| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 164/2023/0149/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/160 |
| Огноо | 2023-12-15 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Гүнжидмаа |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 2023/ШЦТ/160
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Лхамбаасан
Улсын яллагч Х.Гүнжидмаа
Хохирогч О.С
Шүүгдэгч Ц.Бгийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм, М.Энхзаяа
Шүүгдэгч Б.Ггийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан
Шүүгдэгч Б.Г, Ц.Б
Шинжээч эмч Д.Даваахүү нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Г, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц.Б нарт холбогдох 2316001800170 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, халх, ...-ны өдөр төрсөн, ... настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Говь-Алтай аймгийн .... багт оршин суух хаягтай, ... регистрийн дугаартай, урьд ял шийтгэлгүй, Х овогт Б.Г.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, халх, ...-ны өдөр төрсөн, ... настай, эмэгтэй, дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт амьдардаг, Говь-Алтай аймгийн ... багт оршин суух хаягтай, ... регистрийн дугаартай, урьд ял шийтгэлгүй, Н овогт Ц.Б.
Холбогдсон хэргийн талаар: Говь-Алтай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Гг 2023 оны 08 дугаар сарын 26-ны өдөр тус аймгийн ... нутаг ... гэх газарт малаа малтай нийлүүллээ, малаа авсангүй гэх зүйлээр шалтаглан хэрүүл маргаан үүсгэн Ц.Б руу чулуу шидэж, эрүүл мэндэд зүүн талын 8, 9-р хавирганы далд зөрөөгүй хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Ц.Бг 2023 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Говь-Алтай аймгийн ... гэх газарт малаа малтай нийлүүллээ, малаа авсангүй гэх зүйлээр шалтаглан хэрүүл маргаан үүсгэн О.Сг түлхэж газарт унагаж, дээр нь гарч хоёр гарыг нь барьж нүүрэн хэсэгт нь гараараа алгадаж, цохиж, толгойн хэсэг рүү нь цохиж, өшиглөсний улмаас тархины доргилт, баруун бугалга, бүсэлхий, зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэмээн үзэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл 2023 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Говь-Алтай аймгийн ... гэх газарт шүүгдэгч Ц.Б, хохирогч О.С нар нь “...малаа малтай нийлүүллээ. Малаа харсангүй...” гэх маргаанаас болж хэрүүл маргаан үүсгэн зодолдож, улмаар Ц.Б нь О.Сг түлхэж, газарт унагаж, дээр нь гарч 2 гарыг нь барьж, нүүрэн хэсэгт нь гараараа алгадаж цохиж, толгойн хэсэг рүүгээ цохиж өшиглөсний улмаас О.Сий биед тархины доргилт, баруун бугалга, бүсэлхий, зүүн гуянд цус хуралт бүхий гэмтэл учруулсан. Мөн шүүгдэгч Б.Г нь эхнэрийг зодлоо гэснээр шалтаглан Ц.Б руу чулуу шидэж эрүүл мэндэд нь зүүн талын 8, 9 дүгээр хавирганы далд зөрөөгүй хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна. Энэ нь хүний халдашгүй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хохирол санаатай учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.
