаг байсан. Тэгээд хэлэхэд найз хүүхэн нь энэ байшин одоо таных биш С.Б байшин болсон гэж хэлсэн. Би уурхайд ажилдаа ороод яваад өгчихсөн. Энэ хүн надад худлаа хэлж явсаар байгаад би машинаа банк бус санхүүгийн байгууллагад хураалгачихсан. Тэгээд дараа нь мөнгө нэхэхэд зээл бүтэж байгаа удахгүй өгнөө л гээд байсан. Өгөхгүй байхаар нь дахиад нэхэхэд эхнэр нь намайг зодох дөхсөн. Энэ хүн миний алтан цагийг үрсэн. Хэрвээ өөр хүнд зарсан бол ийм асуудал үүсэхгүй байсан. С.Б 4-5 сар манай байшинд байсан. Энэ хүн намайг ашигласан юм уу, өвөл, хаврын улирлыг өнгөрөөж байгаад буцаагаад мөнгө авна гэж бодож байсан юм уу мэдэхгүй байна. Манай байшингаас гараад өөрөө түрээсийн байранд мөнгө төлөөд сууж байгаа. Тэгээд яагаад миний байранд суучихаад мөнгө төлөхгүй гээд байгааг ойлгохгүй байна. Энэ хүний данснаас хүчээр мөнгө аваагүй. Мөнгө үнэхээр хэрэг болсон учраас энэ хүнд байшингаа зарсан. Би 2 500 000 төгрөгийг түрээсэнд авна, үлдэгдэл 4 400 000 төгрөгийг нь төлнө гэв.
Шүүх зохигч талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Б нь хариуцагч О.С холбогдуулан 6 900 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хариуцагч О.С нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч “хашаа, байшинд амьдарсан тул 2 500 000 төгрөгийг хасуулаад үлдэх 4 400 000 төгрөгийг төлнө” гэж татгалзлаа тайлбарладаг.
Нэхэмжлэгч С.Б, хариуцагч О.С нарын хооронд 2019 оны 12 дугаар сарын 10-нд ..........тоотод байрлах хашаа, байшинг 18 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар, үнийг 2 хувааж төлөхөөр тус тус тохирч худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэлээ. Зохигч энэ талаар маргаагүй.
Талууд бичгээр гэрээ байгуулаагүй ба нэхэмжлэгч С.Б нь “урьдчилгаа 8 000 000 төгрөгийг 7 хоногтоо багтааж, үлдэгдэл 10 000 000 төгрөгийг цалингийн зээл аваад 2020 оны 02 дугаар сард өгөхөөр”, хариуцагч О.С нь “урьдчилгаа 50 хувийг /9 000 000 төгрөг/ өнөө маргаашгүй, үлдэгдэл 50 хувийг 2019.12.31-нээс өмнө өгөхөөр” тохиролцсон гэж тус тус зөрүүтэй тайлбарладаг.
Нэхэмжлэгч С.Б нь 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр урьдчилгаа болгож 6 900 000 төгрөгийг хариуцагч О.Сийн дансанд шилжүүлсэн ХААН банкны дансны хуулга хэрэгт авагдсан байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.
Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болдог.
Талуудын тайлбараар, хашаа, байшин худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулаагүй тул бүртгүүлээгүй, өмчлөх эрх худалдан авагч үнийг бүрэн төлж дуусгах хүртэл худалдагчийн өмчлөлд байхаар тохирсон, дээрх хэлцэл нэгэнт цуцлагдсан зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна.
Худалдан авагч С.Б нь хашаа, байшинг худалдан авахаар тохирч, урьдчилгаа 6 900 000 төгрөгийг худалдагч талд шилжүүлж, улмаар өөрийн эзэмшилдээ шилжүүлэн авч ашиглаж байсан боловч тэрээр хэлэлцэн тохирсон үнийг бүрэн төлөөгүй буюу гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс худалдагч О.С гэрээнээс татгалзаж, хашаа, байшингаа буцаан авсан талаар маргаагүй, харин урьдчилгаанд өгсөн 6 900 000 төгрөгийг буцаан төлөх эсэх нь маргааны зүйл болжээ.
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заасан. Нэгэнт хариуцагч О.С гэрээг дуусгавар болгон хашаа, байшингаа буцаан авсан тул тэрээр нэхэмжлэгч С.Б хүлээн авсан 6 900 000 төгрөгийг буцааж өгөх ёстой.
Өөрөөр хэлбэл, шүүх талуудын гэрээнээс татгалзсаны үр дагаврыг нэхэмжлэгч С.Б гаргасан нэхэмжлэлийн дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Харин гэрээний нэг тал үүргээ зөрчсөнөөс шалтгаалж нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй ба хариуцагч О.С нь энэ талаар тайлбарлаж байх боловч сөрөг нэхэмжлэл гаргаагүй тул энэ нэхэмжлэлтэй хамтруулан шийдвэрлэх үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч О.С 6 900 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Б олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Б улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125 350 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.С улсын тэмдэгтийн хураамж 125 350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Б олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНСҮРЭН