| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтбаатарын Ганзориг |
| Хэргийн индекс | 128/2025/0517/з |
| Дугаар | 221/МА2026/0358 |
| Огноо | 2026-05-27 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 221/МА2026/0358
“Н е б С с”
БСБ-ын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: шүүгч М.Цэцэгмаа
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Б.Адъяасүрэн
Илтгэсэн: шүүгч З.Ганзориг
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Жадамба\
Нэхэмжлэгч: “Н е б С с” БСБ[1] /РД:
Хариуцагч: нийслэлийн Засаг дарга
Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн “Н е б С с тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх тухай” А/432 дугаар захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгох”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2026/0295 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Б
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Ж
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, Б.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр
Хэргийн индекс: 128/2025/0517/з
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Н е б С с” БСБ-аас нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн “Н е б С с тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх тухай” А/432 дугаар захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгох”-оор маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2026/0295 дугаар шийдвэрээр: Боловсролын тухай хуулийн /гэж/ 19 дүгээр зүйлийн 19.4, Зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.1.1, 6.2, 6.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Ж дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:
3.1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэх хуулийн шаардлагад нийцээгүйн зэрэгцээ анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй, мөн маргааны үйл баримтад хамаарах хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.
3.2. Нэхэмжлэгч нь хууль тогтоомжийг санаатайгаар болон эс үйлдэхүйгээрээ зөрчсөн ямар ч зүйлгүй, сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн хаягийн өөрчлөлт хийлгэх хүсэлтээ холбогдох баримтын хамт Нийслэлийн боловсролын газарт хүргүүлж байсан, улмаар Нийслэлийн боловсролын газраас хяналт шалгалт хийх удирдамж баталж үүсээд байгаа нөхцөл байдалд дүн шинжилгээ хийгээд сургалтын үйл ажиллагааг хэвийн явуулах үүрэг чиглэл өгч байсан нь дээр дурдсан байдлаар нотлогдоно.
Бид, Нийслэлийн боловсролын газрын шаардсанчлан “... сургуулийн байрыг эзэмших, ашиглах эрхтэй холбоотой гэрээ, хэлцэл, тухайн байрны Эд хөрөнгийн эрхийн гэрчилгээ, Улсын комисс хүлээн авсан акт” зэргийг нотариатаар батлуулсан хэлбэрээр гарган өгөх боломжгүй байгаа бодит шалтгааныг тухай бүр тайлбарлан, эдгээр нөхцөл байдалтай хамаарал бүхий шүүхийн шийдвэр болон прокурорын тогтоол, холбогдох баримтуудыг ч гарган өгч байсан.
3.3. Гэтэл анхан шатны шүүх хэргийн бодит нөхцөл байдал, нотлох баримтуудыг харгалзан үзэлгүйгээр “нэхэмжлэгч нь сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагад хамаарах тус сургуулийн хаягийн өөрчлөлт хийлгэх үндэслэл болсон сургуулийн байрыг эзэмших, ашиглах эрхтэй холбоотой гэрээ, хэлцэл, тухайн байрны эд хөрөнгийн эрхийн гэрчилгээ, Улсын комисс хүлээн авсан акт” зэрэг баримтуудыг шаардлага хангасан байдлаар эрх бүхий этгээдэд хүргүүлээгүй нь тогтоогдсон хэмээн нотлох баримт үнэлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх дүгнэлтэд хүргэж байна.
3.4. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2024 оны 12-р сарын 09-ний өдрийн дүгнэлтийг буцаасан буюу 2024 оны 12-р сарын 19-ний өдрөөс хойш огт хуралдаагүй, маргаан бүхий дүгнэлт нь 2024 оны 11-р сарын 12, мөн оны 11-р сарын 25-ны өдрийн хурлын тэмдэглэлд тулгуурласан гэдгийг тайлбарладаг. Гэтэл анхан шатны шүүх Нийслэлийн боловсролын газраас 2025 оны 1, 2-р сард ирүүлсэн албан бичигт тулгуурлан сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна гэж дүгнэсэн нь хуульд нийцээгүйн зэрэгцээ маргаан бүхий захиргааны актыг гардуулах процедурыг сонсох ажиллагаатай хамтатган дүгнэсэн нь ойлгомжгүй болжээ.
Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 3-р сарын 24-ний өдрийн 128/ШШ2026/0295 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалсан агуулга бүхий тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад холбогдуулан нотлох баримтыг буруу үнэлж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
3. “Н е б С с” БСБ-аас нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн “Н е б С с тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх тухай” А/432 дугаар захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгох”[2] нэхэмжлэл гаргасан.
3.1. Ингэхдээ, шаардлагын үндэслэлээ ... тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг бүрэн хангаж ирсэн боловч сургалтын үйл ажиллагаа явуулах барилгын худалдах, худалдан авах гэрээний маргаанаас шалтгаалан Т.Баясгалан нь холбогдох баримтыг гаргаж өгөөгүй учраас хаягийн өөрчлөлтийг бүртгүүлж чадаагүй; энэ бодит нөхцөл байдлын талаар холбогдох тайлбар, баримтыг хариуцагчид хүргүүлж байсан, нийслэлийн Боловсролын газраас суралцагчдын эрх ашгийг хохироохгүйгээр сургалтын үйл ажиллагааг үргэлжлүүлэх үүрэг чиглэл өгч байсан, гэтэл нийслэлийн Боловсролын газрын даргын байгуулсан Ажлын хэсэг дүгнэлт гаргахдаа хүчингүй болсон журмаар шийдвэр гаргаж, тусгай зөвшөөрөлд заасан хаяг байршилд үйл ажиллагаа явуулаагүй гэх үндэслэлээр тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх санал гаргасан, энэ дүгнэлтийг танилцуулаагүй, Засаг дарга шийдвэр гаргахдаа сонсох ажиллагаа явуулаагүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоолгүй шийдвэр гаргасан, маргаан бүхий актын улмаас сургуулийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үр дагавартай учраас мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх ашиг сонирхол хөндөгдсөөр байна гэх зэргээр тодорхойлж маргасан.
3.2. Харин хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас ... Смарт сургуулийн хувьд бүртгүүлсэн албан ёсны хаяг дээр үйл ажиллагаа явуулаагүй, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг биелүүлээгүй, маргаан үүсээд байгаа энэ сургуулийн байранд нүүж очоод хаягийн шилжилт хийлгэхээр гаргасан хүсэлт нь огноо дугааргүй, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, гэрээний хуулбар зэрэг холбогдох баримтыг хавсаргаагүй учраас хүлээж аваагүй; Ажлын хэсгийн зүгээс сургуулийн үүсгэн байгуулагчид амаар, бичгээр мэдэгдсэн, сонсох ажиллагаа явуулсан; гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлажээ.
4. Анхан шатны шүүхийн хувьд, маргааны үйл баримтын талаар “... нэхэмжлэгч нь сургалтын үйл ажиллагаа эрхлэхтэй холбогдуулан шаардлага хангасан баримтыг ирүүлээгүй нь тогтоогдож байх тул маргаан бүхий актыг хууль бус байсан гэж үзэхгүй, суралцагчдын эрхэд сөргөөр нөлөөлж болзошгүй нөхцөл байдлыг харгалзан сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлснийг буруутгахгүй, хариуцагч шийдвэр гаргахдаа сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан” гэх дүгнэлтийг хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд Боловсролын ерөнхий хууль, Зөвшөөрлийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлажээ.
5. Хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтын тухайд;
5.1. Н е б С с нь нийслэлийн Засаг даргын 2022 оны А/1396 дугаар захирамжаар бага, дунд, ахлах сургуулийн бүтэцтэйгээр Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо, 3-р хэсэг, ХААИС 3/3 тоот Чандмань төвийн 1, 2 давхар хаяг байршилд /түрээсийн гэрээгээр/ сургалтын үйл ажиллагаа эрхлэхээр 0004036 дугаартай тусгай зөвшөөрөл авсан.
Тус сургууль нь хаягийн өөрчлөлтийг бүртгүүлэхээр 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/009, 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/209, А/240 дүгээр албан бичгийг нийслэлийн Боловсролын газарт хүргүүлж байжээ. /Хэргийн I хавтасны 17-18, II хавтасны 139, 179-180, 194-195 дахь талд/
4.2. Нэхэмжлэгч нь 2023 онд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын амны 1228/1, 1228/2 хаягт байрлах сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгыг худалдан авахаар иргэн Т.Баясгалантай гэрээ байгуулсан.