1.Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Хохирогч О.Сд учирсан хөнгөн хохирлыг шүүгдэгч Ц.Б учруулсан гэм буруутай болох нь:
Шүүгдэгч Ц.Бгийн “Би өмнө нь хоёр, гурван удаа мэдүүлэг өгсөн. Буруугаа хүлээж мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна” гэсэн мэдүүлэг,
Түүний асуултад хариулж мэдүүлсэн: “...Өмнөх орой нь Б.Г, О.С нарт “... Мал нийлчихсэн байна. Малаа хар...” гэж хэлсэн. Малаа харахгүй байсан. Би очоод малаа ялгаад авахгүй яасан юм бэ гээд шаардлага тавихад “...Ялгахгүй байхгүй яасан юм бэ. Очоод ялгачихна. Балай авгай минь...” гэсэн. Тэгэхээр нь миний уур хүрээд О.Сг цохисон нь үнэн. Би буруугаа хүлээж байна...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Шүүгдэгч Ц.Бгийн мөрдөн байцаалтад хохирогчоор өгсөн: “...Би очоод танайх өчигдөр малаа ялгаж авна гэсэн чинь яасан бэ гэж хэлсэн чинь О.Сувд- Эрдэнэ над руу балай айлгүй авгай минь малаа ялгахгүй байж байхгүй яасан юм бэ гэж хэл амаар доромжлоод байхаар нь би О.Сийн толгой руу нь гараараа түлхээд авсан чинь Б.Г нь миний хоёр гараас барьж аваад О.С нь над руу чулуу шидээд байсан. Тухайн чулуу нь миний бөөр болон гуя хэсэгт цохисон. О.Сийн шидсэн чулуу нь Б.Ггийн толгой хэсэгт цохисон чинь Б.Гн эхнэр О.С лүү чи надыг чулуугаар цохичихлоо гэж хэлээд миний гарыг тавихаар нь би О.Сг очоод түлхсэн чинь газарт О.С унасан. Тэгээд би очоод дээр нь хоёр гарыг нь бариад сууж байсан чинь О.С миний толгой хэсэгт хөлөөрөө 2 удаа өшиглөхөөр нь би ээж шигээ хүнийг цохилоо гэж хэлээд нүүр хэсэг рүү нь гараараа цохисон. О.Сийн нүүр хэсгээс цус гарсан. Б.Г нь миний араас чулуугаар цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 59-р хуудас/,
Хохирогч О.Сий шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...08 дугаар сарын 25-ны өдөр Ц.Б эгч над руу зурвас бичсэн. “...Малаа аваач. Мал чинь дээгүүр даваад ирлээ...” гэхээр нь би “...Гэрээ ачаад доош нь нүүлгэх гэсэн чинь машины дугуй хагарчихлаа...” гэсэн. Тэгсэн жижиг машинаараа малаа хараач гэсэн. Би “...Жижиг машины юмыг машинд аваад тавьчихсан. Хоёр дугуй нь давхраараа хагарчихсан. Нялх хүүхэдтэй. Гэрээ буулгачхаад ирье. н.Мөнхөө ах хээр таараад “...Мал чинь энд байж байгаа юм чинь гайгүй байлгүй. Гэрээ авааччихаад ир...” гэсэн гээд хэлсэн чинь “...Чи малаа хараач балай авгай минь. Алхаад хараач чи. Яс нь тараад уначихсан биш...” гээд намайг харааж эхэлсэн. Би өмнөөс нь ганц нэг зурвас бичсэн. Бид 2 гэрээ барьчхаад машин дээрээ ирсэн чинь хонь өөр газар байсан. Намайг баахан доромжилсон байсан. Тэгэхээр нь би “... Та л тэгж явж үзсэн юм байлгүй. Би тэгж явж үзээгүй...” гэсэн чинь маргааш өглөө нь машинтайгаа ирээд машинаасаа бууж ирээд “...Чи яахаараа миний өөдөөс юм хэлдэг юм. Ээж шигээ хүний өөдөөс үг хэлэх ёс байхгүй...” гээд үсдээд машин руу мөргүүлсэн. Тэгсэн манай нөхөр салгасан. Манай нөхрийн хажуугаар над руу чулуу шидээд байхаар нь чулуу нь оночих вий гээд айсандаа чулуу шидсэн. Тэгсэн манай нөхрийн толгой дээр оносон. Тэгж байтал н.Б.Х ах ирсэн. Ц.Б эгч намайг газарт унагаагаад цохиж зодоод байсан. н.Б.Х ах манай нөхрийн хажууд байгаад байсан. Би салгадаггүй юм байхдаа гэж бодоод харсан н.Б.Х ах манай нөхрийг босгохгүй байгаа бололтой арагш нь татаад байсан. н.Б.Х ах “... Уураа гартал зодож байг...” гэж байсан. Намайг “...Чам шиг юмыг алсан ч өнчин ишигний амь хүрэхгүй. Чамайг алсан ч яадаг юм...” гэсэн. Зурвас бичихдээ “...