Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 1049

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2018/00534

 

 

 

Д.Д-, Д.Д+ нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2018/00669 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Д.Д-, Д.Д+ нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч Ч.Бт холбогдох

 

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 46 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Б

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

            Нэхэмжлэгч Д.Д-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Д- нь 2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Чех Улсаас Мерседес бенз актросс 1835 загварын 2001 онд үйлдвэрлэсэн улаан өнгөтэй ачааны зориулалттай тээврийн хэрэгслийг Монголд оруулж ирсэн. Д.Д- нь 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдөр өөрийн төрсөн дүү Д.Дамдинбазарт уг тээврийн хэрэгслийг бусдад худалдах, нэр шилжүүлэх, холбогдох гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах, төлбөр хүлээн авах, тээврийн хэрэгслийг хүлээлцэх бүрэн эрхийг олгож итгэмжлэл өгсөн. Д.Д-ын төрсөн ахын найз Ч.Б нь уг тээврийн хэрэгслийг зээлээр худалдан авах гэрээгээр худалдан авахаар тохиролцож, 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Тээврийн хэрэгсэл зээлээр худалдах-худалдан авах гэрээг Д.Д-ын ах Д.Д+, Ч.Б нар байгуулсан. Тээврийн хэрэгслийн үнэ 46 000 000 төгрөг байхаар тохиролцож, төлбөрийг 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн дотор автомашины эзэн Д.Д-ын эзэмшлийн Чех Улс дахь 0000001918623193-0800 дансаар шилжүүлэхээр тохиролцсон. Ч.Б нь гэрээ байгуулж тээврийн хэрэгслийг авч өнөөдрийг хүртэл ашиглаж байгаа боловч үнийг төлөхгүй хохироож байна. Иймд Ч.Бээс автомашины үнэ 46 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Д.Д+ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр тээврийн хэрэгсэл зээлээр худалдах-худалдан авах гэрээг Ч.Бтэй байгуулсан. Гэрээний 2.1-д тээврийн хэрэгслийн үнэ 46 000 000 төгрөгийг 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн дотор Д.Д-ын эзэмшлийн Чех улс дахь 0000001918623193-0800 дансаар шилжүүлэхээр тохиролцсон. Ч.Б нь гэрээний үүргээ биелүүлээгүй. Би гэрээг байгуулсан боловч 46 000 000 төгрөгийг Д.Д- авах ёстой. Иймд Ч.Бээс 46 000 000 төгрөгийг гаргуулж Д.Д-д олгоно уу гэжээ.

 

Хариуцагч Ч.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би Оросын холбооны улсаас шил зөөх, мөн хүнсний бараа зөөх зорилгоор Д.Д+оос зарах ачааны автомашин сурагласан. Д.Д+ надад 2016 онд үйлдвэрлэгдсэн сая орж ирсэн гээд цагаан өнгөтэй, чиргүүлтэй автомашин үзүүлсэн. Түүнийг авах гэтэл улаан толгойтой автомашин зааж энэ нь илүү даац, дулаалга сайтай гэсэн. Тухайн автомашины толгой, чиргүүл нь өөр өнгийн байсан тул Орос Улсад явуулдаггүй гээд авах сонирхолгүй байсан боловч Д.Д+ нь зүгээрээ, улаан өнгийн толгойтой нь илүү сайн гэснээр улааныг нь авсан. Ингээд үзлэгт оруулж харуулъя гэхэд Д.Д+ ах том автомашиныг нааш цааш явуулаад яахав, таньдаг газар оруулчихъя, чи мөнгийг нь шилжүүлчих гэсэн. Тэгээд оношилгоо асуудалгүй гэсэн бичиг авсан байсан. Гэвч Орос руу явах бэлтгэл хангах үедээ уг автомашин нэг л биш байсан тул зардал гарган хамаатны Н.Батаагаар засуулсан. Д.Д+ ах хойшоо, урагшаа их явдаг бөгөөд Эрхүү хотод очоод оношилгоонд орсон байсан. Даац нь сайн гээд явуулсан машин Оросын Холбооны Улсын Курган хотод толгойны даац хэтэрсэн асуудлаар нэг хоносон. Ингээд эргэлзээ төрж эхэлсэн. Он гарангуут Д.Д+ ах болон найзынхаа хамт хүнсний ногоонд явсан. Тэр үед би анх удаа автомашиндаа сууж явсан. Автомашиныг Д.Д+ ах Курган хот хүртэл барьсан бөгөөд тэр үед манай найз улаан гэрэл заасан байна, үүнийгээ үзүүлж, харуулаач гэж бид хоёрт хэлж байсан. Улаан-Үүдээс ирэх замдаа автомашин араандаа орохгүй Баянчандманийн цаана 2 цаг гаран эвдэрч зогсч, эвдрэл нь тогтоогдохгүй 1, 2 дугаар араагаар явсаар байгаад манай үйлдвэр дээр ирсэн. Энэ хооронд лууван хөлдөх, хайрагдах асуудал гарсан. Ингээд би Д.Д+ ахад “дүүд нь энэ автомашиныг авахад хэцүү байна. Эвдрэл нь их, даацын хувьд цагаан толгойтой автомашинтай чинь адил даацтай, мөн миний санхүү ерөөсөө болохгүй байна” гэж хэлсэн. Тэгэхэд за ах нь өөрөө Замын-Үүд рүү явж зохицуулъя гээд 2, 3 хоног явж ирээд автомашинаа н.Батаагийн хашаанд авчирч тавьсан байсан. Манай хашаа зайтай боловч н.Батаагийн хашаанд тавьдаг байсан. Дахин 3 дахь удаа жолооч олж өгөөч гэсэн. Манайд Орос тэрэг барьдаг жолооч байсан тул зохицоод яв гэхэд н.Батзоригийг авч явсан. Тэгээд орой нь Налайхын цаана эвдрээд зогсчихлоо гэж дуудсанаар би найз н.Батбаяртай очин, чирч авчирч н.Батбаярын хашаанд оруулсан. Тэгээд өөрөө автомашинаа аваад явсан байсан. Би автомашин авсан нэртэй байсан боловч миний нэр дээр болон ашиглалтад нэг ч удаа шилжүүлээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Ч.Бээс 46 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Д.Д+, Д.Д- нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 387 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Болортуяа, өмгөөлөгч Б.Энх-Амгалан нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу үнэлж, хуулийг буруу хэрэглэж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Учир нь талууд зээлээр худалдах-худалдан авах гэрээг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээг өөрсдөө тодорхойлж байгуулсан бөгөөд талууд гэрээг байгуулсан эсэх дээр маргадаггүй.