Улмаар талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой маргаан үүсч, Н е б С с нэхэмжлэлтэй Т.Б, Н.Л нарт холбогдох иргэний хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн. /Хэргийн II хавтасны 3-8, 162-165 дахь талд/
4.3. Боловсролын ерөнхий газраас 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 01/2537, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 1/805 дугаар албан бичгээр, нийслэлийн Боловсролын газраас 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 6/1556 дугаар албан бичгээр тус тус сургалтын үйл ажиллагааг хэвийн явуулах боломжийг бүрдүүлэх талаар холбогдох төрийн байгууллагад мэдэгдэж байжээ.
Харин Тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын өөрчлөлтүүдийн бичилтийг шинэчилж, мөрдөж ажиллах талаар нийслэлийн Боловсролын газрын улсын байцаагчаас 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 03-13-00-023/105, 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 03-13-00/021/87 дугаар албан шаардлагыг гаргасан. /Хэргийн I хавтасны 14-15, 26, 84-86, 179 дэх талд/
4.4. Нийслэлийн Засаг дарга нь нийслэлийн Боловсролын газрын даргын 2024 оны А/81 дүгээр тушаалаар байгуулсан Ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн, Боловсролын ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4, Зөвшөөрлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг баримтлан Н е б С с сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс гурван сарын хугацаагаар түдгэлзүүлэхээр 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/432 дугаар захирамжийг гаргасан бөгөөд энэ шийдвэрийг нийслэлийн Боловсролын газрын 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 02/416 дугаар албан бичгээр нэхэмжлэгчид хүргүүлжээ.
Ажлын хэсгийн гишүүд 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хуралдаж “тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх”-ээр шийдвэрлэсэн ч дүгнэлт нь 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдөр бичгээр гарсан. /Хэргийн I хавтасны 11-12, 172-175, II хавтасны 117-122 дахь талд/
5. Маргааны үйл баримтаас үзэхэд, Н е б С с нь сургалтын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх зөрчил гаргасан эсэх, хаягийн өөрчлөлтийг бүртгүүлэхэд шаардлагатай баримтыг бүрдүүлээгүй нь зөвхөн нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа байсан эсэх, уг зөрчил нь Зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон эсэх, тухайлаад Ажлын хэсгийн дүгнэлт нь энэ шийдвэрт хамаарах эсэх, хариуцагчаас маргаан бүхий актыг гаргахдаа нөхцөл байдлыг бүрэн тогтоож шийдвэрлэсэн эсэх асуудлаар хэргийн оролцогчид маргасан учраас хууль хэрэглээний хүрээнд эдгээр асуудалд шүүхээс эрх зүйн дүгнэлт өгч, хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.
6. Хууль, эрх зүйн зохицуулалтын хувьд;
6.1. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 25 дугаар зүйлийн 25.1-д “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага дараах байдлаар цуглуулна”, 26 дугаар зүйлин 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж,
6.2. Боловсролын ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т “Зөвшөөрөл олгосон эрх бүхий этгээд нь Зөвшөөрлийн тухай хуульд заасан үндэслэлээр зөвшөөрлийг түдгэлзүүлж, хүчингүй болгоно”, 28 дугаар зүйлийн 28.2-т “Аймаг, нийслэлийн боловсролын газар, дүүргийн боловсролын хэлтэс харьяа нутаг дэвсгэртээ дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ: 28.2.3. Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 7.6, 7.7-д заасан зөвшөөрөл олгох эсэх талаар санал, дүгнэлт гаргах;” гэж,
6.3. Зөвшөөрлийн тухай хуулийн 4.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Зөвшөөрөл эзэмшигч дараах үүрэг хүлээнэ: 2.2. тухайн үйл ажиллагааг эрхлэх хуулиар тогтоосон нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах;”, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрх бүхий этгээд дараах тохиолдолд зөвшөөрлийг гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ: 1.1. зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг хангахгүй болсон нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон;”, 8.1 дүгээр зүйлийн 7.6-д “цэцэрлэгийн үйл ажиллагаа эрхлэх”, 7.7-д “ерөнхий боловсролын сургууль байгуулах” гэж,
6.4. Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/360 дугаар захирамжаар баталсан “Сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл олгох талаар магадлан шинжилгээ хийж, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн ажиллах журам”-ын 1.3-т “... Ажлын хэсэг нь дараах асуудлаар магадлан шинжилгээ хийж, дүгнэлтийг тус бүр гаргана: 1.3.2. тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх”, 3.1.7-д “Ажлын хэсгийн хурлаас гаргах дүгнэлт, дүгнэлттэй холбоотой бусад асуудлыг хуралд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэнэ” гэж тус тус заасан.
7. Дээрх зохицуулалтыг маргааны үйл баримтад холбогдуулан тайлбарлавал, Ерөнхий боловсролын сургууль нь сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа газрын хаягийг тусгай зөвшөөрлийн гэрчилгээнд тэмдэглүүлэх, зохих өөрчлөлтийг тусгах нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувиар хүлээх үүрэг бөгөөд тусгай зөвшөөрлийн уг нөхцөл шаардлагыг хангаагүй нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон нөхцөлд л түүнийг түдгэлзүүлэх боломжтой. Ингэхдээ бодит нөхцөл байдлыг тогтоох, оролцогчийг сонсох зэргээр шийдвэр гаргах ажиллагаанд баримтлах дэг журмыг мөрдөх шаардлагатай.
8. Зөвшөөрлийн тухай хуульд заасан “Эрх бүхий байгууллагын шийдвэр” гэх ойлголт нь хуулиар эрх олгогдсон байгууллага гаргасан байх, тухайн хууль зөрчсөн эсэхийг тогтоосон буюу хүчин төгөлдөр болсон байх агуулгыг илэрхийлэх бөгөөд Ажлын хэсгийн дүгнэлт үүнд хамаарахгүй.
9. Маргааны энэ тохиолдолд нийслэлийн Засаг даргын 2023 оны А/360 дугаар захирамжийг гаргахдаа үндэслэл болгосон Боловсролын тухай хууль /2002 он/ нь 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Боловсролын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/ ердийн журмаар үйлчилж эхэлсэнээр хүчингүй болсонд тооцогдсон бөгөөд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, эсхүл түдгэлзүүлэх тохиолдолд дүгнэлт гаргах эрхийг шинэ хуулийн зохицуулалтаар тус Ажлын хэсэгт олгоогүй байна.
10. Харин Маргаан бүхий захиргааны акт гаргах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан энэ хэсгийн 6.2, 6.3-т заасан хуулийн шинэчилсэн зохицуулалтын дагуу сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх талаар дүгнэлт гаргах эрх нийслэлийн Боловсролын газарт хадгалагдана.
Гэтэл энэ хэсгийн 4.4, 6.4-т заасан Ажлын хэсгийн үйл ажиллагаандаа баримталсан журамд сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэхтэй холбоотой хуулийн шинэчилсэн зохицуулалтын агуулга тусгагдаагүй атал энэ журмын баримталсан нь буруу, Ажлын хэсэг 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хуралдаж шийдвэрлэсэн асуудлаар 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр дүгнэлт үйлдсэн нь ч учир дутагдалтай байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн энэ талаарх гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.
11. Мөн нийслэлийн Боловсролын газрын даргын тушаалаар байгуулсан Ажлын хэсгийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн дүгнэлтэд “... Смарт сургууль нь 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн А/240 дүгээр албан бичгээр ирүүлсэн хүсэлтдээ үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, худалдах худалдан авах гэрээний хуулбарыг ирүүлсэн, нотариатаар баталгаажуулаагүй тул бүрдэл хангахгүй гэж мэдэгдсэн” гэж дурдсан байхад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид нь бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “... хаягийн өөрчлөлт хийлгэхээр ирүүлсэн албан бичиг нь огноо дугааргүй, хүсэлтдээ үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар, худалдах худалдан авах гэрээ байхгүй зэргээр бүрдэл дутуу байсан” гэж зөрүүтэй агуулгаар тайлбарласан.
