Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 2023/ШЦТ/233

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин, улсын яллагч Т.Нансалмаа, шүүгдэгч Т.А*******, түүний өмгөөлөгч Р.Атарцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн 2331004150079 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэнийг 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1997 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн С******* сумд төрсөн, 26 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, гоо сайханч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт У******* хот Ч******* дүүрэг 4-р хороо бага тойруу 47-р байр 12 тоотод оршин суух хаягтай, урд ял шийтгүүлж байгаагүй Б******* овогт Т******* А*******,

Регистрийн дугаар: /*******/

 

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг:

Шүүгдэгч Т.А******* нь Сэлэнгэ аймгийн С******* сумын 4 дүгээр багт байрлах Олон улсын худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг "Bolor home shop" нэртэй дэлгүүрт 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд худалдагчаар ажиллаж байхдаа тус дэлгүүрийн бараанаас завшиж иргэн О.Э 2,000,000 төгрөгийн хохирол учруулсан" гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.А******* мэдүүлэхдээ “...Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Өмнө нь мэдүүлэг өгсөн...” гэв.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Т.А******* нь Сэлэнгэ аймгийн С******* сумын 4 дүгээр багт байрлах Олон улсын худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг "Bolor home shop" нэртэй дэлгүүрт 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд худалдагчаар ажиллаж байхдаа тус дэлгүүрийн бараанаас завшиж иргэн О.Э 2,000,000 төгрөгийн хохирол учруулсан" гэмт хэрэг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 07 дугаар тал/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 дүгээр хх-ийн 22-32, 120-151, 196-204 дүгээр тал/, хохирогч О.Э******* мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 35-40 дугаар тал/, гэрч П.Н******* мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 47-48 дугаар тал/, гэрч П.Э мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 49-50 дугаар тал/, бараа материалын тооцооны баримт /1 дүгээр хх-ийн 11-21, 51-57, 66-69, 86-119 дүгээр тал/, “Пийк ом Аудит” ХХК-ийн шинжээчийн №233100415 тоот дүгнэлт /1 дүгээр хх-ийн 77-82 дугаар тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дүгээр хх-ийн 163 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хх-ийн 164 дүгээр тал/, захиргааны зөрчил хүлээж байсаг эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хх-ийн 165 дугаар тал/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /1 дүгээр хх-ийн 167-169 дүгээр тал/, гэрч Г.Ц мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 186 дугаар тал/, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 88 тоот шинжээчийн дүгнэлт /2 дугаар хх-ийн 16-28 дугаар тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан шүүгдэгч болон хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бусад нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд боломжтой байна гэж шүүх үзлээ.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Шүүгдэгч Т.А******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэргийн улмаас хохирогч О.Э******* хохиролд 2,000,000 төгрөг төлсөн, гомдолгүй гэсэн байх тул шүүгдэгч Т.А*******г энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

шүүгдэгч Т.А******* нь Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан 2,700,000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлөх прокурорын саналыг хүлээн зөвшөөрсөн нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгчид тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Т.А*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан 2,700,000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Т.А******* нь цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаад, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б******* овогт Т******* А*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т******* А*******д 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700.000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан   2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700.000 төгрөгөөр торгох ялаас шүүгдэгч Т.А*******г чөлөөлсүгэй.

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэн ирүүлсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шийтгэх тогтоолыг  гардаж авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Дээр дурьдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ч.МӨНГӨНЦЭЦЭГ