Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/43

 

   

2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр                     Дугаар 2023/ШЦТ/43                                         Даланзадгад сум

                                                                              

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Улсын яллагч: О.Батнасан,

Шүүгдэгч: Ч.Лхагвадорж,

Нарийн бичгийн дарга: А.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

 

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дуудаа овгийн Чимэд-Очирын Лхагвадоржид холбогдох 2328000000063 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв

 

Шүүгдэгч Ч.Лхагвадорж нь согтуугаар, 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 17 цагийн үед Өмнөговь аймгийн Ханхонгор сумын 2 дугаар багийн Өлзийтийн 1-18 тоотод гэр бүлийн хүн болох эхнэр М.Онгонтогтохтой мөнгө өгөөгүй гэх шалтгаанаар маргаж, нүүр шанаа хэсэг рүү нь нэг удаа, баруун шилбэрүү нь 2 удаа өшиглөж тархины доргилт, зүүн шанаа, баруун шилбэний зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Ч.Лхагвадоржийг яллах, өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ч.Лхагвадорж шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2023 оны 01 дүгээр 15-нд Цагаан хаданд ажиллаж байгаад ажлаасаа буугаад гэртээ ирсэн. Ирээд Ханхонгор суманд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр миний цалин орсон. Би амралтаараа Манлай сум явж ах дүү нартайгаа уулзмаар байна. Мөнгө өг гэж маргалдсан. Мөнгөнөөс болж ийм хэрэг гарсан.

 

Хохирогч М.Онгонтогтох мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр би Ханхонгор сумын төвд байх Өлзийт 1-18 тоотод өөрийн гэртээ орох үед миний нөхөр болох Ч.Лхагвадорж гэрт согтуу байсан бөгөөд манай хүн 10 хоног орчим архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн юм. Олон хоног согтуу байсан болохоор би яв гэж хөөсөн. Тэрнээс болж маргаан үүссэн бөгөөд. Манлай сум явах зардал бэлэн мөнгийг надаас нэхсэн. Би мөнгө өгөхгүй аймагт хүргэхээр болоод аймаг дээр 15 цагийн орчимд ирсэн. Аймагт Цагаанхад явах унаа байсан бөгөөд тэр унаанд сууж явна гээд байсан. Унаагаа хүлээх хооронд буудлын гадаа зогссон бөгөөд надаас зардлын мөнгө энэ тэр гээд 500.000 төгрөг өг гээд байсан. Тухайн үед надад мөнгө өгөх боломж байгаагүй. Тэр хооронд газ цэнэглэх гээд газ түгээх газар явах замд маргалдаад манай нөхөр намайг үсдэж дарсан. Тэгээд машинаа зогсооход манай нөхөр буусан. Би тэр хооронд нь орхиод сум явсан. Тэгээд 22 цаг өнгөрч байх үед манай нөхөр такси бариад хүрээд ирсэн бөгөөд надаас таксины мөнгө болон Манлай сум, Цагаанхад явах зардал 500,000 төгрөг нэхсэн. Би аль алийг нь өгөөгүй бөгөөд маргалдаж байгаад би гэрээсээ яваад гадуур хоносон. Маргааш нь би 17 цагийн үед ажил тараад очиход мөн согтуу мөнгө нэхсэн хэвээр байсан. Тэрнээс хэрүүл хийж байгаад би гутлаа өмсөх гээд тонгойход миний зүүн чихний доод хэсэгт шанаа руу өшиглөсөн. Намайг дээшээ болоод өндийсний дараа баруун хөлний шилбэ рүү 2 удаа тийрсэн. Би тэр хооронд гэрээс гарсан, манай хүн гэртээ үлдсэн. Би тэр үед цагдаад дуудлага өгсөн юм. /хх-ийн 14 дэх тал/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 64 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: М.Отгонтогтохын биед тархины доргилт зүүн шанаа, баруун шилбэний зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 22 дахь тал/

 

Шүүгдэгч Ч.Лхагвадорж мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ажлаасаа бууж ирсэн бөгөөд түүнээс хойш 2023 оны 01 сарын 26-ны өдөр хүртэл архи согтууруулах ундаа ганцаараа хэрэглэсэн. Тэгж байхдаа эхнэртэйгээ муудалцсан юм. Миний цалин орсон. Тэр цалинг эхнэр дансандаа авсан. Тэгээд би эхнэрээс мөнгө нэхээд өгнө, өгөхгүйгээс болж маргалдсан. Би Манлай сум руу ах дүү нар дээрээ очих болоод эхнэрээр аймагт хүргүүлэн ирсэн. Тэгээд Манлай явах унаа байгаагүй бөгөөд Цагаан хад явах унаа байсан. Тэр унаа нь оройтож гарахаар байсан. Тэр хооронд эхнэрийн хамт гэрт газ цэнэглүүлэх гээд явах замдаа эхнэр над руу мөнгө өгөхгүй гээд гараа хөдөлгөхөөр нь би үсдээд доош нь дарсан. Тэр үед эхнэр машинаа зогсоосон. Би тэр хооронд машинаас буухад эхнэр намайг орхиод явсан. Би тухайн үед унаа явахыг хүлээх гээд буудалд орсон байсан бөгөөд буцаж буудалдаа очин буудлын үйлчлэгчийн утсаар холбогдон эхнэртэйгээ ярьтал Ханхонгор сум орж байна, гэртээ орох гэж байна гэж хэлсэн. Би эндээс буудлын тооцооны мөнгө олоод цүнхээ аваад сум руу такси аваад 22 цаг өнгөрч байхад Ханхонгор суманд гэртээ ирсэн. Би мөнгө авах гэхэд өгөөгүй. Эхнэр гэрээс гараад явсан. Тэр шөнө ирж хоноогүй. Маргааш орой нь 17 цаг өнгөрч байхад ирсэн. Би олон хоног архи уусан байсан. Тэгээд мөн мөнгө нэхсэн өгөөгүй. Маргаан болж байхад эхнэр гутлаа өмсөх гээд тонгойх үед нь би зүүн шанаа хэсэгт нэг удаа өшиглөсөн. Тэгээд хойшоо гэдийсний дараа хөлийн шилбэ рүү нь 2 удаа тийрсэн. Эхнэр гараад явсан. Орой 22 цагийн үед цагдаа ирж намайг авч явж эрүүлжүүлсэн. Би олон хоног архи уусан байсан болохоор мөнгө нэхэж эхнэртэй хэрүүл хийгээд мөнгө өгөхгүй болохоор тэр уурандаа зодсон. Би шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа. Намайг цохиж зодоогүй, олон хоног архи ууснаас болж эхнэртэй маргалдсан нь миний буруу. Надад санал хүсэлт гомдол байхгүй байна. Надад нэмж ярих зүйл байхгүй байна. /хх-ийн 44 дэх тал/

