Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/254

 

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,

Улсын яллагч                       А.Эрдэнэдэлгэр

Нарийн бичгийн дарга         А.Энхзул

Шүүгдэгч                                  Г.М******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан Г.М*******ид холбогдох эрүүгийн 2331003000254 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1989 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Х******* аймгийн Т******* суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт, Сэлэнгэ аймгийн Х******* сумын 2 дугаар баг Ж******* гэх газар задгай /хөдөө/ тоотод түр оршин суух хаягтай, албан ёсны хаяг Улаанбаатар хот Сонигино *******  дүүрэг, ******* дугаар хороо, алтан овоо ******* дугаар гудамж, ******* тоот гэх боловч энэ хаягтаа байхгүй гэх, урьд

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 2019/ШЦТ/68 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Х ургийн овогт Г М*******,

Регистрийн дугаар: ,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.М******* нь 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр "миний малыг чононд хазууллаа" гэх шалтгаанаар хохирогч Г.М маргалдаж түүний  нүүрэн тус газар гараараа цохиж нүдний салстад цус харвалт, дагз, тохойнд хавантай, бүсэлхий нуруу, хонгонд цус хуралтын зөөлөн эдийн гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Мягмардож мэдүүлэхдээ: ...Тэр өдөр М ах над руу утасдаж танай ишгийг шөнө чоно идсэн байна, урьд шөнө энэ хавиар чоно ирж хэд хэдэн айлын хот руу дайрсан байна  гэж хэлэхээр нь би ганц нэг юм яахав гэж хэлэхэд ирж үзээ гээд байсан. Тэгээд би очиход нэг ишиг гаргаж үзүүлэхээр нь би “яахав яахав гэж хэлээд, олон байсан бол төлүүлнэ шүү” гэж хэлэхэд уурлаж  “хурга, ишгээ одоо аваад яв” гэхээр нь “та урьдчилж мөнгөө авчихаад юу яриад байгаа юм” гэж бид хоёр маргаж барилцаж авахад нохой нь дайрсан чинь нохойгоо “ту ту” гээд байсан, мод аваад биеэ хамгаалсан чинь М лоом авч над руу дайраад “ална” гээд байсан, би мануухай босгосон жижиг унь байхаар нь түүнийг барьж М цохисон нь үнэн. Тэгээд М  гэртээ ороод хутга аваад ална л гээд байсан авгай нь хориглоод үлдсэн. Би М цохисон нь үнэн, намайг ч бас цохиж миний нүд улайсан байсан. Маргааш нь бид эмнэлэг дээр очих байсан чинь М өөрөө ирээгүй шүү дээ, 4-5 хоногийн дараа үзүүлсэн байсан, өвсөндөө явж байгаад нүүрээ урсан ч билүү хэн мэдэхэв. Эмчилгээний зардал гэж нэхэмжилсэн байна. Би төлөхгүй, тэр хүнийг тэгэж давраахгүй гэж бодож байна. Ганц нэг удаа толгойгоо бариулсан гэж л сонссон...” гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Г.М 2023 оны 09 дүгээр сарын 28-нд  өгсөн: "...2023 оны 09 сарын 07-ны өдөр хадлангийн гэрээгээ сумтай хийж, ойр зуурын ажил амжуулчихаад үдээс хойш 15-16 цагийн орчимд хөдөө гэр рүүгээ харьсан. Гэртээ х байж байтал малчин О малаасаа хүрч ирээд бид хоёрт, урд шөнө манай мал руу чоно ороод М*******ийн 1 ишигийг багалзуурдаж алаад, манай 1 ишигний арьсыг нь хуу татаж гэмтээсэн байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би М*******ийн эхнэр А руу утсаар яриад, урд шөнө манай хот руу чоно ороод танай нэг ишгийг б алчихсан байна шүү, миний дүү ирж харах юм уу, эсвэл зураг хөргийг нь аваад хаячих юм уу гэсэн чинь, би М******* руу ярьж хэлье гэсэн. Түүнээс хойш 17 цагийн орчимд М******* мотоцикль унаад хүрч ирээд, за яасан юу болсон гэнээ гэж асуусан. Урд шөнө манай хот руу чоно ороод танай нэг ишгийг б алчихсан байна гэж хэлэхэд, за та одоо наад ишгээ төлж өгнө дөө гэж гэсэн. Төвсанаа гуайн мал руу чоно ороод манай хурганы сүүлийг нь бас тасдсан байна, би Төвсанаа гуайг төл гэж хэлж чадахгүй. Миний буруу биш учраас чинийхийг ч мөн адил төлж чадахгүй, олон айлын малд чоно орж орсон байна. Тэгэхэд М*******, танайх шөнө малаа харах ёстой гэхээр нь, би шөнөжингөө босоогоороо малын хажууд байна гэж байхгүй, чи маргааш ирж ялгаж аваарай гэхэд танайх нэг сар харах ёстой биз дээ гэхээр нь манай эхнэр, танай эхнэр хоёр ярилцахдаа 20 хоног л харна гэж тохирсон байна лээ. Үлдсэн хоногийн мөнгийг чинь буцааж өгнө гэх хэлэхэд М*******, чи яасан