Хүүхэд цувуулахаас өөр юм мэдэхгүй гэрийн авгай. Малныхаа араас гишгэчхэж чадахгүй...” гээд доромжлоод байсан. Би “... Та л тийм юм байлгүй. Би тэгж явж үзээгүй шүү...” гэсэн. Тэгсэн “...Чи ээж шигээ хүнийг доромжиллоо. Ална шүү...” гэсэн. Тэгээд өглөө нь машинтайгаа ирж зодсон” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Шүүгдэгч Б.Ггийн шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхийг зөвшөөрч мэдүүлсэн: “Манайх зуслангаасаа нүүгээд явж байсан. Хонио орхичхоод яваад шөнө эргээд ирэхэд Ц.Бгийн мал руу 30-аад мал нийлсэн, манай мал өөр буудал дээр очоод хэвтсэн байсан. Би маргааш нь малаа тууж гаргачхаад машин эвдэрчихээр нь машинаа янзлах гээд сууж байсан чинь Ц.Бгийн хонь манай зуслангийн доороос гарч ирээд Ц.Б дээгүүр нь тойроод манайд машинтайгаа ирсэн. Шууд машинаасаа бууж ирээд манай эхнэрийг үсдээд машин мөргүүлсэн. Тэгэхээр нь би “...Та яаж байна аа...” гэсэн. Манай эхнэр Ц.Б эгч хоёр өмнөх өдөр нь фэйсбүүкээр хэрэлдээд байсан. Би “...та 2 чинь нүүж байхад ямар сонин юм бэ...” гээд Ц.Б эгчийг “...Та яв. Битгий муудалцаад бай...” гээд салгаад явуулах гэж зөндөө үзсэн. Салахгүй байсан. Ц.Бг би зодолдуулахгүй гээд барьж байсан. Манай эхнэр нэг чулуу аваад шидсэн. Намайг оночихсон. Тэгээд Ц.Бгийн нөхөр нь ирсэн. Би “... Эхнэрээ аваад яваач. Зодолдох шаардлага юу байна...” гэсэн чинь нөхөр нь “...Ууртай хүмүүс уураа гартал зодолдож байг. Нэгнээ алчихгүй байлгүй. Муу авгайчууд...” гээд намайг барьчхаад босгохгүй байсан. Манай эхнэрийн нүүр нь цус болчихсон байхаар нь хүн аллаа гээд жижиг чулуу аваад шидсэн Ц.Б эгчийн ууцан дээр нь цохисон. Тэгсэн нөхөр нь намайг зөрүүлээд цохисон. Би “...Та нар юмаа мэдэж байвал өөрсдөө мэд...” гээд суусан. Манай эхнэрийн толгой өвдөөд болохгүй байна гэхээр нь сум орж үзүүлсэн. Толгой нь хавантай, хөдөлсөн байна гэсэн. Өвчин намдаах эм авчирч уусан. Тэр шөнө нь манай эхнэр унтахгүй байсан. Маргааш өглөө нь Ц.Б эгч, н.Мөнхөө ах хоёрт “...Манай эхнэр унтахгүй, толгой нь өвдөөд байна. Та 2 очоод тэр хүнээ хараарай. Өөрсдөө хариуцлагаа хүлээгээрэй...” гэж хэлсэн. н.Мөнхөө ах “...Бааштай хүн баашилж байгаа. Тэгж байгаад зүгээр болчих байх. Зодуулж үзээгүй авгайчууд тэгж л байдаг юм...” гэж хэлсэн. Ц.Б эгч намайг очиход хонио хураагаад явж байсан. Ц.Б эгч “...Чи цагдаад өгсөн байна...” гэж хэлсэн. Би “...Та 2 муудалцаад байсан. Тэр хүн чинь бие нь өвдөөд унтахгүй байна. Би таны ар ууцан дээр чинь чулуугаар цохичихсон шүү...” гэж хэлчхээд явсан. Санаатай цохиогүй. Манай эхнэрийг зодоод болохгүй байсан. Нөхөр нь намайг барьчхаад босгохгүй байсан. Тэгэхээр нь би “...Нийлээд хүн аллаа...” гээд чулуу аваад шидсэн. Ц.Б эгчийн ууцан дээр цохичихсон. Нөхөр нь намайг эргүүлээд уруулан дээр цохисон. ...Манай эхнэр доор нь орчихсон. Ц.Б эгч дээр нь гарчихсан цохиж байсан гэсэн мэдүүлэг, /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад Д.Даваахүүгийн 2023 оны 09 дүгээр сарын 05-ний өдрийн 236 дугаартай “...О.Сийн биед тархины доргилт, баруун бугалга, бүсэлхий, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн хэрэг гарсан үед үүссэн байх боломжтой гэмтэл байна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонго алдалтанд нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ” гэх дүгнэлт /хх-ийн 21-22-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Ц.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.