12. Нөгөөтээгүүр нэхэмжлэгчийн хувьд хаягийн өөрчлөлт хийлгэхэд бүрдүүлэх баримтыг нотлох баримтын шаардлага хангуулж өгөөгүй шалтгаанаа гэрээний талуудын хооронд үүссэн маргаантай холбож тайлбарласан, зохих баримтыг хүргүүлсэн, Боловсролын ерөнхий газраас ч тус сургуулийг үйл ажиллагаагаа хэвийн явуулах талаар үүрэг чиглэл өгсөн зэрэг нөхцөл байдлыг хариуцагч шийдвэр гаргахдаа харгалзах шаардлагатай. Учир нь Ажлын хэсгийн дүгнэлт гарснаас хойш маргаан бүхий акт гаргах хүртэл даруй 5 сар гаруйн хугацаанд Боловсролын ерөнхий газар, нийслэлийн Боловсролын газраас энэ хэсгийн 4.3-д заасны дагуу хүргүүлсэн албан бичигт дурдсан нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдсөн талаар тодруулах боломж хариуцагчид байсан, энэ чиг үүргээ хэрэгжүүлээгүй нь нэхэмжлэгчийн буруутгах үндэслэл болохгүй.
13. Харин анхан шатны шүүхийн хувьд, энэ хэсгийн 4.2-т заасан маргааныг шийдвэрлэсэн иргэний хэргийн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон, нэхэмжлэгч хуулийн этгээдэд торгууль ногдуулсан нийслэлийн Боловсролын газрын хяналтын улсын байцаагчийн 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 0102543 дугаар шийтгэлийн хуудсыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 128/ШШ2025/0686 дугаар шийдвэрээр хүчингүй болгож шийдвэрлэсэн нь мөн л хуулийн хүчин төгөлдөр зэрэг үйл баримтыг харьцуулж дүгнээгүй нь буруу.
14. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т заасан “... нэхэмжлэгчийн ашиг сонирхол” гэдэгт зөрчигдсөн болон зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамааруулах нь тус хуулийн зорилгод нийцнэ.
Нэхэмжлэгчийн хувьд онцгой ашиг сонирхол байх гэдэг нь шүүхийн шийдвэр түүнд тодорхой хэмжээгээр эрхийн хамгаалалт үзүүлэх боломжтой байх агуулгыг илэрхийлэх бол нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан “…маргаан бүхий акт хүчин төгөлдөр үлдвэл сургуулийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж, тусгай зөвшөөрөл хүчингүй болох үр дагаварт хүрэх ба суралацагч, тэдгээрийн эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч гээд хамаарал бүхий этгээдийн эрх ашиг шууд хөндөгдөнө, мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх ашиг сонирхол зөрчигдөж байна” гэх агуулгатай тайлбар нь “Н е б С с” БСБ-ын хувьд маргаан бүхий захиргааны актыг хууль бус байсан болохыг тогтоолгох онцгой ашиг сонирхлыг илэрхийлсэн гэж дүгнэх үндэслэлтэй.
15. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байх тул дээрх үндэслэлүүдээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
16. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт “Боловсролын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4” гэж хүчингүй болсон хуулийн, байхгүй зүйл заалтыг баримталсан мэт агуулгыг илэрхийлэхүйц техникийн алдаа гаргасан болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2026/0295 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, Боловсролын ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4, Зөвшөөрлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг тус тус баримтлан “Н е б С с” БСБ-аас нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нийслэлийн Засаг даргын 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн “Н е б С с тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх тухай” А/432 дугаар захирамжийг хууль бус байсан болохыг тогтоож, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Ж-ын гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.
2. 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ М.ЦЭЦЭГМАА
ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
[1] Нэхэмжлэлд хавсаргаж ирүүлсэн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд хуулийн этгээдийн хэлбэрийг “ХХК” гэж тэмдэглэсэн боловч http://opendata.burtgel.gov.mn/ нийтэд илэрхий мэдээллийн сангаас шүүлт хийхэд “Боловсрол сургалтын байгууллага” гэж бүртгэгдсэн байна.
[2] Анх маргаан бүхий захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч түүний үйлчлэл дуусгавар болсонтой холбогдуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг дээрх байдлаар өөрчилсөн. /Хэргийн I хавтасны 224-227 дахь талд/