олон үгтэй пизда вэ гэж хэлээд миний нүүр рүү гараараа цохиж унагасан. Би босож ирээд бид зууралдаж авсан. Миний хоолойг заамдаж боосон, эсэргүүцэх гэсэн боловч миний хоёр гар түүний биед хүрч чадахгүй байсан. Учир нь М******* надаас хамаагүй өндөр биетэй юм билээ. М******* нэг гараараа заамдаж баруун гараараа 10 гаруй удаа цохиж, миний ам, хамраас цус гоожоод би доош тонгойгоод байж байтал манай нохой гүйж ирээд хуцаад намайг өмөөрч М******* руу дайрахад тэр намайг тавьсан. Би газарт байсан хуурай улиасны үзүүрийг авч М******* руу далайгаад цохьтол мод түүний биед хүрээгүй. Энэ үед эхнэр хүрч ирээд яах гээд байна гэж хэлээд намайг дагуулж гэр рүү оруулсан. Би цусаа арчиж цэвэрлээд байж байтал эхнэр гадна ишигнээс болж хэрүүл хийгээд, маргааш малаа ав гэж хэлж байхаар нь би гэрээс гараад, чи маргааш малаа аваарай пизда минь гэж хэлэхэд М*******, энэ ер нь авгай шиг олон үгтэй пизда вэ гэж хэлээд малын хашаанд өлгөж мануухай хийдэг унийг сугалж ирээд, толгой руу цохиход би ухаан балартаад газарт унасан, эхнэр маань намайг татаж босгох үед би сэргэсэн. Гэтэл М******* дахиж унагаад нуруун дээр сууж байгаад хүзүүг чинь хуга мушгичихая гээд эрүүнээс татаж мушгиад байсан. Дараа нь нүдийг чинь сохолчихоё гэж хэлээд нүд ухаад байсан. Энэ хооронд манай эхнэр М*******ийг араас нь татаж босгох хооронд, би ер нь энэ нөхөрт алуулах юм байна гэж ойлгоод гэр рүүгээ зугтаж ороод дахиж гараагүй. Гадна манай эхнэр М*******той ярилцаж байгаад М******* явах шиг болсон..." гэх мэдүүлэг, /хх-ийн 14-15 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч М.Мөгийн 2023 оны 09 дүгээр сарын 28-нд  өгсөн: "...Гэртээ х байж байтал манай малчин О гаднаас орж ирээд, урд шөнө чоно хот руу орж ирээд М*******ийн 1 ишгийг б алчихаж, энэ хавийн 4-5 айлын хот руу дайрсан байна гэж ярьсан. Үүнийг сонсоод М М******* руу утсаар ярьж болсон үйл явдлыг сонсгож хэлсэн. 17 цагийн орчимд М******* манай гадна мотоцикльтай хүрч ирсэн. Би гэртээ тогоо нэрж байсан. М*******, М хоёр урд түлээний дэргэдэх үхсэн ишигний хажууд ярилцаж, аль алиных нь дуу нь чангараад эхэлсэн. М, маргааш ирж хурга, ишгээ аваарай гэж хэлэхэд М*******, юу яриад байгаа юм танайх сар харах ёстой гэж хэлсэн. Би аарцаа шүүж байгаад М*******ид, А бид хоёр 20 хоног л харна гэж тохирсон гэж хэлсэн. Тэд надаас нэлээд зайтай байсан. М*******, авгай шиг яасан олон үгтэй пизда вэ гээд мотоциклоосоо бууж харагдсан. Би гэр орчихоод буцаад гараад М*******, М хоёр барьцалдчихсан, М******* манай нөхрийг заамдчихсан, М гар хий сарвалзаж харагдахаар нь би гүйгээд очсон. Намайг очиход манай нөхрийн ам, хамраас нь цус гарчихсан, М******* зүүн гараараа заамдаад баруун гараараа доороос нь цохиод, М тонгойгоод нүүрээ хамгаалахыг оролдож байсан. Намайг очих үед манай нохой эзнээ өмөөрч М******* руу дайрч боорлоход М******* манай нөхрийг тавьж нохойг өшиглөж эхэлсэн. Гэтэл М газарт байсан хуурай мөчрийг авч М*******ийг цохих гэхэд нь би дундуур нь ороход модны үзүүр нь миний гар дээр онож хугарсан. Би М яахгээд дэмийрээд байгаа юм ор гэж хэлээд гэр рүү оруулсан. Нөхрийгөө оруулчихаад М*******ид ишиг, хургаа аваарай гэж хэлсэн. М тэр үед гэрээс гарч ирээд ишгээ аваарай пизда минь гэж хэлэхэд, яасан олон үгтэй авгай шиг пизда гэж хэлээд малын хашаанд хавчуулсан байсан укиг авч М толгой руу нь цохиход унь нь хугарсан, дараа нь барьж доош харуулж унагаад хугарсан унины хугархайгаар нь нуруу, бөгс рүү нь цохиж эхэлсэн. Тэгээд М*******, хүзүүг чинь хуга мушгичихая гээд эрүү, дагз хоёроос эргүүлж татаж эхэлсэн. М царай цайгаад нэг их эвгүй болчихсон. М*******ийг болиоч чи хүн аллаа гэж араас нь татаж салгатал, манай нөхөр босоод гэр рүүгээ зугтаж орсон. М******* бид хоёр гадна маргалдаад үлдсэн. Би түүнд, ишиг, хурга манайд тавих асуудлыг би чамтай яриагүй, танай эхнэр чинь л гуйгаад байхаар нь авчихсан чинь өөртөө лай хураачихлаа, үхсэн ишгийг чинь төлөөд өгчихнө гэж маргаж байтал тэр яваад өгсөн. Дараа нь 2023 оны 09 сарын 12-ны өдөр эхнэр А нь ирж ишиг, хургаа ялгаж аваад явсан. Би үхсэн ишигний оронд нь 1 ишиг өгөөд явуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/,

Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 327 дугаартай шинжээчийн “ Г.М биед нүдний салстад цус харвалт, дагз, тохойнд хавантай, бүсэлхий нуруу, хонгонд цус хуралтын зөөлөн эдийн няцралын гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Уг гэмтэл нь шинээр үүссэн тухайн цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 29-30 дугаар хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тухай прокурорын тогтоол /хх-ийн 37-42 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 04 дүгээр хуудас/,

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт /хх-ийн 32 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох баримтууд

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 54 дүгээр хуудас/,

Шүүгдэгчийн үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 57 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 56 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн авто тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 55 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн урьд захиргааны зөрчил хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51 дүгээр хуудас/,

Шүүгдэгчийн урьд эрүүгийн шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52 дугаар хуудас/

Хавтаст хэргийн материал танилцуулсан баримт /хх-ийн 64-65 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж *******лээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Г.М******* нь 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр "миний малыг чононд хазууллаа" гэх шалтгаанаар хохирогч Г.М маргалдаж нүүрэн тус газар гараараа цохиж нүдний салстад цус харвалт, дагз, тохойнд хавантай, бүсэлхий нуруу, хонгонд цус хуралтын зөөлөн эдийн гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.М өгсөн “...М******* нэг гараараа заамдаж баруун гараараа 10 гаруй удаа цохиж, миний ам, хамраас цус гоожоод би доош тонгойгоод байж байтал манай нохой гүйж ирээд хуцаад намайг өмөөрч М******* руу дайрахад тэр намайг тавьсан. Би газарт байсан хуурай улиасны үзүүрийг авч М******* руу далайгаад цохьтол мод түүний биед хүрээгүй. Энэ үед эхнэр хүрч ирээд яах гээд байна гэж хэлээд намайг дагуулж гэр рүү оруулсан. Би цусаа арчиж цэвэрлээд байж байтал эхнэр гадна ишигнээс болж хэрүүл хийгээд, маргааш малаа ав гэж хэлж байхаар нь би гэрээс гараад, чи маргааш малаа аваарай пизда минь гэж хэлэхэд М*******, энэ ер нь авгай шиг олон үгтэй пизда вэ гэж хэлээд малын хашаанд өлгөж мануухай хийдэг унийг сугалж ирээд, толгой руу цохиход би ухаан балартаад газарт унасан, эхнэр маань намайг татаж босгох үед би сэргэсэн. Гэтэл М******* дахиж унагаад нуруун дээр сууж байгаад хүзүүг чинь хуга мушгичихая гээд эрүүнээс татаж мушгиад байсан. Дараа нь нүдийг чинь сохолчихоё гэж хэлээд нүд ухаад байсан. Энэ хооронд манай эхнэр М*******ийг араас нь татаж босгох хооронд, би ер нь энэ нөхөрт алуулах юм байна гэж ойлгоод гэр рүүгээ зугтаж ороод дахиж гараагүй....” гэх  мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч М.Мөгийн өгсөн: "... Намайг очиход манай нөхрийн ам, хамраас нь цус гарчихсан, М******* зүүн гараараа заамдаад баруун гараараа доороос нь цохиод, М тонгойгоод нүүрээ хамгаалахыг оролдож байсан. Намайг очих үед манай нохой эзнээ өмөөрч М******* руу дайрч боорлоход М******* манай нөхрийг тавьж нохойг өшиглөж эхэлсэн. Гэтэл М газарт байсан хуурай мөчрийг авч М*******ийг цохих гэхэд нь би дундуур нь ороход модны үзүүр нь миний гар дээр онож хугарсан. Би М яахгээд дэмийрээд байгаа юм ор гэж хэлээд гэр рүү оруулсан. Нөхрийгөө оруулчихаад М*******ид ишиг, хургаа аваарай гэж хэлсэн. М тэр үед гэрээс гарч ирээд ишгээ аваарай пизда минь гэж хэлэхэд, яасан олон үгтэй авгай шиг пизда гэж хэлээд малын хашаанд хавчуулсан байсан укиг авч М толгой руу нь цохиход унь нь хугарсан, дараа нь барьж доош харуулж унагаад хугарсан унины хугархайгаар нь нуруу, бөгс рүү нь цохиж эхэлсэн. Тэгээд М*******, хүзүүг чинь хуга мушгичихая гээд эрүү, дагз хоёроос эргүүлж татаж эхэлсэн. М царай цайгаад нэг их эвгүй болчихсон. М*******ийг болиоч чи хүн аллаа гэж араас нь татаж салгатал, манай нөхөр босоод гэр рүүгээ зугтаж орсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/,

Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 327 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 29-30 дугаар хуудас/ зэрэг хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар шүүгдэгч Г.М*******ийн үйлдсэн хэрэг нь нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч Г.М*******ийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Иймд шүүгдэгч Г.М*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна гэж үзэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Хохирогч Г.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд нийт 8 удаа бариа хийлгэсэн, 1 бариа нь 15000 төгрөг болж байна гэх боловч хуульд заасны дагуу шүүхэд ирүүлсэн нотлох баримт байхгүй тул энэ шүүх хуралдаанаар хохирлын нэхэмжлэлийг гаргуулж шийдвэрлэх боломжгүй байна. Иймд хохирогчийг нотлох баримтыг бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүгдэгч Г.М*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт заасан  ... “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу, шүүгдэгч Г.М******* гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас  долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ...Энэ хуулийн тусгай ангид хорин ялын дээд хэмжээг таван жил хүртэл, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ... гэж тус тус заажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон  Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Шүүгдэгч Г.М*******ид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон шүүгдэгч Г.М*******оос.... би хохирогч Г.М цохисон нь үнэн, гэхдээ хохирол төлөхгүйгээ, тэрийг давраахгүй гэж  мэдүүлж байгаа болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч Г.М*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,300.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Г.М*******ийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Г.М******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавихыг харъяалах шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Энэ хэргийн улмаас битүүмжлэгдсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй бөгөөд шүүгдэгч Г.М*******ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, дэх хэсэг, *******.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, *******.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, *******.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, *******.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, *******.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, *******.10 дугаар зүйлд заасныг тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х ургийн овогт Г М*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Х ургийн овогт Г М*******ид 1300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,300.000 /нэг сая гурван зуу/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар  шүүгдэгч Г.М*******ийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар  шүүгдэгч Г.М******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Хохирогч Г.М нь энэ гэмт хэргийн улмаас учирсан эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6. Шүүгдэгч Г.Мярмардоржийн хэрэгт битүүмжлэн ирүүлсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, энэ шийтгэх тогоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ч.МӨНГӨНЦЭЦЭГ