Хохирогч Ц.Бд учирсан хүндэвтэр хохирлыг шүүгдэгч Б.Г учруулсан гэм буруутай болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт Ц.Бгийн асуултад хариулж мэдүүлсэн: “...Б.Г нь миний ууц руу цохиод хавирга гэмтээсэн. Би өвчин намдаах эм уугаад, айл саахалт хүмүүс байна шүүх цагдаа гэхгүй байх гээд гэртээ гүрийгээд байсан. Тэгсэн цагдаагаас аймаг дээр дуудсан. Аймагт ирэхэд нурууныхаа зургийг авахуул гэсэн. Тэгээд авхуулахад 2 хавирга хугарсан байсан. Сар гаруй хүнд юм өргөж болохгүй, аргал түлш түүж болохгүй, ямаагаа сааж чадахгүй хэцүү байсан. Өвчин намдаах эм, кальци, витамин уусан. Намраас хойш нааш цааш их явахад хэцүү байсан. Намраас хойш нааш цааш явсан бензиний мөнгө болон эм тарианы мөнгө байгаа. Дараа нь нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Шүүгдэгч Б.Ггийн шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхийг зөвшөөрч мэдүүлсэн: “...Ц.Б эгч “...Чи цагдаад өгсөн байна...” гэж хэлсэн. Би “...Та 2 муудалцаад байсан. Тэр хүн чинь бие нь өвдөөд унтахгүй байна. Би таны ар ууцан дээр чинь чулуугаар цохичихсон шүү...” гэж хэлчхээд явсан. Санаатай цохиогүй. Манай эхнэрийг зодоод болохгүй байсан. Нөхөр нь намайг барьчхаад босгохгүй байсан. Тэгэхээр нь би “...Нийлээд хүн аллаа...” гээд чулуу аваад шидсэн Ц.Б эгчийн ууцан дээр цохичихсон. Нөхөр нь намайг эргүүлээд уруулан дээр цохисон. ...Манай эхнэр доор нь орчихсон. Ц.Б эгч дээр нь гарчихсан цохиж байсан. Доор нь орчихсон хүн хавиргыг нь хугалаагүй байх. Би чулуу шидсэн. Шидсэн чулуу ууцан дээр оносон” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Шүүгдэгч Ц.Бгийн мөрдөн байцаалтад хохирогчоор өгсөн: “...Миний биед гэмтэл учирсан. Миний зүүн талын 2 хавирга хугарч, цээж болон ар нуруу хэсэгт хөх няц болсон байсан. Мөн амьсгаа авч болохгүй байсан. О.С миний бөөр лүү чулуугаар цохисон. Толгой руу хөлөөрөө өшиглөсөн. Б.Г нь надыг чулуугаар цохиж 2 хавиргыг хугалсан байсан. Босож суухаар нуруу болон хавирга хэсэг рүү өвдөөд хүнд зүйл өргөж болохгүй байгаа. Мөн байнга өвчин намдаах эм ууж наалт нааж байгаа. Би гомдол саналтай байна. Ирж очих зардал болон эм тарианы мөнгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 59-р хуудас/,
Гэрч Б.Хын мөрдөн байцаалтад өгсөн: “...Намайг очсоноос хойш Б.Г нь Ц.Бг толгойгоо дарж сууж байгаад намайг мотоцикл данхраадах хооронд нилээн том 1 кг орчим чулуу гараараа өргөж байгаад зүүн талын далны доод хэсэгт 3 метр орчмоос шидчихсэн. Тэгээд Ц.Б дуу алдаад сөхөрч суугаад боссон. Тэгэхээр нь би Б.Гг заамдаж авч түлхэж унагаагаад ээж шигээ эмэгтэй хүнийг яаж байгаа юм боль чи гээд явуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 78-79-р хуудас/,
Шинжээч Д.Даваахүүгийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Хавирга анатомийн бүтцээрээ урдаасаа яваад ард тал хүртэл явдаг бүтэцтэй байгаа. Өвчүүнээс аваад ууц хүртэл явдаг байгаа. Шинжээчийн дүгнэлт дээр зүүн талын 8,9 дүгээр хавирган эгэмний дунд шугамаар ард талдаа гэсэн байгаа. Эгэм гэхээр урд тал гэж ойлгоод байх юм. Эгэмний дунд шугамаар ард талдаа хавирга хугарсан байгаа. Энэ нь гэмтлийн зэрэг тогтоох журмаараа хүндэвтэр гэмтэлд хамаардаг. Нэгээс дээш хавиргыг олон хавирга гэж нэрлэдэг. Олон хавирганы хугарал гэдгээр нь хүндэвтэр гэмтэлд хамааруулдаг. Олон улсын 10 дугаар ангиллын онош нь их сонин байдаг. S1 S2 гэхээрээ чээжний зөөлөн эдийн гэмтэл гээд явчихна. Гаднаас нь харахад хөхрөлт байдаг. Цаад талд нь юу болсныг хардаг зүйл нь рентген, компьютер томограф юм. Ц.