Гэрээний дагуу нэхэмжлэгч нар хариуцагчид автомашиныг шилжүүлж, хариуцагч өөрийн эзэмшилд авч үйл ажиллагаандаа ашигласан байдаг. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа тухайн автомашиныг Д.Д+оос хүлээн авч өөрийн эзэмшилд шилжүүлэн 2 удаа туслах жолоочийн хамт Орос улс руу ачаа тээвэрлэсэн, тухайн автомашиныг Я.Батбаярын хашаанд байлгадаг байсан талаар мэдүүлдэг. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүх хуралдаанд гаргасан түүний тайлбараар нотлогддог. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрт шийдвэрийн үндэслэлийг зөвхөн нэг гэрчийн мэдүүлгийг үндэслэн нэхэмжлэгч нарыг хариуцагчид автомашиныг шилжүүлж өгөөгүй гэж үзэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.

Иймд шүүх шийдвэрээ гаргахдаа нэг талыг барьсан, нотлох баримтыг дутуу үнэлсэн, хуулийг буруу хэрэглэж шийдвэрлэсэн байх тул дээрх шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

            Нэхэмжлэгч Д.Д-, Д.Д+ нар шүүхэд хандан, хариуцагч Ч.Бээс худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 46 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, автомашиныг доголдолтой гэж үзэн гэрээнээс татгалзсан, гэрээ байгуулсан боловч гэрээний зүйлийг шилжүүлж аваагүй гэж маргажээ.

            Д.Д+, Ч.Б нар 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр “тээврийн хэрэгсэл зээлээр худалдах-худалдан авах” нэртэй гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдагч тал нь өөрийн өмчлөлийн 9075 УБТ улсын дугаартай Мерседес бенз актрос 1835 маркийн 2001 онд үйлдвэрлэгдсэн улаан өнгөтэй, ачааны зориулалттай тээврийн хэрэгслийг шилжүүлж бичиг баримтыг хүлээлгэж өгөх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнэ буюу 46 000 000 төгрөгийг 2016 оны 3 дугаар сарын 30-ны дотор Д.Д-ын Чех Улс дахь 0000001918623193-0800 дансаар шилжүүлэхээр тохиролцсон болох нь тогтоогдож байна. /хх-169-170, 120-121, 181-182 дахь тал/

Зохигчид дээрх үйл баримтад маргаангүй, харин гэрээний зүйл болох автомашиныг шилжүүлэн өгсөн эсэх талаар маргадаг. Нэхэмжлэгчийн худалдах-худалдан авах гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрх нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй эд хөрөнгө түүнтэй холбоотой баримт бичгийг түүний өмчлөлд шилжүүлснээр үүсэх ба Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2.1-д зааснаар өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн эзэмшилд шилжүүлснээр эд хөрөнгийг шилжүүлсэн гэж үзнэ. Уг маргааны хувьд нэхэмжлэгч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан нотлох үүргийг хүлээдэг.

            Нэхэмжлэгч тал худалдах-худалдан авах гэрээний үүрэг шаардаж буй үндэслэлээ “автомашиныг хариуцагч Ч.Бийн эзэмшилд шилжүүлсэн, автомашиныг өнөөдрийг хүртэл ашиглаж байгаа” гэж тайлбарладаг.

            Хэргийн баримтаас үзвэл, нэхэмжлэгч нь “... сүүлд Д.Д- ирээд аваад явсан...” гэх гэрч Б.Батбаярын мэдүүлгийг үгүйсгэж мэтгэлцээгүйн гадна автомашиныг хаана, хэний эзэмшилд байгааг нотлох зорилгоор шүүхэд гаргасан үзлэг хийлгэх хүсэлтээсээ татгалзсан байна. /хх-122, 172 дахь тал/

Мөн гэрчүүдийн мэдүүлэг, зохигчдын тайлбараар худалдаж буй эд хөрөнгө болох автомашин нь хариуцагч Ч.Бийн эзэмшилд байгаа гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийг эд хөрөнгийг шилжүүлэх үүргээ биелүүлсэн, тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх боломжгүй. /хх-54, 61 дэх тал/  Иймээс нэхэмжлэгч тал хариуцагчаас гэрээний үүрэг биелүүлэхийг шаардах эрхгүй.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэгч Д.Д+, Д.Д- нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцэж байна.

Иймээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын “нотлох баримтыг дутуу үнэлж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хэргийг хянан шийдвэрлэсэн” гэх давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2018/00669 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 387 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     А.МӨНХЗУЛ

 

       ШҮҮГЧИД                                                Д.ЦОГТСАЙХАН

 

Ч.ЦЭНД