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 05 дахь тал/

Шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 49-51 дэх тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 50 дахь тал/

Оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 33 дахь тал/

Харилцах дансны хуулга /хх-ийн 35 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

   Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх нотлох баримтаар үнэлж, шийдвэрээ гаргах боломжтой байна гэж үзэв.

  Эрүүгийн хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

  Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээн, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд: 

Шүүгдэгч Ч.Лхагвадорж нь согтуугаар, 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 17 цагийн үед Өмнөговь аймгийн Ханхонгор сумын 2 дугаар баг, Өлзийтийн 1-18 тоотод гэр хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр М.Онгонтогтохтой мөнгө өгөөгүй гэх шалтгаанаар маргалдсан нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Улмаар шүүгдэгч Ч.Лхагвадорж нь хохирогч М.Онгонтогтохын нүүр шанаа хэсэг рүү нь нэг удаа, баруун шилбэ рүү нь 2 удаа өшиглөсөн үйл баримт тогтоогдож байна.   

 

  Тодруулбал: Хохирогч М.Онгонтогтохын: ...Унаагаа хүлээх хооронд буудлын гадаа зогссон бөгөөд надаас зардлын мөнгө энэ тэр гээд 500.000 төгрөг өг гээд байсан. Тухайн үед надад мөнгө өгөх боломж байгаагүй. Тэр хооронд газ цэнэглэх гээд газ түгээх газар явах замд маргалдаад манай нөхөр намайг үсдэж дарсан. ...Маргааш нь би 17 цагийн үед ажил тараад очиход мөн согтуу мөнгө нэхсэн хэвээр байсан. Тэрнээс хэрүүл хийж байгаад би гутлаа өмсөх гээд тонгойход миний зүүн чихний доод хэсэгт шанаа руу өшиглөсөн. Намайг дээшээ болоод өндийсний дараа баруун хөлний шилбэ рүү 2 удаа тийрсэн. Би тэр хооронд гэрээс гарсан, манай хүн гэртээ үлдсэн. Би тэр үед цагдаад дуудлага өгсөн юм. /хх-ийн 14 дэх тал/ гэх мэдүүлэг,

 

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 64 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: М.Отгонтогтохын биед тархины доргилт зүүн шанаа, Баруун шилбэний зулгаралт, Зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 22 дахь тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.

 

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.Онгонтогтохын эрүүл мэндэд тархины доргилт зүүн шанаа, баруун шилбэний зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан болох нь: Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 64 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 22 дахь тал/-ээр тогтоогдож байна.

 

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.Лхагвадорж нь согтуугаар, 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 17 цагийн үед Өмнөговь аймгийн Ханхонгор сумын 2 дугаар баг Өлзийтийн 1-18 тоотод эхнэр М.Онгонтогтохтой мөнгө өгөөгүй гэх шалтгаанаар маргаж, нүүр шанаа хэсэг рүү нь нэг удаа, баруун шилбэрүү нь 2 удаа өшиглөж тархины доргилт, зүүн шанаа, баруун шилбэний зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

 

Хохирогч М.Онгонтогтох мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: ...Надад гомдол санал байхгүй /хх-ийн 14 дэх тал/ гэснээр шүүгдэгч Ч.Лхагвадоржийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүх шүүгдэгч Ч.Лхагвадоржийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч Ч.Лхагвадорж нь хувийн байдлын хувьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан болох нь: 2005 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 31 дугаартай Шүүхийн шийтгэх тогтоолын хуулбарт: ...Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн /хх-ийн 49-51 дэх тал/ гэснээр, Оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 33 дахь тал/ зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгч нь яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэж хуульчилсан ба шүүгдэгч нь шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцох хүсэлтийг шүүхэд бичгээр гаргаж, шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар хянаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

 

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Ч.Лхагвадоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялын санал гаргасан ба шүүгдэгч Ч.Лхагвадорж өөрөө өөрийгөө өмгөөлж ...хэлэх зүйлгүй гэх тайлбар гаргав.

 

Шүүх ялын саналыг шүүгдэгчийн гэм бурууд нийцсэн гэж үзэж, улсын яллагчийн саналын хэмжээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Ч.Лхагвадорж нь шүүхээс оногдуулсан 550.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Лхагвадорж нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Ч.Лхагвадорж нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  хохирогч М.Онгонтогтох хохирол төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Лхагвадоржид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

      1. Шүүгдэгч Дуудаа овгийн Чимэддоржийн Лхагвадоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Лхагвадоржид 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Ч.Лхагвадорж нь шүүхээс оногдуулсан 550.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд төлж барагдуулахыг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Лхагвадорж нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Ч.Лхагвадорж нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Лхагвадоржид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Т.ДЭЛГЭРМАА