Бд би чээжний рентген зургийг заавал авхуулах хэрэгтэй гэж хэлсэн. Цаашлаад хавирганы хугарна байж магадгүй гээд онош тодруулахаар рентген зураг авхуулсан. Тэгээд рентген зургаар хугарал нь гарч ирсэн байгаа. Зөөлөн эдийн гэмтлээр нь явуулж болохгүй. Үзлэг хийхэд хөндүүр ихтэй байсан. Хавирганы хавиралдах шинж нь өндөр байсан болохоор рентген зураг авхуул гээд явуулсан. Би Б.Гн хажууд байгаагүй болохоор хараагүй. Тэгэхдээ далайлтын хүч гэж байдаг. Шидэлтээсээ хамаараад хүч нь өөр. Алслагдах тусмаа хүчээ авдаг. Порекц нь бол адилхан байгаа. Тэгэхээр цохисон хүчнээс үйлчилж хугарал үүссэн байх боломжтой гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Д.Даваахүүгийн “...2023 оны 09 дүгээр сарын 08-ний өдрийн 246 дугаартай “...Ц.Бгийн биед зүүн талын 8, 9-р хавирганы далд зөрөөгүй хугарал, зүүн хөхөнд цус хуралт, зүүн даланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн хэрэг гарсан үед үүссэн байх боломжтой гэмтэл байна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийн хүндэвтэр зэрэгт хамаарна ” гэх дүгнэлт /хх-ийн 29-30-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Харин шүүгдэгч Б.Гн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал тогтоогдоогүй байна гэж үзэж байгаа. Гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр мөн гэмт хэрэг гарсан байдал, эрүүгийн гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, шинж чанар, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл нь тогтоогдоогүй...” гэсэн дүгнэлт үндэслэлгүй байна.
Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Б.Гг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. Уг гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэнэ. Харин шүүгдэгч Ц.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй, харин шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч Б.Гн өмгөөлөгчийн зүгээс “...Эхнэр Ц.Бг нь яллагдагчаар татсан үедээ гэр бүлийн хамаарал бүхий хүнээс мэдүүлэг авахдаа мэдүүлэг өгөхгүй байх эрхийг танилцуулаагүй авсан учраас н.Б.Хын мэдүүлгийг аль нэг талд нь эсрэг байдлаар ашиглах боломжгүй” гэсэн дүгнэлт гаргаж байна.
Уг гэмт хэргийн улмаас Ц.Бгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд Ц.Б нь нотлох баримтаар хохирол нэхэмжлээгүй, цаашид нэхэмжилнэ гэсэн учраас нотлох баримтаа бүрдүүлээд иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, хохирогч О.Сий шүүх хуралдаанд гаргаж өгсөн 8 ширхэг нэмүү өртгийн албан татварын баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй тухайлбал зарим баримт нь гэмт хэрэг үйлдэгдэхээс өмнө буюу 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр АИ-92 бензин авсан, зарим баримтууд энэ хэрэгт хамааралгүй байна гэж үзээд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Хохирогч О.С нь цаашид нэхэмжлэх зүйлгүй гэж шүүх хуралдаанд мэдүүлснийг дурдах нь зүйтэй байна.
Мөн хохирогч О.Сий гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан 45,500 төгрөгийг шүүгдэгч Ц.Бгаас, хохирогч Ц.Бгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан 65,000 төгрөгийг шүүгдэгч Б.Ггаас тус тус гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн тухайд хавтаст хэргийн 55 дугаар хуудсанд О.Сийн сэтгэцэд учирсан хохирлыг 2 дугаар зэргийн ангилалд хамааруулсан бөгөөд хохирогч О.С үүнийг хүлээн зөвшөөрсөн байх тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 2,750,000 төгрөгийг шүүгдэгч Ц.Бгаас гаргуулж хохирогч О.Сд олгохоор, харин Ц.Бгийн биед учирсан хүндэвтэр хохирлын улмаас сэтгэцэд учирсан хохирлыг мөрдөгч 2 дугаар зэрэглэлд хамруулаад уг хүснэгтийг танилцуулахдаа хүлээн зөвшөөрөөгүй гэж гарын зуруулсан байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шинжээчийн дүгнэлтээр сэтгэцэд учирсан хохирлыг тогтоохоор журамласан байх тул Ц.Бгийн сэтгэцэд учирсан хохирлыг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.
Шүүгдэгч Б.Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ц.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэм буруутайд тус тус тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Г, Ц.Б нарын тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар, шүүгдэгч Б.Ггийн хувьд шүүгдэгч Ц.Бгийн зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, тус бүрт оногдуулсан торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Ггийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан шүүх хуралдаанд “...Зодоон, маргаан болсон нөхцөл байдалд Б.Гн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалт гэж үзэж боломжтой. ...Яллах дүгнэлтэд бичсэн шиг хэрүүл маргаан үүсгээд Ц.Бд санаатайгаар хүндэвтэр гэмтэл учруулсан гэж үзэхэд эргэлзээтэй байна. Шүүгдэгч Б.Гд ашигтай байдлаар шийдээд, гэм буруугүйд тооцож өгнө үү...” гэсэн дүгнэлтийг гаргаж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй.” гээд 3 дахь хэсэгт “Аргагүй хамгаалалтыг бусдын хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийнэ. Довтолгоо төгссөн хойно хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцохгүй...” гэж хуульчилжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэг авагдсан нотлох баримтууд, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй шүүгдэгч Б.Ггийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэрэгт үндэслэн дүгнэлт хийхэд шүүгдэгч Б.Г нь довтолгоо төгссөн хойно Ц.Б руу чулуу авч шидсэн. Энэ үйлдлийн улмаас хохирогч Ц.Бд хүндэвтэр гэмтэл учирсан байна гэж үзлээ. Ийм учраас аргагүй хамгаалалтад тооцож өгнө үү гэсэн шүүгдэгч Б.Гн өмгөөлөгч Ж.Мөнхнасангийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.
Яллах дүгнэлтэд шүүгдэгч Ц.Бг Ц.Б гэж зөрүүтэй бичсэн бөгөөд яллах дүгнэлтийн хавсралтад овог зөрүүтэй талаарх лавлагааг 153-156 дугаар хуудас гэжээ. Гэвч эдгээр хуудаст авагдсан баримтаар Ц.Б болох нь тогтоогдож байгааг тэмдэглэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан болон хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Номч овгийн Цэнгэлийн Ц.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Харнууд овгийн Бат-Очирын Б.Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүгдэгч Ц.Бг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.Гд оногдуулсан 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550,000 төгрөгөөр торгох ял тус бүрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Г, Ц.Б нарт мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г, Ц.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Хохирогч О.Сий нэхэмжилсэн 230,880 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ц.Бгаас гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр 2,750,000 төгрөгийг гаргуулж хохирогч О.Сд, 45,500 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд, шүүгдэгч Б.Ггаас 65,000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгуулж, Ц.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон эрүүл мэндэд учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7. Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардаж авсан өдрөөс хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Г, Ц.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА